Өглөө боллоо. Нарны туяа өрөөний цонхоор тусаж нэгэн сайхан өдөр эхлэж буйгзарлах мэт. Гадаа болжмор жиргэн, цонхны доор ургах модны мөчир дамжин шулганах нь ч энэ өдөрт чимэг нэмэх мэт. Би босонгуутаа цонхныхоо хөшгийг хоёр тийш нь ярж, агаарын сайхныг шуналтайгаар оруулахаар цонхоо том гэгч дэлгэлээ. Цонхоор харахад тээр доор яваа хүмүүс яг миний багадаа тоглодог байсан тугалган цэрэг шиг, харин машинууд шүдэнзний хайрцагнаас томгүй юм шиг харагддаг юм. Манайх шинэ хорооллын нэгэн байрны 30 давхарт таван жилийн өмнө нүүж орсон. Энэ байранд орох нь нэлээд хэдэн жилийн өмнө их хэцүүхэн байж дээ. Тэр жилүүдэд барагцаагаар 2007 оны үед л дөнгөж зээлийн орон сууц mortgage-ийн хөтөлбөрүүд яригдаж, орон сууцтай болох нь мөрөөдөл байсан юм.
Одоо миний хүүхдүүд тийм ээдрээтэй амьдрал байсан гэдэгт итгэх ч үгүй. Би nike-ийн зөөлөн хослол өмсөөд өглөөний ээлжит гүйлтээ хийхээр гадагшаа гарлаа. Лифтэнд 27 давхрын нэгэн гэр бүлтэй тааралдав. Тэд их л аз жаргалтайгаар инээлдцгээнэ. Ажиглан харвал аав нь охин, хүү хоёроо хичээлд нь хүргэж өгөх бололтой, харин эзэгтэй их л ажил хэрэгч хувцасласныг бодвол энэ өдөр ямар нэгэн бизнесийн юмуу, ер нь нэлээд амжилт авч ирэх ажил хэргийн уулзалттай болов уу гэмээр харагдана. Жаахан сандрах эхнэрээ нөхөр нь зоригжуулж байгаа нь хайр гээчийн бас нэг сайхныг илэрхийлнэ.
Нэг давхарт намайг лифтнээс буухад, тэд надад шинэ өдрийн амжилт хүсээд машинаа авахаар доод давхарыг зорьлоо. Ажилдаа яарах тэд үнэхээр амьдралд гуних юмгүй сайхан харагдана. Хөгшид өглөөний тунгалаг агаарыг тааламжтай уушиглан, нарлаж суух ба ганц нэг нь нохойгоо дагуулан байр хооронд засаж тохижуулсан цэцэрлэгт хүрээлэн дундуур алхлана. Энд байх цагаан сандалнууд надад хуучны дурсамжийг байнга сэргээдэг юм. Миний бага байхад иймэрхүү сандал сонгодог зохиолоор сэдэвлэсэн театрын жүжигт л гардаг байж дээ. Тэр үед иймэрхүү дэнлүүтэй, матмал цагаан сандлаар романтик байдлыг дүрсэлдэг байсан юм. Одоо бол хаана ямар орчин тохижуулна энэ бүхэн зүгээр л хялбар асуудал.
Би байран дундуур хэсэг гүйгээд хотхоны баруун хойно байрлах үзэсгэлэнт цэцэрлэгийн нарийхан засмал замаар өглөөний гүйлт хийх хүмүүсийн нэгэн адил хөнгөхөн гүйсээр хун шувуу хүртэл ирж шумбах болсон нэгэн хиймэл цөөрмийн дэргэд ирж жаахан дасгал хийлээ. Энэ цөөрмийг албан ёсоор нэрлээгүй ч оршин суугчид “Усан сувд” гэж нэрлэдэг нь надад их таалагддаг юм. Намайг буцаж ирэхэд эхнэр маань өглөөнийхөө дасгалыг дууссан бололтой шинэхэн сүү аягалан ширээн дээр тавиад хажуугаар зөрөхдөө “өглөөний мэнд хайраа” гээд хацар дээр хальт үнсээд өрөө рүүгээ одов. Би ч өрөөндөө орж хувцсаа солиод өглөөний цайгаа уунгаа шинэ сонин гарчиглав.
Өглөө бүр шинэ сүүг, шинэхэн мэдээтэй хамт зооглоно гэдэг энэ биеэ эрүүл хүнсээр, бөндгөр толгойгоо шинэ мэдээллээр цэнэглэхэд их тохирох бөгөөд сүү сонин хоёрыг маань өглөө болгон хаалганы дэргэд тавьсан байдаг юм.
Би ажилдаа явах дуртай яагаад гэвэл би энэ мэргэжлээр бараг 16 жил ажиллаж байна. Маркетинг энэ бол хэрэгчлэгчийг ойлгох гайхамшигт ухаан. Эхнэрээ баярлуулахаар би өдрийн хоолонд түүнийг урьлаа. Бид хоёр өдөр хамт хооллоогүй хэд хоносон юм бэ дээ. Аан, лав л тав зургаа хоносон байх. Миний эхнэрийг Зулаа гэдэг бөгөөд тэрээр эмчийн мэргэжилтэй ч одоо хувийн гоо сайхны эмнэлгийнхээ захирал нь. Бид хоёр өдрийн хоолыг Wella хэмээх франц ресторанд зооглох дуртай. Тэндхийн орчин нь их л гэгээлэг, тэгээд ч байшингийн задгай дээвэр дээр зассаж тохижуулсан нь яг л үүлэн дуунд суугаад зоог барьж байгаа мэт санагддаг юм.
Орой нь ажил тарахдаа би хүүхдүүдээ сургуулиас нь авах үүрэгтэй тул ажлын цаг дуусангуут гарлаа. Хүүхдүүдээ аваад бид гэрийн зүг явахдаа тэдэнд амласан ёсоороо зам жаахан хазайж дэлхийн паркт байх цагаан бамбаруушийг үзэхээр зорьлоо. Миний охин тэр бамбаруушт их хайртай бөгөөд түүнд Baddy хэмээн нэр хүртэл өгсөн гээч. Биднийг гэртээ харихад харанхуй болсон хэдий ч зам талбайн гэрэлтүүлэг нь үзэсгэлэнт цагаан шөнийг бий бүтээнэ. Хос хосоороо зугаалах залууст үдэш бүр жаргалтай. Энэ хотхонд миний мэдэхээр хэдэн жилдээ л хэрэг төвөг бараг гараагүй дээ. Гэвч бид цагдаатай. Миний цагдаа намайг хамгаална. Учир нь бид цагдаагаа өөрсөө сонгож, цагдаа нар маань амгалан тайван байх бүхий л асуудлыг урьдчилан шийдвэрлэдэг юм. Тэр бүү хэл бид татвараар дамжуулж биш сар бүр цагдаагийн хэлтэстээ өөрсдөө мөнгө төлөх бөгөөд түүнийгээ шууд л шилжүүлчихнэ. Түүгээр ч зогсохгүй хотхоны гал команд, орон сууцны үйлчилгээний төв, хэсгийн эмнэлэг гээд бүгдийг хотхоны оршин суугчид бид өөрсдөө сонгож, үйлчилгээ авсныхаа төлөө тэдэнд мөнгө төлдөг юм. Гал команд гэхэд л гал гарсных нь дараа ирээд шатсан дээр нь лаг шавар болтол нь ус асгадаг хуучин жилүүдээс тэс өөр. Тэд айл өрхөөр долоо хоног болгон явж аюулгүй байдлыг өөрсдөө шалгана, зөвлөмж өгнө. Тиймээс гал бол огт гарахгүй гэхэд болно. Гал унтраах систем нь энгийн бөгөөд байшин өөрөө гал унтраах автомат системтэй. Хотхоны эмнэлгийн хувьд ч мөн адил яг л хүүхдээ хайрлах эхийг санагдуулам халамжтай. Байнгын үзлэг оношлогоо хийнэ, асуудал гарвал хэзээд хамт байна.
Энэ бүхэн амьдралыг маань хялбарчилж, бид илүү өөдрөг сэтгэлтэй, ард түмэн айх зовох юмгүй амар амгалан болсон. Бид одоо дэлхийн хөгжлийн тухай ярьдаг. Шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө ажилладаг.Нийгмийн бүхий л хууль дүрэм хүний төлөө, иргэний төлөө зориулагдсан байгаа. Энэ бол Азийн цээжинд товойн харагдах нарлаг Монголын нийслэл Цагаан дагина хэмээх хотын жирийн хотхоны иргэдийн аз жаргалтай амьдралын нэгэн өдрийн хэсэг.
“Өө миний хайртууд ирсэн үү, хоол бэлэн болсон шүү” хэмээн эхнэр минь угтлаа. Түүний бэлтгэсэн энэ оройн хоол чухам юу байгааг бид тааж ядан хувцсаа хөнгөлөөд шийрээ тойрон суулаа. Энэ миний гэр… Би амьдралд хайртай.Амьдрал гэдэг нэг иймэрхүү л байгаасай гэж өнөөдөр хүмүүс мөрөөдөж байна. Гэвч бид үүнийг өөрсдөө л хийнэ. Магадгүй 10 жилийн дараа түүнээс ч ойрхон болгох нь бидний өөрсдийн итгэл, зүтгэлээс л хамаарна шүү дээ.
www.bugdeeree.mn