Монгол орны туульсын баатар мэт уулсын хаадын нэг Алтан Хөхий нь Ховдын Мянгад, Увсын Өмнөговь, Өлгий сумуудын нутагт Монгол Алтайн уулсаас Их нууруудын хотгор руу түрж орсон үзэсгэлэн төгс уул юм. Нийтдээ 60000 орчим га талбайг эзэлнэ. Алтан Хөхий Өндөр Хөхий овоо 3350 метр өндөрт байдаг. Алтан Хөхийг 250-иад жилийн өмнөөс жил бүр тахиж ирсэн эртний тахилгат овоо юм. Одоогоос 3 жилийн өмнө Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар энэ сүрлэг хайрхныг төрийн тахилгатай болгожээ. Төрийн тахилгат их тэнгэр Алтан Хөхий хааны сан гэж 30 орчим бадаг уншлага бий. Түүнээс иш татъя. Сайтар бадарсан бэлгэ билгүүний галдСайн үр, үнэрт зандан, агар, арц тэргүүтэнСац бас тос, гурил нэмэн найруулснааОрой дээр шаталсан утааны энэ чуулганаарСайхан Алтан Хөхүйн шүтээн, Хаан албат бүгдээрээ арвидмуй...Алтан Хөхий нь гурван аймгийн заагт байдаг ус ургамал тэгш, ургамал амьтан арвин, баялаг эрдэнэс бүрдмэл, өлзийтэй өгөөмөр уул юм. Түүх сөхвөөс Шадар ван домогт Чингүнжавтай энэ уул холбоотой. "Миний зүтгэлийг та нар залгамжилж, зорилгыг минь биелүүл. Мянгадуудаа аваад Тагна уулнаа суурьш" гэж захиад өөрийн албат мянгадуудад "Түмэн цэргийн тугаа" харангын хамт өгч явуулсан юм гэдэг. Тэр ёсоор Мянгадууд Хотгойдоос оргон нүүж Алтан Хөхийн өвөр, Ховд голын Зүүн хөвөөг дагаж нутаглах болжээ. Энэ нутгийн унаган хүү яруу найрагч Н.Сүхдорж:Манай нутгийн цэнхэр уулсМанарсан түүхийн цэнхэр хуудасЧулуу бүхэн нь түүхийн буурал туульс гэж бичсэн нь учиртай болой. Энэ уул болон орчных нь бүс нутагт эдүгээ 8 баг 800 гаруй өрхийн 4000 орчим хүн амьдарч байна. Алтан Хөхийн уулс нь баруун ба өмнүүрээ Ховд голын үзэсгэлэнт өргөн хөндий, хойгуураа мөнх цаст Хархираагийн уулсын өмнүүр уул хоорондын уужим хөндий, зүүн болон урдуураа их нууруудын хотгортой хил залган хөндөлсөнө. Өндөр Хөхийг тойроод Сувагт, Асгат, Дарцагт, Баргалын оргилууд сүндэрлэх ба Алтан, Сонгинот, Улиастайн эгц цавчим хяр хавцлууд, Хүрэн харуул, Нарийн Ангалаг, Шар хамар, Алаг хадат, Пайзат зэрэг хараа сунгасан уужим тэгш өндөрлөг бүхий тал болон Цагаан бургас, Хойд ба Могойн голын эх гээд үзэсгэлэнт газруудтай. Өнтэй, дулаан, соргог сэрмүүн бэлчээртэй өгөөж баян олон зуун өвөлжөө хаваржаа бүхий энэ нутаг бол хүн малын жаргалын орон билээ. Эрдэс баялгийн нөөц ихтэй энд алт, мөнгө, зэс, холимог метал, цахиур, жонш, шохойн чулуу зэрэг ашигт малтмалын илэрцүүд олон буй. Цагаан толгойн нүүрсний орд Халзан Бүргэдтэйн ховор элементийн орд, Мянгадын Шалын Шаварын орд зэрэг арвин баялгийн ордоороо алдартай. Алтан Хөхийд төрөл бүрийн мөлхөгч хэвлээр явагчид, шонхор, ногтруу, өвөөлж, гургуул, гангар хун, нохой тас, чогчоохой, хахилаг, цасч дэглий, уран шувуу, Алтайн хойлог зэрэг олон зүйлийн жигүүртэн, хадны суусар, шар чичүүл, ондатр, минж, тарвага, огдой, үнэг, хярс, өмхий хүрэн, мануул, саарал чоно, цоохор ирвэс, шилүүс, зэгсний гахай, аргаль, янгир зэрэг хөхтөн амьтад элбэг. Ер товчдоо бол монгол оронд байдаг ховордсон амьтдаас нэлээд нь энэ нутагт амьдарна. Бэлчээрийн ба энгийн ургамлын хосгүй их нөөц бас бий. Хөхий нутаг нь түүх дурсгалаар нэн баян. Норжин хайрханы палеолитын үеийн хадны зураг нь Буянт голын эрэгт орших өнчин толгойн баруун талыг эзлэн тогтсон том толигор ханан хаднаа байдаг.Тэнд олон тооны амьтдын зургийг хонхойлгон цохиж цоолборложээ.Эртний хүний урлал, амьдрал ахуйн том түүхийг өгүүлдэг энэ зурагт адуу, буга, аргаль, янгир, чоно, үнэг, могой зэрэг амьтдын дүрс бий. Энэ дурсгал нь чулуун зэвсгийн үед хамаарагдана. Домогт Сартагтайн суваг 175 км урт үргэлжлэх бөгөөд энэ нь Цагаан толгойн хөдөөнөөс эхлэн Эрдэнэбүрэн, Ховд, Буянт, Манхан зэрэг сумын нутгийг дамжаад Хар-Ус нуурын баруун талаар орж, Манханы Тооройн цагаан элсэнд хүрч эхний ул мөр нь төгсөнө. Сувгийн гүн нь анх 20-30 метр гүн байсан байх гэж үздэг. Асар том биетэй, хүч чадалтай Сартагтай гэгч баатар эр урьд цагт Ямаат уулаар нутагладаг байжээ. Тэр баатар үзэсгэлэн гоо ганц охинтой юмсанж. Охин нь харь хол Хятадын Бээжинд хадамд гарчээ. Охин явахдаа аавдаа унаган нутаг, угаасан усыг минь хүргэж өгөөрэй гэж захижээ.Ингээд Сартагтай баатар Шижигтэй хавцлаас эхлэн суваг малтаж Xовдын голын усыг Бээжин хүргэв.- Зa охин минь унaсан газрын чинь угаасан усыг хазаартай морь шиг халгиулаад, бурантагтай тэмээ шиг буйлуулаад аваад ирлээ гэж хэлтэл ус гэнэт эргэн урсан одсон гэнэ.Түүнийг нь хааж шуудуугаар урсгахын тулд Сартагтай нэгэн том уулын толгой хэсгийг тас тайрч Ховд голыг хаасан боловч дахин зүүн талаар нь тойрон урсав. Түүнийг нь одоогийн Торхын улаан уул гэдэг. Ингээд Сартагтай: Буцаад урссан нь Булжим тохой бол. Эргээд урссан нь Эргэнэг тохой бол гээд хүрз шороо авч хаяснаас шуудуу бөглөрч дээрх нэртэй газрууд үүсчээ. Ийнхүү уул уснаасаа уран домог ургуулан зохиосон авьяаслаг түмэн бол мянгадууд буй заа. Ховд гол, Зээрэн нуур, Цонж хад, Лууны яс, Адуунчулууны суварга, Ёлын рашаан, Найдан дацангийн туурь, Улаан толгойн буган хөшөө, Цагаан бургасны рашаан, Чаргатын нуруу, Үнээтийн уул, Хар-ус нуур, Хар богоч уул, Чандмань уулын суварга зэрэг домог түүх хүүрнэх, өмөг буян ихтэй, үзэсгэлэн төгс байгальтай Алтан Хөхий нутгийн тухай олныг өгүүлж болох ажээ.Дүрий нь хараад бишрэн мөргөдөгТүмэн ардын сүсэгтэй Сүрлэг Хөхийн оргил хаан уул »Төрийн тахилгат Алтан Хөхий уул, тэр орчмын байгаль түүхийн тухай энэ бичлэгийг газар зүйн ухааны доктор, Ховд аймгийн Мянгад сумын унаган хүү, нэрт эрдэмтэн судлаач Гэндэнжавын Нямдаваагийн туурвисан "Төрийн тахилгат Алтан Хөхий уул" хэмээх төгөлдөр сайхан номноос хураангуйлан багцаалж, уншигч таны мэлмийд өргөн барилаа. Өнө мөнхийн шүтээн Өндөр Хөхий, ард түмний шүтээн Алтан Хөхийд очвоос нас буян тэгширч, сүлд хийморь бадардаг гэнэм.Шийдвэрийн Дугаар: 2005 оны 44тоот зарлиг.Ерөнхийлөгчийн нэр: Н.БагабандиМонгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Алтан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын үеэр хэлсэн үгэндээ:-Миний бие төрийн тэргүүний хувьд эртнээс нааш эв найртай идээшэн амьдарсаар ирсэн олон ястнуудын омог сүрийг тэтгэж, нутаг ус, аймаг сум, улс орныхоо төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран ажиллах их урам зоригийг минь улам бадрааж байхыг байгаль эхийн хүү - Алтан Хөхий уулынхаа тэнгэрт сүсэглэн даатгаж байна. Манай Улс байгалийн онгон байдлаа харьцангуй хадгалж чадсан дэлхийн цөөхөн улсын нэг боловч сүүлийн жилүүдэд эх орны ариун дагшин байгал, тунгалаг гол мөрөн, ой тайга, ургамал амьтан, уужим тал нутаг маань урт гартай ухвар мөчид хүмүүсийн урагшгүй, хариуцлагагүй ажиллагааны золиос болон сүйдэж байгааг харж, тайван суух аргагүй болоод байна.Энэ аюул заналхийллээс байгал, амьдрах орчноо хамгаалахад төр, засгийн тогтвортой, үр нөлөөтэй бодлого шийдвэрээс гадна манай иргэн бүрийн идэвхи оролцоо нэн чухал юм.Алтай нутгийн ард түмний эх оронч үзлийн онгодыг хөглөн төрөлх газар шороогоо хайрлан хамгаалах сэдэл, үйлдлийн эрч хүчийг хуримтлуулж, байгал эхээ гэх сэтгэл зүтгэлийг улам улам хөгжөөн бадраахад энэхүү тахилгын ач холбогдол оршино хэмээн бодож байна гэлээ.А.Нанжид /Хэрвээ та энэ файлыг татаж авах бол эндээс татаж аваарай/
http://www.mediafire.com/?t1a9lut3p5gw6pm Word 2003 дээр хадгалсан байгаа.+Зураг