“Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” хэмээх дууг намайг дөнгөж нэгдүгээр ангийн сурагч хөвгүүн байхад их дуулдаг байсан санагдана. Тухайн үед жаахан байсан болохоор ирээдүйн талаар бодож санах зүйлгүйгээр зүгээр л дагаад дуулдаг байлаа. Харин одоо нэгэнт оюутан болсон учир өмнөө зорилго тавьж ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлөх болсон. Мэдээж хүн болгон л ирээдүйд сайхан амьдрахыг хүсдэг. Гэвч өнөөдөр монголчуудыг маань ямаршуухан ирээдүй хүлээж байгаа бол? Энэ асуултын хариу ямар байх нь гагцхүү монголчууд биднээс л шалтгаална. Монгол орон маань хэдийнээс цэлмэг хөх тэнгэр, онгон сайхан байгалиараа гадаадынхныг бишрүүлсээр ирсэн. Үүгээрээ ч бид бахархдаг ард түмэн билээ. Харамсалтай нь сайхан байгалийг хамгаалах хэрэгтэй гэдгийг бид мартсан бололтой. Зарим хүмүүс байгальтай харьцахдаа арай дэндүү хувиа хичээсэн зан гаргаж байгаа нь нууц биш. Тэр хүмүүс ч гэсэн ирээдүйгээ сайхнаар л төсөөлдөг байх. Гэхдээ сайхан ирээдүйнхээ төлөө өнөөдөр юу хийх ёстойг тэд мэддэггүй, магадгүй мэдэхийг ч хүсдэггүй байх л даа. Тэгэхээр залуучууд бид л ирээдүйгээ аврах хэрэгтэй болж байна. Үүний тулд бид эхлээд байгалиа аврах нь чухал юм. Учир нь эрүүл байгальд амьдарч байж л бид эх орноо хөгжүүлнэ шүү дээ. Миний бодлоор Монголын төр хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилт нэрийн доор гадаадын компаниудад газар нутгаа чөлөөтэй ашиглуулж байгаа нь хөгжлийн маш буруу алхам юм. Хэрэв үнэхээр л манай орон хөгжлийн өөр ямар ч гарцгүй болчихоод ийм ядуу байгаа юм бол төр засаг тэр гадаадын компаниудыг маш сайн хянаж газрын нөхөн сэргээлт хийхийг шаардаж байх хэрэгтэй байна. Монголд алтны том орд олж их ашиг олсондоо баяртай байгаа олон гадаадын ажилчид байдаг юм билээ. Үүнийг сонсоод ирээдүй хойч үеийнхээ төлөө их санаа зовсноо нуух юун Монгол улсын иргэн хүний хувьд байгалиа хамгаалах тал дээр надад иймэрхүү санал байна. Үүнд:1.Байгалийн ямар ч баялгийг ашигласан л бол дараа нь заавал газрын нөхөн сэргээлт хийж байх.2.Боломжийнхоо хэрээр аль болох их мод, бутлаг ургамал суулгаж байх. Мөн гэр хорооллын оршин суугчдад ногоон ургамлын үр ашгийг таниулж, сургуулиа төгсөж буй оюутнуудын дунд сургалт зохион байгуулах. 3.Хүүхдэд бага наснаас нь буюу цэцэрлэгт байхаас нь байгаль орчинтойгоо хэрхэн зөв зохистой харьцахыг зааж сурган иргэдийг байгаль орчны талаархи мэдээллээр хангаж байх. 4.Гэр хорооллуудад бага утаатай түлш болон зуух хэрэглэх, мөн айл өрхүүдийн цахилгааны мөнгийг хөнгөлж тусгай тарифаар цахилгаан эрчим хүчээр халдаг систем нэвтрүүлэх, газрын сайн төлөвлөлттэйгээр гэр хорооллыг орон сууцжуулах гэх мэтМонгол орны байгаль бараг сүйрлийн ирмэг дээр ирээд байна гэхэд хилсдэхгүй байх. Уг нь байгаль нь эрүүл байвал ирээдүйн монголчууд ч бас эрүүл байна шүү дээ. Харин эрүүл хүн амтай улс орон хурдан хөгжинө. Миний бодлоор Монгол улс хөгжиж чадахгүй байгаагийн гол учир нь хүн амын дунд өвчлөл маш их байдагтай холбоотой. Ийм эрүүл бус орчинд амьдарч буй хүмүүс яаж ч өвчлөхгүй байх билээ дээ. Өнөөдөр дарга сайд нар улсаа хөгжүүлэх тухай том том юм яриад л суугаад байдаг. Үүний оронд тэд гэр хорооллуудаар ганц удаа яваад бодит байдал дээр иргэд хэрхэн амьдарч байгааг нэг харчихдаг ч болоосой гэж заримдаа бодох юм.Эцэст нь дүгнэж хэлэхэд ирээдүй үнэхээр өнөөдрөөс эхэлдэг юм шүү. Бид өнөөдөр нэг хог хаяхад ирээдүйд тэнд хогны овоо бий болохыг үгүйсгэх газаргүй. Бид өнөөдөр нэг мод тайрвал ирээдүйд ганц ч модгүй цөл газар амьдрах ч юм бил үү. Тиймээс бид Монголынхоо ирээдүйг гэрэлтэй сайхан байлгая гэвэл өнөөдрөөс л эхлэх хэрэгтэй. Өнөөдөр хүн болгон нэг мод тарьж ургуулбал ирээдүйд тэр нь шуугисан их ой болж, чихрийн цаасаа газар биш хогийн саванд хаявал ирээдүйд ширхэг ч хоггүй хот болох бүрэн боломжтой. Гол нь хүн болгон ирээдүй хойч үеэ гэсэн сэтгэлээр хандаж чадвал биднийг эрүүл байгальтай, өндөр хөгжилтэй Монгол орон хүлээж байна шүү. Ийм л монгол оронд амьдрахыг хүсэж байна.