Author Topic: Манай ертөнцтэй зэрэгцээ ертөнц  (Read 12752 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
ШУА-ийн залуу эрдэмтэн Б.Даваадоржтой ярилцлаа. Москвагийн их сургуулийг цөмийн физикч мэргэжлээр дүүргэж, Германы DESY-гийн Цөмийн судлалын төвд цөмийн харилцан үйлчлэлийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Өдгөө ШУА-ийн Төлөвлөлт, мониторингийн хэлтсийг толгойлдог. Б.Даваадорж хэдхэн хоногийн дараа АНУ-д судалгааныхаа чиглэлээр ажиллахаар мордох гэж байгаа юм. [b:37d357ade0]- Та ямар зорилгоор Америкийг зорих гэж байна даа...[/b:37d357ade0]- Баруунд докторын дараагийн сургалт гэж байдаг. Яг сургалт ч биш юм аа, эрдэм шинжилгээний ажил хийх чадвартай болчихоод тэр чиглэлээрээ лабораторид ажилладаг. Энэ дагуу л Америк явах гэж байгаа юм. Цөмийн харилцан үйлчлэл гээд өөрийнхөө судалгааныхаа дагуу ажиллана. Цөмийн физик гэхээр юунд хэрэгтэй юм гэж хүмүүс боддог л доо. Үнэндээ сансрын хөлөг, цахилгаан станц зэрэг нь цөмийн физикийн судалгааны маш бага хэсэг нь. Хэрэв цаашаа технологи болоод явах юм бол одоогийнхоос илүү хүчтэй, хурдтайгаар бүх юм хөгжих боломжтой.[b:37d357ade0]- Таныг Америкт урьсан юм уу?[/b:37d357ade0]- Америкчууд “Бид ийм төсөл хэрэгжүүлэх гэж байна” гээд зарлачихдаг. Тэнд ажиллахыг сонирхсон эрдэмтэд өөрсдийн материалаа явуулдаг юм. Тэндээс шалгаруулж байгаад хамтарч ажиллах эрдэмтдээ сонгодог жишиг байдаг. Чикагод дөрвөн жилийн хугацаатай ажиллана. Судалгаа амжилттай байх юм бол цаашаа үргэлжлэх байх. [b:37d357ade0]- Судалгааны зорилго нь гэвэл…[/b:37d357ade0]- Ийм хугацаанд ийм үр дүнг гаргана гэсэн хатуу зүйл байхгүй. Судалгаа бол мөнхөд үргэлжилж байдаг. Судлаачид нэг жижиг объект сонгож аваад судлаад байдаг. Жишээ нь, аяга байлаа гэхэд тал талаас нь үзнэ. Одооныхоосоо өөр байвал яах вэ гээд л үзэх жишээтэй. [b:37d357ade0]- Ингэж ярихаар ойлгомжгүй байна л даа. Миний судалгаа яг ийм юманд хүрнэ гээд хэлж болох уу?[/b:37d357ade0]- Бидний сайн мэдэх компьютерээр жишээ авъя л даа. Квант механик гэдэг юм аль XX зууны эхээр бий болсон. Өнөөдөр тэр нь технологи болж компьютер гээд агуу юм гараад ирлээ гээд л бид яриад байна. Гэтэл сүүлийн 4-5 жил компьютер цаашаа хөгжихөө больсон. Яагаад гэхээр квант механикийн түвшиндээ хүрчихсэн, цаашаа явах гэхээр технологи нь хоцроод байгаа хэрэг. Миний судалгааны нэг зорилго гэвэл үүний дараагийн үеийн компьютерүүдийг яаж бий болгох вэ гэдэг асуудал. Квант механикт суурилсан компьютер биш релятив буюу огт өөр онолд тулгуурласан компьютер байвал яахав. Энэ нь гэрлийн хурдтай явдаг бөөмсийг ашиглана гэсэн үг. Судалгааны эцсийн зорилго энэ юм. Хэрэв бид релатив компьютер гэдгийг хийчихвэл зөвхөн нэг ширхэг нь өнөөдөр ашиглаж байгаа 160 мянган компьютертэй тэнцэх хүчин чадалтай байна. Хэмжээ нь хумсны толион чинээ л байх юм. Одоо ярихад санаанд багтамгүй л сонсдох байх. Яг онол нь гарсны дараа технологид оруулна гэдэг удаан хугацаа шаардагддаг. [b:37d357ade0]- Гэхдээ одоогийн компьютерийн онол аль XX зууны эхээр бий болсон. Амьдралд хэрэгжсэн нь одоо үе гээд бодохоор энэ зууны дундуур ч юмуу таны яриад байгаа компьютер гараад ирэх боломжтой юм байна, тийм үү?[/b:37d357ade0]- Боломжтой. Одоо бол супер компьютерийн тухай судалгаа байдаг л даа. Түүний дараагийн үе болох квант компьютерийн судалгаа Германд, Японд хийгдэж байгаа. Релятив компьютер гэдэг нь бүр дараагийн үе нь. Квант компьютер энэ зуунд гараад ирлээ гэхэд дараагийн зуунд релятив компьютер гарч ирж магадгүй л юм.[b:37d357ade0]- Германд доктор хамгаалаад ирсэн гэлээ. Энд ирээд судалгаагаа үргэлжлүүлэх боломж хэр байдаг вэ?[/b:37d357ade0]- Боломж огт байхгүй гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ хэцүү асуудал олон бий. Манай шинжлэх ухаан 1980-аад он хүртэл бодлоготойгоор хөгжиж ирсэн. Том том зорилго тавиад ажиллаж байсан. 1990-ээд он гараад тэр бодлого алдагдсанаас болоод бүх юм алга болсон. Тэр үеийн сайн сайн эрдэмтэд бүгд гадагшаа гарчихсан. Ардчилал шинжлэх ухаанд их халтай туссан гэх үү дээ. Төр засгаас шинжлэх ухааныг дэмжсэн бодлого гаргахгүй бол одоогийнх нь шиг нөхцөлд миний үеийн залуус энд ирээд юу ч хийж чадахгүй. [b:37d357ade0]- Чадалтай, мэдлэгтэй залуус нь гараад явчихаар манайд л хохиролтой шүү дээ…[/b:37d357ade0]- Миний бодлоор Монгол шинжлэх ухаанаа түшиглэж хөгжөөгүй. Хэрэв шинжлэх ухаанаа түшиглэж хөгжсөн бол өнгөрсөн 20 жилд асар их өөрчлөлт гарах байсан. Харин одоо бид энд байсан ч ялгаагүй, байгаагүй ч ялгаагүй болчихсон. Яагаад гэхээр шинжлэх ухаанаа ашиглаж хөгжихгүй юм чинь. Өнөөдөр манай хэрэглэж байгаа технологи, сэтгэлгээ нь XIX зууны үеийнхээрээ байна. [b:37d357ade0]- Хэрэв шинжлэх ухаанаа түшиглээд хөгжсөн бол өнөөдөр физикийн салбар Монгол Улсын хөгжилд ямар хувь нэмэр оруулсан байх бол…[/b:37d357ade0]- Энгийн жишээ хэлье л дээ. Яг ардчилал гарахаас өмнө зөвхөн физикийн хүрээлэн электроникийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлууд эхэлж байсан. “Монел” телевиз хийж байсныг хүмүүс сайн мэднэ дээ. Тухайн үед манайх СЭВ-ийн орнуудыг компьютерээр хангаж байсан. 1980-аад оны эхэн үеэр Физикийн хүрээлэнгийнхэн сэргээгдэх эрчим хүчний тухай ярьж эхэлсэн. Жижиг жижиг сум сууринг сэргээгдэх эрчим хүчээр хангая гээд. Гэтэл дөнгөж одоо л 100 мянган нарны гэрэл гээд ярьж байна. Физик, Химийн хүрээлэн хамтраад сансарт хүн нисгэсэн. Хүрээлэн дээрээ багажаа зоочихоод сансраас мэдээлэл авч, туршиж байсан. Энэ бүхэн яг тэр эрчээрээ хөгжсөн бол одоо огт өөр байх байсан. Хэрэв “Монел”-ийн үйлдвэрлэл тэр чигээрээ яваад байсан бол монгол компьютерийн үйлдвэртэй болсон байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Нарны зайн үйлдвэрлэлээ хөгжүүлээд явсан бол бид өнөөдөр Хятадаас авах биш өөрсдөө хийгээд бүх айлаа хангаж байх байсан. [b:37d357ade0]- Одоо Физикийн хүрээлэн юу хийж байна вэ?[/b:37d357ade0]- Ажил явж байгаа. Манай хүрээлэнд цөмийн, их энергийн судалгаа хамгийн сайн хөгжсөн шүү дээ. Гол шалтгаан нь 1960-аад оны үеэс ДУБНА-д манайх эрдэмтдээ бэлтгэж эхэлсэн. Тэнд бэлтгэгдсэн чадварлаг эрдэмтэд өнөөдөр хүртэл ажиллаж байна. Тэдний хүчээр их энергийн физикийн судалгаагаараа дэлхийд бас нэртэй шүү. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, өнгөрсөн жил ДУБНА-гийн 50 жилийн ой болсон. Тэнд манай нэг эрдэмтний хийсэн бүтээл 50 жилд хийсэн том амжилтуудын нэг гээд л орчихсон байгаа. [b:37d357ade0]- Цөмийн физикийн судалгаа хамгийн сайн хөгжсөн гэлээ. Яг өнөөдөр үүнийг манайд ашиглах боломж хэр вэ?[/b:37d357ade0]- Ашиглая гэвэл болно. Жишээ нь, бид өнөөдөр атомын цахилгаан станцын судалгаа хийж байна. Бэлтгэгдсэн боловсон хүчнээ ашиглахгүй бол 10-20 жилийн дараа дахиад боловсон хүчингүй болно. Атомын нэг станцтай байхад л манай улсын хувьд хангалттай. [b:37d357ade0]- Монголд атомын цахилгаан станц барих боломжтой юу?[/b:37d357ade0]- Би боломжтой л гэж бодож байна. Монголчууд хангалттай их судалсан. Мэдээж, манайх дангаараа хийж чадахгүй л дээ. Хөгжилтэй улс оронтой хамтрах ёстой. [b:37d357ade0]- Физикийн шинжлэх ухааны тухай хүмүүс бүрхэг ойлголттой байдаг. Ер нь салбар судлагдахууных нь тухай ярья?[/b:37d357ade0]- Үүнийг бүрхэг ойлгомжгүй болгодог нэг шалтгаан нь боловсролын системтэй холбоотой. Физикийн хичээлийг сонгож үздэг болгосон. Ингэснээр хүүхдүүдэд техник, шинжлэх ухаанч сэтгэлгээ нь алга болдог. Физикийг байгалийн шинжлэх ухааны хаан гэдэг шүү дээ. Физикийн судлах салбар нь асар их. Энэ шинжлэх ухааны тун бага хэсгийг нь технологи болгоод л дэлхий нийтээрээ хөгжиж байна. Сансар судлал байна. Компьютерийг нэг ширхэг физикгүйгээр төсөөлөх арга байхгүй. Барилга, зам тээвэр, машин механизм, анагаах ухаан гээд физикгүй юм байхгүй.[b:37d357ade0]- Та судалгааныхаа ажлаар гадагшаа явах гэж байна. Ер нь манайхаас хэр олон эрдэмтэн гадаадад мэргэжлээрээ ажилладаг юм бэ?[/b:37d357ade0]- Байгалийн шинжлэх ухаанд ажиллаж байгаа манай үеийн залуус буюу 30-40 насныхны миний мэдэхээр бараг ихэнх нь гадаадад ажиллаж байгаа. [b:37d357ade0]- Мэргэжлээрээ юү?[/b:37d357ade0] - Мэргэжлээрээ. Ялангуяа Америкт Физикийн хүрээлэнгээс л гэхэд лав 20-иод залуус тэнд ажилладаг. Европын орнуудад бий. Миний мэдэх Даваасамбуу гээд залуу Германд лаборатори хариуцаж ажилладаг. [b:37d357ade0]- Энэ нь буурай хөгжилтэй орныг дэмжих бодлого байдаг юм уу, манай залуусын толгой сайных уу?[/b:37d357ade0]- Өндөр хөгжилтэй орнууд “Энэ ядуу юм зайлуул, мөнгө өгье” гэж хэзээ ч хэлэхгүй. Надад ухаантай, чадвартай хүн хэрэгтэй, хариуд нь мөнгө өгье л гэдэг. Манай залуус гологдоогүй л гэж бодож байна. [b:37d357ade0]- Улс орны хөгжилд шинжлэх ухаан зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ яг ямар шинжлэх ухаан нь илүү хөгжилд түлхэц өгөх вэ?[/b:37d357ade0]- Юу хийх вэ гэдгээс хамаарна. Юуг бүтээх гээд байгаа юм. Манайх барууны өндөр технологийг бий болгоё гэж бодъё л доо. Сайн машин хийе. Бодлого тавьж, мөнгө гаргах юм бол болно. Эсвэл малын түүхий эдээ боловсруулъя гэх юм бол хөдөө аж ахуйгаа сайжруулах хэрэгтэй. Бодлогын л асуудал. Бүх шинжлэх ухаан хэрэгтэй, өөр өөрийн давуу талтай. Манайд ийм бодлого байхгүйгээс сүүлийн үед нийгмийн салбар давуу хөгжих хандлагатай байгаа. Миний бодлоор нийгмийн салбар хөгжсөнөөр хүн болгон улс төр ярьж байна. Хүн бүр дарга болох бодолтой болчихсон юм шиг санагддаг. -[b:37d357ade0] Та гадаадад ажиллах дөрвөн жилийн дотор яг юу бүтээх вэ. Өөрөөр хэлбэл үр дүн…[/b:37d357ade0]- Би очоод цөм, цөмийн харилцан үйлчлэлийн талаарх судалгаагаа үргэлжлүүлнэ. Дөрвөн жилийн дараа үр дүн гарах байх. Бодит үр дүнг хэлж болно. Атомын доторх цөм протон, нейтрон гээд хоёр зүйлээс бүтдэг гээд бид мэднэ дээ. Тэр протон, нейтроны масс хаанаас бий болсон юм гэдгийг судлаачид эрж байгаа. Түүнийг бүрдүүлдэг гурван жижиг зүйл байдаг. Тэр гурав тус тусдаа байвал маш өчүүхэн масстай хэрнээ нийлэнгүүтээ масс нь их болчихдог. Яагаад ингээд нэмэгдээд байна гэдгийг л эрж хайж байгаа. Хэрэв тэр масс эндээс гараад ирсэн байна гэдгийг тогтоочих юм бол үр дүн нь тэр. Дэлхийн онолын физикчид асар их хөрөнгөөр энэ талын судалгааг хийж байна. Масс хаанаас гарав гэдгийг мэдчих юм бол дагаад шинжлэх ухааны их олон салбар хөгжинө. Энгийн жишээ нь, одоо бид DҮD, CD хөгжимд лазер ашиглаж байна. Лазераар эмчилгээ хийж байна. Хэрэв тэр массыг тогтоочих юм бол өнөөдөр асар өндөр хүчтэй лазерыг гаргах боломжтой. Бараг 2012 оноос туршилт нь эхлэх байх. Хэрэв тэр лазерууд үйлдвэрлэлд нэвтэрвэл өвчнийг оношлоход ямар ч түвэггүй болно. Мөн маш бага хөрөнгөөр асар их энерги гаргаж авах боломж бүрдэнэ. Гэх мэтээр нэрлэж болно. 1900 оны эхэнд хийж байсан квант механикийн онол технологид орж ирснээс холбоо харилцаа хөгжиж гар утас хэрэглээд их гоё болчихлоо. Гэтэл тэр онолын зөвхөн 5-10 хувийг нь ашиглаад л ийм хөгжилд хүрч байгаа хэрэг. Онолыг илүү сайн ашиглах юм бол технологийн хурд дагаад хөгжинө. Өнөөдөр нанотехнологи гэдэг гайхалтай сайхан юм байна гээд ярьдаг. Онолын хувьд аль 100-гаад жилийн өмнө гаргачихсан. Технологи болж байгаа нь одоо үе.[b:37d357ade0]- Сүүлийн үед физикийн шинжлэх ухаанд ямар нээлт, ололтууд гарч байна вэ?[/b:37d357ade0]- Би онолын физикч болохоор энэ талын зүйлээ л ярьж байгаа. Онолын физикийн хувьд маш сонирхолтой нэг зүйл байдаг. Юув гэхээр, бүх галактикуудыг нэгтгээд орчлон ертөнц гэж бид ярьдаг даа. Онолын хувьд судлаад байхад манай ертөнцтэй паралельний ертөнц байж болох магадлал гараад ирдэг. Бидэнд баригддаггүй тийм ертөнцийн тухай судалгаа сүүлийн 10-аад жил эрчимтэй хийгдэж байна. Бид нартай зэрэгцээ байдаг, бидэнд харагддаггүй, бид мэддэггүй огт өөр ертөнц. Яагаад ийм ертөнцийн тухай судлах болсон гэхээр их тэсрэлт болоод 15 миллиард жил болсон гэдэг. Түүнээс хойш галактик, одод, нар, сар үүссэн. Энэ бүхний энергийг тооцоод үзэхээр ердөө таван хувь л байдаг. Уг нь 100 хувь байх ёстой энергийн 95 хувь нь алга болчихсон. Алга болсон энергийн эрэлд явж байтал хар матери, хар энерги гэж байх юм байна гэж тогтоосон. Хар энерги манай орчлон ертөнц үүсэхээс өмнөх энергийн 75 хувь, 20 хувь нь хар матери нь байх юм. Үлдсэн таван хувь нь бид нар юм байна гэсэн таамаг гарч ирсэн. Бүх одод, нар, дэлхий нийлээд тавхан хувь, үлдсэн нь огт өөр энерги, матери гэсэн үг шүү дээ. Бид нар их орчлон ертөнцийг бүгдийг нь таньж мэдэж байгаа юм шиг, дэлхийтэй адилхан амьдрал байж магадгүй гариг нээлээ гээд ярьж байна. Гэтэл огт мэддэггүй өөр ертөнцүүд бидэнтэй зэрэгцээд байж л байгаа сонирхолтой нээлт бий.[b:37d357ade0]- Үнэхээр байх юм гэж үү?[/b:37d357ade0]- Онолын хувьд эрдэмтэд түүнийг нээгээд одоо судалгаандаа явж байгаа. Тийм байж магадгүй объектуудыг хүртэл нээчихсэн байгаа. [b:37d357ade0]- Харь гариг гэж яриад байдаг маань тэр ертөнц гэж ойлгож болох уу?[/b:37d357ade0]- Харь гаригаас ялгаатай л даа. Харь гариг гэдэг нь манай галактикийн өөр нэг нарны аймаг дээр хүн байж магадгүй гэж л таамагладаг. Энэ бол манай ертөнц дотор байгаа зүйл. Паралельний ертөнц гэдэг бол биднээс огт өөр матери. Бид биеэ матери гэж үздэг бол үүнээс өөр зүйл. Бид тэднийг хэзээ ч мэдэрч чадахгүй. Тэд бол хар гаригийнхан ч биш. Бид хүрч чадахгүй, хэрэв хүрчих юм бол нойл болчихно. Яагаад гэхээр бидний эсрэг материуд. [b:37d357ade0]- Би үр дүнгийн талаар асуух гээд байна л даа. Зэрэгцээ ертөнц байх магадлалтай гэлээ. Судалгаа ямар үр дүнд хүргэх бол…[/b:37d357ade0]- Эхний ээлжинд онолын түвшинд хийж байгаа судалгаа. Үүнтэй холбоотой зөгнөлт кинонууд хийсэн байсан. Би энд сууж байгаад өөр ертөнцөд аялаад ирэхэд юу ч өөрчлөгдөөгүй байдаг тухай кино бий. Түүнтэй адилхан, өөр ертөнцөд биеэрээ очиж болно. Өөр фантастик маягийн зүйлс нь юу байдаг вэ гэхээр, бид орон зай, цаг хугацаа гэсэн дөрөвхөн хэмжээст ертөнцөд амьдардаг. Дөрөв дэхээ буюу цаг хугацаагаа мэдэрч ч чадахгүй явдаг шүү дээ. Гэтэл 26 хэмжээст огторгуйн тухай яригдаж байна. 26 хэмжээст ертөнцөд бидний цаг хугацаа юу ч биш.Би түрүүн квант компьютер гээд ярьж байсан даа. Бодит амьдралд хэрэгжих юм бол хэмжээ нь маш жижиг болно гээд. Түүн дээр нэмээд хэлэхэд, нэг нь нөгөөдөө үйлчилдэг хоёр бөөмс байлаа гэж бодъё. Нэгийг нь орчлонгийн нөгөө булан руу хэдэн сая гэрлийн жилийн хязгааргүй холд аваачаад шидчихээд, нэгийг нь хөдөлгөхөд нөгөө нь бас хөдөлж байдаг. Ингэж нэг нь нөгөөдөө яаж ийм хурдан мэдээлэл дамжуулж байгааг одоо болтол тайлж чадаагүй байгаа. Гэрлийн хурдаас илүү хурдтай байгаа хэрэг. Яг үүнийг ашиглаад би өөрийнхөө нэг хувийг нөгөө ертөнц дээр аваачаад бүх ажиглалтыг хийх боломжтой. Квант компьютерийн нэг өчүүхэн хэсгийг ашиглахад ийм боломжинд хүрч чадах юм. Энд нэг зүйлийг сонирхуулаад хэлэхэд, онолын физикийг диваажин гэдэг. Туршилтын физикийг там гэдэг. Онолын физикчид гайхалтай фантастик маягийн зүйл хийж болдог. Бодоод гаргаад маш гоё онол гаргаж болдог. Түүнийг туршихад технологидоо баригдаж, асар удаан яст мэлхийн хурдаар хийдэг. Үр дүн муутай байдаг болохоор там гэж нэрлэсэн хэрэг.[b:37d357ade0]- Бидний хэрэглээнд байгаа гар утас, компьютерийн ирээдүйн хувьд…[/b:37d357ade0]- Цаашид компьютерийн дэлгэц нь цаас шиг нимгэн эвхээд явдаг болно гээд технологийн хувьд гайхалтай ололтууд бий. Гурван хэмжээст компьютерүүд гарна гэж байгаа. Дэлгэц нь цаас шиг. Гар нь лазер болно гээд зарим нэг туршилтууд амьдрал дээр хийгдэж байгаа. Шинжлэх ухаан ийм хурдацтай хөгжиж байна. Манай залуус энэ бүхнийг мэддэг ойлгодог болох хэрэгтэй байна.