Author Topic: Монголчууд бид хаана явнаа  (Read 8380 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Эдүгээ дэлхий дээр 200 гаруй улс орон хөгжлөөрөө уралдаж байна. Энэ нь улс үндэстэнүүдийн хоорондох орших, эс оршихын төлөөх үнэнхүү хатуу өрсөлдөөн тэмцэлдээн. Уралдаж өрсөлдөхгүйгээр оршин тогтноно гэдэг ойлголт байхгүй.

Монголчууд бид уралдаж өрсөлдөж байж л улс шиг улс, үндэстэн шиг үндэстэн байх болно. Өөр зам байхгүй. Хөгжлийн төлөөх уралдааны шүүгчид ямар дүрэм баримтлахаас барианы морьд тодордог байна. Ер нь аль ч тэмцээн тийм байдаг. Тоон талын үзүүлэлт голлох уу, чанарыг дагнах уу, хам бодолцох уу, ямар зарчим барих вэ гээд олон асуудал бий. Гэхдээ ерөнхий дүрэм гарсан бөгөөд булхай багатай шүүдэг нь нотлогджээ.
 
1. Эдүгээ олон улсын шинжээчид, ялангуяа эдийн засагчид нэг хүнд ногдох ДНБ хэмээх индексийг өргөн ашиглаж байна. /GDP index гэнэ, РРР-р хэмжинэ/ Энэ үзүүлэлтийг ОУВС, Дэлхийн банк /ДБ/ болон АНУ-ын Тагнуулын төв газар өөр өөрийн аргачлалаар тооцно. 2008 оны байдлаар Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-ээр 194 орноос ТТГ-ын үнэлгээгээр 3200-гаар 134-д, ОУВС-гийн тооцсоноор 3537 -р 123-д, ДБ-ны 2007 оныхоор 3222 -аар 113-д байна. Сүрхий ард, сүүл хавьд явна. Монгол Улс том орд газруудыг ашиглаж, дэд бүтцээ өргөтгөхөөр GDP-н индекс ойрын жилүүдэд нэлээд ахих байх. Яамай даа, яамай. GDP-н индексээр улс орнуудыг эрэмбэлэх нь эдийн засгийн хандлага ч гэлээ тун их агуулгатай юм. Энэ үзүүлэлтээр сүүл барина гэдэг бол олныг өгүүлдэг. Та нар тийм олок малтай, том газартай, бүгдээрээ боловсролтой, бас сүрхий өндөр IQ-тэй юм бол яагаад өлсгөлөн -ядуу байгаа юм бэ, та нарт ногдох ДНБ-ийг чинь РРР-р буюу худалдан авах чадварыг нь оруулж нэлээд өсгөж тооцоход л 3200-гаас давахгүй байна шүү дээ, бусдаас хол хоцорч байгаагаа харахгүй байна уу гэхээр хариу хэлэх үг олддоггүй.
2. Тухайн орны хүн амын боловсролын төвшин нь хөгжлийн чухал индикатор юм. Боловсрол нь эдүгээ эд баялгаас илүүтэйгээр улс орны хөгжилд хүчтэй нөлөөлж, хөгжлийг хурдасгагч бие даасан хүчин зүйл болов. Боловсролын индекс /education index-EI/ гэж бий. 2007 оны байдлаар дэлхийн 176 орноос Монгол Улс боловсролын индексээр 49-д оржээ. Манай ЕI=0,913 болно. 176 орны эхэнд нь EI=0,993 бүхий Австрали, адагт нь EI=0,274 бүхий Буркина Фасо. Боловсролын төвшинг тооцохдоо насанд хүрэгчдийн бичиг үсэгт тайлагдалт ба анхан, дунд, дээд шатны сургуульд хамрагдалтын төвшинг ашиглана. Ингэхдээ өнгөн дээрх тоон үзүүлэлтийг хэрэглэдэг. Мэдээж, тоо нь чанарыг тэр бүр онож илэрхийлэхгүй. Тэгэхээр боловсролын чанарын тал нь орхигдоно. Сонирхуулахад, улс орны хөгжилд сөрөг нөлөөтэй боловсрол гэж байх мэт харагдаад, мэдрэгдээд байх болов. Уг нь жинхэнэ бодит боловсрол бол тэгэх ёсгүй. Академик шинж нь хэт давамгайлсан, хийсвэр-хоцрогдсон-хоосон цээжлүүлдэг боловсрол, өөрөөр хэлбэл, чанар муутай боловсролыг энд хэлж байна.

3. Улс орны хөгжлийг илэрхийлэгч гойд чухал үзүүлэлт нь тухайн оронд амьдарч буй хүний хөгжлийн индекс /HDI- human development index/ билээ. Өмнөх хоёр индикатор дээр хүн амынх нь урт наслалтыг нэмэн оруулж томъёо хэрэглэнэ. 2006 оны байдлаар Монгол улс дэлхийн 179 орноос 112-д оржээ. Манай HDI нь өмнөх оныхоосоо 0,006-гаар өсөж 0,720 болсон байна. 179-ийг бүхэл гэж үзээд 100 хувьд шилжүүлбэл Монгол Улс HDI-p 100 орны уралдаанд 63 хавьцаад байгаа хэрэг. Яахав дээ л гэхүү дээ. Чамлах ч хаашаа, эс чамлах ч хаашаа.

4. Ардчилал бол хүн төрөлхтөний онцгой үнэт зүйлс. Монголчууд эрх чөлөө ардчиллын үнэ цэнийг эртнээс мэдэж, мөрөөдөж байж. Барын сүүл болсноос батганын толгой болъё. Ядарсан ч гэлээ үгээ хэлнэ, ядуу ч гэлээ чамаас гуйхгүй гэхчлэн омогдоно. Морин дэл дээр салхи татуулан давхиж яваа эрх чөлөөт монгол хүн. Улс орны хөгжилд ардчиллын индекс / Democracy index-DI/ тун чухал. Ардчиллын индекс нь өгсөх дарааллаар 10 хүрэх ба 8,0-10,0 бол бүтэн ардчилалтай орон,.. .6,0 -7,9 бол сэвтсэн ардчилалтай, ...4,0-5,9 бол холимог ардчилалтай, 3,9-өөс доош бол авторитари дэглэмтэй гэнэ. 2008 оны зэрэглэлээр Монгол Улс 6,60 оноогоор сэвтэй ардчилал бүхий орон хэмээгдэж, 167 орноос 58-д / хоёр дахь бүлэг улсууд/ жагсжээ. Швед 9,88 оноо-гоор тэргүүлж, Хойд Солонгос 0,86 оноогоор адагт нь. 100 орон гээд хувьд шилжүүлбэл, бид эхнээсээ 35 хавьд байгаа хэрэг. 2008 оны байдлаар дэлхийн нийт хүн амын 14,4 хувь нь /30 орон/ ардчиллын амтыг бүтэн мэдэрч байхад 34,9 хувь нь /51 орон/ ардчиллын амтыг огт мэдрэхгүй байна. Манай бүлэгт таньдгаас, Тайвань, Израиль, Унгар, Словак, Польш, Латви, Таиланд, Молдави, Малайз гэхчлэн 50 орон харагдана.

5. Хүүхдийн хөгжлийн индекс / child development index-CDI / гэж тусдаа бий. Агуулга нь бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн хангалт, боловсролын төвшинг харгалзана. Хүүхдэд үүнээс өөр илүү юу хэрэгтэй гэж?. CDI нь 100 хүртэлх оноогоор тодорно, багасах тусмаа сайн. 2006 оны байдлаар Монгол Улс дэлхийн 140 орноос 58-д оржээ. Хувьд шилжүүлж харвал 100 улстай уралдааны 41-д явна.1990-1994 оноор хийсэн судалгааг 2001-2006 оноор хийсэн судалгаатай харьцуулахад манай улсын хүүхдийн хөгжлийн индекс нь 18,1-ээс 9,12 болж эрс сайжирсан байна. Баярлам мэдээ. Дэлхийд Япон 0,41 оноогоор урдаасаа нэгд, Нигер 58,47-р хойноосоо нэгд оржээ. Японууд угаасаа ухаантай хөдөлдөг хүмүүс. Одоо бид боловсролоо орчин үетэй нь нийцүүлэх талаар цааш шаргуу ахих учиртай. Хүүхдийн төлөө За гэж хэлдэг болцгооё, хүүхдийг зараалын морь шиг бодож, тэвчишгүй хөдөлмөрт ашиглаж, зугаа цэнгэлээ хангадгаа зогсооцгооё. Хүүхдийн төлөөх байгууллагууд хүчээ нэгтгэж, феодалын ёс зүйг таягдан хаяцгаая. Энэ хэдэн бор хүүхэд л бидний ирээдүй. Гэхдээ хайр нь дотроо, хал нь гаднаа гэдгийг мартах ёсгүй ээ. Эрхийн тэнэгүүд үүсэх вий. Ирээдүй сүйрэх вий. Зарим баян орны хүүхдүүд ч ёстой завхарч байх шиг.

6. Дээрх таван индексийн сул тал нь тухайн орны хөгжлийн тогтвортой байдлыг онож илэрхийлж чаддаггүйд оршдог. Тодруулбал, хүрээлэн буй орчны нөхцөл байдал, иргэдийн аз жаргалтай сэтгэл ханамжтай амьдралын төлөв байдлыг орхигдуулдаг. Ийм учраас 2006 оны үеэс сэтгэл зүйчид хүмүүсийн аз жаргалтай байдал болон амьдралдаа хэр сэтгэл ханамжтай байгааг илэрхийлэх Happy Planet Index-HPI, Satisfaction with Life Index-SwLI-г ашиглах саналыг гаргах болов. Аз жаргалтай, сэтгэл ханамжтай амьдрах нь хүний амин чухал хэрэгцээ. Энэ нь эд мөнгөтэй, боловсролтой, удаан амьд байхаас илүү өргөн ухагдахуун. Энд зөвхөн уралдааны индекс өргөтгөх тухай ярьж байна гэж наагуур ойлгуузай. Том асуудлыг хөндөж буй. Хөгжил гэж юу вэ, яах гэж хөгждөг юм бэ, хөгжлийн хэмжүүр нь юу бол гэхчлэн маш чухал асуудлыг сөхөж байна. Улс орны хөгжлийн алсын харааны асуудал яригдаж байна. Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлогод Монгол Улсын үндэсний хөгжлийн 2021 он хүртэлх алсын харааг Монгол Улс нь өргөн уудам нутаг, байгалийн их нөөц баялаг, бахархам түүхтэй, иттэл найдвар дүүрэн, ирээдүйн зол жаргалтай орон мөн хэмээсэн нь ийм угшилтай. HPI, SwLI зэрэг индексүүдийг тооцоход хувь хүний итгэл үнэмшилтэй холбогддог субъектив нөлөөллүүд орох магадлалтай. Баян чинээлэг амьдралтай хүн “сайн явна” гэж барагтайд хэлдэггүй бол тааруу дундавтарууд нь ийм үгийг олонтаа давтдаг аж. Тэгэхлээр HPI, SwLI индексүүдэд согог бий. Дэлхийн уралдаанд аз жаргалын HPI индексээр монголчууд бид 178 орноос 49,59 оноогоор 56-д явна. Хятадууд 31-д, Японууд 95-д, Өмнөд солонгос 102-д,Америк 150-д, Орос 172-д, бүр адагт нь Зимбавечүүд оржээ. Колумби, Коста-Рика, Панам, Куба, Гондурас, Гватемал, Сальвадор хүмүүс аз жаргалын индексээрээ эхний 10-д байна. Энэхүү HPI индекс хувь хүмүүсийн сэтгэлийн дотоод үнэлэмжийг илүүтэй анхаарсан тул ийм хараажаар сонин зэрэглэл гарчээ.

Гэхдээ хүмүүс нь ийм бодолтой байна гэдэг бас ч муу биш. Төв Америкийн буурай хөгжилтэй орныхон бүжиг дарс хоёртойгоо байхад бусад нь яахав гэдэг сонин хүмүүс. Зүгээр ч юм уу, сэтгэл амгалан, уугаад л, бүжиглээд л. Харин амьдралын сэтгэл ханамжийн SwLI индексээр тооцоход үүнээс арай өөр дүр зураг харагдана. 2006 оны байдлаар амьдралдаа хэр сэтгэл ханамжтай байгаа үзүүлэлтээр 178 орноос Дани 273,4 оноогоор тэргүүлж, манайхан 223,33 оноогоор 59-д орж, Бурундичууд 100 оноогоор сүүл мушгижээ. HPI, SwLI индексийн сүүлчийнх нь илүү магадлалтай гэж бодно. HPI-тэй төсөөтэй өөр нэг индекс бий, тэр нь амьдралын чанарын индекс QoLI- Quality of Life index-чанартай амьдралын индекс юм. Иргэдийн эрүүл мэнд, гэр бүлийн болон хамтын амьдрал, материаллаг болон оюун санааны нөхцлүүд, ажил эрхлэлт, ядуурал, жендэр, улс төрийн эрх зэрэг онц чухал хэмжээсүүдийг хамардгаараа QoLI- нь HPI индексээс илүү найдвартай юм билээ. Харамсалтай нь Монгол Улсыг мэдээлэл дутуу гээд хаячихжээ. Монголчуудын ерөнхий дүн нуруу нь HPI, SwLI индикаторуудаар муугүй гарчээ. Ямар ч атугай, монгол хүн харьцангуй хэмжээнд аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун явна. Чамлахаар чанга атга.

Дүгнэлт: Монгол Улс дэлхийн улс орнуудын хөгжлийн төлөөх уралдаанд эдийн засаг, хүний хөгжлөөр сүрхий хоцорч, боловсрол, ардчилал, хүүхдийн хөгжил, аз жаргал, амьдралын сэтгэл ханамжтай байдлаараа харьцангуй гайгүй байна.

Монголын ирээдүй судлал нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор Ц.Дэмбэрэл