НААДАМ 2011
НААДАМ наргиантай хөгжилтэй, ёндоотой, дурсамжтай болж өнгөрлөө. Өглөө зарим хүмүүсийг хүлээсээр 10 цагт УБ-аас хөдлөв. Нийтдээ 60 гаруй хүн нэг том автобус, дөрвөн машинд хуваагдан Төв аймгийн Эрдэнэ сумын зүг жолоогоо заллаа. Очсон даруйдаа гурван баг болж хуваагдан Оюунаа(Ногоон азийн Солонгос охин)-гийн зааж өгсөн талбайн хоёр захаас эхлэн усалж, 2-3 цагийн дараа голдоо бөөнөөрөө уулзсанаар усалгаа өндөрлөв. Үүний дараа бид нар талбайгаа нэг захаас нь нөгөө зах хүртэл шүүрдэн хогийг нь түүж цэвэрлэв.
Ингээд бид хүсэн хүлээсэн наадмаа хийхээр Туулын ойролцоо бургасаар эмжүүрлүүлэн сүлжсэн наадмын талбайдаа очих болтол Байгаль хамгаалагч бидэнд "Энэ бол улсын онцгой бүс. Усны ундарга байгаа тул энд та нар наадамлаж болохгүй" гээд хавьтуулсангүй. Гуйж үзлээ, гувшиж үзлээ, уйлж үзлээ... болсонгүй ээ. (Гэхдээ миний хувьд дотроо бага ч гэсэн баяртай
байлаа. Учир нь нэг ч гэсэн хүн ажлаа хийж байна шүү дээ) Урам зориг нь хугарсан усалгаачдаасаа уруу царайлан байж Дарам багш маань уучлал хүсээд, ойжуулалт хийж буй өнөөх талбайнхаа ойролцоо олны хүсэн хүлээсэн наадмаа хийхээр болов.
Ингээд эхний тэмцээн эхэллээ. Эмэгтэйчүүдийн хязаалан, шүдлэн насны хурдан морины уралдаан.
10 гаруй хурдан ажнай тоос юугаан өргөснөөс
1. Түрүү магнай Индала
2. Аман хүзүүнд Ууганзаяа
3. ... (нэрийг нь санасангүй уучлаарай. Санаж байгаа нь хэлээрэй)
4. ... (нэрийг нь санасангүй уучлаарай. Санаж байгаа нь хэлээрэй)
5. Айргын тавд Чук орж уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.
Удалгүй эрэгтэйчүүдийн соёолон, их нас, азарган морьдын уралдаанд 30 гаруй хурдан үрээ тоосоо өргөснөөс:
1. Сэрдарамын уясан Миний клубын морь "мөнгөлөг" Зоригоо дөрөв дэхь удаагаа түрүү магнай
2. Батхүү (Мөөдөөгийн найз)
3. ... (нэрийг нь санасангүй уучлаарай. Санаж байгаа нь хэлээрэй)
4. Энхбат миний бие
5. Байгалаагийн уясан Монгол раллигийн хурдан ажнай Мөнхдэлгэр(Мөдө) нар айрагдсанаар үрээ морьдын уралдаан өрсөлдөөнтэй шуугиантай доргио болж өндөрлөлөө.
Бөхийн барилдаан. Бид бүгдийн хамгийн хүсэн хүлээдэг тэмцээн бол яах аргагүй бөхийн барилдаан билээ. 10 жил, их сургууль, айл хотноос ирсэн 16 хүчит бөх уран мэхийн уралдуулан барилдав. Мөдөгийн сойсон битүү морьд энэ удаагийн наадмаар маш амжилттай оролцож, түрүүг ИЗИС-ийн багш Ганхуяг, үзүүрийг Батхүү нар авч хурсан олныг баярлуулан цэнгүүлэн хотол олноороо сайхан наадав.
Энэ удаагийн бөхийн барилдаан нэгэн онцгой үзэгдэл болвоос бидний хайрт эцэг Сэрдарам болон Юү Эс Ай-н Буянцогтоо нарын барилдаан байлаа. Харамсалтай Сэрдарам найраанд оролцсон нь тодорхой болж, тэр дороо өвдөглөөд унаж хурсан олны бухимдуулж эгдүүцүүлэв.
Сайн хүн явснаа муу хүн идсэнээ гэдэг үгийг наадмаар хэрэглэх нь туйлын зохимжгүй юм. Учир нь айраг хорхоггүй наадам Миний клубын түүхэнд байгаагүй билээ. 100 литрийн айргийг дэмбээдэж, хуруудаж, хайч чулуу даавуудаж торгож, торгуулж сайхан ууцгаалаа. Эрдэнэ суманд байх модоо арчилж, хамгаалдаг хот айлынхан маань бидний бэлдсэн хонийг сайхан гэгч нь янзалж, хорхогны чулуугаар хотын бидний гарыг дулаацуулж, амтат махыг арааныхаа шүлсийг гоожуулан идэх боломжийг олгосонд талархаад баршгүй.
Ингээд бидний наадам дуутай хууртай, дуутай шуутай, айрагтай цагаатай, амгалан сайхан болж өндөрлөлөө.
Жич: Зарим нэг нөхөд маань монгол ёс заншлаа сэргээн харж, ахмад настан учир мэдэх хүмүүсээс асууж сурах нь зүйтэй. Зарим нөхөд маань арай л ёсгүй аашилж байсан шүү. (Үүнд би ч бас өөрийгөө оруулсан болно. Буруу дэвж, шавсан)