Монголын нэрийг XX зууны эхээр дэлхийн олон уншигчдад таниулсан алдарт бүтээл монголоор хэвлэгдэн гарлаа. Энэ бол Фердинанд Оссендовскийн "Монгол орон: Хүн, араатан, бурхад" бүтээл. Оросын Омскийн Их сургуулийн профессор Фердинанд Оссендовский Сорбоны их сургуулийн дипломтой химичийнхээ хувьд бус адал явдал эрэн хайгч, гайхамшигтай нийтлэлч гэдгээрээ нэрд гарчээ.Польш гаралтай энэ хүн 1921 онд цагаан Колчакийн Засгийн газарт дээгүүр алба хашиж яваад улаантнаас зугтан Монголд иржээ. Тагна уулын урианхайн нутгаар дамжин Тэс гол хавиар Монголын хилд тулж иртэл гол даваануудыг улаантнууд хяналтдаа авсан байжээ. Ингээд замаа өөрчлөн Хөвсгөлийн улаан тайгыг туулан Мөрөнгийн хүрээнд ирэв. Харамсалтай нь Монголын нийслэл өргөө хот цагаантны мэдэлд орсон байжээ. Тэд Монголын их говийг туулсан мөргөлийн замыг дагаж Лхас ороод улмаар тэндээсээ Энэтхэгт хүрэх зам хайхаар шийдсэн байна. Замдаа Завхан голын хөвөөнөө байх Нарөанчингийн хийдээр дайрч Дилов хутагт Жамсранжавт бараалхжээ. Энэ мөчөөс хойш хутагт, дүрвэгч хоёрын түмэн нууцаар дүүрсэн нөхөрлөл эхэлжээ. Хөх нуураар дамжин Түвд орох оролдлого нь бүтэлгүй болсны дараа Оссен-довски Улиастайд ирж хэсэг хугацаанд суурьшжээ. Монголд байхдаа Дилов хутагтаас эхлээд Чүлтэм бээс зэрэг монгол төрийн зүтгэлтнүүд, түүнчлэн цагаантны самуун этгээд Доможиров, Михайловски, улаантан Бурдуковыг оруулаад Монгол Улсын баатар, хошой чин ван Барон Унгерн фон Штернбергтэй хүртэл уулзаж, нөхөрлөж явснаа ном болгон бичиж нэрд гарчээ. "Сургийг нь дуулахаар барахгүй суудал зэрэгцэж явав" гэдэг шиг Дилов, Заяын гэгээн, Барон Унгерн нартай дотно танилцсан тэрээр эдгээр алдарт хүмүүсийн намтраас эхлээд Шамбалын эзний үзүүлсэн бошгын талаар олон гайхамшигт зүйл сонссоноо номдоо яруу сайхнаар дүрсэлжээ. Энэ ном 1924 онд Америкт хэвлэгдэнгүүтээ алдаршиж тэр даруйдаа дэлхийн 26 хэлнээ орчуулагдан Польшийн утга зохиолд дээд амжилт тогтоожээ. Оссендовскийн бичсэнээр бол Дилов хутагт түүнд хэлэхдээ, Тавиад жилийн өмнө Шамбалын эзэн Нарбанчингийн хийдэд ирээд бошго үзүүлэхдээ "Одоогоос тавиад жилийн дараа ертөнцийг хамарсан их дайнууд дараалан дэгдэнэ. Гурван ч их хот галд идэгдэн газрын хөрснөөс арчигдана. Дэлхийг эзэгнэсэн аймшигт дэглэм тогтоод 71 жилийн дараа мөхнө" гэхчилэн айлдсаныгтүүнд хэлсэн байна.Гайхалтай нь өгүүлэн буй хугацаанд дэлхийн хоёр дайн дэгдэж, Зөвлөлтөөр толгойлуулсан Улаан дэглэм 71 гаруй жил тогтоод унасан байдаг. Галд идэгдэн сүйрэх хотууд гэдэг нь атомын бөмбөгт автсан Хирошима, Нагасаки биш байгаа даа. Монголын төлөгчид Барон, Оссендовски хоёрын ирээдүйг тольдоод "Барон Унгерн та 100 хоноод үхнэ, Харин Оссендовский Унгерн нэртэй хүнтэй уулзаад дараа нь өөд болно" гэжээ.Барон үнэхээр 100 хоногийн дараа Новониколайевск (Одоогийн Новосибирск) хотноо цаазлуулжээ. Харин Оссендовски 1945 оны хавар Варшавт байдаг гэртээ Бароны холын хамаатны нэгэн Унгернтай уулзаад маргааш нь таалал болжээ. Оссендовскийн "Монгол орон: Хүн, араатан, бурхад' ном нүдээр үзэж биеэр туулсан хүнд бэрх, атлаа гайхамшигтай үйл явдлуудын нүдэнд харагдам гярхай дүрслэлүүдээр дүүрэн юм. Энэ номыг уншихад XX зууны эхэн үеийн Монгол орноороо эргэн аялах мэт болдог билээ.