Хорлоогийн Чойбалсан...юуны өмнө энэхүү хүний тухай бид бүхэн хангалттай ихийг мэддэггүй. Харин манай залуу үеийнхэн түүхээ өөрийн орны түүхээ сайн мэдэхгүй байж тэр улсын ерөнхийлэгч энэ тэр гээд л элдэв зүйлийг сонирхдог. Хорлоогийн Чойбалсан нь (1895 оны 2 сарын 8 - 1952 оны 1 сарын 26) 1930-аад оноос нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байсан нэртэй төрийн зүтгэлтэн юм. Х.Чойбалсан нь улс төрийн хэлмэгдүүлэлт, нэг хүнийг тахин шүтэх зэрэг Монголын нийгэмд учирсан асар их хохирол, сөрөг үр дагаваруудтай холбоотой боловч түүхийн эгзэгтэй үед Монгол улсын тусгаар тогтнолын төлөө ихээхэн зүйл хийсэн болно.Чойбалсангийн жинхэнэ нэр нь Дугар бөгөөд харин Монголын түүхэнд Чойбалсан хэмээх хийдэд шавилан сууж байхдаа авсан номын нэрээрээ бичигдэн үлдсэн байна. Тэрээр бага наснаасаа эхлэн хатуу ширүүн амьдрал үзсэн боловч 17 насандаа Монгол улсын Гадаад яамны байгуулсан "Орос, монгол хэл бичгийн сургуульд" тус сургуулийн багш буриад Данчиновын дэмжлэгээр орж суралцан, жилийн дараа сурлага, сахилгаараа шалгарч, 1914-1917 онд Орос улсын Эрхүү хотод бусад 8 монгол хүүхдийн хамт суралцжээ. Х.Чойбалсан 1917 оны Оросын хувьсгалын улмаас Эрхүү хотоос нутагтаа буцан ирж "Цахилгаан мэдээний түр сургууль" дүүргэсэн байна. Чойбалсан Орост болж буй үйл явдлыг нүдээр үзсэн мөн үндэсний ардчилсан үзэлтэн Бодоотой дотно нөхөрлөсөн нь түүний цаашдын хувь заяанд үндсэн эргэлт гаргав. 23 настай залуу Чойбалсан 1918 онд эх үүсвэрээ тавьсан Консулын хувьсгалт бүлгийн нэг гишүүн боллоо. Улмаар анхны долоон нөхдийн бүрэлдэхүүнд орос хэлтэй учир багтаж, Эрхүү хотноо их үйл хэргийг сэдэлцэж эхэлсэн юм. Тэрээр хувьсгалын хэрэгт идэвхийлэн оролцож, Ардын журамт цэргийн суртлыг номлогч, улмаар 1921 оны 5 сарын сүүлчээр баруун замын тусгай ангийн цэргийн захирагч, Ардын журамт цэргийн дэд жанжнаар тус тус томилогдон хүчин зүтгэжээ. Иймээс ч тухайн үед Монгол оронд үүрлэсэн оросын цагаантныг устгах үйл ажиллагааг удирдахад онцгой гавъяа байгуулсан гэж Зөвлөлт Засгийн газраас түүнийг Д.Сүхбаатар, С.Магсаржав нарын хамт 1922 онд Улаан тугийн одонгоор шагнаж байв. 1921 оны хувьсгалын дараа Х.Чойбалсан улс орноо өөрчлөх, шинэтгэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж эхлэв. Юуны өмнө 1921 оны 8 сарын 25-нд МХЗЭ-ийг үүсгэн байгуулалцаж, Эвлэлийн Төв Хорооны анхны даргаар сонгогдов.1922-1931 он бол Х.Чойбалсангийн амьдралын тун ээдрээтэй хэсэг болно. Тэрээр "Бодоогийн хэрэгт" холбогдон намын орлогч гишүүн болон шийтгэгдэж, ЗХУ-д цэргийн сургуульд явсан боловч өвчний учир буцаж иржээ. Харин 1924 оны намраас 1928 он хүртэл бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага Хурлын дарга байж, бас Феодалын хөрөнгө хураах төв комиссыг толгойлж байв. Харин 1930 онд Х.Чойбалсан “барууны үзэлтэн” мөн архинд орсон гэх зэргээр шүүмжлэгдэж нэг хэсэг ажилгүй хүртэл байв. 1931 оны эцсээр тэрээр Мал тариалангийн яамны сайдаар томилогдож, дахин төрийн албанд гарч ирсэн байна.[b:421b0b9db2] Их хэлмэгдүүлэлт[/b:421b0b9db2]1939-1940 онд “Японы тагнуул” хувьсгалын эсэргүү хэмээн хилс хэрэгт баригдаж шийтгүүлсэн 28,451 хүнээс 73% нь буудуулсан байна. Үүнээс 36% нь нам болон төрийн албан хаагчид, цэргийн хүмүүс, ажилчин, энгийн ард, үлдсэн нь лам нар байлаа. Хэлмэгдүүлэлтийн гол шалтгаан нь Монголын геополитикийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд үндэслэсэн Оросын стратегийн сонирхол байсан боловч Чойбалсангийн хахир хатуу, хардамтгай зан авир ихээхэн нөлөөлжээ. Их хэлмэгдүүлэлтийн үед хэлмэгдүүлэлтд өртөөгүй айл өрх Монголд үндсэндээ байсангүй. Уран барилгын хосгүй их дурсгал, олон зуун сүм хийд, тэдгээрт хадгалагдаж байсан түүх, соёлын дурсгалыг устгасан нь Х.Чойбалсангийн үйл ажиллагаатай шууд холбоотой байв. . Монгол улсын гадаад байдал хурцадсаар 1939 онд Халхын гол орчим БНМАУ болон Япон тулалдахад хүрэв. Энэ дайнд Монгол Ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан командалжээ. Дөрвөн сар гаруй үргэлжилсэн Халх голын дайн Монгол-Зөвлөлтийн ялалтаар төгссөн ба “Японы тагнуул”, “Хувьсгалын эсэргүү” бодит зүйл байжээ гэсэн бодлыг нийт монголчуудад төрүүлэн, улс төрийн бурангуй хэлмэгдүүлэлтийг зөвтгөх аястай болов. Энэ нь хожим Чойбалсанг тахин шүтэх нэг шалтгаан болсон байна.Зарим судлаачид 1939 оны Халх голын байлдаан нь ЗХУ, Коминтернээс бүс нутгийн талаар явуулсан стратегийн бодлогын нэг хэсэг байснаас бус, Монгол, Япон хоёр зайлшгүй байлдахаас өөр аргагүй болсон тийм зэвсэгт мөргөлдөөн хараахан биш байсан гэж үздэг байна.Чойбалсанг тахин шүтэх эхлэлУлсын болон намын хурлын дараагаас Улсын сайн малчдын зөвлөлгөөн хийж, малын тоо толгой ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин ардуудын хувийн аж ахуйгаа хөгжүүлэх сонирхол санаачлагыг урамшуулах талаар зарим арга хэмжээ авч эхлэв. Тухайлбал, малчдад "Улсын сайн малчин" цол олгож, маршал Чойбалсан өөрөө хөдөө орон нутагт явж, газар дээр нь одон медаль, бараа таваараар шагнаж байлаа. Энэ нь нэг талаар Сталин Монголын малын тоо толгойг 200 саяд хүргэх тухай үл гүйцэлдэх лоозон дэвшүүлсэн, мөн Монголчууд Зөвлөлтийн тусламжийн хариуд жилд 40 мянган тонн ноос, ноолуур бэлтгэж өгөх үүрэг хүлээсэнтэй холбоотой. Улс орон даяар "Ноос бол алт" компанит ажил өрнүүлж, ЗХУ-д нийлүүлэх ноосны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэв.Энэ ажлыг зохион байгуулах явцдаа Чойбалсан өөрөө яамдын сайд, дарга нарт хэрхэн ямаа самнах, хонь хяргах талаар биечлэн үзүүлж зөвлөгөө, семинар өгч байв. Энэ үед Дэлхийн II дайн цар хүрээгээ тэлж, олон улсын байдал улам хүндэрч байв.[b:421b0b9db2]Дэлхийн II дайны дараахи БНМАУ, тусгаар тогтнол[/b:421b0b9db2]. Холбоотны өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ЗХУ 1945 оны 8 сарын 8-нд Японд дайн зарласан ба 2 хоногийн дараа буюу мөн сарын 10-нд БНМАУ Японд дайн зарлав. Монгол ардын арми ЗХУ-ын Өвөр Байгалийн фронтын мото механикжсан нэгтгэлийн хамт 8 сарын 11-нд улсын хилийг нэвтэрч Долоннуур, Жанчхүүгийн чиглэлээр Японы цэргийн эсрэг байлдааны ажиллагаа өрнүүлэн Хойт Хятадын зарим муж, Өвөр Монголын нутгийн чөлөөлөхөд оролцлоо.1945 оны 9 сард Сталины шахалтанд автсан Хятад, Монголчууд БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгвөл БНМАУ-д тусгаар тогтнолыг зөвшөөрч болно гэсэн саналын дагуу санал хураалт зохион байгуулав. Монголчууд 100% тусгаар тогтнолын төлөө санал өгөв. Энэхүү санал хураалтын дараа Хятад улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв. Х.Чойбалсанг Монголыг удирдаж байх хугацаанд БНМАУ 1939, 1945 оны хоёр томоохон дайнд оролцон ялалт байгуулсан, мөн 1945 оны тусгаар тогтнол нь түүнийг тахин шүтэх явдлыг улам лавшруулж, дарангуйлах нэр хүндийг нь өргөжээ. 1945 онд маршал Чойбалсангийн 50 насны ойг тэмдэглэхэд бүх зохиолч, яруу найрагчид уран бүтээлээ зориулж байв. [b:421b0b9db2]Нийгмийн бүтээн байгуулалт[/b:421b0b9db2]Х.Чойбалсангийн засгийн эрх барьсан хугацаанд Монголын түүхэнд үлдсэн эдийн засаг, соёлын олон чухал үйл явдлууд болсон юм. Тухайлбал, Налайхын чулуун нүүрсний уурхай, Төв цахилгаан станц, мөн Аж үйлдвэрийн комбинатыг өргөтгөх ба шинэчлэх ажил эхлэв. Зүүн баянгийн нефтийн үйлдвэр, "Совмонгометалл" нийгэмлэгийн харьяа уул уурхайн үйлдвэрүүд, Наушки-Улаанбаатарын хооронд өргөн төмөр зам ашиглалтанд орж, морин өртөөг халан, авто өртөө байгуулав. Боловсрол, соёлын талаар гарсан том өөрчлөлт бол монгол уйгаржин бичгийг кирилл үсэгт үндэслэсэн шинэ бичгээр сольж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах талаар томоохон ажлуудыг хийв. Анхны 10 жилийн дунд сургууль, ялангуяа 1942 онд Улсын их сургуулийг байгуулж сургуулийн насны бүх хүүхдийг бага сургуулийн боловсролтой болгох зорилтыг хэрэгжүүлж байсан нь боловсролын салбарт олсон үсрэнгүй амжилт байв. Маршал Чойбалсан өөрөө "Монголын ардын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх", "Монгол ардын үндэсний хувьсгалт цэргийн агуу хөгжлийн товч зам", "Ардын Хатанбаатар Магсаржавын хураангуй түүх" зэрэг зохиол бичиж, илтгэл өгүүллэгүүд нь 4 ботиор хэвлэгдэж байв. Иргэдийн шүтэх бишрэх эрхийг хүндэтгэн үзэж, Гандантэгчилэн хийдийн хурал, мөргөлийн ажиллагааг 1944 онд дахин сэргээжээ. 1944 онд сонгуулийн эрх хасагдсан хүмүүст сонгуулийн эрх олгож, 1949 онд сонгуулийн бүх нийтийн, шууд, тэгш бөгөөд саналаа нууцаар хураах шинэ систем тогтоож, 1951 онд Улсын Их Хурлын анхны сонгуулийг явуулсан байна.Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээн оролдож байв. И.В.Сталины мэндэлсний 70 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Европ, Азийн орнуудын нам, төрийн удирдагчид бүгд Москвад очиж үнэнчээ харуулахад, Х.Чойбалсан өөрийн биеэр очоогүй байна. ЗСБН Автономит Тува улсын тэргүүн Салжиг Тогоо Монголд айлчлах үедээ Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг ятгах үг хэлэхэд Чойбалсан ихэд уурлан, алгадсан гэдэг яриа тархсан байдаг. 1950 онд Монголын хэдэн сэхээтэн улс орныхоо хөгжлийг түргэтгэх гол арга зам бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд даруй орох явдал хэмээх санал өргөхөд тэрбээр мөн асар дургүйцэн, тэднийг зэмлэж байсан баримт мөн бий."Монголын бүх ард түмний дотны хайрт жолоодогч", "Хайрт эцэг" хэмээн өргөмжлөгдөж байсан Монголын төрийн зүтгэлтэн Х.Чойбалсан 1952 оны 1 сарын 26-нд таалал төгсчээ. Намын Төв Хороо, Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн эмгэнэлийн бичигт"...манай улсын бүх түүх бол Ардын хувьсгалыг мандуулах ба манай орныг цэцэглүүлэх үйл хэрэгт бүх амьдралаа зориулсан нөхөр Чойбалсангийн нэртэй холбоотой юм..."гэж тэмдэглэсэн байдаг ажээ. Энэ бүхнээс дүгнэхэд түүнийг удирдан зохион байгуулах ажил үүргээ хэрхэн нэр төртэйгээр гүйцэтгэдэг байсныг тодорхой харж болохоор байна. Энэ хүн бол монголын эрэлхэг хөвгүүдийн нэг бөгөөд эх орныхоо төлөө өөрийн чадах бүхнийг зориулсан гарамгай удирдагч юм.