Дэлхийн бөмбөрцгийн эргэн тойронд байрлах олон улс гүрэн дотроос ази тивийн зүрхэнд байрлах Монгол хэмээх улсын эзэд билээ бид. Миний бодлоор бидний амьсгалах агаар, уух уснаас ч илүү үнэтэй зүйл бол улс орны минь ирээдүй юм. Өнөөдөр бид хаашаа явна вэ? Ер нь юу хүссэн түүнрүүгээ явахаас илүү юу чаддаг, юу баталгаатай гэж үзсэн тэр зүгрүү явдаг хулчгарууд юм уу? Бүгд тийм биш ч тийм хувь эзэлдэг нь их байгаа гэж хувьдаа бодож байна. Бид тэдний нэг нь үү? эсвэл эсрэгээрээ юу?1990-ээд оны ардчилсан хувьсгал гарснаас даруй 18 жил өнгөрчээ. Хэдийгээр олон жил өнгөрсөн боловч бид шилжилтийн гээч үе дээрээ л явна. Бид их зүйлд суралцаж, нэлээдгүй зүйл үзэж өнгөрүүлсэн боловч бидний яваад байгаа зам нэг л бишээ. Чухам юу нь буруу болчихов гэж оюун ухаантай хэн боловч өдгөө өөрсдөөсөө асууцгааж байна. Манай удирдлагууд, төр засаг болохоор байгалийн баялгаа зараад баяжчихна гэж сэрүүн зүүдэлж, учиргүй сайхан зүйл ярьж сууна. Үнэхээр байгалийн баялгаа зараад, байгалийн баялаг дээр суурилсан эдийн засгийг бий болгож болно. Гэхдээ монгол ардын нэг зүйр үг байдаг. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг үг. Хар үгээр хэлэхэд суурь муутай байшин баривал тэр жилдээ нурахгүй байж болно, 10 жилийн дараа нурахгүй байж болно, харин 20 жилийн дараа нурж унадаг юм шүү дээ. Бид 20-р зуунд хотжиж, суурин соёл иргэншлийг бий болгож байна, суурин, нүүдлийн иргэншил хослон явж байна. Гэвч нүүдлийн соёл иргэншлийн үе нь өнгөрчээ. Өнөө үед нүүдлийн иргэншлээс илүү суурин иргэншил илүү хөгжиж байна. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод маань нийт хүн амын бараг хоёрны нэг нь сууж байна. Гэтэл бидний үндэс суурийг нь тавьж буй суурин иргэншил маань буруу тийшээгээ хазайжээ. Суурин соёл иргэншлийн онцлог юу вэ гэвэл өөрсдийн хэрэгцээгээ өөрсдөө хангадагт байгаа юм. Аль эртний үе, дундад зуунаас авахуулаад энэ л маягаар явж хөгжиж ирсэн. Гэтэл бид өөрсдийн хэрэгцээгээ бусад суурин соёл иргэншлийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хангаж байгааг юу гэж ойлгох вэ?Хэрэв алдсан бол алдааг засах хэрэгтэй. Гэтэл манай төр засагт алдаа засах чадвар бий гэж үү?! Тэд 18 жил худлаа үнэн үлгэр дэмий хоосон ярьж ирлээ. Шинжлэх ухаан, техник технологи, үйлдвэрлэл хөгжихгүйгээр бид байгалийн баялаг дээрээ тулгуурлаж явж болох боловч энэ зам мухар зам байна гэж би бодох юм. Иймээс залуучууд бид өөрсдийн оролцоог бий болгох хэрэгтэй. Энд би өөрчлөлт шинэчлэлт хийхийн тулд улстөрч болж төрийн эрхийн төлөө тэмцэнэ гэж хэлээгүй байна. Улстөрөөр оролдох нь 1-д бүтэшгүй зүйл, 2-т их цаг хугацаа алдана. Харин шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, үйлдвэржүүлэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах нь улстөрөөр хөөцөлдсөнөөс илүү үр дүнд хүрч болох юм. Одоогийн интернэт хөгжсөн цагт хэрэв та шинжлэх ухаан сонирхдог бол хэрэв та эрдэмтэн, судлаач бол өөрийн сонирхдог сэдэв, судалгааны ажлын талаар интернэтэд оруулах, бусад мэдэхгүй нэгэнд тайлбарлах, мэддэг нэгэнтэй санал бодлоо солилцоод байхад л энэ тань таны монголын хөгжил, шинжлэх ухаанд оруулж байгаа хувь нэмэр болох юм шүү. Аливаа хувь нэмэр хүчин зүтгэл тийм ч том байх албагүй, аливаа том зүйл энгийн зүйлээс эхэлдэг юм. Та шинжлэх ухаанд сонирхолтой, судлаач байх ч албагүй, та хэрэв орчуулагч бол гадаадын ямар нэг шинжлэх ухааны материалыг орчуулаад гаргахад л энэ таны зүтгэл болно. Ингэснээр сонирхогчид, судлаачдад интернэтээс мэдээлэл, хэрэгтэй материалаа үзэх, мэдэх, улмаар монголын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа явдал юм. Зөвхөн интернэтийн түвшинд ийм хувилбар байна. Өшөө олон хувилбар ч байж болно. Өөрчлөлт шинэчлэлт, хөгжлийн төлөө хүн болгон хувь нэмрээ оруулцгаая!