Иймээс бүрдүүлэх материал хамгийн чухал. Бид энэ дугаартаа гадаадын их, дээд сургуулиудад бакалавраас дээш түвшинд суралцах сонирхолтой хүмүүс ямар материал бүрдүүлэх хэрэгтэй болдог, юуг анхаарах талаар мэдээлэл бэлтгэлээ. Америк, Англи, Герман, Австрали, Швед, Ирланд, Шинэ Зеланд… алинд нь ч суралцахад зайлшгүй бүрдүүлэх ёстой байдаг хэд хэдэн төрлийн материал бий. Үүнд: Америк, Англи, Герман, Австрали, Швед, Ирланд, Шинэ Зеланд… алинд нь ч суралцахад зайлшгүй бүрдүүлэх ёстой байдаг хэд хэдэн төрлийн материал бий. Үүнд: 1. Эссе /Essay/ Манай уншигчид эссе гэж юу болох, хэрхэн бичих талаар хангалттай ойлголттой болсон байхаа. Бид 17-р дугаартаа “Хэрхэн гялалзсан сайн эссе бичиж сурах” талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн учир та эссенд чухам юуг хөндөх, юуг хөндөхгүй байх, юунаас эхлэх, сайн эссенд байдаг шинж зэргийг манай сэтгүүлийн 17 дахь дугаараас уншаарай. Эссений хамгийн гол зорилго бол таныг тухайн сургалтад буюу сургуульд тохирох хүн эсэхийг харахад л оршдог. Үүний тулд таны ирээдүйн зорилго, төлөвлөгөө, өнгөрсөн хугацаанд зорилгодоо хүрэхийн тулд, өөрийгөө хөгжүүлэхийн тулд юу хийсэн, амжилтын төлөө хэрхэн хичээл зүтгэл гаргадаг, хэр зэрэг зөв үзэл бодолтой, бусадтай нийцэж ажиллаж чадах эсэхийг тань харах гэдэг. Иймд та өргөдөл өгч буй бусад олон зуун залуучуудаас өөрийгөө ялгаруулж, амжилттай суралцах чадвартай, тухайн сургалтад тохирно, суралцаж төгсөөд амжилттай ажиллаж чадна гэдгээ харуулах хэрэгтэй. Эссег ихэвчлэн 500 үгэнд багтаах ёстой. 2. Тодорхойлолт захидал /Letter of Recommendation/ Энэ захидлыг 2-3 өөр хүнээр тодорхойлуулсан байхыг шаарддаг бөгөөд ихэвчлэн таныг тодорхойлж буй тухайн байгууллага, хувь хүнээс сургуульд хаяглан шууд ирүүлсэн байх хэрэгтэй гэдэг. Юун түрүүн та тухайн салбарт амжилттай ажилладаг, таны мэргэжлийн ур чадвар, хийж бүтээсэн судалгааны ажил зэргийг тань мэддэг, үнэлж чадах хүнээр нэгийг нь бичүүлж аваарай. Харин нөгөөг нь таны хичээл сурлага, оюуны болон суралцах чадвар зэргийг тань үнэлж чадах багш, эсвэл дипломын удирдагч багш, эрдэмтэн, профессороос авбал сайн. Гэхдээ энэхүү хоёр тодорхойлолт дээр таны хувь хүний зан чанаруудыг, та ер нь хэн бэ, хэр зэрэг ирээдүйтэй боловсон хүчин гэдгийг тодорхой хэмжээгээр дурьдсан байх хэрэгтэй гэдгийг санаарай. Харин гуравдахь тодорхойлолтыг хэнээс авахаа сайн бодох хэрэгтэй. Хэрэв та олон нийтийн байгууллага, сайн дурын ажил, сонгуульт ажил зэрэгт хамрагддаг бол эдгээрээс авах нь зүйтэй. Ямартай ч ээж, аав, ах, эгч, найз нөхөд зэргээсээ авах нь таныг өөр тодорхойлж өгөх хүнгүй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Харамсалтай нь тодорхойлж болох хүмүүс тань ихэвчлэн таныг өөрөө бичиж ирээд гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулчих гэх нь бий. Ингэж бичсэн тодорхойлолтууд “худлаа” гэдэг нь ихэвчлэн ялгагддаг. Тиймээс аль болох эртхэнээс энэ захиаг бичүүлж авах нь дээр байдаг. Зарим сургууль урьдчилан бэлтгэсэн маягтыг бөглүүлдэг. Энэ маягт дээр “Та тодорхойлуулагчийг ямар шугамаар, хэрхэн, хэдий хугацаанаас мэддэг вэ, Түүний энэ салбарт ямар амжилт гаргаж, хувь нэмэр оруулж чадахыг нь тодорхойлно уу, Манай сургуульд хэр зэрэг амжилттай суралцана гэж бодож байна?” зэрэг асуултууд байхаас гадна таны хувь хүний зохион байгуулалт, бие даах чадвар, харилцааны чадвар, бусдыг хүндлэх, мэргэжлийн чадвар зэргийг үнэлнэ үү гэсэн хүснэгт байдаг. Харин загвар байхгүй, бичих шаардлагатай бол таны захиануудад эдгээр асуултын хариултууд зайлшгүй байх ёстой гэдгийг мартуузай. 3. CV болон Resume CV болон Resume нь хоорондоо хэд хэдэн ялгаатай. Гэхдээ зорилго нь, таны тухай ерөнхий мэдээллийг товч бөгөөд тодорхой байдлаар өгөхөд оршино. Ялгаанууд: - CV илүү урт, зарим тохиолдолд хэдэн хуудас үргэлжилсэн байдаг. Харин Resume богино, товч буюу нэг хуудаснаас хэтэрдэггүй. - CV дээрх мэдээллүүд тодорхойлсон, тайлбарласан хэлбэртэй байдаг бол Resume дээрх нь зөвхөн дурьдаад өнгөрдөг. - CV-г төрөл бүрийн судалгааны ажлын тэтгэлэг авах, судалгаа шинжилгээний ажилд орох, эсвэл их, дээд сургуулийн докторын зэрэг горилох гэж буй үед хэрэглэхэд илүү тохиромжтой. Учир нь CV-нд авсан шагнал, цол хэргэм, хэвлүүлсэн, нийтлүүлсэн бүтээлийн жагсаалт, хэрэгжүүлсэн төсөл, сонгуульт ажил, гишүүнчлэл, оролцсон, илтгэл тавьсан хурал, семинар зэргийг заавал багтаасан байдаг. Тиймээс зарим томоохон эрдэмтэд, амжилтанд хүрсэн хүмүүсийнх 20 хуудас ч үргэлжилдэг. Харин Resume нь өргөн хүрээнд буюу ажилд орох гэж байгаа, сургуульд элсэх гэж байгаа зэрэгт голчлон ашиглагддаг. Тухайн хүний ерөнхий дүр зургийг хамгийн богино хугацаанд, үр дүнтэйгээр харуулах ёстой. Овог нэр, төрсөн огноо, хүйс, суралцсан байдал, ажлын туршлага, хүртсэн шагнал, урамшуулал, амжилт, хийсэн судалгааны ажил, хэлний чадвар, сонирхол зэрэг байхад хангалттай. 4. Application Form Application Form-ыг (өргөдлийн маягт гэж болно) сургуулиуд өөрсдөө боловсруулсан байх бөгөөд та үүнийг авахын тулд тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Ерөнхийдөө CV-тэй төстэй буюу таны тухай тал бүрийн мэдээллийг авах зорилготой ч өөрийн сургуульд хэрэгтэй гэсэн мэдээллүүдээ багтааж, нэг загварт оруулсан байдгаараа ялгаатай. Та энэ маягтыг бөглөөд бусад материалуудын хамт илгээх ёстой.
http://www.altangadas.mn