Үндэсний баялаг - 2007/11/12 09:04 Өдөр ирэх тусам даяарчилагдан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцтэй нэгэн адил түүний зүрхнээ орших бидний эх орон маань ч хөл нийлүүлэн алхахыг хичээж басхүү хөгжил дэвшлийг манлайлан алхах замыг хайсаар байна. Тухайн улс орны хөгжлийг тодорхойлж болох чухал үзүүлэлт бол нөөц баялаг тодруулбал үндэсний баялаг гэж би боддог. Өөрөөр хэлбэл ард иргэдийнх нь боловсрол, мэдлэгийн түвшин, тэдний шинэ зүйл рүү тэмүүлэх тэмүүлэл, илүүг сурч мэдэх эрмэлзэл, шударга шаргуу байдал нь миний, таны бас бидний үндэсний баялаг юм. Энэхүү үндэсний баялаг нь бусад аль ч баялагаас илүүтэйгээр шавхагдашгүй байж оюун ухаант хүн байсаар байгаа цагт оршсоор түүгээр ч үл барам улам төгөлдөржсөөр байх болно. Эрдэм мэдлэгт дурлах буюу шинийг мэдэх, өөрийгөө хөгжүүлэх гэсэн хүсэл хүн бүрт байх нь улс орны маань хөгжлийн гол түлхүүр юм. Тиймээс оюуныхаа хүчийг ашиглан байгаа бусад нөөц баялагуудаа хамгийн зүй зохистойгор ашиглах, захиран зарцуулах тал дээр анхаарлаа хандуулах нь зөв зүйтэй юм.Хамгийн бяцхан орон ч хамгийн их хайранд хангалттай уудам байдаг гэдэг. Хүн бүр өөрсдийн гэсэн мэдлэг, чадвартай бөгөөд түүнийгээ ашиглан тодорхой, үр бүтээлтэй зүйлийг бүтээж байгаа бол тухайн улс оронг хөгжин дэвжиж байна гэж үзэх боломжтой. Манай орны хүн ам бага, байршил зүйн хувьд төдийлөн таатай нөхцөлд оршдоггүй зэрэг нь асуудлын гол биш гэж би боддог. Хэдий бид дэлхийн аль ч өнцөг буланд болж буй ямар ч зүйлсийг танин мэдэх боломжтой болсон хэдий ч аль хэдийнэ хөгжлийн асар өндөр түвшинд хүрсэн улс гүрнүүдийн ард түмний аж амьдралын өнгө төрхийг даган дууриана гэдэг үнэхээр байж болшгүй асуудал. Бид тэднээс түүхийн тодорхой цаг хугацааны туршид хэрхэн яаж хөдөлмөрлөн байж өнөөгийн хөгжлийн өндөр түвшинд хүрсэн болох талаас нь үлгэр дууриал авахаас бус өнгө үзэмж талаас нь даган дууриаж, мөрөөдөн, үлгэрийн мэт амьдралыг хэзээ хүрээд ирэхийг нь хүлээгээд сууж байж хэрхэвч таарахгүй. Тийм амьдралыг цогцлоож гэмээнэ л тэдэн шиг амьдрах нь зүйтэй юм. Бидний өвөг дээдэс бидэнд хийх зүйлс үлдээсэн учраас бидэнд сурч мэдэн түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх, түүхийн хуудсыг эргүүлэлцэх боломж байгаа гэж би ойлгодог. Амьдралын хамгийн сайхан утга учир нь миний хувьд хэн нэгэнд би хэрэгтэй байх, миний чадвар албан байгууллага, ажлын газарт маань зайлшгүй шаардлагатай байх явдал юм. Хүмүүс аз жаргал, амьдралын утга учирыг өөр өөрийнхөөрөө л ойлгодог. Өдөржин эрхлэн наадаж энүүгээр тэнүүгээр явах бяцхан хав нохойг хараад чам шиг ийм жаргалтай байсан ч болоосой, санаа зовох зүйлгүй идэж унтаад л гэж найзын маань хэлсэн нь одоо ч чихнээ сонстох шиг. Хүн юу ч хийхгүй хэвтэж байвал үнэхээр аз жаргал мөн үү. Хэрэв тиймсэн бол бурхан бидэнд бусад амьд биетүүдээс ялгарах оюун ухаан заяах хэрэггүй байсан болох биз.Үндэсний баялаг гэх энэ үг цаг хугацааны туршид байнга өөрийн утгаа өөрчилсөөр ирсэн. Анх үүнийг нөөц баялаг гэсэн үүднээс нь ойлгож энэхүү баялагын нөөц ихтэй газар хөгжил дэвшил ирж байсан бол одоо хамгийн чухал баялаг бол ямар ч бусад баялагаас илүүтэйгээр хүн, ухамсарт үйл ажиллагааны эзэн хүн гэж ойлгож болно. Харин бид үндэсний баялаг буюу үнэ цэнэтэй улс орондоо хэрэгтэй хүн болох уу эсвэл амар амгалан нэгэн хэвийн залхуу байдлаа үргэлжлүүлэн зүгээр л хүн гэгддэг байх эсэх нь чухал юм.Аль ч улс орны түүхийн тодорхой цаг хугацааны туршид ард түмэн нь сайн сайхан амьдрал гэх мөнгийг эрэн харь оронд очин тэдний өөрсдийнх нь хийдэггүй хөдөлмөр буюу бидний нэрлэж заншсанаар боолын хөдөлмөр хийн мөнгө олох нь байдаг. Энэ нь бидний оршин амьдарч буй нийгмийн хувьд ингэхээс өөр аргагүй мэт сэтгэгдлийг хааяа төрүүлэх боловч энэ нь түр зуурын асуудал юм. Тэгэхээр үндэсний баялагийг хүн бөгөөд түүний ухамсарт үйл ажиллагаа, өөрийгөө хөгжүүлэх чадвар ч гэж бас ойлгож болох юм. Өөрийн одоогийн байдалдаа сэтгэл ханалгүйгээр өөрөөсөө илүү сайн, чадвартай хүмүүсээс үлгэр дууриал аван түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэх явдал нь хувь хүн өөрийгөө хөгжүүлэх асар том боломж олгодог. Тэр боломж сүүдэр мэт биднийг байнга даган явах боловч түүнийг алдах үгүй нь харин бидний сонголтын асуудал юм.