ЗҮҮНГАР УЛСЫН АМЬД ҮЛДЭГСДИЙН ТҮҮХ
Бид “Элэг нэгтэн” булангийнхаа өмнөх ээлжинд Зүүнгар улсын мөхөл, ард олныг нь манжууд хэрхэн хядсан гунигтай түүхийг өгүүлсэн билээ. Хүчирхэгжин мандаж байсан монгол угсааны энэ улсын хүн амын дийлэнхийг хядаж устгасан бөгөөд бууж өгсөн, дагаж орсон цөөн хүнийг хэдэн тийш нь тараан суулгасан гэдэг. Тэдний нэг бол манай улсын баруун хязгаарын ард түмэн юм. Энэ тухай түүхч, доктор, дэд профессор На.Сүхбаатар бидэнд өгүүлнэ.
-Тухайн үедээ 600 мянган хүн амтай байсан Зүүнгар улсын хүн амын дийлэнхийг хядаж ердөө 120 мянган хүн үлдсэн гэсэн. Энэ хүмүүс хаачсан бэ?
-120 мянга гэдэг тоо бол нүүдэлчдийн хувьд тухайн үедээ бас л их тоо шүү. Хүн ардынх нь тавны нэг хоцорсон ч үлдэгсэд Дөрвөн Ойрадын орыг дарж, нэрийг авч, гал голомтыг асааж үлдсэн юм. Зүүнгарыг мөхөөсний дараа үндсэн нутаг дээр нь манжууд Шинэ хязгаар буюу Шинжаан мужийг байгуулсан. Тэнд Зүүнгарын мэдэлд байсан хасаг, уйгур, киргиз зэрэг ард түмнээр голлосон муж байгуулсан. Мөн харуулын албанд суулгахын тулд Өвөрмонголын гүнээс цахар, солон зэрэг ардуудыг аваачсан. Шинжаанд эхлээд 10 суман өөлд байгуулж л дээ. Бээжингийн ойролцоо олзлогдоод түр оршин суусан Дашдаваа гэдэг өөлдийн ноёны албатуудаар байгуулсан. Гэтэл жил ирэх тусам өөлдийн хүн ам ихэссэн. Учир нь уул хаданд дүрвэж гарсан, киргиз, хасагт очиж нуугдсан хүмүүс гарч ирж байсан тул шинээр хошуу, сум байгуулах хэрэг гарчээ. Одоо бол Нялхын, Монгол хүрээний, Эмээлийн, Тэхэсийн өөлд гэж хоорондоо ялгагддаг өөлдүүд Шинжаанд байна. Бид өмнө ярилцлагадаа ярьж байсан. 1771 онд Халимаг буюу Ижил мөрнөөс нүүж ирсэн ойрадууд болох торгууд, хошуудтай хамт дээрх өөлдүүд Шинжааны ойрадуудыг голчлон бүрдүүлдэг гэж.
- Олзлогдоод манжийн гүн рүү явсан ойрадуудын хувь заяа хэрхсэн бол?
- Манж улсын бүтээн байгуулалтанд дайчлагдсан байна. Муу амьсгалтай Хөх мөрөн муж зэрэгт нутаг заагдснаас гадна албат боолоор тарсан нь олон гэдэг. Саяхныг хүртэл өвөр монгол, халхын нутагт гэрийнхээ өрх эсвэл үүд хаалга, хаяа хатавч дээрээ хөх голдуу бөсөөр тэмдэг тавьсан айлууд их л байсан. Ухаан нь нэг баатар гарч ирж тэр тэмдгээр нь таньж цуглуулж авна гэдэг домогт итгэж тэр шүү дээ.
-Манай баруун аймгийнхан ч гэсэн Зүүнгар улсын хойч үе биз?
-Тийм ээ. Алтайн уулс, түүний зүүн талаар нутаглагсадыг түүх бичлэгт Монголын ойрадууд гэдэг. Тэд бол Зүүнгар улсын ард иргэд. Өнөөдөр Монголын баруун хэсэгт ойрадын соёл түүхийн салшгүй хэсэг болсон ойрад угсаатны 11 бүлэг байна. Үүнийг дээшээ хөөгөөд үзвэл Ойрадын үндсэн таван аймаг болох цорос, дөрвөд, хойд, хошууд, торгуудын үлдэгдэл байгаа юм. Цорос аймгийн үлдэц хойч буюу тэдний шууд удирдлагад байсан өөлд, алтайн захчин, алтайн урианхай, мончок урианхай нар байна. Торгууд, хошууд аймгийн хойчис тэр нэрээрээ байна. Дөрвөд аймгийн хойчис, тэдний бүрэлдэхүүн дөрвөд, баяд, хотон гэсэн гурван угсаатны бүлэг байна. Хойд аймгийн хойчис нилээд тархмал бий. Хойдууд гэдэг нэрээрээ ч бий, бас засгууд гэдэг нэртэй, мөн мянгадууд бол тэдний хойчис. Эдгээр угсаатнуудын гарал ирэл нь өөр өөр боловч улс төрийн болон удирдагч гол ноёдоороо гол таван аймагтайгаа холбогддог юм.
-Тэгвэл эднийг тус тусад нь тодруулах уу. Манай уншиг-чидад ч сонирхолтой байх?
-Тэгье ээ. Дөрвөд, баядууд 1753 онд буюу Зүүнгарын дотоодод болсон бослого, хаад ноёдын тэмцлээс үүдэлтэйгээр анх наашаа орж иржээ. Зүүнгарын хаан ширээний төлөө Даваач, Нэмэхжаргал нар хоёр тал болж тэмцэлджээ. Тэд байлдахын тулд хоёул дөрвөдийг өөрийн талд татахыг хичээж байсан. Гэвч Даваач хаан Дөрвөдийн голлох том ноён Дашийг хэрэг хэлэлцэх нэрээр уулзаад өөрөөс нь урвалаа, дэмжсэнгүй хэмээн хилсээр хороосон байдаг. Дөрвөдүүд “цаашид яах вэ. Хааны ширээний төлөө тулалдаж байгаа хэнд нь туслах вэ” гэж ярилцаад Алтайн нурууныхаа өвөрт байсан тэд хойд талд нь гарч дайны хөлөөс зугатахаар шийдсэн. Тэгээд 1753 онд Үенч, Бодончийн даваагаар наашаа давж орж иржээ. Энэ үеэр нь манжууд тэднийг олзолж, голлох ноёдынх нь ар гэрийг барьцаанд авч, биеийг Бээжинд аваачсан. Энэ нь дөрвөдийн ноёд манжид бууж өгөх алхам болсон байдаг. Дөрвөдүүдийг гурван Цэрэн ахалж Манжид орсон гэдэг. Яг голлосон ноёд нь Сэвдэй, Абу бууч нар. Дөрвөд нь дотроо гурван хэсгээс бүрдэнэ. Зүүнгарын цагт гурван “Анги” байсан, тэдний үргэлжлэл. Хожмын дөрвөдийн зүүн гар болох Далай хан аймгийг Цэрэн, баруун гар Зоригт хан аймгийг Цэрэн-Увш, баядыг Цэрэнмөнх нар удирдаж байсан юм.
-Эдгээр нь Зүүнгар улсын хаахна нь суурьшиж байсан юм бол…
-Дөрвөд, баядууд Зүүнгарын нутагт байхдаа Алтайн өврөөс эх авдаг Эрчис мөрний урсгал дагуу, Зайсан нуурын ар талаар тариа тарьж, мал адгуулдаг баян чинээлэг аймаг байсан. Баядууд наад талаар нь Алтайн урианхайтай залгаж нутагладаг байсан. Монголын баядууд өөрсдийгөө “Бид ойрадууд юм уу, Бид зүүн талаас ирсэн юм биш үү” гээд байдаг. Тийм биш ээ. Миний мэдэхийн сүүлийн таван зуун жилийн түүхэнд дөрвөд, баяд хоёр нэг дор байсан. Хамгийн гол нь баяд, дөрвөдийн ноёдууд бол нэг угсааныхан. Буу илдэнгийн харьяат нь баяд, Далай тайшийнх нь дөрвөдүүд. Далай тайш, Буу илдэн гэдэг ах дүү хоёр бол Эсэн хааны үр удам. Дээрээ Цорос аймгийн ноёдтой нэг эцэгтэй гэсэн үг. Цоросын ноёд гэвэл Галданбошгот, Галданцэрэн нар шүү дээ.
-Баяд, дөрвөд бол эртний монгол аймгууд биз дээ. Яагаад Ойрадын дунд орчихов?
-Ойрадууд бол Монголын уугуул овог аймгуудын нэгдэл. Хэл соёл, язгуур нь бүгд монгол. Улс төрийн шалтгаанаар л Ойрад гэдэг нэрийн дор улс гэр байгуулж, соёлыг бүрдүүлж бие даасан түүх бүтээсэн хүмүүс. Ойрад соёлыг бүрдүүлэгч нь баяд, дөрвөд, захчин, торгууд гээд олон аймаг байна. Баяд, дөрвөд хоёр нэг угсааныханд захирагдаж ирсэн нэг түүхтэй ард түмэн. Дотроо овгийн давхцал ч их байдаг. Ер нь ах дүү төрөл аймгууд. Дөрвөдүүд нь нирун, баяд болохоороо дарлиган язгууртай. Хоёулаа л эзэн богд Чингис хааны харьяатын үр сад. Түүхэнд толгой аймгаараа дөрвөд гэдэг нэрээр явж ирсэн. Саяхнаас дөрвөд, баяд гэж ялгараад байна. Эд 1753 онд Алтай давж орж ирээд Манжид баригдан Манжийн албат болов. Гол ноёдод нь манжууд цол хэргэм өгч, хошуу чуулган хуваасан. Тэгээд одоогийн Баянхонгор аймгийн нутаг дахь Түйн гол, Заг, Байдрагийн бэлчирт нутаглуулсан. Дөрвөдүүд тариа тарьж үзсэн боловч тэндэхийн газар хатуу байсан учраас аж ахуй, эдийн засгийн хувьд хэцүү байдалд оржээ. Тэгээд Манжид өргөдөл өгч “Биднийг хуучин нутаг, Алтайд маань буцаагаач ээ. Эсвэл Ховдын их арлын орчим суурьшуулаач” гэсэн. Хариуд нь Их арлын орчимд сууж болно гэсэн хариу өгсөн. Тэд баярлаад нүүж байтал Зүүнгар улсад бослого гарчээ. 1755 оны Амарсанаагаар тэргүүлүүлсэн алдарт бослого. Тиймээс манжууд дөрвөдүүдийг Зүүнгартай нийлүүлэхгүйн тулд дахин Хангай руу буцаасан. Энэ мэт наашаа цаашаа явсан их үймээнд дөрвөдүүд туйлдан ядарч эхэлсэн. Хоёр жил тэднийг энд тэнд нутаглуулж байгаад 1757 онд Увс нуурын орчим суулгасан түүхтэй. Өнөөдрийн Увс аймгийн ихэнхийг тэд бүрдүүлж байна. Баян-Өлгий, Ховдод нэг хэсэг бий. Дөрвөд, баядын үр хойчис нь өвгөд дээдсийн ядан зүдэн амьд үлдэх эрхийн төлөө тэмцсэн тэмцлийг ойлгож түүх соёлоо ариунаар мандуулаасай гэж хүсэх байна. Дөрвөдийн дотор бас хотон угсаатан бий. Хотонгууд өөрсдийгөө Галданбошготтой холбодог. Галданбошгот манжтай байлдахдаа Оросоос их хэмжээний цэргийн тусламж авлаа гэж сүр бадруулжээ. Манжийн элч ирэхэд замын хоёр талаар хотон цэрэг зогсоожээ. Өндөр хамартай тэднийг хараад манжууд үнэмшиж, Галдантай байлдаж чадахгүй тав зургаан жил болсон гэдэг яриа бий.
-Хотонгуудын гарал нь хаанаас үүдэлтэй хэрэг вэ?
-Хотон бол Тэнгэр уулын өмнөөс гаралтай ард түмэн. Зүүнгар улс уйгар, киргизыг өөртөө нэгтгэсэн улс байсан. Бас л Зүүнгарын ард иргэдийн үр хойчис гэсэн үг. Тариалангийн соёлтой. Одоо Увс аймгийн Тариалан суманд бөөнөөр амьдарч байна. Хөдөлмөрч, ажилсаг, эв найртай, дуутай хууртай ард түмэн. Дан ганц Галдангийн үед орж ирсэн гэж үзэж болохгүй юм аа. Овгийн бүрэлдэхүүн, аман уламжлалаас нь авч үзвэл хойно, хойноосоо нэмэгдэж ирсэн, бас дөрвөдийн нүүдэлтэй нэг хэсэг нь ирсэн, бас зөвхөн уйгар иргэд үзэж боломгүй. Монгол түрэг угсааны аймгуудын холилдсон хүмүүс гэлтэй. Өөрсдийнхөө уугуул хэл, соёлыг гээгээд дөрвөдийн соёлыг өөрийн болгож авсан. Ер нь дөрвөдийн уугуул соёлыг хотонгуудын дотроос хайхад илүүдэхгүй.
-Захчин аймгийн тухай ярих уу?
-Цорос аймгийн мэдэлд байсан аймгийн нэг нь захчин. Захчин бол Зүүнгарын Галданцэрэн хааны үед шинээр 12 отог байгуулахад үүссэн ард түмэн. Зүүнгар улс нь өргөжин тэлэхийн хэрээр шинэ отог байгуулж, засаг захиргаа, дотоодын бодлогоо чангаруулсны үр дүн нь Захчин. Хилчин гэсэн утгатай үг гэдэг. Захчингууд Тэнгэр уулын үзүүрээс Турфаны хотгор, Гас ам, Хами, Бархөл гээд хойшлоод Алтайн үзүүр хүртэл Манж, Ойрадын хилийг хамгаалах үүрэгтэй байгуулагдсан. Цоросын тайж Мамууд захчин отгийг толгойлж байв. Захчинг байгуулахдаа Дөрвөн Ойрадын дөрөв, таван аймгаас бүгдээс нь татаж оруулсан, нэг ёсондоо интернациональ аймаг. Овгийн им тамга, овоо тахилга, ураа дуудлага зэргээс нь харвал хошууд аймгийнхан нэлээд оролцсон байх. Дөрвөд, цорос, торгууд, хойдууд ч бий. Захчингууд хилийн дагуу сунаж байрласан хил манагч болохоор цаанаасаа хүн ардыг нэмж өгөн хүчийг нь байнга зузаатгаж байжээ. Манжууд Ойрадыг эзлэхийн тулд их хэмжээний цэргийн хүчээр, олон замаар олон удаа дайрсан. Бид урьд нь тэмдэглэж байсан даа. 1719-1733 хүртэл хүчирхэг Манж өөрсдөө зардлыг нь дийлэхгүй болтлоо, хүчин мөхөсттөл ойрадтай байлдсан. Тэр их байлдаанд тэсч гарсан, голыг нь үүрсэн ард түмэн бол захчингууд. Манжууд “Захчин аймгийг буулгаад авчих юм бол бид Зүүнгарыг эзэллээ” гэж тооцож байжээ. Манжид баригдсан, эзлэгдсэн захчин бол тухайн үедээ тав хуваасны нэг нь. Бусад нь нөгөө л хядлагад өртсөн. Эднийг манжууд Улиастайн амбанд харьяалуулж байгаад Ховдын амбаны мэдэлд өгсөн. Тэр үеэс одоогийн байгаа нутагт нь суулгасан. Өнөөдөр Ховд аймгийн Зэрэг, Манхан, Мөст, Алтай, Үенч гэсэн таван суманд амьдарч байна. Ихэнх сурвалжид Алтайн захчин гэсэн байдаг нь амьдарч байсан нутгаар нь нэрлэсэн хэрэг. Бас хөрш аймгууд нь захчид гэдэг юм.
-Алтайн Урианхай бас цорос аймгийн харьяанд байсан уу?
-Цоросын мэдэлд байсан аймгуудын нэг нь Алтайн Урианхайчууд. Манжийн үед долоон хошуу байсны гурав нь мончок буюу тува урианхай, дөрөв нь монгол урианхай. Урианхайчууд эртний дарлиган аймгийн хойчис. Ойрадын үед Алтайн нуруунд амьдарч, Галданцэрэнгийн дүү Шуну баатарын хойчис захирч байжээ. Алтайн нуруу бол байгалийн том хил юм. Алтайн нуруунд 12 сүв буюу хүн давж болох даваа байдаг. Үүнийг л сэргийлж сахиж чадах юм бол хэн ч давж гарахгүй цайз юм. Урианхайчууд Алтайн нуруунд нутаглаж 12 сүвийг сахиж байжээ. Өндөр уулын бүсэд амьдарч байсан дайчин баатарлаг уламжлалтай ард түмэн. Эдний тухай нэг түүх байдаг. 1716 онд Зүүнгарын хаан Цэвээнравдан итгэлт жанжин их Цэрэндондовт цэрэг захируулж Төвдийг эзлэх дайн хийсэн. Тэр цэрэг хэн ч өмнө нь давж байгаагүй өндөр уулсыг давж Лхас хотыг хойд талаас нь дайрч эзлэсэн юм. Тэр дайчдын гол хүч нь урианхайчууд байв. Тийм л дайчин ард түмнийг 1755 онд манжууд эзлэн үслэгийн алба буюу булга, суусрын арьс бэлдэж өгөх үүрэгтэйгээр уул нутагт нь суулгаж Ховдын амбанд захируулжээ. Манжийн эсрэг тэмцсэний хариуд их хүнд албыг тэдэнд оноосон юм. Алба хүнд хэцүү байсан учраас Манжийн үед урианхайчууд ядуу хүмүүс болж хувирсан. Тэд бүр албаа дийлэхээ болиод хасагуудад газраа түрээсэлж, оронд нь булга суусрын арьс авч Манжид өгч байсан. Хасгууд нэмж суурьшсаар байгаад эцэст нь хасагт нутгаа алдав шив дээ. Алтайн урианхайчууд одоо Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Булган, Алтанцөгц, Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан зэрэг суманд бөөнөөр сууж байна. Ихэнх нутагт нь Хасагууд ирээд сууж дээ. Мончок урианхай бол Тува нарын нэг хэсэг нь. Баян-Өлгийн Цэнгэл, Ховдын Буянт суманд байна. Тэд түрэг гаралтай ч өөрсдийгөө Зүүнгар улстай холбодог.
Цоросын аймгийн шууд удам бол өөлдүүд. Өөлд гэдэг бол ойрад гэдэг нэрийн манж хазгай дуудлага. Заримдаа нийт ойрадуудыг хэлнэ, зарим үед зөвхөн цоросыг заадаг, хоёр утгатай хэрэглэдэг нэр л дээ. Монголд өөлдүүд нэлээн тархмал суурьшсан. Хамгийн бөөн хэсэг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд байна. Цамбагаравын өөлдүүд, Дамбий тайжийн өөлдүүд гэж нэрлэсээр иржээ. Галдан хаан 1688-1697 онд халхын нутагт Манжтай дайн хийгээд ялагдсан. Хүн ард нь тал бүрт сарнисан. Нэг хэсэг нь Зүүнгарын улс руугаа буцаж, нөгөө нь манжид олзлогдсон. Манжууд олзолсон өөлдүүдийг Түйн голын орчимд, тэндээсээ нүүлгээд Халх голд, Хөлөнбуйрт, өвөрмонголын гүнд хүртэл энд тэнд суулгасаар эцэст нь Хангайн нуруунд, Сайн ноён аймгийн нутагт хатуу хяналтанд суулгасан. Тэднээс нэг хэсэг нь тасарч Цамбагарав уулын орчимд 1764 онд иржээ. Үлдсэн нь хоёр хошуу хүн ард Хангайн нуруунд байгаа нь одоогийн Архангай аймгийн Өлзийт, Хотонт суманд болон Өгий нуур, Батцэнгэлд нэг хэсэг байна даа.
-Баянхонгорт бас өөлдүүд бий байх аа…
-Баянхонгорт баахан өөлдүүд бий. Галданбошгот Манжтай дайлалдах цагт Халхын ихэнх аймаг хошуу говь гатлаад урагшаа нүүсэн. Халхын нутаг эзгүйрлээ гэсэн үг. Ганцхан Ламын гэгээн Лувсанданзанжанцаны харьяатууд нүүгээгүй гэдэг мэдээ бий. Учир нь Ламын гэгээн Галданбошгот хоёр багадаа Төвдөд нэг багшийн шавь нар байсан учир нүүгээгүй гэсэн яриа бий. Галдан Манжтай дайн хийж байхдаа ядарсан, зүдэрсэн, шархадсан олон хүнээ Ламын гэгээний нутагт үлдээсэн нь Баянхонгорын өөлдүүдийн нэг хэсэг гэж өөрсдөө ярьдаг. Тиймээс өөрийгөө өөлд гэж тодорхойлдог Тангадын Галсан гуай шиг хүмүүс нилээд бий. Лавтай бидний мэдэж байгаагаар Галдан өөрийнхөө ээжийн хойдын буянд зориулж тэр нутагт суварга босгож байсан байна. Ээж Юм-Ага хатан 1687 онд нас барсныг хүү нь хойноос нь буян үйлдэж байсан гэдэг. Энэ мэт зүйл саяхнаас тодорч байна даа. Ер нь өөлдүүд их тархсан байдаг. Дарьганга угсаатан үүсэхэд хүртэл оролцсон шүү дээ.
-Хойдуудын үр хойч Монголд байна гэсэн. Одоо хаана амьдарч байна вэ?
-Монголд гурван хэсэг газар Хойдууд байна. Хойд гэхээр Хойдын Амарсанаатай холбож ойлгож болно. Амарсанаагийн бослого дарагдсан гэдэг нь хойдууд устаж үгүй болов гэдэгтэй бараг адил сонсогдож байгаа биз ээ. Хойдын Дамиран тайж Дөрвөдийн гол ноён Цэрэнгийн хүргэн байжээ. Хадам эцгээ бараадан Дамиран, Лувсан гэх ноёдын хоёр хошуу Улаангомын хойгуур ирж суужээ. Одоо тэд өөрсдийгөө хойд гэдэггүй. Дөрвөд дотор уусаж, одоо бол Зүүн засгууд, Баруун засгууд гэж өөрсдийгөө нэрлэжээ. Дараагийн нэг хэсэг хойд нь мянгадууд. Энд Хотгойд гэдэг ард түмний талаар бас ярих хэрэгтэй л дээ. Судлаачид Хотгойдыг халх, ойрад хоёрын дундаас үүссэн гэдэг. Үнэхээр тийм бололтой, овог, соёл ёс заншил зэргээс нь харагдана. Оросын судлаачид саяхныг хүртэл тэднийг түрэг гаралтай гэж үздэг байсан. Сүүлийн үед судлаачид “Түрэг биш юм аа. Харин Хотгойдыг үүсгэсэн Алтан хан тэргүүтэй ноёд тува, хаказ, киргизыг эрхшээлдээ оруулах явцад түрэг гаралтай овгууд орж ирсэн юм байна” гэж үзэж байна. Хотгойдын үндсэн 6 отгийн нэг мянгадууд Чингүнжавыг баригдсны дараахан дарлагдаж байна, хавчигдаж байна гэж зарга мэдүүлж байгаад баяд, дөрвөдтэй нутаг солилцож Ховд голын хөвөөнд суусан юм. Тэднийг хойдын Их мянган гэдэг отгийн үлдэгдэл гэдэг бөгөөд одоо Ховд аймгийн Мянгад суманд сууж байна. Хотгойд угсаатан бүрдэхэд ойрадын хойд аймгаас оролцсон, сүүлд тасарч нүүсэн гэж багцлаад ойлгож болно. Говь-Алтай аймгийн Шарга суманд өөлд гэж нэрлэгддэг хүмүүс бий. Зэргэлдээ нутгийнхан л тэгж нэрлэсэн байх. Угтаа тэд бол хойдууд байгаа юм. Зүүнгарын үед наашаа орж ирсэн хүмүүс. Засагт хан аймагт хавсрагдсан хошуу.
-Торгууд, хошуудын тухайд…
-1771 онд Ижил мөрнөөс буцаж ирсэн ноёдын нэг Шэйрэн тайж. Ижлээс ирсэн торгууд, хошуудуудыг хоорондоо хол 5 газар хуваан суулгасны нэг нь Булган голын торгуудууд. Угтаа Шэйрэн тайж 1755 онд 10 мянга шахам хүн амыг дагуулан ижилийн Халимагт зугатаж очсон. Харин буцаад 16 жилийн дараа буцаж нүүж ирсэн нь энэ юм. Ховд аймгийн Булган суманд амьдарч буй торгууд угсаатан бол манжийн үед 2 хошуу байв. Бид тэдний тухай өмнө нь нилээд ярьсан шүү дээ. Тэдэнтэй хамт Буянхишиг гэдэг ноёноор толгойлуулсан хэсэг Хошууд ирж суусныг сүүлд хошуу болгожээ. Хошуудууд Ховд аймгийн Булган сумын Баянгол багт 80 орчим өрх буй. Монгол даяар бол нийтдээ 200 гаруй өрх байна гэж өөрсдөө хэлж байсан. Цөөхүүлээ учир бүртгэл сайн байгаа нь лавтай. Тэд 240 жил хамт суусан торгуудаасаа бас ялгагдана. Тусгай тахилгатай, овгоо эрхэмлэдэг тийм хүмүүс байна лээ.
Ийм л угсаатны 11 бүлэг байна. Бүгдээрээ ойрад соёл, зан заншлыг илэрхийлдэг ард түмэн. Манжууд Зүүнгарыг устгаад түүний нутаг дээр засаг захиргааны 2 томоохон нэгж байгуулсан нь Шинэ хязгаар буюу Шинжаан, нөгөө нэг нь Ховдын хязгаар. Ховдын хязгаарыг нийтдээ 32 хошуутай байгуулж байсан. Алтаннуурын урианхай 2 хошуу 1860-аад оны Орос-Манжийн хил тогтоолтоор хилийн цаана гарчихсан, тэлэнгэдүүд шүү дээ. Хан хатны урианхай ч гэдэг. Тэд Ховдод хамаагүй болсноор 1925 он хүртэл нийт 30 хошуу Ховдын хязгаарт байлаа.
-Манжууд Ховдын хязгаарын тухайд ямар бодлого барьж байсан бол?
- 1762 онд Ховдын хязгаар гэж байгуулан Ховд хотыг шинээр Буянт голын хөвөөнд барьсан. Манжууд дарангуй цэрэг суулгаж засаг захиргааны нарийн зохион байгуулалт хийсэн. Ард иргэдийг хошуунаасаа гарах эрхгүйгээр хатуу хяналт тавьсан. Манжууд тэднийг нэгдчих вий гэдгээс их айж байжээ. Ховдод манж ногоон тугийн цэргийг байнга байрлуулж харгалзан, сэргийлж байлаа. Манжийг эсэргүүцэн 100 жил байлдсан хүмүүсийн үр сад учраас эмээх нь аргагүй юм л даа.
-Ойрадуудаас сэргийлж ямар арга хэмжээ авч байсан бол?
-Хамгийн түрүүнд тэдний нум сумыг хураасан. Дөрвөд нутгийн овоог засч янзлах ажлаар би хэдэнтээ явж байсан. Овооны голоос сумны зэв маш ихээр гардаг. Олон янзын хийц хэлбэртэй, XVIII зууны үеийн байлдааны зэв. Хүмүүс нандин зүйлээ овоонд өргөдөг шүү дээ. Ойрадуудаас Алтайн урианхайчуудыг нум сумтай нь үлдээсэн байдаг нь үслэгийн албатай холбоотой. Одоо зөвхөн Урианхайд сурын харваа, нум сумын ойлголт үлдсэн юм.
Ховдод манжийн хааны хөрөнгөөр Түгээмэл амаржуулагч хэмээх том сүм байгуулсан. Олны дунд Ховдын шар сүм гэж алдартай болсон. Өмнө талд нь 4 үсгээр бичсэн гэрэлт хөшөө босгосон байжээ. Хөшөөнд амар тайван байхыг сургасан үг бичсэн байдаг. Ховдын хязгаарт сүм хийд, лам нарын тоог эхэн үедээ хатуу барьж байв. Ойрадуудын дунд хутагт хувилгаан тодруулахыг хориглосон. Нэг тугийн дор, нэг хүчирхэг хүний дор нэгдчих гээд байсан учраас ийм бодлого барьсан л даа. Ойрадууд хутагтай болох гэж Банчин богдод олон удаа хандсан гэдэг, зөвшөөрсөнгүй. Халхад бол хутагт хувилгаад олон тодорсон байдаг шүү дээ.