Исламын шашин.
Дэлхийн голлох гурван шашны хамгийн залуу нь исламын шашин юм. Исламын шашныг үндэслэгч Муххамед 570 онд Меккад (одоогийн Саудын арабын нийслэлээс 900 км хол орших ариун хот) төржээ. Тэрээр Курайш омгийн доторх Хамиш овгоос гаралтай ба багаас өнчрөн, авга ах Абу Талибын асрамжинд өсчээ.
Тэрээр 25 насандаа жин тээх болж удалгүй Абд Аль-Уззагаас гаралтай баян, бэлэвсэн эхнэр Хадежатай гэрлэсэн байна. Хадежа Муххамедаас 15 насаар эгч байсан ба түүний журамт эхнэр, жинхэнэ дотны туслагч, найз нь байжээ. Эзэн тэнгэрийн зарлигийг түгээх ариун үйл хэрэг чухамдаа энэ ухаалаг, сайхан сэтгэлт эмэгтэйн тус дэмээр амжилтанд хүрсэн гэдэг.
Муххамед курайшуудын уламжлал ёсоор жил бүр нэг сар гаран хугацаанд Меккагийн ойролцоох Хира уулын агуйд даян хийдэг байжээ. Ийм нэгэн даяанчлалын үеэр түүний өмнө сахиусан тэнгэр Жибрил үзэгдэв. Тэрээр Муххамедийг “Унш” гэж шаардахад , “Юу унших билээ ?” гэж Муххамед хариулав.”Хүмүүнийг бүлэн нөжнөөс бүтээсэн Бүтээгч эзэн тэнгэрийнхээ төлөө унш, Үзэг бэхэд сурган , хүмүүний мэдэхгүй зүйлийг нь мэдүүлж өгсөн Өгөөмөр дээд Эзэн тэнгэр чинь тэр” (Коран, 96:1-5 ) хэмээн айлдсан ажээ.Үүнийг уншсаны дараа Муххамед сэрэв. Түүнийг агуйгаас гарч, уулын бэлд ирсэн хойно тэнгэрээс “Муххамедаа чи бол Аллахын элч , харин би Жибрил байна” гэсэн дуу хоолой сонсогдов.Төдөлгүй Муххамед гэртээ ирж үзэж харсанаа эхнэртээ дуулгажээ.
Ийнхүү түүний эхнэр болон үрчилж авсан хүү Зайд ибн аль-Харис Али нар хамгийн анхны дагалдагч нь болов. Гэвч түүний зам дардан байсангүй. 619 онд түүний түшиг тулгуур болж байсан эхнэр Хадежа, Абу Талиб нар дараалан нас барлаа. 630 онд Меккаг ариун хот хэмээн хүлээн зөвшөөрөх, бүх онгон шүтээнүүдийг устган, ганц Эзэн тэнгэрт итгэх, Каабад бүх мусулманчуудын сүм байгуулах тохиролцоо хийгджээ. Муххамед 632 оны 1 сард Меккад мөргөөд Мадина руу явсан юм. Энэ нь түүний хамгийн сүүлийн буюу салах ёсны мөргөл байлаа.
632 оны 7 сард буюу 62 насандаа өөд болжээ. Муххамед өөрийн залгамжлагчийг нэрлэж амжилгүй өөд болсон юм. Энэ нь мусулманчуудын хооронд маргаан үүсгэв. Маргаанд мухажирууд ялж Абу Бакр халиф болов. Түүний дараа Омар аль-Хаттибыг халифаар суусан 634-644 оны хооронд мусулманы эзэнт гүрний ихэнх нь бүрэлдэн тогтсон юм.Дараагийн халиф нь Осман ибн Аффан байлаа.Харин 4 дэх халифаар Али ибн Абу Талиб 656-661 оны хооронд суусан. Эдгээр 4 халифыг мусулманы уламжлалд “ ариун явдалт”хэмээн нэрлэдэг. Чухамдаа энэ дөрвийн үед мусулманчууд арабын ертөнцийг бүрэн захиргаандаа оруулсан юм.Исламын шашны онцлог. Ислам шашны үүсэл , түүний үзэл санаа, сургаал номлолын төлөвшилд иудей, христос шашин мэдэгдэхүйц нөлөө үзүүлж, ул мөрөө үлдээжээ. Арабчууд иудейн шашныг МЭ 1-р зууны үеэс мэддэг байв. Харин 4-р зуунаас хойш христос шашин түгэн дэлгэрчээ. Арабт бас Иранаас зороастризм, манихейн шашин нэвтэрч ирэв. Ийнхүү 7-р зууны эхэн хүртэлх үед арабууд олон шашинтай, ойр орчинд үүсч дэлгэрсэн шашнуудын нөлөө, дэлгэрэлтийн солбицол дунд оршин байжээ. Шашин судлаачдын үзсэнээр христийн шашин, ислам шашин хоёулаа өөрийнхөө үүсэл гарлыг нэгэн эх сурвалжтай гэж үздэг. Энэ 2 шашин хоёулаа аугаа бүтэгч, Ертөнцийн эзэн , зөнч Авраамын айлдсан ариун гэрээслэл байдаг гэдэгт итгэдэг.
Христийн шашинд Ертөнцийн эзнийг хүнтэй адилтгаж үздэг бол Аллахыг хүнтэй адилтган тодорхой шинж чанартай хэмээн төсөөлж болохгүй, гэхдээ Аллах бүхнийг мэддэг, үзэж хардаг, сонсдог , хэл яриатай зэрэг мөнхийн шинж чанартай гэж сүсэгтнүүд нь үздэг.Гол урсгал чиглэлүүд. Харижитын чиглэл. Ислам шашин 650 иад оны үе хүртэл үзэд санаа зан үйл , улс төр, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байснаа халиф Османы засаглалын төгсгөл үед суннит, шийт, харижит үндсэн гурван урсгалд хуваагджээ.анхны бүлэглэл урсгал нь харижит юм. 656 онд халиф Осман алагдаж, түүний үхэлд Алийг буруутгав.
Улмаар өрсөлдөгч талууд 657 онд Сиффиний орчим байлджээ. Алигийн талаас 12 мянган хүн салан тусгаарлаж , бие даан оршин тогтнож, өөрийн халифийг сонгов. Тэднийг харижитууд буюу салан тусгаарлагчид гэх болсон байна. Харижитын чиглэл тухайн үед Иран, Ирак, Араб, Хойд африкт багагүй нөлөөтэй байсан авч 7-р зууны хоёрдугаар хагасаас дотроо азракит, ибадид, суфрит гэсэн жижиг хэсгүүдэд хуваагдсан. 10-р зууны үед нөлөөгөө алджээ. Одоо харижитын цөөн тоотой бүлэглэл Оман, Алжир , Ливид байдаг.
Суннит.
Энэ нь уламжлалт сонгодог исламыг төллөлж илэрхийлэх хамгийн том урсгал юм.орчин үед нийт мусулманчуудын 90 орчим хувийг суннитууд эзэлдэг бөгөөд өөрсдийгөө ахль ас-сунна буюу суннагийн хүн ард хэмээн нэрлэдэг.Тэдний шийтүүдээс ялгарах онцлог нь:
1.шашин шүтлэг. Нийгэм улс төрийн ба мусулманчуудын нийгэмлэг, хамтын амьдралын чухал асуудлыг нийгэмлэг өөрөө шийдвэрлэх ёстой гэсэн зарчим барьдаг.
2. Муххамедын дараа шашин төрийн дээд эрхийг барьсан эхний 4 халифыг хууль ёсны , чин шударга халиц гэж үздэг.
3. Ислам шашинд тогтсон , хүлээн зөвшөөрөгдсөн 6 хадисыг алдаагүй хэмээн хүлээн зөвшөөрдөг.
4. Суннизмын хууль эрх зүйг үндсэн дөрвөн чиглэл, сургуулийн аль нэгийг баримталж, шашны зан үйл, аж байдал, нийгтийн амьдралын хэм хэмжээ , ёс журмыг тэгдгээрийн дагуу дагаж баримталдаг.
Шийт.
Энэ чиглэл нь ислам шашны сонгодог хэлбэрийг төлөөлсөн суннитуудын эсрэг эсрэг шашин улс төрийн сөрөг бүлэглэл болон 7-р зууны дундуур үүсчээ. Тэд Алийг дэмждэг байв. 661 онд Али хөнөөгдөж , шийтүүд ч үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн байна. Шийтүүд түүхийн янз бүрийн цаг хугацаанд Иран, Ирак,Йеменд засгийн эрхэнд гарч , төр барьж байсан ч хангалттай удаан байсангүй.Алийг оршуулсан Иракийн Нежеф хот, Хусейныг оршуулсан Куфа хотын Кербела орчимд баригдсан сүм зэрэг нь тэдний хувьд ариун мөргөл шүтээний газрууд юм. Шиизм дотроо кайсанит, зейдит, иманит, туйлын шиит ба исмалит гэсэн 5 том бүлэглэлтэй.[b:6181639fa1]Коран ба зан үйл. Коран гэж юу вэ? [/b:6181639fa1]Шашин бүр уламжлан дээдэлдэг гол судар номлолтой байдаг. Исламын хувьд энэ нь коран юм. Коран нь Ал-Куран буюу дуудаж ухших гэсэн утгатай араб үг. Коран бол сахиусан тэнгэр Жибрилээр дамжуулж Муххамедад Аллах тэнгэрээс илгээн буулгасан гэх ариун их хөлгөн судар гэж исламчууд үздэг. Кораныг бүхэлд нь цээжилсэн хүмүүсийг хафиз гэж хүндэлдэг. Муххамедын хамтран зүтгэгчид Кораны анхны бүрэн бичмэл эхийг 4 хувилбараар бүтээн бичжээ. Хожим түүнийг халиф Османы даалгавраар 650-656оны хооронд Кораны нэгдсэн эх бичвэрийг номын хэлбэрээр бичиж 4 зүгт илгээжээ. Дорно тийш Ирак, Перс өрнө зүг Египет, хойд зүг Сири, Ливан, Йордан өмнө тийш Йемен, африкт илгээжээ.
Коран судар 114 сура буюу бүлэгтэй, 6204 айят буюу шад бадагтай, 77934-78000 үгтэй гэдэг. Өдгөө Коран дэлхийн 60 гаруй хэлээр 2670 орчим удаа, янз бүрийн хувилбараар орчуулагджээ. Сунна. Энэ нь ислам шашны сургаалуудыг агуулсан , ач холбогдол , гүйцэтгэх үүргээрээ Кораны дараа орох чухал эх сурвалж юм. Сунна нь хадис буюу Муххамедын хэлсэн үгсээс бүрддэг. 7-р зууны хоёрдугаар хагасаас Суннаг эмхэтгэж эхэлсэн ба 9-р зуун гэхэд дууссан. Суннаг Кораны адил Аллахын заалт , ислам шашны сургаалд бүрэн нийцсэн эх сурвалж гэж исламчууд үздэг. [
Ислам шашны таван тулгуур багана. 1. Өдөр тутмын таван удаагийн мөргөл 2.Мацаг барих 3.шашны зан үйл болох татвар төлөх, сайн дураараа өгдөг өгөх , буян үйлдэх 4. мусулман хүн амьдралдаа доод тал нь нэг удаа Мекка хотод очиж их мөргөл буюу хаж үйлдэх зэрэг юм. 5. заримдаа жихад буюу исламын төлөөх ариун тэмцлийг исламын ариун үүрэг гэж үзэх нь бий.
Исламын үндсэн таван үзэл баримтлал. 1. Тахиуд буюу нэг Эзэн тэнгэрт итгэх явдал 2. Сахиусан тэнгэр болон чөтгөр бий гэдэгт итгэх явдал 3. Муххамедыг Эзэн тэнгэрийн элч гэдэгт итгэх , мөн түүнээс өмнө байсан бивангаард зөнчүүдэд итгэх. 4. Коранд бичсэн бүх зүйл үнэн бөгөөд Коран бол хамгийн ариун ном гэдэгт итгэх. 5. Их шүүлтийн өдөр ирнэ гэдэгт итгэх.
Ислам шашны буян , нүгэл. Ислам шашинд 12 хүнд нүгэл бий. үүнд: - Аллахаас өөр бурхан байдаг гэдэгт итгэж, шүтэх- хүн алах - бусдын хэлсээр гүтгэн, нэр хүндийг нь гүжирдэн доромжлох- аваал эхнэр , нөхрөөсөө өөр хүнтэй нөхцөх- шашны төлөө ариун дайн жихадаас зугтах, татгалзах- ид шидэд итгэн өөрийгөө болон бусдыг мунхруулах- өнчин өрөөсөн хүүхдийн эд хогшил , мал хөрөнгийг завших- эцэг эхийн үгийг сөрж , эсэргүүцэн гомдоож, зандарч загнах- шашны орон сүм дотор зүй бус үйлдэл хийх- Хэтэрхий шунаж, зүй бус ашиг хайх - дээрэм тонуул хийх - согтууруулах ундаа хэрэглэх
Харин дээдийн дээд буян бол Аллахыг шүтэн биширч Коран судраар дамжуулан илгээсэн айлтгал, заавар сургаалыг сэтгэлээсээ ёсчлон биелүүлэх явдал юм. Коран судрын энэ мэт заалт ислам шашны эрх зүй , хууль цаазын үндэс болох шариатын гол тулгуур болж , гэмт хэргийг шүүн таслах гарын авлага болж иржээ.
Шариатын хууль. Шариат нь аш-шириа буюу шулуун зөв зам мөр гэсэн үг бөгөөд ислам шашны хууль цааз , эрх зүйн номлолыг тусгажээ. Түүний тулгуур эх үндэс нь Коран болон Сунна юм. Мусулманчууд өнөө цагийн хууль эрх зүйн өнгө аясаар шариатын хуулиа өөрчлөхөд их анхаарах болжээ.
Зан үйл. Ислам шашинтны гэрлэлт. Хүн өвчин эмгэг, ухаан санааны солиорол, тахир дутуу, гуйлгачин ядуу зэрэг шалтгаанаас бусад шалтгаанаар гэр бүл болохгүй ганц бие явбал хүн чанар , ариун үүргээсээ татгалзсан хэрэг болно гэж Коранд заасан байдаг. Ислам шашны ёсоор гэрлэлтийг эрэгтэй нь өмч хөрөнгөндөө тулгууртан санаачилна. Мөн шашны үүднээс олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг ба энэ нь өмч хөрөнгөнд тулгуурлана. Бэл чадалтай хүн Коранд зааснаар 4 хүртэл эхнэр авч болох ба зөнч Муххамед 11 эхнэртэй байжээ. Мусулман эмэгтэйчүүд хуримын өдрөө бүрэн төгс гоёж, хамгаас сайхан харагдахыг хүсдэг.
Рамадан сар буюу мацаг барихуй. Мусулманчууд өөрсдийн цаг тооллын ес дэх болох Рамадан сарын туршид мацаг барьж буян үйлдэнэ. Энэ үеэр тэд Аллахт шүтэн залбирч , гэм нүглээ наминчилж , буян үйлдэхэд бие сэтгэл, оюун ухаанаа төвлөрүүлнэ. Мацаг үүр цайхаас эхлээд үдшийн бүрий хүртэл үргэлжилнэ.шөнийн цагаар хоол унд идэх боловч хэтрүүлэхийг цээрлэнэ. Рамадан сарын мөргөлөөр бүгд цагаан хувцас өмсдөг. Мацаг барих хугацаанд идэж уух, тамхи татах, эр эмийн явдал үйлдэх, хөгжиж наргих зэрэг үйл хийхийг цээрлэнэ. Рамадан сар өндөрлөн мусулманы тоолллоор шавваль хэмээх 10-р сарын 1 болоход 3 хоногийн турш Ид аль-фитр буюу ураза байрам гэдэг баяр тэмдэглэнэ.
Закят буюу татвар. Закят буюу татварыг насанд хүрсэн хүн бүр Аллахаас заяасан өмч хөрөнгө , жилийн ашиг орлогын өмнөөс жилд нэг удаа Рамадан сарын эцсээр төлнө. Гэрийн эзэн жилийн орлогынхоо дөчний нэг буюу 2.5 хувьтай тэнцэх хэмжээний закят төлөх ёстой. Харин эмэгтэйчүүдийн эдэлж байгаа алт мөнгөн эдлэл, хивс зэрэгт татвар төлдөггүй. чинээлэг мусулманчууд закятаас гадна садака гэдэг сайн дурын өглөг өгдөг заншилтай.
Хаж буюу Их мөргөл. Энэ нь хамгийн чухал зан үйлийн нэг юм. Хаж мөргөлийг исламын цаг тооллын зуль-хижа хэмээх 12 сарын эхний 10 хоногт багтаан ислам шашны ариун газар болох Мекка хотод очиж биеэр үйлдэнэ. Мөргөлчид зуль-хижа сарын 7-ны өмнө Меккад очих болзолтой. 7-ны өдөр угаал үйлдэж , биеэ ариусган эрчүүд цагаан өнгийн эдээр биеэ ороож цагаан орхимж нөмрөн ба эмэгтэйчүүд нүүр гар , хөлийн улыг далдалсан элбэг урт гоёлын хувцас өмсөх ба гоо сайхан үнэртэн танартны зүйл хэрэглэхийг хориглоно . мөргөлчид хаж дууссаны дараа эрчүүд үсээ хусуулна, эмэгтэйчүүд үснээсээ туг хэсгийг хайчилж ихрамаас гарсанаа бэлгэднэ. Мөргөлийн дараа тахил өргөн Ид аль-Ахдагийн баярыг үргэлжлүүлж , мөргөлчид хаж цолтой болж толгойгоо ногоон өнгийн хаж ороолтоор ороох эрхтэй болно.
Өнөөгийн Исламын ертөнц. Орчин үед мусулман шашин , түүний соёл дэлхийд түгж христийн дараах хоёр дахь шашин болоод байна. Бүдүүвчилсэн тоогоор дэлхийн 900 сая хүн энэ шашныг шүтдэг бөгөөд тэдний 90 орчим хувь нь суннитууд аж. Ази тивийн хүн амын 20 хувь, африкийн 30 шахам хувь нь мусулманчууд байна. Дэлхийн 120 гаруй оронд тэд бүлэг хэлбэрээр амьдардаг. Африк , азийн 28 оронд ислам шашин төрийн буюу албан ёсны шашинд тооцогддог байна.