“ӨЭЛҮН ЭХ” АЛТАН ХӨШӨӨТ ЦОГЦОЛБОР
2013 оны 07-р сарын 29, Нийтэлсэн Г.Төмөрчулуун
Их талын нүүдэлчин, язгуурын Монгол угсаатны нэгдэл Нийтийн он тооллын 6 дугаар зуунд Хиан, Нукус нараас салбарлан 8 дугаар зуунд Бөртэ Чино, Гуа Марал нарын залгамж болж Гурван голын эхэнд төвлөрч Добу мэргэн, Хорь Монголын Хоридай мэргэний Баргужин гоо хатнаас Ариг ус хэмээх газар мэндэлсэн Алун гоо хатныг гэргий болгон авснаар Хиад Боржигон овгийнхон Хамаг Монгол угсаатны тэргүүлэх байр сууринд гарч ирсэн түүхтэй.
Суут богд Чингис хааны эцэг Есүхэй баатар энэ их уламжлалын дагуу Хувайширагийн удам, Олхоноуд овгийн Өэлүн үжинг хатан болгон буулгасан нь Монгол угсаатны нэгдэл, их Монгол үндэстний мандан бадралын эхийг тавьсан тэнгэрээс заяат үйлс байсан амуй.
Их эзэн богд Чингис хааны эх Өэлүн үжин нь Онон мөрний хөвөө, Ольхон тал хэмээх газар /Одоогийн Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг/ хаад ихэсийн зэрэгт хүрэх хүчирхэг хөвгүүдээ өсгөн хүмүүжүүлж Монголын олон овог аймгуудын эв нэгдлийн төлөө мятаршгүй тэмцэж ахмад хүү Тэмүжиндээ гарвал нэгт Зурлуг мэргэний удам Дай сэцний Цотон хатнаас мэндэлсэн Бөртэ үжинг гэргий болгосон нь өвөг дээдсийн уламжлалыг чандлан сахиж ирсний гэрч юм.
Монгол түмний эх шүтээн болсон Өэлүн үжиний алар суу, мөнхийн гавьяаг их түүхнээ дархлан үлдээх нь хойч үе бидний үүрэг мөн.
Иймд их хатны мэндэлсэн газарт таван хүүхдийг нь билэгдсэн таван тулгуур баганыг тэнгэрт цойлуулан сүндэрлүүлж оройд нь цагаан шонхор мэт үзэгдэх хатан өмсгөл, богтог малгайтай Өэлүн үжиний алтан хөшөөг 22,0 метр өндөртэйгээр залан бүтээх гэж байна.
Өэлүн эхийн алтан хөшөөт цогцолбор нь эх хүнийг дээдлэн алдаршуулсан дэлхийд ховор бүтээл болох бөгөөд үндэстний бахархлыг сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой бүтээн байгуулалт болох юм.
Гэрэлт хөшөө байгууламж:
1. Гэрэлт хөшөө, ногоон байгууламж, зам
2. Тулгын гурван чулуу
3. Машины зогсоол, замын тэмдэглэгээ
4. Ариун цэврийн байгууламж
5. Ард иргэдийн хоноглох отог
6. Цул чулуун баганан дээр Өэлүн эхийн түүхэн сийлбэр бичиг /МНТ-ны 74, 75-р зүйл/
7. Хандивлагч нарын нэрийг мөнхөлсөн багана
Домог хүүрнэсэн Дорнын их талд
Онгод хөглөсөн Онон голын хөндийд
Удамт дээдсийн хүй цөглөсөн газарт
Ухаант хатдын сүй тавьсан нутагт
Улсын эх Өэлүн сүү өргөн хүлээж
Урлагийн бурхдын сүнс холоос даллан дуудаж байна
Хосгүй нандин бүтээл цогцолж
Хойч ирээдүйн бахархлаар сүндэрлэж
Саваа халин долгилох мөрөн гол баярлаж
Санаа нийлсэн хүмүүсийн сайхан мөрөөдөл биеллээ
Онон Балжийн бэлчир, Ольхон талын цэцэгт нугад
Өэлүн эхийн баримлыг өргөн олны шүтээн болгохоор босгож байна
Тэнгэр эцэг, Газар эхтэй ард түмэн эх минь
Сэтгэлийн дэмжлэг, итгэлийн хандиваа өргөөрэй.
Барималч Н.Оргил
Сангийн хаяг: Дорнод аймгийн Баян-Уул сум “Олхоноуд аймгийн Өэлүн эх” сан
Сангийн тэргүүн: Б.Мөнхбаясгалан 99804597, 98110929
Гүйцэтгэх захирал: Ж.Ичинхорлоо 95589298, 93157194
И-мэйл хаяг:
icho_60@yahoo.comСангийн данс: ХААН банк 5407098237