Нийгмийн Технологийн Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн “Нийгмийн Технологийн Сургууль”-д ороод хэдийнээ 3 жил өнгөрсөн байна. 3 өвөл даарсан байна даа. Манай сургуулийн ангиуд онцгой гэмээр хүйтэн байдаг. Бусад сургуулийн ангид орохоор гайгүй л байдаг атал энд бол өвөл курткагүй суухын аргагүй.Анги руу уралдаж ороод л паарны дэргэдэх суудлуудыг булаацалдана.
Лекц түр завсарлахаар паараа нэг тэвэрч авна, семинарын цагаар бол бүр байнгын бариастай. Тэгсэн атлаа хэзээ ч гомдол гаргаж байгаагүй. Даарч суухыг хүсээгүй хэрнээ болиулая гэж оролдож ч байгаагүй. За энэ ч яах вэ. Анх би Их Сургуульд ороход бие даалтыг цагт нь өгөхгүй бол авахгүй, өгч чадахгүй бол дүн гарахгүй, семинараа байнга бэдэхгүй бол идэвхийн оноо авч чадахгүй, хоцорбол оруулахгүй, орохгүй бол ирцийн оноо авч чадахгүй гэж бодон таслахгүй, үнэхээр идэвхитэй байдаг байсан. 15, 16-р 7 хоног гэхэд бүх юмаа дуусгачихсан санаа амар дүн гарахаа л хүлээдэг байсан даа.
Харин одоо бол бараг л нөгөө санаа амар байдаг байсан өдрүүдээрээ бие даалтуудаа бөөгнүүлж сууна. Магадгүй Их Сургууль нь бодож байсан шиг хатуу биш байсан нь нөлөөлсөн байх. Бие даалтаа цагт нь өгсөн хүүхэд, сүүлийн 7 хоногт бөөгнүүлж өгсөн хүүхэд 2-ын дүн адилхан гарч, үргэлж тасалдаг, семинараа бэлддэггүй байсан хүүхдийн дүн надаас 4,5хан оноогоор бага, бүр илүү гарах ч тохиолдол байдаг байсан. Багшаасаа асуух зориг байхгүй, учрыг нь ч олохгүй энэ байдалтай эвлэрч нэг л мэдэхэд өөрөө хоцордог, тасалдаг, бие даалтаа цагт нь өгдөггүй оюутан болчихсон.1хэн жилийн дараа төгсөх болчихлоо. Хүн нэг бол ахиж, нэг бол буурдаг хойно энэ хэсэг хугацааг уналтын үеэ гэж бодон цаашаа ахихын төлөө хичээнэ.