Author Topic: Жаргалын эссенүүд  (Read 20178 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline jargal

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
Жаргалын эссенүүд
« on: 2009.05.04 11:12 »
Миний  карьерийн дээд хязгаарХүн бүр өөр өөрийн ертөнцдөө бяцхан хаанчлалыг бий болгож , түүндээ дагаж мөрдөх өөрийн дүрмийг бий болгодог.  Тухайн эзэнт гүрэн харин алга дарам газар байх уу алтан дэлхийг хамарсан өргөн цар хүрээтэй эх газар байх уу гэдгийг  хувь хүн өөрөө шийддэг.   Тийм ч учраас хувь хүний амьдралыг үзэх үзэл , зан чанар сонирхол зэргээс хамааран ирээдүйд хэн болох нь тодорхойлогддог.  Мэдээж уйгагүй   хичээл зүтгэл үүнд зайлшгүй  шаардлагатай байдаг талаар бараг ухаан орох цагаас минь эхлэн үлгэр туульсаар дамжуулан сургаж байсан болохоор энэ талаар дурдах нь илүүц биз ээ...Санаж явбал бүтнэ , сажилж явбал хүрнэ гэсэн үг байдаг.  Өөрийн зорилгоо  хол байнадаа , хол байна гээд хойш тавиад байх ухаангүй хэрэг. Мөн өөрийнхөө мөрөөдөл зорилгыг  100% яв цав тодорхойлж түүнийгээ   санаандаа нийцтэл биелүүлдэг хүмүүс ч ховор.  Гэхдээ дотроо бодсон бодолтой , доороо суух суудалтай байх шаардлага бие хүн бүрт энэ эрин зуунд тулгарна. Миний хувьд өөрийн гэсэн бахархал , дурсамж түүхээр дүүрэн жижигхэн эзэнт гүрэн дотроо өөрийнхөөрөө амьдарч яваа  эгэл жирийн иргэн хүн. Одоогоор хангалттай түвшинд өөрийн мэргэжлийг эзэмшсэн гэж үздэггүй ч хэзээ нэгэн өдөр энэ мэргэжлийнхээ хүрээнд хамгийн алдартай төрийн бус байгууллагын тэргүүн болно гэж хүсч мөрөөддөг.  Биелүүлэхийн тулд ч зорилтын эхнийхээ шатандээр хэдийнээ гишгэчихсэн сурч мэргэшиж явна. Ямар ч ажил хэрэг гүйцэтгэсэн өөрөө өөртөө үнэнч , сэтгэл хангалуун байх нь хамгаас чухал гэж би хувьдаа дүгнэдэг.  Тийм ч учраас зөвхөн мэргэжил гэж туйлшралгүй, өөрийн сонирхсон бусад чиглэлээр цөөнгүй зүйлийг хийхийг хүсч төлөвлөж байгаа. Техник технологийн эрин зуун нийгмийн хөгжлийн хурдацаас шалтгаалаад  олон зүйлд ч мөн анхаарлаа хандуулж өөрийгөө боловсруулах шаардлага гарч ирэх нь маргаангүй үнэн. Би өөртөө болоод өрөөлд гологдохгүйн тулд амьдралдаа идэвхитэй байнгын шинийг эрэлхийлсэн эрч хүчтэй байхыг эрхэмлэдэг.  Тийм учраас өөрт шаардлагатай гэсэн бүхий л зүйлийг эзэмшиж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.  Би өнөөдрийн  төрийн бус байгууллагын талаархи үнэлэмжийг сэргээж , үйл ажиллагааг нь идэвхижүүлсэн Монголдоо томоохонд тооцогдох дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаатай төрийн бус байгууллагыг байгуулахыг маш ихээр хүсдэг. Энэхүү байгууллага маань би аль талаараа илүү их мэргэшихээс шалтгаалаад янз бүр байж болох ч мэргэжлийн түвшинд үйлчилгээ хүргэдэг нийгмийн ажил мэргэжлийн нэр хүндийг тодорхой хэмжээгээр өсгөж чадахуйц хэмжээний түвшинд байлгахыг хамгийн эн тэргүүний зорилтоо болгоно. Өнөөдөр АДРА, ILO гээд аль ч насны хүмүүст өөрсдийн үйлчилгээг ялгалгүй хүргэж түүнийхээ үр дүнгээр өөрсдийнхөө ажлын нэр хүндийг өсгөж чаддаг олон төрийн бус байгууллага байдаг.  Үүсгэн байгуулсан хүмүүс нь энэхүү байгууллагыг байгуулсандаа сэтгэл хангалуун байж үр шимээр нь амьдралын их эрч хүчээ авч чаддаг биз ээ..Энэ хүсэл мөрөөдөл маань биелэхүйц чадварыг би өөртөө цогцлоож чадаж гэмээнэ миний хувь хүний үнэлэмж цаашлаад цалингийн хэмжээ карьер маань түүнийгээ дагаад нэмэгдэх бүрэн боломжтой юм. Гагцхүү мэргэжлийн итгэл үнэмшил , түүнийг бий болгож буй мэргэжлийн ур чадвараас маань энэ бүхэн шалтгаална.   Бурхан бидэнд аз жаргалыг тэгш хуваарилаагүй ч                             Түүнийг бий болгох “оюун ухаан”ыг нь адилхан заяасан юм шүү... :D

Offline jargal

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
Re: миний карьерийн дээд хязгаар
« Reply #1 on: 2009.05.04 11:25 »
]бид энэ мэргэжлээрээ карьерийн хамгийн дээд хязгаарт хүрч чадна тиймүү.тэгээд дараа нь мундаг төрийн бус байгууллагуудын тэргүүн нь болно мөн үү

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: миний карьерийн дээд хязгаар
« Reply #2 on: 2009.05.04 11:46 »
[b:44b0c96649]Би яагаад” цаг баримтладаггүй” вэ? [/b:44b0c96649]Хүн бүрт ертөнцийн олон аашыг танин мэдэхэд өрөөлийг байтугай өөрийгөө хүртэл гайхах цөөнгүй зүйл тохиолддог. Түүний нэг бол миний цаг барьдаггүй явдал. Их сургууль , 10 жил ... , Цэцэрлэгт л харин өөрөө бие дааж явдаггүй байсан болохоор нэг хоцордоггүй очдог байсан байх. 10жилд Үргэлж хоцролтын дэвтэрт дээгүүр явдаг хүүхэд байлаа. Хичээлдээ явах дургүй болохоор хоцордог юм уу гэхээр үгүй ээ , тасладаггүй харин дандаа хоцорно. Магадгүй багшийн хайртай шавь байсан болохоор давардаг байсан ч байж болох л юм. Гэхдээ л бас арай л хэтэрхий хоцордог байсан . Одоог хүртэл хоцорно. Ядаж байхад хол гэр , автобус бөглөрөх гээд хоцролтыг зөвтгөх олон шалтгаан гараад ирнэ. Тэгээд л хоцордог хүн өөрөө өөрийгөө тэрүүхэндээ өмөөрнө. “Өнгөрсөндөө харамсах зүйлгүй амьдарна гэдэг нь өнөөдөр амьдарч байгаагийн бахархал болж байх учиртай” Гэвч хоцролт гэдэг зүйл үүнд маань тушаа болоод байх шиг... Мэдээж бүх зүйл миний хувийн зохион байгуулалттай холбоотой. Батсүмбэрийн ахмадын асрамжийн газар очдог өдөр ангийнхан маань хагас сайн өдөр бүүр эрт 8цаг гэж цуглана гэж байсан юм. Өглөө 8гэж сэрчихээд заа цуглах гэсээр байтал 9 өнгөрөөгөөд явах байх гээд их л тайван амьтан сургууль дээр иртэл хэн ч байдаггүй ээ. Би эрт ирчихсэн юм байхдаа. Гэж бодсоор блок 404 өрөөнд орж өчигдөр бэлдсэн юмнуудаа харахаар явлаа юу ч байдаггүй.Хоолой аргаад л нүдэнд нулимс цийлэгнээд л явчихсан. Аргагүй л дээ тийшээ явна гэж бараг сар гаруй бэлдээд догдолчихсон байсан юм. Баахан юм бэлдэж ангиараа явна гэж хөөрч хөөрчихөөд сургуулийнхаа үүдэнд автобуснаасаа хоцроод хачин царайлаад зогсож байна гэж огт санасангүй. Араас нь явах гэсэн Батсүмбэр гэж хаана ч байдаг юм бүү мэд. Осолдохгүй вагоноор очдог гэж сонсож байсан юм. Автобуснаас хоцорсон ч вагоноос хоцроогүй бололтой. Тэгсэн халаасанд маань визанаас өөр зүйл байсангүй. Вагоны ачааны ахыг гуйгаад батсүмбэрийг заалгаж байж бас нутгийн хүмүүсээр асрамжийн газрын байрлалыг заалгаж байж очсон юм. Очсон чинь үйл ажиллагаанаасаа нэг их хоцроогүй бололтой. Багшид жоохон загнуулаад ангийнхандаа онгоцоор ирсэн гэж хэлээд л өнгөрсөн дөө хөөрхий.. Амьдралдаа хоцорсондоо хамгийн их харамссан ч дүүрэн адал явдалтай өнгөрсөн өдөр тэр өдөр байсан шүү. Тэгээд бодоод байсан чинь би хоцорч ямар нэгэн зүйлийг алдсан ч ард нь сонирхол татаж өөрийг нь зовоосон олон зүйл байдаг болохоор хоцрох дуртай байдаг юм шиг байна. Гэхдээ хоцрох юу нь сайхан байхав дээ.. ертөнцийн олон хөгжилтэй явдлаас хоцрохгүйн тулд хоцроод баймаар юм шиг ч гарах үр дагавар нь сөрөг тал руугаа хэтэрхий их байдгийг тартаж болохгүй. Энэ бол цаг үетэй урагшилж алхлах хурдацтай нийгмийн үед байж болохгүй муу зуршил!!! Нэгэн алдартан: “миний амьдралыг өөртөө үлдээсэн 15 минут л аварч, энэ өндөрдлөгт хүргэсэн” гэсэн байдаг. Учир нь тэр хүн ямар ч ажилд 15 минутын өмнө очдог байсан. Энэ хугацаа түүнд тухайн ажлын талаар бодох асар их боломжийг гаргаж өгдөг байсан юм. Мөн “хэрвээ чи хоцорсон бол өөрийгөө хожигдсонд тооц ” гэсэн хатуухан үг ч байдаг. нийгмийн хөгжлийн хурдацтай өрсөлдөөн дунд “цаг баримтлах соёл ” –г суралцаж чадаагүйгээс болж өчүүхэн тэр хугацаанд өөрийн ур чадвар , хийсэн бүтээлээ бусдын уланд гишгүүлнэ гэдэг харамсалтай ч бас гутамшигтай. .. Англичууд “Цаг барьдаггүй ” хүнийг бүдүүлэгт тооцож , тэр хүний талаар үнэлэх үнэлэмж нь буурдаг. Монголд харин эсрэгээрээ толгойг нь илж , давраадаг учраас БИ БОЛООД БИДНИЙ ХЭДЭН НӨХДҮҮД Цаг хугацааг чихэр шиг санаж бутартал зажилчихаад Цаана нь харин шороо амтагдаж түүндээ харамсахыг мэдэхгүй алхалсаар л...

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: миний карьерийн дээд хязгаар
« Reply #3 on: 2009.05.04 11:55 »
[b:f108969f6f]“ Миний мэргэжлийн онцлог”[/b:f108969f6f] Хүн бүрийн эзэмшсэн мэргэжил өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тэр мэргэжил бүр хүмүүст тогтсон хандлага үнэлэмж, ойлголтыг цаг хугацаа хамаарахгүйгээр нийгмийн хэрэгцээнээс шалтгаалан массыг хамарч бий болж байдаг нь туйлын үнэн. Эдийн засагчийг хүмүүс нэг үе хамгийн хэрэгцээтэй сайхан мэргэжил хэмээн үздэг байсан. Учир нь тэр үед эдийн засагч нягтлан бодогч гэдэг нь хамгийн их эрх мэдэл бүхий хүмүүс байдаг байсан байх юм. Харин дараа нь хуульчид маш их хэрэгцээтэй болж эхэлсэн. Одоо тэрхүү мэргэжлээр бэлтгэгдсэн хүмүүс их байгаа ч ажлын байр хомс байгааг статистик тоо баримтаас харж болно. Харин одоогийн хямралын үед хүмүүст тулгарсан бэрхшээлтэй асуудал , түүнийг шийдвэрлэх гарцыг олоход туслах хүмүүс сэтгэл зүйч , нийгмийн ажилчид л байна. Мэргэжлээ рекламдаж ухуулга сурталчилгаа хийгээгүйг дурдах нь илүүц бизээ...Учир нь нийгмийн тодорхой бүлгийг эс тооцвол хэрэгцээ шаардлага нь хэн нэгнээс зайлшгүй хамаарах нийгмийн эмзэг бүлгийнхэн , түүн дотроо асуудалд өртөж болзошгүй олон иргэд улс оронд маань ёстой л нөгөө нусаа гоожуулж хормойгоо чирсээр явна. Тэдэнд туслахыг хүссэн томчууд дарга нар тийм олон биш ч туслах гэсэн нэг нь материаллаг тусламжаар сэтгэлийг нь түр зогоогоод л орхидог. Яагаад гэвэл тэдэнд тулгамдсан асуудлыг үнэхээр нөхцөл байдалтай нь уялдуулан ойлгож хэрэгцээ шаардлагыг нь мэдрэх чадвар хомс байгаа юм. Амьдрал дээр тэдэнтэй тулж ажиллан асуудлыг нь өөрөөс нь илүү урьдчилан харах чадвар бүхий хүмүүс бол нийгмийн ажилчид. Тэдний үнэлэмж нийгэмд нэр хүнд муутай , бэлтгэгдэж буй мэргэжилтнүүд нь өрөвч харцтай ноомой юм шиг харагдаж байж болох ч өнөөдөр нийгмийн өшөөрхөл , нэг нэгнээ гэсэн зэвүүцэл хэрээс хэтэрч байхад бид заавал тэдний адил мэргэжилдээ хурц ширүүн хандах албагүй ч юм шиг санагдана. Магадгүй өсөлт хөгжил гэдэг үл мэддэгээ мэдэхээс эхэлдэг болохоор санаад авахад бас илүүдэхгүй байх. Бид өөрсдийн мэргэжлийн онцлогоо өөрсдийнхөө амьдралд хэрэгжүүлж , өөрөө өөртөө болоод амьдралд тохиолдох зовлон бэрхшээлд энэ мэргэжлийнхээ үнэт зүйлсээр хандах эх үндсийг өөртөө төлөвшүүлэх нь чухал юм. Тэгж гэмээнэ өнөөдөр мэргэжлийн маань үнэ цэнэ , мэргэжилтэн байхын гол эх үндэс нь бүрэлдэн бий болно. Хаана ч очсон энэхүү мэргэжлийг эзэмшиж буй хүмүүсийн амьралын итгэл үнэмшил зорьсон зорилго нийгмээс урд гишгэж , болзошгүй бэрхшээлийг энгийн иргэдээс түрүүлж харах чадвартай байдаг. Бороотой үүлийг хүн бүр сайхнаар хүлээж авдаггүй ч тэрхүү борооны дусал бүр эх дэлхийд ямар их хэрэгтэйг хэзээ нэгэн цагт тэд ухаардаг. Үүний нэгэн адилаар гантай газар чийг өгч буй мэт сайхан мэдрэмжийг бидний үйлчлүүлэгч бүр мэдрэх болно гэдэгт би итгэлтэй байдаг. Одгүй тэнгэр , усгүй далай , ургамалгүй ой мод гэж байдаггүйтэй адил их бага хэмжээгээр асуудалгүй нийгэм гэж хаана ч байдаггүй. Нийгэм хөгжихийн хэрээр хувь хүний сэтгэл зүй болоод амьдралын асуудал эргээд нийгмийн томоохон гажуудлыг бий болгодог жамтай. Энэ үед нийгмийн ажилтны хэрэгцээ шаардлага гэр бүл хувь хүн байгууллага олон нийтийн хүрээнд зайлшгүй гарч ирдэг. Бидний төсөөлдөг нийгмийн ажилтан биеийн тамирын багш эсвэл хорооны идэвхитэй гишүүн биш харин мэргэлийн хэмээх тодотголтой аливаа асуудлыг олон талаас нь харж шийдвэрлэх чадвар бүхий мэргэжилтнүүд улс орны маань өнцөг булан бүрт үнэ цэнэтэйгээр алхалж, иргэн бүхэндээ хүрч ажиллаж чадна гэдэгт би итгэлтэй байна.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: миний карьерийн дээд хязгаар
« Reply #4 on: 2009.05.04 11:57 »
[b:efab4d6cf5]“Цалин” [/b:efab4d6cf5]Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Цалин хөлсийг хамгаалах тухай” 95 дугаар конвенцид, “Цалин хөлс гэж ажилтныг ажилд авсан тухай амаар болон бичгээр байгуулсан гэрээний дагуу түүний хийж гүйцэтгэсэн, эсхүл хийж гүйцэтгэвэл зохих ажил үйлчилгээнийх нь төлөө ажил олгогчоос үндэсний хууль тогтоомж болон гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр тогтоон олгож буй аливаа мөнгөн урамшуулал буюу ажлын хөлсийг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг байна. Өнөөгийн инфляци 36 хувьдаа хүрээд байгаа аймшигт нийгмийн үед цалин орлого нэмэгдэхгүй харин өдөр тутын хэрэгцээт зүйлийн үнийн өсөлт гэзэр аваад байгаа нь олон хүний сэтгэлийг түгшээж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108000 төгрөг. Харин үүгээр Монгол улсад ажиллаж амьдарч байгаа 1 хүн өдөрт 3600 төгрөгөөр хооллож ундалж хувцаслаарай гэсэн үг. Харин ганцаараа ажил хийж зөвхөн өөрийгөө тэжээж буй хүн хэд байгаа бол. Мийний бодлоо тийм ч олон биш... ажил эрхэлдэг хүн тодорхой хэмжээгээр өрхийн гишүүдийг тэжээн тэтгэж байдаг. тэгэхээр тэр хүмүүсийн тоогоор өнөөх 3600.гаа хуваах шаардлагатай болно. Бага зэрэг өөдрөгөөр төсөөлөөд олон хүн ажил хийдэг нэг өрх янз бүрийн цалинтай байж болно гээд аваад үзэхэд ч болж байнаа. Харин ганцхан хүнд нөгөө зүс царай нас зэргийг нь голон байж арай хийн олдсон цалин нь өрхийн гишүүдээ тэжээхэд хэр зэрэг хүрэлцэж байгаа бол? Бодохыг ч хүсмээргүй тоо гарах байх.. Өөрөөр хэлбэл дунджаар нэг өрхийг 5 гишүүнтэй гэж тооцоход бусад 4 гишүүнээ 900 төгрөгөөр хооллох шаардлагатай болж байна. Тэгээд бодоод байхад улс орны маань хөдөлмөрийн хөлсний талаархи шийдвэр бодлого өөрөө ядуурлыг бий болгоод ч байгаа юм шиг санагдана. Гэхдээ хувь хүний хөгжлийн асуудал энд яригдаж болох ч өнөөгийн Монголын нөхцөлд хөгжих нь байтугай өнөө маргаашынхаа хоолны асуудлыг арайхийн шийдэж буй хүмүүс олон байгаа. Гэхдээ бидэн шиг залуу боловсон хүчнүүдийн тухайд байгууллагын зорилгоос хамааран ажлаа сонгохоос бус цалингийн хэмжээнээс болж сонговол хэтийн ирээдүйд цаашлаад ажлын сэтгэл ханамжийн талаархи асуудал хурцаар тавигдаж , зөрчил үүсэн хэзээ нэгэн цагт ажлаа өөрчлөх шаардлага аяндаа гарч ирнэ. Мөнгө хүсдэггүй хүн гэж байхгүй ч эцсийн дүндээ мөнгөнд хэт шунах нь өөрийг нь эргээд мөнгөнөөс ч үнэ цэнэгүй болгодог. Өөрийн шударга хөдөлмөрөөр олж авсан цалин хөлс хичнээн үнэ цэнэтэйг ойлгож , түүнээс авах сэтгэл ханамж нь юугаар ч зүйрлэшгүй аз жаргал болж хувирдаг. Миний хувьд хамгийн өндөр цалинг оёдлын үйлдвэрт ажилладаг байхдаа 180000 төгрөгний цалин авч байсан. Энгийн оюутан хүний хувьд боломжийн л цалин... гэхдээ хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй. Одоогийн нөхцөлд бол бүүр ч багадах байх. Ямартай ч өөрийн хүч хөдөлмөрөөр олсон цалин хөлс хүнд хөдөлмөрийн амтыг мэдрүүлээд зогсохгүй ажлын хариуцлагыг хүнд бий болгодгийг ойлгож авсан. Гэхдээ цалинг сайхан сэтгал ханамж гэж тооцвол залуу сайхан насанд эрдэм номыг цалинтай зүйрлэж , цаашдын идэр насанд эрч хүчийг цалинд тооцож , цал буурал насандаа эрч хүч мэдлэгээрээ бүтээсэн эд хөрөнгөө цалинд бодож амьдарвал зохилтой ажгуу.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: миний карьерийн дээд хязгаар
« Reply #5 on: 2009.05.04 12:06 »
сайн бичжээ Жаргалаа. Хойшдоо бичих чадвар чинь улам сайжрах байхв гэхдээ зарим нэг зүйлүүд нь хэтэрхий хүч албадлагаар бичсэн юм шиг санагдаж байна. Яг өөрийнхөө бодож байгаагаа бичих нь бусдад таалагдах гэж бичихээс хэцүү шүү дээв Магадгүй тэрнээс болоод Хайр дурлалын захидалд нэг формат гарчих гээд байдаг байх

Offline jargal

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
Re: миний карьерийн дээд хязгаар
« Reply #6 on: 2009.05.04 21:57 »
[quote:278c23336e="serdaram"]сайн бичжээ Жаргалаа. Хойшдоо бичих чадвар чинь улам сайжрах байхв гэхдээ зарим нэг зүйлүүд нь хэтэрхий хүч албадлагаар бичсэн юм шиг санагдаж байна. Яг өөрийнхөө бодож байгаагаа бичих нь бусдад таалагдах гэж бичихээс хэцүү шүү дээв Магадгүй тэрнээс болоод Хайр дурлалын захидалд нэг формат гарчих гээд байдаг байх[/quote:278c23336e] ойлголоо багшаа дараа дараагийн эссенүүддээ анхаарнаа  :D