Амьдрал ба түрийвчСонин юм шүү, хэзээнээс ч юм бүү мэд түрийвчний нимгэн, зузаан амьдралын үзүүлэлт болчихож. Үүнийг хэн ч гайхахаа больсон нь бүр ч гайхалтай. 1 үгээр баян нь баянаараа,ядуу нь ядуугаараа байдаг кастын ёстой эвлэрсэн бололтой. ''Мөнгө'' хэмээх цаас бараг л хамгийн хүчирхэг нь болжээ.Хэн нэгэн мөнгөөр бүхнийг шийдэн тоглож эхлэхэд хэчнээн олон хүний хүсэл мөрөөдөл,нандин бүхэн үнэ цэнээ алддаг бол оо...Мөнгө хаана байна тэнд эрх мэдэл илүү үйлчилнэ.Тэр хуулийг хүртэл өлхөөн худалдаад авчихна.Бараг үүн шиг амархан,зугаатай зүйл үгүй байх.Одоо тэрэнд саад болох зүйл юу ч үгүй боллоо.Ёстой нэг дураараа дургиж өгнө дөө! Бид мөнгөний төлөө ажилласаар...Уг нь мөнгө бидний төлөө ажилламаар...Нөгөө талаас бид өөрсдийнхөө бүтээсэн зүйлд эзэн болж чадахгүй эргээд түүндээ дарлагдаж байгаа нь шударга бус санагдаж магадгүй л дээ.''Мөнгөгүй нь үх'' гэсэн шинэ төрлийн уриа зохиож ч болох.Үүгээрээ нийгмийг цэвэрлэх үйл ажиллагаа явуулж болмоор.Учир нь залхуу ажилгүйчүүд л нүдээ анин ид шид мөрөөдөн мөнхөд зүүдний ертөнцөд амьдарна.1 л өглөө сэрэхэд нь ч юмуу бүх зүйл сайхан болно гэдэгт найдахаас нүдээ нээн биеэ дайчлан ажиллахгүй.Өөрсдийгөө гэхгүй байгаа хүмүүс дээрх хуулийг л дагахаас.Угаасаа ''чи хүний доор орохгүйн тулд тэднээс илүү хүчтэй байх ёстой'' гэсэн бичигдээгүй хууль байдаг шүү дээ.Бусад 4 цаг унтвал чи 2 цаг унтаж байж амжилтанд хүрнэ гэсэн үг.Азаар глобальчлагдаж буй дэлхийд чадвартай л байвал чиний баян,ядуу байх нь сонин биш болсон.Ашиглаж чадах юм бол асар их боломж бидний өмнө нээлттэй байна.Өөрөөр хэлбэл мөнгөнд удирдагдах уу,мөнгийг удирдах уу гэдэг чамаас шалтгаалах юм.Түрийвч дүүрэн мөнгөтэй явах уу,эсвэл өрийн бичиг,зээлийн маягтны цуглуулгатай болох уу гэдэг чиний сонголт.Хамгийн сонирхолтой нь олсныгоо яаж зарцуулах вэ гэдэг.Амьдрал ямар баян гээч.Гагцхүү шунаг сэтгэлтэй л бүү нөхц... ҮхэхүйӨөдөөс нь эгцлэн харж болдоггүй хоёрхон юм байдаг гэлцдэгийн нэг нь нарь нөгөө нь үхэл юм. Гэвч өнөөгийн хүмүүс аль алины нь өөдөөс хэнэггүй хардаг болжээ. Тас хар шил зүүсэн ганган хүүхнүүд нарны өөдөөс ажиггүй ширтэхэд духан дээр нь үрчлээ ч гарч харагдахгүй байх юм. Тас хар шил зүүсэн танхай залуус нэг нэгнийгээ шалихгүй юмны төлөө бүрэлгэхдээ гар нь чичрэхгүй юм. Гэтэл ''Ашид мөнхийн усыг олохсон, ачтай ээждээ түүнээс амсуулахсан'' гэж өчигдөрхөн тэр залуус дуулцгааж байсан биш билүү?Үхэх цаг нь ирсэн хүн бол үхэж болнов Тэртээ тэргүй хүний амьдралын эх нь төрөхүй, эцэс нь үхэхүй юм чинь үүнд гайхах юм алга. Гэвч цэл залуугаараа хориодхон, гучаадхан насандаа бие биенийхээ гарт үхэх гэгч утга учиртай зүйл мөн үү?Үхэхүй гэдэг бол хүний амьдралын төгсгөл болохын хувьд түмэнтээ эргэцүүлэн бодож, тал бүрээр бясалган цэгнэж, ухааран таних шаардлагатай тийм ноцтой үзэгдэл. Тэр утгаараа төрөхүйтэй огтхон ч адилгүй.Төрөх мэндлэхүйн цагт хүн гэгч тэр тухайгаа бясалган бодохтой манатай байдаг. Харин үхэхүйн цагт хүн гэгч бүхэл бүтэн амьдралын замыг нэгэнт туулчихсан, ухаан санаа нь задарчихсан, эрдэм чадал нь буйлчихсан байдаг болохоор тэр тухай бодох эргэцүүлэх юм ихтэй болдлг нь мэдээж юм.''Моменти мори'' гэж барууны соёлтой орнуудад дэлгэрсэн хоёрхон мөртлөө гүнзгий утгатай үг байдаг. ''Үхэхээ мартуузай'' гэх ухааны үг л дээ. Өнөөгийн монголчууд бид энэ хоёр үгийг санах хэрэгтэй болж байх шиг байна. Учир юунд гэвэл зах зээлийн харилцаанд мөнгөний ханш буурсан шиг мөнхүү нөхцөл байдлын дунд хүн амины ханш буурах нүгэлтэй үзэгдэл манайд сүүтэгнэх боллоо. Хүний амь өндөр ханштай байсан ганц орон манайх юмсан. Хүн гэгч хорвоо дээр олон боловч хүний амь нь бол тус бүрдээ давтагдахгүй учир нэг л байдаг ажээ. Хүний амь тасрах цаг нь болоогүй байхад таслагдвал заавал нэхэгддэг нь мэдээжийн хэрэг. Тасрах цаг нь болоод жам ёсоороо тасарсан бол хэнээс ч, хаана ч нэхэгдэхгүй өнгөрдгөөрөө өнгөрдөг ажээ. Байгаль эх тийнхүү хүнийг төрүүлэхдээ хэзээ нэг цагт үхүүлэх зарлигаа нэгэн адил буулгасан байдаг болой. Тэртээ тэргүй цагаа болоход төгсөх цондонтой хүний амийг байгалиас урьдаж тасалсан тэр этгээдээс тэр амь аргагүй л нэхэгдэх нь зайлшгүй. Зарим нь амийг амиараа төлдөг. Зарим нь үгүй. Төлөөгүй нь бол насан турш сэтгэлийн зовиуртай явдаг. Бусдыг бүрэлгэсэндээ өөрөө зовохгүй тийм бүдүүн хадуун этгээд байлаа ч түүний тухай мэддэг бусдын яриа тасрахгүй гарч, хүний амь нэхэх хэл ам үргэлжилсээр байдаг. Амь бол нэхэл хатуутай зүйлээ.Улс төрийн хэлмэгдэлд амиа алдсан хэдэн зуун мянган хүний амь өнөөдөр нэхэгдэж байна. Тэгэх л ёстой жамаараа л нэхэгдэж байна. Харамсалтай нь төлөх ёстой хүмүүс нь одоо нэгэнт байхгүй болжээ. Тэднийг байгалийн өөрий нь шүүх зүйл дуусгажээ. Гэвч үхэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх ёстой. Тэдний нэр төрийг цагаатгах ёстой. Ингэж чадвал амьд үлдэгсэд талийгсдийн хойно хүлээж хоцорсон үүргээ биелүүлж, тэдний хатуу нэхэлд өчүүхэн ч билээ хариу өгнө. Гэхдээ тэдний алтан амийг юугаар ч нөхөж чадахгүй нь мэдээж. Тэд хэдийгээр амиа алдсан ч түүгээрээ түүхийн шуургыг халхлаж, эх орноо аварсан бас нэг далдын гавъяатай. Тэдний зарим нь өөрөө өөрийгөө, хань нөхдөө гүтгэсэн нүгэлтэй ч гэсэн хувь тавилан тэрнээс өөрөөр тэрхэн үедээ төсөөлөгдсөнгүй. Усч хүн усандаа үхдэг гэдгийн адилаар хувьсгалч хүн хувьсгалдаа үхсэн. Гэхдээ их усны давалгаа хаа хамаагүй зогсож байсан хүнийг ч татан авч, мөрөөрөө ургаж байсан модыг ч үндсээр нь булгалаад эргүүлэгтээ живүүлдэг тохиолдол алийг тэр гэх вэ!Халхын голын байлдаанд алдсанаас илүү олон хүний амийг сүүлийн жилүүдэд алдлаа. Танхай залуучууд бие биенээ элдвээр егүүтгэсээр байна. Түүн дээр гал түймэр, замын хөдөлгөөний осол, архинд түлэгдэж үхэгсдийн тоог нэмээд бусдад ад үзэгдэж, доромжлогдож түүндээ гутаж багтарч талийгсдыг оролцуулан тоолвол цөөн ам бүлтэй манай улсад хүн амины хохирол сүүлийн үед үнэхээр халагламаар ихэслээ. Эмнэлгийн тусламж авч чадалгүй нүд аниж байгаа өвгөд хөгшид, нялхас хүүхдийг тоолох юм бол тун ч гунигтай тоо гарна. ''Монгодын үрс түм бум болтугай'' гээд байдаг ерөөлийн үг маань ч хоосон хонгио болно. Өнөө үед ''үхсэний хохь, амьдын зол'' гэдэг хуучны үг ч утгаа алдлаа. Амьд хүнийг элдвээр шоглож үхэхүй замд нь ойртуулдаг бусармаг явдалтангуудаас дутахгүй муухай үзэгдэл монгол хүний цээжинд нэвтрэн орж байгаа нь харамсалтай. Талийгаачийг ч хадан гэрт нь тавтай нойрсуулахгүй ясыг нь үргэлж өндөлзүүлдэг нүгэлтэн цөөнгүй байна. Тэл хүнийг амьд сэрүүн, алдар нэртэй, эрх мэдэлтэй байх үед нь юу ч хэлэхгүй харин ч худлаа долгинож нялганаж байгаад нүд анихаар нь ам мэдэн муулж гардаг адгийн араншинтай юм. Өрнөдөөс гаралтай энэ өвчин ёс суртахууны дархлал нимгэнтэй тал нутгийн цайлган хүмүүст амархан халдварлаж, түргэн тархсан ажээ.Удирдагчийг амьд сэрүүн үед нь нүүрэн дээр нь шууд үг хэлж чадахгүй долдойлж байдаг тэр хүмүүс эцэслэсэн хойно нь нэхэн шүүмжлэхийн хэнээтэн болно. Нэхэн шагнах гэж нэг балай суртал дэлгэрч байгаагийн нэгэн адил нэхэн шүүмжлэх гэж ёозгүй зан газар авчээ. Хамгийн хулчгар, хамгийн аймхай, хамгийн хуурамч хүмүүс л ийм араншинтай байдаг ажээ. Түүний бэлтгэл сургууль нь хов живээр эхэлдэг байна. Нүүрэн дээрээ нялуурцгааж, нүднээс далд орохоор нь муулцгаадгаас хүн чанар хаягдаж байна. Талийгсдын эрхийг хамгаалах шаардлага ийнхүү бий боллоо. Үхсэнийгээ амьд нь гутаан доромжлох , муу хэлэх, гүтгэх, хөшөө дурсгалыг нь бузарлах ёрын муу зан дэлгэрч байна. Нэгэнт ахин өндийгөөд өөрийгөө хамгаалах чадваргүй болсон талийгаачийн нэрийг нь барьж сайрхах, эсвэл хохирогч болж жүжиглэх нь ёс суртахууны ялзрал юм. Талийгаач нэр төртэй сайн хүн байсан бол түүнтэй нөхөрлөж, түүнд бас тус хүргэж явсан мэтээр сайрхан ярина.Талийгаач нийгэмд нэг их хүндлэгддэггүй хүн байсан бол түүнээс болж хохирч, дарагдаж явсан мэтээр цагаатган лут хүн болохыг санаархана. Үхэгсдийн нэрийг ийнхүү үлдэгсэд нь элдвээр ашиглах тухайд талийгсдын эрхийг хуулиар хамгаалах цаг болжээ.Үнэн хэрэг дээрээ өнөөдөр орчлонгийн тоосыг хөдөлгөж яваа хэн боловч одоогоор амьд бөгөөд ойрын болон холын ирээдүйд мөн л талийгаач болох тавилантай шүү дээ. Өөр хувь заяа амьдын ертөнцөд байхгүй.Тэгэхээр талийгаач нар бол одоогоор амьд яваа хүмүүн төрөлхтний тэгш эрхтэй ам бүл нь мөн билээ. Талийгаачийн үр садан, удам угсаа байгаа цагт тэр нь бид бүхний эх үүсвэр, бид бүхэн түүний үргэлжлэл юм. Талийгаачийн авъяас эрдэм, хүч хөдөлмөрөөр бий болсон оюуны болоод эдийн баялаг дээр бид төрж өсөөд амь зууж байгаа билээ.Ер нь биеийн алжаалыг умартаж ухааны мөнхийн рашаан бүтээхээр шамдваас хүний биеийг олж төрсөн бид бүхний хэн маань ч орчлон хорвоод мөнхөрнө. Мөнхийн ус гэдэг тэр юм. Мөнхийн тэр усыг өөрсдөө бүтээж өөрсдөө амстугай...