Author Topic: Монголын гарамгай жанжин Зэв Сүб  (Read 17097 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Монголын эзэнт гүрний мандан бадарч явсан 13-р зуун, Чингис хаан болон түүний угсааг залгуулсан Өгөөдэй, Хубилай, Гүег, Мөнх, Аригбөх зэрэг алдартай хаадын суутай түүхийн үргэлжлэл болсондоо та бид хувьтай хүмүүс билээ.

Агуу их гүрний цуутай түүхийг бүтээлцсэн агуу хүлэг баатрууд, эрдэмтэн мэргэдийн амьдрал, амжилтыг бодоод үзэхнээ Монголын нууц товчоон дахь мэдээлэл дэндүү багахан санагдана. Энэ удаагийн энэхүү блогтоо би Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулахаас өмнө идэр залуу наснаасаа насан эцэслэх хүртлээ их эзэндээ хүчин зүтгэж,алдар цуугаа мандуулсан баатар Сүбээдэйн талаар цуглуулсан бяцхан баримт, мэдээллээ сийрүүлэн бичихийг хүслээ. Баатарлаг түүх, эр зоригийн талаар Холливудын хийсэн ямар ч түүхийн баатраас хавьгүй илүү баатарлаг түүхийг энэ их хүн бүтээснийг санах хэрэгтэй.
Википедиа -д тэмдэглэгдсэнээр Сүбээдэй баатар нь Чингис болон Өгөөдэй гэсэн 2 их хааны үе дамжин цэрэг, стратегийн ерөнхий удирдагч байсан байна.Түүний удирдсан дор хаяж 20 том тулааны үр дүнд Дэлхийн түүхэнд ямар ч цэргийн удирдагчийн эзэлж байгаагүй тийм их газар нутгийг эзэлж чадсан байдаг. Түүний цэргийн армиуд өөр хоорондоо 500 км -ийн зайтай нүүж, байрлах нь энгийн үзэгдэл байсан гэдэг. Түүний хамгийн алдартай ялалт нь өөр хоорондоо 1600 км -ийн зайтай Польш болон Унгарын цэргүүдийг 2 -хон өдөрт дараалуулан хиар цохисон явдал юм.
Түүхчид Сүбээдэй-г 1160 - 1170 аад оны үед Онон голын баруун бэлчирт Урианхай үндэстний отогт төрсөн гэж үздэг/Ойн хүмүүс гэж нэрийдсэн/. Тэрээр Тэмүүжинд өсвөр наснаасаа хүчин зүтгэж эхэлсэн бөгөөд түүний эцэг нь төмрийн дархан байсан гэдэг. Түүний гэр бүл, үеэл дүү Зэв нар нь хэдэн үеээрээ их хаад, Монголын эзэнт гүрэнд үнэнчээр хүчин зүтгэсэн байдаг.
Чингис хаан Меркиз -ийг хөнөөлгөхөөр Сүбээдэйг илгээхэд тэрээр 1216 онд Чу голын хөвөөнд түүнийг устгаад буцах мөчид Хорезмын хаан Мухамед II түүнтэй бяцхан тулаан хийсэн байдаг. Сүбээдэй баатар түүний дайралтыг уран заль ашиглан цүүц дайралт хийж тогтоосон байдаг бөгөөд улмаар 1219 онд Хорезмын улсад Чингис хаан дайн зарлаж, дайрч эхэлсэн юм. Сүбээдэй энэ тулаанд 70,000 цэргийг удирдан гарамгай ялалт байгуулсан түүхтэй. 2 -р Мухамед дайнд ялагдан Персийн гүн рүү зугтаахад Чингис хаан түүнийг авлуулахаар Сүбээдэй баатрыг 10,000 цэрэгтэй мөшгүүлжээ. Мухамед замын бартаа даалгүй нас барахад Сүбээдэй баатрын цэргүүд Азербайджан -ний нутагт өвөлжөөд, Каспийн тэнгисийг тойрч гараад эртний өст Зэрлэг Кыпчакуудыг араас нь орж сөнөөсөн байна. Тэндээсээ цаашлан Волга мөрийн хөвөөнд буюу Болгарын газар нутаг хүрэхэд нь их цэрэгтэйгээ нэгдэх тушаал авч буцжээ.

1241 оны сүүлээр Сүбээдэй Австрали, Итали, Герман зэрэг улсуудыг дайлах төлөвлөгөөг боловсруулах үеээр Өгөөдэй хаан таалал төгссөн тухай мэдээ хүлээн авснаар төлөвлөгөөг зогсоосон байдаг. Харин Сүбээдэйн талаар интернэтээс олж уншсан хамгийн сонин түүх бол түүний насан хэвийсэн үе юм. Википедиа -д түүнийг эх нутагтаа 1248 онд буцан ирж, насан эцэслэсэн гэж бичсэн байдаг. Харин Европ тивд түүний ардар нэр 1241 оноос эхлэн бичигдсэн байдаг бөгөөд баруун Европт, Испанид газарзүйн болон эдийн засгийн танадалт хийн хэсэгтээ амьдарч байсан гэж түүхчид үзсэн байдаг. Харин Испанийн нэгэн номонд бичигдсэнээр бол, 1241 онд Өгөөдэй хаан нас барснаар залгамжлах хааныг сонгох хуралдайд Бат хаан эх нутаг руугаа буцахдаа Европ тивд эзэмшил болгосон шинэ газар нутгаа жанжин Сүбээдэй -д хариуцуулан үлдээж, түүн "Барууны Ханхүү" цолоор өргөмжилсөн байна.
Хэдийгээр Сүбээдэй баатар олон олон дайн тулаанд оролцсон шилдэг жанжин байсан хэдий ч Европт байх хугацаандаа эгэл жирийн, маш энэрэнгүй удирдагч байсныг тэмдэглэсэн байдаг. Ингээд хэсэг хугацаанд Европын орнуудын соёл, ёс заншилтай танилцан, газар орнуудаар аялах болсон байна. Испанийн газар нутаг болох Астуриа гэдэг газраар аялж явахдаа тухайн ард түмний эртний Бухтай тулалдах урлагийг үзэж, маш ихээр сонирхох болсон байна. Эртний Испаничууд их баяр ёслолын үеээр улайрсан бухыг номхруулж чадсан хүнийг ихээр дээдэлдэг байсан тул магадгүй Сүбээдэй баатар өөрийн суу гавъяа, эр зоригийг илэрхийлэх боломж гэж үзсэн байж магадгүй.
Юутай ч тэрээр бухтай тулалдах талбарт нум сум, нөмрөгөө, жад атган гарах шинэ урсгалыг "Subutai bullfighting" гэж нэрлэн, тухайн цаг үедээ дэлгэрүүлж байсан гэдэг. Хэдий энэхүү мэдээлэл баттай эх сурвалжаас биш ч гэсэн, түүний Бат хаанаас салж, эх нутагтаа ирэх хүртэлх амьдрал Википедиа дээр хүртэл бичигдээгүй байсан юм.
Гарамгай баатарлаг жанжин Сүбээдэй амьдралынхаа эцсийн мөч хүртэл үхэл эсвэл амьдралыг тулгасан эр зоригт үйлсэд өөрийгөө зориулсан юм. Ийнхүү Зэв, Сүбээдэй нар дундад ази болон арабын ертөнцөөр хүссэн газраараа хөндлөн гулд аялж байлаа. Хорезмын шахыг устгасныхаа дараа тэд эзэн хаанаасаа буцаж ирэх даалгавар авсан бөгөөд Монголын цэргийн бодлоготон энэ 2 жанжин хачин зоримог төлөвлөгөө боловсруулжээ. Тэд тоногдон талагдсан ар кавказаас өөрсдийн үл мэдэх Европод цөмрөн орохоор шийдэв. Энд Монголын морин цэрэг Оросын армитай тулгарсан юм. 80.000 гаран хүнтэй Оросын армитай 20.000 хүрэхгүй хүнтэй Монголын арми тулалдсан энэ түүхт тулалдааныг Оросын цэргийн түүхчид хар дарсан гутамшигт жилүүдийн эхлэл байсан гэж үздэг.Энэ тулалдаан Монголчуудын бүрэн ялалтаар дуусч Оросын томоохон Вангууд бүгд олзлогдон алагджээ. Ийнхүү энэ 2 жанжин эх нутагтаа ирсэн юм. Тэгвэл энэ аян дайн яагаад ийм эрдэмтэдийн анхаарлыг татна вэ гэсэн асуулт гарч ирнэ.
Зэв, Сүбээдэй нарын энэ аян дайн нийт 8000 км замыг туулсан бөгөөд энэ бол Морин цэргийн түүхэнд байж боломгүй зай юм. Гэвч энэ зайг Зэв, Сүбээдэй нарын Морин цэрэг туулж зорилгоо биелүүлсэн юм. 20.000 цэрэгтэйгээр ази европын хөндлөн туулж дааралдсан газар болгондоо ялалт байгуулж явсан энэ баг цэрэг бол дэлхийн түүхэн дэх хамгийн шилдэг баг цэрэг мөн гэж үздэг юм. Тэд тулалдсан томоохон тулалдаанууд байнга хүчний асар ялгаатай байдалд болдог байсан ч ялалт дандаа тэдний талд байдаа. Гүржүүдтэй тулалдсан тулалдаанд гэхэд л гүржийн 200.000 цэрэгтэй тулалдсан тухай баримт байдаг бол Оросын 80.000 цэрэгтэй тулгарсан тулалдаан бас л одоо болтол энэ аяныг нууцлаг болгосоор. Зарим нь энэ бол тэдэнд далдын ямар нэг хүчин туслаж байсан байх хэмээн аргаа баран үстэй толгойгоо маажиж байна. Энэ бол ямар нэг далдын хүчин бишээ энэ бол Монгол цэргийн дайчин чанар тулалдах урлагаар тодорхойлогдох зүйл юм.
Их зөгнөгч Носдрадумас 2011 он Бурханы ташуур буцан ирэх бөгөөд Монголчууд дахин дэлхийг эзлэх болно гэсэн нэгэн мөр түүний зөгнөл дунд байдаг ажээ. Болж буй бүхий л үйл явцийг ажиглахад Монголчуудын Генийн идэвхжил 700-800 жилийн давтамжтайгаар болдог болохыг эрдэмтэд бичсэн байдаг бөгөөд энэ Генийн идэвхжил болох болгонд Монголчууд дэлхийн түүхэнд маш ихээр нөлөөлдөг болохыг тэд баталсан байдаг.
« Last Edit: 2012.10.10 10:47 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Ter ueiin ene humuus shig noodriin janjinguud bol Bill Geitess, Carlos Slim, Lakshmi Metal, FB-iig bii bolgoson zaluus l baihaa daa. Ta nar yuu gej bodoj baina. Zev Sebeedei nar delhiig baildan daguulj chadsa shig ted IT, Ediin zasag, Globalization-yin achaar delhiig baildan daguulj chadaj dee.  :D

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
гарамгай жанжин Сүбeedei
« Reply #2 on: 2012.10.10 10:48 »
БАТ, СҮБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ

Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй. Загалмайтны тооллын эхэн үед Ү зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй.

Тэд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мөн энэ үед Бат хаан Мөнхөд нэгэн баг цэрэг өгч, хойт Кавказыг ороон Гүржийг буулган авах даалгавар өгсөнийг тэрээр чадварлаг гүйцэтгэн Гүржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ. Бат, Сүвээдэй нар цаашлан 1937 оны намар черкес, буртасын нутгийг эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хүчийг бут цохиж Рязань хотыг эзлэв.1239 оны намар Москва, Суздал, Владимирийн вант улсуудыг дараа дараалан буулган авч, дараа жилийн зун нь /1240 он/ Дон мөрний тэртээд ухран дутаасан Кумануудыг мөшгөн Дон мөрний цаана гарч, Переяславль, Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. Киевийг эзэлсэн нь Дорнод Европыг дайлах гол түшиц газар нь болсон байна. Эндээс Мажарын IҮ Бела хаанаас ивээлдээ авч орогнуулсан дайсан Кумануудыг гаргаж өгөхийг шаардсанд хариу өгсөнгүйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаад 1241 оны хавар Оросын үүд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгүй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дөрвөн замаар зэрэг давшуулжээ. Чухам энэ үед л зэрлэг бүдүүлэг хэмээн үл тоож байсан талын нүүдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хүч, санаанд оромгүй дайтах урлагын өмнө өөрсдийгөө юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна.

Тухайн үеийн үйл явдлыг бичиж үлдээсэн европ хүмүүс монголчуудын довтолгооныг “Аянга цахилгаан”-тай зүйрлэсэн нь чухам оносон зүйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сүрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хөнөөлтэй хийгээд хүчтэй, аянгын нүргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгүй байсан биз. Энэ зүйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон үлдсэн билээ. Силезийг чиглэсэн Хайдугийн баг цэрэг Шиловын дэргэд бага польшийн Ичимхий алдарт Белослав вангийн армийг бут цохиж Краковыг 3 сарын 28-нд эзлээд Опел орчимд Байдарийн цэрэгтэй нийлжээ. 1241 оны 4 дүгээр сард Байдар, Хайду нарын удирдсан бага шиг /15-25 орчим мянга/ баг цэрэг Одер мөрнийг сал урсган гатлаад Австрийн Лигниц хотын дэргэд польш, герман, францын хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна. Мөн сарын 11-нд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиаруулав.Ердөө гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулалдааны тухай өрнийн олон түүхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхан шагширсан нь бий.4 дүгээр сарын 9-ний нэгэн манантай бүүдгэр өдөр. Лигницийн дэргэд Их Польш, Силезийн эзэн Ариун явдалт хочит Ван Хенри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг хуягт баатар эрс цуглараад байв. Мөн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хүч болж, дээр нь хоёр өдөрчийн газар Ван Хенрийн үеэл 50 мянган цэрэгтэйгээ ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхүү сүүлчийн нэмэлт хүчийг хүлээсэнгүй, дарагдашгүй зэрлэгүүдийг дарж, алдар суугаа мандуулах хүсэлдээ хэт хөтлөгдсөн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд л тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Белослав гүнтэний Тайж баатрууд, тэгээд Хенри вангийн магнайлсан гол хүч дайралтанд орж, араас нь морьт цэргийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хүйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна.Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргүүн анги тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугатжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас гэзэг даран хөөв. Гэвч Монголчуудын энэхүү дутаасан нь айн сандарсан, хүчин дутсаных бус ердөө цэрэг дайны ов мэх байжээ. Төдөлгүй хүнд морьт цэргүүд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хөшиг тавьжээ. Тэгээд л морьт болон явган цэргийг нь тус тусад нь бүсэлж аваад холхивч нумаар бүгдийг нь хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас Европчуудаас ердөө долоохон хуягт баатар л амьд үлдэж, Ван Хенри, жанжин Мешок нар ч хөлөг баатрын ёсоор тулалдааны талбарт ясаа тавьжээ. Маргааш нь Лигницийнхэн тулалдааны талбарт ирцгээж, хядуулсан ахан дүүс, эх орон нэгтнүүдийнхээ шарилийг эргэн, оршуулжээ. Гэтэл Хенри вангийн бие олдсонгүй. Вангийн хатан болон ордныхон бүгдээр ирцгээжээ. Бүх үхэгсэдийг нэг бүрчлэн үзэж, эцэст нь вангийн хатан үхэгсэд бүрийн зүүн хөлийг үзэхийг тушаажээ. Учир нь Ван Хенри зүүн хөлдөө зургаан хуруутай юмсанж. Тэгсээр зүүн хөлдөө 6 хуруу бүхий нэгэн толгойгүй цогцосыг Ван Хенри хэмээн таньж, айдас, цөхрөл, гашуудалд умбасан Лигниц хотод авчирч оршуулсан гэдэг. Мөн энэ тулалдаанд Хенрид туслахаар ирсэн Францын 500 морьтон баатар эр оролцсон хийгээд тэдний нэгд нь ч Сена мөрнийхөө уснаас дахин амсах хувь байсангүй ажээ. Тэдэн дотор Францын 6 томоохон язгууртан, барон байсан байна. Харин монголчуудаас бараг хохирол гарсангүй.

Эндээс байлдан тулалдах арга тактикийн хол зөрүү харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгүйгээр тулалдааны ерөнхий явцыг ажиглан харж, хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа авч, жолоодож, амжилтанд хүрэхийг зорьж байхад европын жанжид шууд л өөрсдөө цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ. Тэд ирүүл тулалдаан мэт шууд халз зөрөн тулалдахыг эрхэмд үзсэн бол монгол цэрэг ухрах, бүслэх, ороох, утах, цүүцдэх зэрэг олон арга тактикийн хэрэглэн аль болох хохирол багатайгаар дайснаа ялахыг эрхэм болгож байна. Ар талаасаа хэдэн зуун км-ээр алслагдан нэмэгдэл хүч хийгээд хоол хүнсний хангамж байхгүй, дайсагнагч ард түмнүүдийн дотор байгаа нөхцөлд хүн хүчээ гамнахгүйгээр удаан хугацааны урт аянд амжилт олох бололцоогүй юм.
Нөгөө талаар монгол цэрэг нутгийнханаас ч илүүгээр тухайн газар орны онцлогыг сайтар судалж мэдсэн, түүнээ чадварлагаар ашиглаж чадсан нь эдгээр тулалдаануудаас харагддаг.Энэ ялагдлын мэдээ салхинд тээгдсэн мэт хоромхон зуур Европын хотуудаар тархаж, цочрол, сандралыг төрүүлэв. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс авав.Мажарийн ван IҮ Бела Лигницийн дэргэд болсон эмгэнэлт явдлын мэдээг сонссон уу, юутай ч монголчуудтай шууд зууралдан тулалдахаас зайлсхийж Тиссо болон Шайо голын хооронд хоёр голоор халхавч хийн бүхээгт тэргээр бат бэх хүрээ барьж хориглон суусан байна. Мөн Шайо голын гүүрийг шилдэг цэргээр хамгаалуулжээ. Монголчууд шөнөжин гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Харин өглөөний манан сийрэхэд Бела ван айхтар чадуулсанаа мэдэв. Монголчууд шөнө голын гүүрийг бага хүчээр довтолж анхаарлыг нь сарниулж байгаад шөнийн харанхуй мананг ашиглан голыг өөр гармаар самран гаталж Мажар, Хорватын армийн бэхлэлтийн гадна тулаад ирчихсэн байв. Тэд өдөржин бэхлэлт рүү галт сумаар залхтал нь харваж, салхин талаас нь байж ядтал нь өмхий утаагаар утаж, мажар цэргүүдийг эргүүтүүлэн мансууруулжээ. Үүнийг Дэлхийн цэрэг дайны түүхэнд Монголчууд анх удаа биологийн зэвсэг хэрэглэсэн гэж үздэг нь ч байна. Өмнөх Лигницийн дэргэд болсон тулалдаанд хэрэглэсэн утаа ч мөн юуны өмнө өөрсдийнхөө цэргүүдийн байрлал, хүчийг дайснаас халхлах, нууцлах, дайсны цэргүүдийг сүрдүүлэх зэргээс гадна тэр утаанд ухаан санаа мансууруулах, уймруулах нөлөөлөл байсан гэж үздэг судлаачид ч бас байдаг юм билээ.
Усгүй дэнж дээр хүрээлэн буудалласан Бела вангийнхан түймрийг тогтоож чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Хоёр голоор халхавч хийсэн ашигтай байрлал нь эцэст нь өөрсдөд нь харин ч занга болж мажар хорватуудыг гарах газаргүй болгожээ. Мажар, Хорватын шигшмэл 65 мянган хүнтэй арми ийнхүү ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав. Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд нэг дор хядуулсан тэрхүү тулалдааны багахан талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимшрэн, Сүбээдэй баатраас хатуухан үг сонсож байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх.
Тэгэхэд Бат, Сүбээдэй хоёрын удирдсан энэ баг цэрэгт 20-35 мянга орчим л цэрэг байсан гэсэн тооцоо бий. Гагцхүү IҮ Бела ван цөөн шадар нөхдийн хамт, тугаа аван Тисса голыг гарамгүй газраар өтгөн манан ашиглан самран гарчээ.Энэ тулалдаанд Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэсэн гэдэг.
Өөрсдийг нь мөшгөн яваа Монгол цэргийн сүр хүчнээс айсан Куманчууд хаан Котянаа Пештад мажарын язгууртнуудад хорлуулсаны дараа Балканы хойг руу дутаан гарчээ.
Мажарт орсон монголын баг цэрэг 1241 оны өвөл Дунай мөрний мөсөн дээгүүр гарч, Гротиа, Загреб хотуудыг авахад тэнд орогнож байсан Бела ван Даламц руу зугтаахад Хадаан жанжин араас нь мөр даран хөөсөөр бүр Атриатын тэнгисийн арлууд дамжин дутаахад хүргэжээ.
Дараа жил нь Монголын гол хүч Төв Европын гүн рүү цөмөрч Острогон, Белград, Весирим болон Жур хотуудыг буулган авчээ. Нөгөө нэг баг цэрэг нь одоогийн Салита хотын ойролцоох Клиссо бэхлэлтийг авав. Белаг мөшгөсөн Хадаан жанжин Босни, Албани, Сербийн нутгуудаар хөндлөн гулд гарав. Мөн бас нэгэн баг цэрэг нь Австрийн Вена хотын босгонд тулж очоод байлаа. Түүхчдийн тодорхойлсоноор “мөсөн дээгүүр гулсах чулуу мэт чимээгүй, эрс шулуун, гайхалтай шалмаг довтолгоон”… Ийнхүү Монголын 4 бага шиг баг цэрэг Дорнод Европоор хөндлөн гулд юунд ч торолгүй хэрэн, давшилж явахад тэднийг эсэргүүцэн сөрөх тоймтой хүчин Дорнод бүү хэл Өрнөд Европод ч байсангүй. Шар хүмүүсийн огтхон ч мэдэхгүй алс холын Наран мандах тэнгэрийн хязгаараас, газрын мухраас гэнэтхэн гарч ирээд түймэр мэт хуйхлан довтолгох Монголчуудын удаа дараагийн толгой эргэм ялалтуудын мэдээ ухаанаа гартлаа айж сандарсан зугтагсад, дүрвэгсэдийн амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж, улам бүр давс хужир нэмэгдсээр бараг хүний хүчнээс хэтийдсэн, үлгэр домгийн зүйл болон хувирч байжээ.
Монгол цэрэг цаашаа нэг л алхахад Европ дахин өвдөг сөхрөн өршөөл энэрэл хүсэхэд бэлэн болоод байв. Гэвч тохиолдлын чанартай зүйл Европ дахиныг энэхүү гутамшгаас аварсан бөгөөд Бат хааныг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Өгөөдэйг нас барсан мэдээ иржээ. Бат хан европыг дөрвөн зовхист ялж яваа хан хөвгүүд, баатар жанждаа дуудуулж, Дунай мөрний бэлчирт зөвлөгөөн хийжээ. Энэхүү зөвлөгөөнөөр Хархорумд болох их хааныг сонгох хуралдайд Батыг явуулах эсэх, Дорнод Европын эзлэгдсэн улс орнуудын статусыг хэрхэх тухай зөвлөлдөөд өст дайсан Куманууд нэгэнт дахин сэхэл авахгүй болсон тул өрнө зүгт хийсэн аян дайны зорилгыг биелсэнд тооцож, аян дайнаа зогсоон, Монголын их гүрний баруун өмнөд хилийг Молдав, Булгараар тогтоож, энэ хязгаарын захирагчаар түмтийн ноён Ногайг томилжээ.
Бат хааныг ийнхүү толгой эргэм ялалтуудынхаа дараа түүнээ гүйцээлгүй гэнэт буцах болсоныг бас зарим тохиолдолд ерөөсөө үгүйгээгүй ядуу Европоос сонирхох юм байгаагүйтэй ч холбон тайлбарлах нь бий. Энэ тун магадгүй юм. Өгөөдэй Их хаан нас барсан нь үйл явдал, бодит шалтгаан мөн боловч түүний цаана бас дагалдах хэд хэдэн учир холбогдол, шалтгаан байж болох юм. Өмнөд Хятадын Гоунжау, Дундад Азийн шүр сувд болсон Самар, Бухар зэрэг хот суурингууд нь тэр үед баян тансагаараа Европын аль ч хотоос хэд дахин давуу байж, тэдгээрийн хажууд Европ нь нүсэр чулуун хана хэрэм бүхий рыцарийн шилтгээнүүд, шургааган хашаагаар босгосон хотонцоруудаас хэтэрсэнгүй байж. Дэлхийн энгээр түйвээж явсан эрст Европын тэдгээр шургааган хотууд үнэндээ хүн тоож нохой шиншихээргүй санагдсан биз.
Нөгөө талаар Дорнод, Өрнөд Европт өөрсдөд нь аюул занал авчрах ямар нэгэн хүч үгүй байгаа нь Монгол эрсийн буцах болсон хамгийн бодитой байж болох шалтгаан нь юм. Хамгийн заналт дайсан Куманууд нэгэнт сэхэл авахгүйгээр дарагдлаа/Үнэхээр ч тэд тэр цагаас хойш сэхээгүй билээ/, мөн тэднийг өмгөөлсөн, цэргийн холбоо байгуулж, эсрэглэн тэмцэхийг санаархсан Мажар, Орос өвдөг сөхрөв. Тэд бол Монголчуудын өмнө хэн ч биш болов, дайсан нь ч биш, дайсагнах ч чадваргүй болов. 1223 онд Зэв, Сүбээдэй хоёрын аяны ар худрага руу довтолж байсан Булгарууд мөн сэхэшгүй болж, тухайн үедээ Дорнод Европт цэргийн хүчээр тэргүүлж байсан Польш, Германууд ч хичнээн хичээгээд мань монголчуудад дайсагнан, аюул занал авчрах чадваргүй болох нь ч мөн тодорхой болов. Үнэхээр ч тэрхүү гашуун гутамшигт ялагдлынхаа дараа, үгүй ядахдаа хариугаа авах, өш хонзонгоо тайлахаар Европчууд Дорно зүгт цэрэглэн довтлох нь бүү хэл алхаж ч зүрхлээгүй билээ. Тевтонын бүлэглэлийнхэн, Гельф намынхан умард Орос руу үе үе уулгалан дээрэм хийдэг байсан ч, Оросуудад туслахаар Монгол морьдын ам эргэсэн сураг сонсох төдий өнөөх Рыцар баатрынх нь эр зориг салхинд өртсөн чандар мэт хийсэн арилаад, ичгүүргүйгээр ум хумгүй зугтацгаадаг байсан гэдэг. 
Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ.Ромын пап XI Григорий монголчуудын эсрэг загалмайтны шинэ дайнд уриалан, энэхүү дайнд оролцсон хэн бүхний нүглийг цагаатгана хэмээн зарлаж байв. Гэвч тойвтой юу ч болсонгүй. Германы хаан II Фридрих “Бат хааны шонхорчин болж ч болох юм” хэмээн хэлүүлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын төлөө Ромын паптай хэдэн үеийн туршид мөчөөрхөлцөж явсан ихэмсэг бардам Гогенштауфенүүдийн удмынханы хувьд байж болшгүй гутамшигт явдал, гарцаагүй ялагдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Францын Людовик вангийн ордоныхон угтан ирж буй хувь заяаныхаа сүйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мөргөхөөс өөр юу ч хийхгүй байжээ. Тэр ч бүү хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шөнө бүр хар дарж зүүдлээд унтаж чадахгүй болчихсон байсан гэдэг. Дээрх Людовик айн мэгдэж, асгартал уйлах хатан эхийгээ тайтгаруулан “…Тэнгэр бурхан биднийг ивээх байх аа, Татарууд бидний нутагт ирсэн ч, эсвэл бид тэднийг даган тэдний нутагт очсон ч бид адилхан л тэнгэрт гарах болно” хэмээн тайтгаруулж байжээ.
 Эндээс Монголчуудыг ялах нь бүү хэл эсэргүүцэн тулах, довтолгооныг нь зогсоох тухай ямар нэгэн санаа, санаархал нь огтхон ч байхгүй мэт.
Тухайн үед Европын ихэс ноёдын хоорондоо харилцаж байсан захианаас тэдний айдас, түгшүүр даанчиг илэрхий… Тэд “Бурхан хилэгнэжээ” гэж бичилцэж байв.
Польшийн Краков хотод өнөөг хүртэл нэгэн сүмийн гонхот хонхыг нэгэн тогтсон цагт тогтмол цохин дуугаргадаг нь даруй 8 зууны өмнө монголчуудын үлдээсэн айдас, түгшүүр, болгоомжлолын ул мөр, үлдэгдэл… Тэр үеийн түүхэн тэмдэглэлд бичсэнээр Сүмийн хонхоч өглөө эрт хотынх нь ойролцоо Монголчуудын зэр зэвсэг гялалзахыг хараад, Монгол цэргийн оньч суманд сүлбүүлэн унахынхаа өмнө хотдоо аюулын дохио өгөн хонхоо дэлдэж амжжээ. Гэсэн ч тэгэхэд Краков аврагдаагүй билээ. Европын ард түмнүүдийн дунд зүггүй жаалыг айлгадаг, эсвэл уйланхай хүүхдээ сатааруулдаг “Татарууд ирж байна” гэсэн хэллэг байдаг гэсэн.
Европын Дундад эриний үеийг түүхчид “Харанхуй зуунууд” гэдэг. Грег, Ромын их соёл иргэншилийн дараа үнэхээр Европ дахин тийнхүү хэдэн зуунаар харанхуйн дунд зүүрмэглэж байсаан. Монголчуудын гагцхүү үлгэр домогт л байж болох ер бусын хүчирхэг довтолгоонууд, түүний үлдээсэн айдас Европ дахиныг энэхүү удаан харанхуй нойрноос нь нэгмөсөн сэрээж, тэд өөрсдийг нь ингэтлээ их айлган чочоосон дорно дахиныг учиргүй ихээр сонирхох болцгоож, хөл хөдөлгөөнд орцгоож, улмаар газар зүйн их нээлтүүд, агуу их сэргэн мандалтыг урин дуудсан билээ.  Оросуудын хувьд Европын халдлагаас аврагдаж, үндэстэн даяараа нэгдэж, хүчирхэгжихийн эхлэл энд цаг үеэс эхлэлтэй.
1243 онд Ромын Пап IҮ Иннокентий Лион руу зугтаав. Цочирдон балмагдсан Ромын Пап 1245 онд яаран сандран “Ертөнц дахины хуралдаан” зарлаж лам Плано Карпинийг тэнгэр газрыг нийлүүлсэн их хуй салхи мэт гэнэт гарч ирээд гэнэт буцчихсан энэ улс юун улс болохыг тандах болон дипломат даалгавар өгч Монголд элчээр зарж байжээ. Харин Плано Карпини “хэрвээ зарлиг тушаалыг нь биелүүлэхгүй бол Гүюг хаан … Ромын их гүрэн, католик шашинтны эсрэг аян дайнд мордохоор бэлдэж байна” гэсэн түгшүүрт мэдээтэй буцаж очжээ. Мөн түүний авч очсон Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидал ч энэ айдаст нэрмээс болсон нь ойлгомжтой. Өдгөө Ватиканы номын санд хадаглагдаж буй уг захидал “Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй зүгээс наран шингэх зүг хүртэл бүх газар орон бидний ивээлд орсон…. Одоо та нар иргэн чинь болж эд торго бүхнээ өгье гэвээс зохино…. Энэ үеэс эхлээд та нарыг эвгээл дороо орсон хэмээн үзсүгэй. Хэрвээ та нар тэнгэрийн бошгийг үл даган ману зарлигийг зөрчивөөс дайсан минь болъюу… юу болохыг гагцхүү тэнгэр мэдтүгэй…” гэсэн омог бардам, сүрлэг үгстэй, “ …аюутугай, биширтүгэй” хэмээх алдарт үгстэй тамга дарсан байжээ.
Мөн түүний дараа их хаан ор суусан Мөнхөөс Францын Людовик хаанд Г.Рубрукээр илгээсэн захидал ч мөн үүнээс дутуугүй сүрлэг бардам үгстэй байсан юм. Энэ үед Монголчууд Европоос гадна Иран, өмнөд Кавказ болон Өмнөд Хятадад ертөнцийн гурван зовхист гурван фронт дээр зэрэг дайтаж, гэхдээ алхам бүрдээ ялж байлаа. Орос болон Дорнод Европт орсон Бат, Сүвээдэй нарын цөмрөлтийг үе үеийн цэрэг дайны түүхийг судлаачид гайхан шагширсаар ирсэн. Зарим түүхчид энэхүү довтолгооныг хүний олонд дулдуйдан хийсэн, зэрлэг балмадаар айлган далайлгасан явдал гэсэн нь яавч бодит байдалд нийцэхгүй юм.
Тэр үед зөвхөн Ижил мөрөн Карпатын завсар хийгээд Гүржид нийт 5 сая орчим хүн оршин амьдарч байжээ.Бат, Сүбээдэй нарын удирдсан цэрэг /30 мянгаас багагүй, 60 мянгаас ихгүй/ Хорват, Мажар, Польш, Герман, Куман, Чех, Словак, Словен, Морави, Молдав, Крым, Гүрж болон Оросын олон вант улсууд зэрэг нийтдээ 35 сая хүн амтай 30 гаруй улс орны нутаг дэвсгэр дээгүүр ердөө юунд ч торолгүйгээр аялан байлдсаар шувтлан гарсан байна. Тэд Орост хийсэн тулалдааныг оролцуулахгүйгээр зөвхөн Дорнод Европт хийсэн их бага тулалдаануудад нийтдээ эсрэг талынхаа 150 000 хүчийг устгасан гэдэг.
Энэ цаг үед Европын улсууд эсэргүүцэн байлдах чадваргүй болтлоо тэгтлээ ядарч туйлдчихсан байсангүй. Харин ч энэ улсууд ихээхэн цэрэгжсэн, Загалмайтны дөрвөн ч удаагийн аян дайнд туршлагажсан, хуягт баатруудын ид мандал бадралын оргил үе нь байсан юм.
Гэсэн ч Европын армийн жанжид, баатрууд нь Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хүртэл цавчилдаж явсан Монгол эрст ёстой л жижиг тугалын бэлчээрээс гарч үзээгүй, жирэмсэн эмийн шээх газраас холдож үзээгүй балчирууд шиг санагдах нь аргагүй юм.Энд аялан байлдсан Монголын армид хожим Ази, Европыг дамнасан хүчирхэг гүрний хаан болсон Гүюг, Мөнх болон, Умард, өмнөд хятадыг чичрүүлж асан цуут жанжин Их Хадаан, Загалмайтнуудын нэгдсэн арми удаа дараа хичээсэн ч баттай эзэмшил болгож чадаагүй Сири, Дамаскийг эзэгнэн захирч, Мисрийн султан Кутуз, Бейбарс нартай илд зөрүүлж, Хөлөг хааны хангинах илдний ир, хатгах жадны үзүүр, хашгирах дууны цуурай болж явсан найманы сайн эр Хитбуха зэрэг хожим нь алдар суугаа мандуулж явсан олон хан хөвгүүд, залуу баатар эрс явжээ. Их хуралдайн шийдвэрээр монголын түмтийн ноёноос дээших бүх ноёд ихсийн хүүхэд залуус нөхөд сэлтийн хамт оролцсон энэ аян дайныг түүхэнд “Хан хөвгүүдийн аян” гэдэг. Тэдгээр залуус тив дамнасан энэ аян дайнд явж, ямар ч нөхцөлд цэрэг армийг хөдөлгөн залах цэрэг дайны урлагт төгс боловсорсон нь тэдний дараа дараагийн дуулиант аянуудаас тодорхой харагддаг билээ.

Eh survalj Nominchimed.  www.nominchimed.com
« Last Edit: 2012.10.10 11:42 by serdaram »

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Чингис хааны цэргийн ноёд
Хан хүмүүний есөн билгийн нэг нь “Түшиг сайн өрлөгүүд” хэмээн “Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүх"-нд өгүүлжээ.
Чингис хаан нэгэн удаа: “Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвөн нохдоо зорьсон газраа илгээж, Боорчу, Мухули, Борохул, Чулуун баатар эд дөрвөн хүлгүүдээ дэргэдээ авч, хатгалдах өдөр болбоос Жүрчидэй, Хуйлдар хоёрыг Урууд, Мангудтайгаа урдаа байгуулваас бүгд сэтгэлээ амруулах бөлгөө би” хэмээсэн гэж “Монголын нууц товчоо”-нд бичсэн буй.
Үнэхээр ч төрийн итгэлт түшээ баатар, ноёдгүй байх аваас хэдий аугаа ч гэлээ ганц хаан юу болохсон билээ. Их хаантан есөн өрлөгтэй байсан хэмээгддэг авч тэр нь хожмын сударчдын “бүтээл" бөгөөд үнэхээр байсан гэвээс анхны есөн өрлөгийг лав эл арвын дотроос сонгож түшсэн байх магадлал туйлын өндөр бөлгөө хэмээхийг дашрамд дурдсу.
Чингис хаан Тэмүжин Их Монгол Улсын хан ор суумагцаа хийсэн шинэчлэлийн нэг нь ноёд баячууд гагц удам залган цэрэг захирдаг байсан ёс заншлыг халсан явдал. Тэгээд цэрэг захирах авьяас чадвар төгөлдөр “Монголын нууц товчоо"-ны хэллэгээр "Эрдэмтэн, бие, шил сайтан” бөгөөд хаан төрдөө үнэнч, амь хайргүй зүтгэгсэд, гавьяатныг сонгон томилох болжээ.
Хаантан: “Арван хүмүүнийг байлдаанд зохих ёсоор засан тулалдаж чаддаг хүнд мянгат, түмтийг ч өгч болно. Тийм хүн тэднийг байлдаанд удирдаж чадна” хэмээн зарлиг буулгасан гэж “Судрын чуулган”-д өгүүлжээ. Тиймээс түүний цэрэг ард хэн ч бай, гарал үүслээсээ үл хамааран гагцхүү авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ шалгарч, эзэн хаандаа үнэнч байваас ямар ч албан тушаалд томилогдох боломжтой болсон ба эл зарчмыг төрийн бодлогын хэмжээнд гаргаж тавьсан нь тухайн үед өөр хаана ч байгаагүй шинэлэг зүйл байсан бөгөөд цэрэг ардыг албандаа үнэнч зүтгэхэд нь чухал нэгэн хөшүүрэг болж байсан нь дамжиггүй.
Чингис хаан бас нэгэн удаа өгүүлэхдээ: “Есүнбай лугаа адил баатар эр байхгүй, тийм авьяастан ч үгүй. Гэхдээ тэр бэрх аянд зүдэрдэггүй, өлсөж цангахыг ч тоодоггүй болохоороо хамт буй бусад бүх хүн, нөхөд, дайчдад өөртэйгээ адилхан аяны хүндийг даадаг гэж боддог. Гэтэл тэд нь аян замын бэрхийг тийн даах хүчин мөхөс бөлгөө. Ийм болохоор тэрбээр цэргийн ноён байж таарахгүй.
Гагцхүү өлсөх, цангах гэж юу болохыг мэддэг, түүгээрээ бусдын байдлыг жишиж мэдэрдэг, тэгээд аян замд цэргээ өлсгөж цангаадаггүй, морь малаа турааж тамирдуулахгүй байлгаж чаддаг, тийм тооцоотой явдаг хүнийг л зөвхөн цэргийн ноён болгож болно” хэмээсэн гэдэг Энэ бол эгэл жирийн мэт авч хамгийн зөв зохистой шалгуурын нэг байсан бөгөөд аливаа шатны удирдагчийг томилохдоо одоо ч санаж явах ёстой чухал зүйл гэдэг нь ойлгомжтой.
нэ мэт бодит амьдралаас урган гарч, Их хаантны дэвшүүлэн тавьсан шалгууруудыг даван гарсан монгол цэргийн ноёдын дотроос үе хэтийдсэн өрлөг баатрууд олон төрөн гарсан билээ. Тэдний нэг нь Сүбээдэй баатар. Тэрбээр Чингис хааныг Хорезм буюу Сартаулын шахтай дайтах үед Зэв ноёны хамт анх Кавказыг давж өрнө зүг хүлгийн жолоо хандуулан перс, түрэг, алан, армян, гүрж, орос, болгар, башкир, кибчакийн нутгаар довтолгон хурдавчилсан аяныг хийсэн нь дэлхийн цэргийн урлагийн түүхнээ хосгүй гайхамшигт аялан дайлалт хэмээн тооцогдох болсон бөлгөө.
Бат хааны удирдсан монгол цэрэг орос, кибчаг болон польшоор дайрч, хүчирхэг рыцариудыг хүртэл бут цохин Унгарыг эзэлж, Адриатын тэнгис хүрсэн их аян дайныг төлөвлөж, удирдан гүйцэтгэгчийн нэг нь мөн л Сүбээдэй баатар байв. Гэхдээ түүний үйл ажиллагаа гагц өрнө дахинаар хязгаарлагдаагүй юм. Хятад, Тангудад хийсэн аян дайнд ч алдар нэр нь дуурсаж атаатан дайсныхаа өвдгийг чичрүүлж байжээ.
1232 оны эхээр монгол цэрэг хятадын Жиян Зэү хотыг дайлж цэргийн ноёдыг нь баривчилсанд Алтан улсын ахалсан сайд Ван ян Хад гэгч Сүбээдэй баатрыг биеэр уулзуулж өгөхийг хүсчээ. Сүбээдэй түүнтэй уулзваас Хад: “Таныг тэнгэрээс заяасан баатар эр хэмээсэн нь үнэн ажээ. Эдүгээ Таныг олж үзэв. Би одоо нүд анин үхсү” хэмээсэн гэдэг.
Дайснаа хүртэл ийн бишрүүлэх нь гагцхүү аугаа их өрлөг баатрын, ховорхон тохиох сүр хүчин болой. “Чингис хаан, Сүбээдэй хоёртой стратегийн ур чадварын хувьд зөвхөн Наполеон л эн зэрэгцэж чадна” хэмээн цэргийн нэрт түүхч Лидделл Харт өгүүлсэн бол орчин үеийн судлаач Ричард А, Габриэл “Түүнтэй тактикийн гайхамшигаараа гагц Ханнибал, Скипио хоёр л эгнэх агаад тэрбээр стратегчийн хувьд Македоны Александр, Цезарь хоёртой л эн зэрэгцэх их жанжин" хэмээн өгүүлсэн байдаг.

Сүбээдэй баатар лугаа адил тэр цагийн дорно, өрнийхний сайн мэдэх болсон өрлөгүүдийн нэг нь Зэв. Тэр ч бүү хэл монголын түүх сударт Зэвийн нэр гол төлөв Сүбээдэйн өмнө бичигддэг нь цаанаа учиртай биз. Түүний уг нэр нь Зэв бус Зургаадай бөлгөө. Анхлан Чингис хаантай дайтаж асан Тайчуудын Бэсүд овгийн залуу баатар. “Хүйтний байлдаан” хэмээн түүхэнд тэмдэглэсэн 1202 оны нэгэн тулалдааны төгсгөлд Чингис хааныг харваж сүйдлэх дөхсөн эр.
Байлдаанд Чингис хааны цэрэг ялж түүнийг олзолсон бөгөөд хаантан түүнээс “Миний зэвлэх (байлдааны) ам цагаан хулын аман нурууг нь хэн хуга харвалаа?” хэмээн асуусанд “Уулан дээрээс би харвалаа. Өдгөө хаан үхүүлвээс алганы төдий газар үхэж хоцорсу. Соёрхогдвоос хааны өмнө цээл усыг оггору (цалгитал), цэгээн чулуу цуур (хагартал) довтолж өгсү” гэжээ.
Эл чин зоригт үгийг сонсоод Чингис хаан “Дайсан болж байсан хүмүүн алсан, дайсагнаснаа нууж, үгээ буцах ажгуу. Энэ хэлснээс (үзвэл) алсан, дайсагнаснаа (үнэн) мөнөөр заан (хэлэх) буюу. Нөхцөлт (нөхөрлөж болох шударга) хүмүүн буюу. Зургаадай нэрт ажгуу. Мөн зэвлэх ам цагаан хулын минь аман нурууг харвасны тул Зэв гэж нэрлэж Зэв болгоё чамайг” хэмээгээд “Дэргэд минь яв” гэж зарлиг буулгажээ.
(Монголчууд байлдааны хуяг нэвтлэгч сумыг “Зэв” гэдэг). Түүнээс хойш Зэв ноён Чингис хааны шадар нөхрийн нэгэн болж, олон удаагийн байлдаанд ганц ч ялагдаж үзээгүй бөгөөд түүний удирдсан байлдаан, тулалдаанууд нь Чингис хааны цэргийн урлагийн түүхэнд ч ур  чадвараараа ялгаран томоохон байр эзэлдгийг өрнө, дорнын түүхчид тодруулан тэмдэглэсэн нь цөөн бус.
Чингис хааны цэрэг анх хилийн дээс алхаж Алтан улсыг дайлсан 1211 онд Зэв ноён Гүйгүнэг баатрын хамт Цавчаал боомт хүрэхүй сахиул цэргийн хүчин нэн их агаад бэхлэлт нь ч бэрх чанга ажээ. Түүнийг үзээд Зэв ов зохион “Эднийг өдөж хөдөлгөж ирүүлээд тэнд хүч сорьё” хэмээгээд хүчин мөхөсдсөн дүр эсгэж эргэн буруулсанд хятад цэрэг омогшин боомтоосоо гарч нэхэн уулыг бүрхэж ирэхүйеэ Зэв гэнэт эргэн довтолж бут цохив гэдэг.
Бас нэгэн удаа Дүн чан хотыг дайлах үед хотыг сахигчдын хүчин бас л нэн их агаад бэлтгэл сайтай байсан тул цайзыг эвдэж эс чадаад мөн л ов зохион тэднийг дийлэлгүй орхин одож буй мэтээр ухран гарч нутгийн зүг эргэж зургаа хоногийн газар оджээ. Гэтэл Зэвийн цэрэг тийнхүү алс хол одсон тухай мэдээ авсан хотынхон ихэд хөхөн баясаж сонор сэрэмж алдан найр цэнгэл болж байх үед нь эргэн ирж нэгэн шөнө гэнэдүүлэн довтолж эзлэн авч байжээ. Энэ мэт Зэв ноёны удирдсан гайхамшигт уран байлдааны ажиллагаанууд цэргийн урлагийн түүхнээ онцгой хуудас болон мөнхөрсөн билээ.

Чингис хаан 1217 онд өрнө зүг дайлаар мордохдоо өмнөдийн хэргийг бүхлээр нь Мухули-д итгэн даатгаж, оройн дээд дайчин хар туг, зарлигийн алтан гэргэ гардуулахдаа “Энэ тугийг мандуулж миний ёсоор явтугай" хэмээн зарлиг болж байсан нь тэрбээр ямархуу итгэлтэй өрлөг баатар байсныг харуулах бас нэг баримт. Монгол цэргийн гол хүч өрнө фронтод дайчлагдаж одсон тэр үед Мухули ердөө 4-5-хан түмэн цэргийн хүчээр 15 түмэн морьт цэрэг, 50 гаруй түмэн явган цэрэг бүхий хүчирхэг Алтан улсыг мохотгон хазаарлах онцгой хүнд, бараг биелж болшгүй гэмээр үүргийг хүлээн хоцорчээ.
Энэ нь монгол цэрэг Сартаулыг дайлаар мордсон үед хүчин тарамдалгүй, бат ар талтайгаар амжилттай дайтах нөхцлийг бүрдүүлэх гол зорилготой байв.
Түүхэнд өгүүлснийг үзэхүл, “Алтан улсын цэрэг, жанжнууд Мухулийн нэрийг сонсмогц хирдхийн цочиж, буруулан дутаах болсон бөгөөд Алтан улсын цэрэг түүнийг “Улсын ван” хэмээн анхлан дуудах болжээ. Тийн болохоор Чингис хаан түүнийг бэлгэ дэмбэрэлтэй сайн үг, хэмээн сайшааж, түүнд мөнхүү “Улсын их (гоо) ван” цол шагнаж, Алтан улсыг дайлах цэргийн их ноёноор томилсон гэдэг.
Эл гурваас гадна Боорчу, Зэлмээс эхлээд бусад өрлөг баатрууд нь ч хаан эзэндээ туйлын үнэнч байхын үлгэр болдог байсан агаад “Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр гагцхүү “Сэтгэлийн хүлгээр нөхөрлөсөн” үнэхээр огтхон ч илүү хардаггүй, амиа хоохойлдоггүй дайчин нөхөд байжээ. Жишээ нь, Боорчу бол Тэмүжиний багын нөхөр агаад анх найман шарга морьдоо дээрэмдүүлээд ганцаар нэхэн ядаж явах замд нь учирч харамгүй их тус болсон. Гурван мэргид довтлон ирж Бөртэ үжинийг нь булаахад ч хамт зоволцон байж, Бурхан Халдунд гурвантаа бүслэгдэх үед нь Зэлмийн хамт дэргэдээс нь үл салан хамгаалж байв.
Далан нөмөргөсийн байлдааны дараа өдөржин шөнөжин бороо зүсрэн байсан үед Чингис хааныг тайван амраахын тулд нөмрөгөөрөө халхлан шөнөжин зогсохдоо өрөөсөн хөлөө ганцхан удаа сольж байсан хэмээх домог нь түүний үнэнчийн туйлыг өгүүлсэн баримт гэж болмой. Тэгээд ч худал зүйл гамч зангүй тул Чингис хаанд буруу, зөвийг нь хэдийд ч чигч шударгаар хэлж зөвлөдөг байсан учир хаантан Их Монгол Улсын хан ширээнд залрахдаа “Боорчу, Мухули хоёр зөв явдлыг минь зүтгүүлж, бурууг минь больтол ятгаж энэ оронд хүргэв” хэмээн сайшааж байжээ.
Зэлмэ гэхэд Тайчуудын Аучу баатрын цэрэгтэй Ононы хөвөөнд тулалдсан байлдааны үеэр Чингис хааныг шархдахад бусад хүнд үл итгэн өөрөө сахиж, хагсаж бүхий цусыг нь амаараа шимж, хааныг алжаах буй хэмээн холдож ч чадалгүй шимсэн цусаа хажуудаа асгаж, залгихыг залгисаар амийг нь аварч байв. Тэр үеийн нүүдэлчид сумандаа хор түрхэн харвадаг байсан учраас тэрхүү хор нь цусанд нэвчин орвоос туйлын аюултай байдаг байснаас Зэлмийн тэрхүү үйлдэл нь өөрийнх нь аминд ч хүрч мэдэх амь золисон үйлдэл байсан байна.
Тэгээд ч зогсохгүй ухаан сэргэсэн Чингис хааныг “Би ундаасаж байна” гэхэд нь уух юм олж өгөхөөр дайсны хүрээн дунд баригдахаас үл эмээн ганцаараа орж, бүрсэн тараг олж ирж хаантныг ундаалж байсан нь мөн л чин үнэнч хийгээд аюумшиггүй зоригтой, овжин ухаантайн жишиг гэлтэй.
Наян ноён гэвээс анх тайчуудаас салж, аавынхаа хамт Чингис хааныг зорин ирэхдээ өөрийн эзэн Таргудай Хирилтугийг дажин болж байж, амь дүйн барьж авч явсан боловч хан эзнээ тийн дайсанд нь хүргэх зохисгүй үйл” хэмээн сэтгэж зам зуураасаа суллан тавьж байсан хүмүүн. Чингэснийг нь харин хаантан ихэд таашаан “Тус хан эзнээ тэвчин ядсан их ёс төрийг сэтгэжихүй!" хэмээгээд "Наяа төвийн түмнийг мэдтугэй” гэж зарлиг болгож байжээ.
 Энэ мэтчилэн Зэв, Сүбээдэй, Мухули тэргүүтэн, Чингис хааны дэргэдийн их өрлөг баатруудын тухай дуртгаваас тун ихийг өгүүлэх болно. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг. Чингис хааны хөвгүүн Зүч, Цагаадай, Өгөөдэй, Тулуй нар ч цэргийн гарамгай ноёд байлаа. 1206 онд Их Монгол Улсыг байгуулах үед мянганы ноёноор томилогдсон 95 хүн цөм хэн нь хэнээсээ дутахааргүй шалгарсан ноёд байв.
Ер нь Чингис хаан цэргийн авьяаслаг ноёдыг сонгон олох “нүдтэйгээс” гадна аравтын ноёноос эхлэн түмний ноён хүртэл цэргийн даргалах бүрэлдэхүүнд нэгэн ижил хатуу шаардлага тавьж, тэднийг сурган боловсруулахад ихээхэн анхаарч байсан нь цагийг эзэлсэн суу билэгт өрлөг баатрууд төрөн гарах нөхцлийг бүрдүүлж байжээ. Тэрбээр цэргийн хүн хэн ч бай эн түрүүнд хаан эзэндээ үнэнч шударга зүтгэх, хууль дүрэм, цэргийн цаазыг ягштал биелүүлж, хатуу чанд сахилгатай байх, олзонд үл шунах, цэргийн эрдэм төгс, тэсвэр тэвчээртэй байхыг шаардаж, бие даах чадвар сайтай байхыг онцгойлон үздэг байв.
Тийм учраас хамгийн дээд эрх мэдэл эзэн хааны гарт байвч, аливаа нэг байлдааны ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ монгол цэргийн ноёд харьцангуй бие даасан шийдвэр гаргах боломжтой  байдаг байжээ. Тухайлбал, тавигдсан зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа бүрэн чөлөөтэй явуулах эрх чөлөө тухайн хүнд ногдох бөгөөд гагцхүү хаантантай байнгын холбоотой байх зарлигийг хүлээдэг. Энэ нь тэдний хувьд стратегийн сэтгэлгээ, уран сэтгэмжээ хөгжүүлэхэд нь ихээхэн боломж олгож, ур чадвараа сайжруулахад нь түлхэц болж өгдөг байж.
Цэргийн ноён хүн хувийн ийм чанартай байхаас гадна захирагдагсаддаа хүнлэг хандаж байхыг хаантан чухалчлан захидаг байсан агаад “Энгийн ардын дунд нялх тугал мэт номхон бай! Дайн тулаанд орохдоо харин амьтан шүүрэх өлөн харцага мэт довтолтугай! Хэмээж байсан гэдэг. Эрдэм чадалтай даргалах бүрэлдэхүүнийг бэлтгэх талаар Чингис хааны “Хишигтэн" цэрэг өвөрмөц нэгэн сургуулийн үүрэг гүйцэтгэж байжээ. Олон дайнд Чингис хаан, түүний шадар нөхөд болох авьяаслаг ноёдын шууд удирдлагын дор оролцож, үлгэр дууриал авч явсан хорчин, турхаг, хэвтүүлийн дотроос хожим нь цэргийн шалгарсан ноёд олноор төрөн гарсан билээ.
Чингис хаан цэргийн ноёдынхоо ур чадварыг дээшлүүлэх талаар сургалтын янз бүрийн хэлбэр ашигладаг байсны нэг нь ноёдын чуулган юм. Жил жилийн эхэн ба төгсгөлд эл чуулганаар сургалт, байлдааны бэлтгэл болон засаг захиргааны бусад ажлаа дүгнэн цэгнэж, дараагийн зорилгоо дэвшүүлэн, хааны цааз зарлигийг сонсгодог байжээ. Тиймээс энэ ажлыг Чингис хаан онцгой чухал ач холбогдолтой хэмээн үзэж “Жилийн эхэн ба адагт ирж бидний санаа бодлыг сонсож байдаг түмт, мянгат, зуутын ноёд л цэргийг захирч чадна.
Гэртээ хоцорч бидний санал бодлыг эс сонсогсод усанд хаясан чулуу, хулсанд буусан сум мэт үгүй болно. Тийм хүмүүн цэрэг захирч үл болно” гэж зарлиг буулгасан байна. Олон ноёдын алдаа дутагдал, ололт амжилтыг цэгнэдгийн хувьд энэ чуулган дадлага туршлага солилцох, сургамж үлгэр авах чухал индэр болдог байжээ. Мөн ноёдын “Хурилдай” болон “Их эе” нь цэрэг дайны чухал асуудлыг хэлэлцэж, цэргийн ноёд, зөвлөгч нар өөрсдийн санал бодол, шийдвэрийн хувилбаруудыг чөлөөтэй өгүүлж, харилцан маргаж, ярилцсаны эцэст хамгийн ашигтай хувилбарыг сонгон баталж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлдог байснаараа эзэн хааны залгамж хойч үеийнхэн болон цэргийн ноёдын хувьд амьд сонирхолтой сургуулийн үүргийг гүйцэтгэдэг байсан гэж болно.
Даргалах бүрэлдэхүүнийг сурган боловсруулахад 1204 оноос эхлэн ашиглах болсон, одоогийн хэллэгээо бол “Цэргийн зөвлөхийн” буюу “Хосолмол, хамтын удирдлагын" арга барил өвөрмөц сонин бөгөөд онцгой ач холбогдолтой зүйл байв. Анх Өгэлэчэрийг “Хутусхалчантай эедэлдэж явутгай” хэмээн зарлиг болсон бөгөөд 1206 онд Хунан, Мөнхүр, Хэтэ гурвыг дүү Зүчдээ, Харачар, Мөнх, Идухадай, Хөхөчөс нарыг Цагаадайд, Жибэгээг Xacap, Чаурханыг Алчидайд “зөвлөхөөр” тус тус томилж, Боорчи, Мухули тэргүүтэн ноёд, Додай, Дохолху тэргүүтэн чэрби нарыг хүртэл “Хунан, Хөхөчөс хоёртой эедэлдэж, хамаг үйлсийг үйлдэгтүн” гэж зарлиг болсон нь “зөвлөхийг” бүр ч өргөн. хэмжээгээр хэрэглэх болсон баримт юм.
Тэгэхдээ цэргийн залуу ноёдын дэргэд хашир туршлагатай хүмүүсийг томилохоос гадна чадварлаг ноёд, өрлөгүүдийн хажууд залуу ноёдыг дагалдуулдаг байв. Хамтын удирдлагын ийм хэлбэр тэр цагт өөр хаана ч байгаагүй бөгөөд ноёдын нэг нэгний дутагдлыг харилцан нөхөрлөн залруулж өгдөг нь үр өгөөжтэй арга байлаа. Ийм хосолмол удирдлагын хэлбэрийг хэдийгээр огт өөр зорилгоор ч гэлээ бүр XX зуунд Орос, Монгол болон бусад зарим орны цэрэгт, тухайлбал “Комиссарын тогтолцоо”-ны хэлбэрээр хэрэглэж байсан нь сонин.
Чингис хаан ийнхүү дайнд хэрэгтэй бүхэнд цэрэг, ноёдоо сургах олон хэлбэр ашиглаж, нөхөд, ноёд, цэрэг, үр ачаа сургахдаа бас өөрийн биеэр үлгэрлэх аргыг нэн түрүүнд хэрэглэж ирсэн нь тодорхой байдаг. Чингис хаан байлдаанд манлайлан орж шархдан, өөрөө алгинчилж явсан баримтууд, бас хятадын эрдэмтэн Чан Чунь бумбад бичсэн захидалдаа “Би түмэн цэргийг сурган боловсруулахад биеэр бүхний өмнө явсан” хэмээсэн үг ч үүнийг нотолно. Их хаантан “Манай худалдаачид алтан хатгамалт хувцас, тансаг бараа авч ирэхдээ тийм эд зүйлээс ашиг олно гэж бат итгэлтэй байдаг.
Түүн лүгээ адил цэргийн ноёд нум сум харвах, морь унах, халз тулалдахад хөвүүдээ сайн сургаж, дасгал сургууль хийлгэж байх хэрэгтэй. Худалдаачид ажлаа мэддэг учраас түүн дээрээ авхаалж самбаатай, овжин байдагчлан хөвгүүдээ цэргийн эрдэм ухаанд сургаж аймшиггүй, чин зоригтой болгох хэрэгтэй” хэмээж, бас “Цэргийн ноён архи дарсанд дуртай болвоос өөрийн мянгат, зуут, аравтынхаа ажил хэргийг цэгцтэй байлгаж үл чадах агаад ажил үүргээ бүтэлтэй дуусгаж хүчрэхгүй”, “Түмт, мянгат, зуутын ноёд цэргээ хэзээ ямагт бүрэн бүтэн дэг журамтай байлгаж, тушаал буулгасан үед өдөр, шөнө ялгалгүй хэдийд ч аянд хөдлөхөд бэлэн байх ёстой” гэж зарлиг болгон буулгаж байжээ.
Чингис хаан олон жилийн дайн байлдааны практик, цэргийн байгуулалтын туршлагадаа тулгуурлан цэрэг, ноёдоо энэчилэн системтэй сургаж чадсаны үр дүнд дэлхий дахинаа суу алдраа дуурсгасан цэргийн гайхамшигт олон ноёд, баатрууд төрөн гарсан билээ.
Доктор, профессор Ж.БАЗАРСҮРЭН
« Last Edit: 2013.08.05 13:35 by serdaram »

Offline sukkbold

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 36
  • сайн унтаж амар
амжилтын үндэс нь багийн ажилгаав баг сайн байвал амжилтанд хүрнэ. баг сайн байхын тулд багийн гишүүд бүгд сайн авхаалжтай багийн төлөө байх хэрэгтэйв
сайн баг байлаа ч удирдагч муу байвал бас амжилтанд амар хүрэхгүй. багийн ахлагч багаа зөв удирдах хэрэгтэй байх. энэ бол амжилтын үндэс байх тиймүү?
Миний бодлоор Зэв Сүбээдэй гэх мэт хүмүүс ховорч байжил байдаг харин Чингис хаан шиг удирдагч ховор бйидаг юм шиг.
манай монголд одоо ийм л нэг баг хэрэгтэй юм шиг санагддаг. Та юу гэж боддог вэ.