Соёл иргэншлийн түүхээс бид хаашаа явж байгаа вэ? Соёл иргэншлийн тухай бодмогц миний толгойд Египетийн хатны гоёл чимэглэл, Энэтхэг бүсгүйчүүдийн өмсгөл зүүлт бууж байна. Энэ нь нэг талаараа миний аливаа зүйлийн талаарх мэдлэгийг харуулж байж болох ч нөгөө талаараа бид нарт хэлж зааж сургасан аав ээж, багш, сурган хүмүүжүүлэгчийн ажлыг үнэлж байгаа зүйл ч болж болох юм. Миний хувьд соёл иргэншил бол бүхий л шашин шүтлэгтэй холбоотой байдаг гэж боддог. Жишээлэх юм бол Европын соёл тэр чигээрээ христийн шашинтай холбоотой, харин Арабын соёл иргэншил исламын шашин шүтлэгтэй салшгүй холбоотой байдаг гэдэгт итгэдэг.
Гэхдээ энэ нь итгэх, үгүйтэй холбоотой асуудал биш бөгөөд итгэхээс ч өөр аргагүй бодит үнэн зүйл болж чаддаг юм. Зарим хүмүүс бурхан шашин шүтлэг гээд л эдгээр зүйлд итгэл үнэмшилгүй ханддаг. Гэтэл бид ямар он тооллоор явдаг билээ? Дэлхий ертөнц тэр аяараа арван хоёр сараар хоног хугацаагаа тооцдог. Энэ чинь христийн зохиосон он тоолол. Энэ чинь соёл иргэншил биш гэж үү? Тэгээд бас бид нарын тэмдэглэх дуртай шинэ жилүүд хэзээ болдог билээ? Хүмүүс 12-р сарын 31 эсвэл цагаан сарыг хэлнэ. Энэ хоёр баяр хоёулаа шашны баяр. Нэг нь христийн баяр, нөгөөх нь буддын шашны баяр. Гэтэл бид яагаад үнэн зүйлээс зугатаж түүнийг үгүйсгэдэг юм бол...?
Би Бахай шүтлэгтэй хүн л дээ. Энэ шүтлэг бол бүх хүн ардуудыг нэгэн нэгдмэл үйл хэрэг, нэгэн түгээмэл Шүтлэгт нэгтгэх зорилготой даян дэлхийн биеэ даасан шашин бөгөөд бахай шүтлэгийг үндэслэгч нь Бахаулла юм. Бахаулла бол бүхий л эрин үеүдэд бүх шашны ариун сургаал номлолд ирээдүйд газар дэлхий дээр энх амгалан, эв нэгдлийг тогтоож, хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтийг авчирна хэмээн зөгнөгдсөн Амлагдсан Элч юм. Бахауллагийн сургаал нь хүн төрөлхтөнд шинэ соёл иргэншлийг байгуулахад туслана хэмээгдсэн байдаг. Бүх л шашин шүтлэгүүд нэг л зорилгын зүг хамт алхдаг гэж би боддог. Учир нь тэдний алхаж байгаа зам нь эцэстээ нэг л газар хүрэх зорилготой. Тэдний шүтлэгтээ баримталдаг зарчим дүрэмд бие биеэсээ ялгарах гоц гойд юм байхгүй. Харин ямар соёл иргэншил, цаг үед бий болсон гэдгээрээ л жаахан ялгаатай байгаа байх. Тэр өөр өөр замаар алхалхад хэн нь түрүүлж очих нь огтхон ч тодорхой биш, чухал биш бөгөөд аюул бартаа ихтэй. Нэг л зүг учир бүгдээрээ хамтдаа алхвал аюулгүй саад тотгор багатай очих байх. Тийм болохоор, миний бодлоор, бидний энэ дэлхийн соёл иргэншилдээ нэгдэж чадах зүйл бол эв нэгдэл энх тайван. Хэдий олон төрлийн соёл иргэншил, зан заншил байгаа боловч энэ зүйлийг бүтээхэд бүгдийн сэтгэл, хичээл зүтгэл шаардлагатай гэдэг нь тодорхой юм. Хуучин соёл иргэншлийг хадгалан, яагаад өөр шинэ иргэншлийг ертөнц дэх хүн төрөлхтөн бий болгож болохгүй гэж...?