Сэлэнгэ аймагт ажиллаад ирсэн НТС-ийн багш Д. Сэрдарамын ажлын тайлан
Монгол улсын 3 дахь Ерөнхийлөгч асан Н. Энхбаярын үүсгэн санаачилсан
"Хөдөөгийн хөгжил" ТББ-аас зохион байгуулсан Тужийн нарсанд мод тарих ажилд ШУТИС-ийн 10 оюутан оролцоод ирлээ. Манай багийн бүрэлдхүүнд: КТМС-ийн С. Дэлгэрцэцэг, Н. Төгөлдөр, Б. Чингүүн, Б.Энхсайхан, Д. Номин, н. Сундуй, С. Ган-Очир, УУИС-ийн Н. Батзориг, МИС-ийн Б. Энхмандах, НТС-ийн Онон нарын 10 оюутан бүгдээрээ маш идэвх санаачилгатай 3 өдөр ажиллаж 5 сарын 16-ны 22.40 минутанд Улаанбаатар хотод ирлээ. Энэ үйл ажиллагаанд СУИС, ШУТИС, ХУИС-ууд нийлсэн 3 сургуулийн 30 оюутан, 3 багш, хэвлэл мэдээллийн болон зохион байгуулах ажилтан нийлсэн нийт 48 хүн 50 хүний суудалтай том автобусаар явсан бөгөөд СУИС нь нэг ижил хувцаслалт, сургуулиас баталсан төсөвтэй, ХУИС нь зохион байгуулах ажлын хүрээндээ төсөвлөгдсөн батламж, туг далбаа, ялгарах тэмдэгтэй зохион байгуулалтын хувьд өндөр түвшинд явж байсныг онцлон тэмдэглэж байна.
Манай сургуулиас зөвхөн Мод тарих дур сонирхолоороо нийлсэн “Миний Клуб”-ын оюутнууд ажиллах хувийн бэлтгэлтэйгээр цугласан болно. Баасан гаригт “Ногоон Улаанбаатар” арга хэмжээнд НТС болон “Миний Клуб” оюутнууд шөнө дунд хүртэл бэлтгэл ажилтай байсан болохоор энэ арга хэмжээний бэлтгэл ажил хангагдаагүй байж болно. Бид 16.00 цагт Драмын театраас хөдлөхөд ХУИС, СУИС-ийн удирдлагууд оюутнуудаа баяр ёслолын байдалтай гаргаж өгөв. Энэ үйл ажиллагаа нь чухал бус боловч сургуулийн өнгө төрх, оюутнуудын урам зоригт чухал ач холбогдолтой байх болов уу? Хойшид ийм ажил дээр сургуулийн удирдлага анхаарч байна уу?
Ажилдаа манайхан үнэхээр сайн ажилласан болохыг надаас гадна Ойн газар, Орон нутгийн удирдлага онцгойлон анхаарч баяр хүргэж байсан. Гэхдээ будаа тарианы орон Сэлэнгэд "би хаана байна вэ? чи хаана байнаа?" гэсэн будаатай шөл 2 аяга, Ногоотой шөл 1 аяга, 3 хуушуур идсэн болохоор оюутнууд маань өлсөж байсан. Бид Сэлэнгэ явах замдаа Дархан хотод, буцахдаа “Урьхан” зоогийн газар өөрсдийн мөнгөөр хоол авч идсэн болно. Сайн дурын ажилд явахад хоол хамгийн чухал хөшүүрэг болдог юм шүү гэдгийг ойлгохгүй байна.
САА-д байдаг байсан Нутгийн Индианууд одоо ч гэсэн хэвээрээ байна. Манай 2 ч оюутанг зодно гэж айлгасан байна. Тэд бол УУИС-ийг өнгөрсөн жил, энэ өвөл төгссөн залуус. Уг нь дүү нар нь ирсэн байна. Зүгээр ч биш нутагт нь мод тарих гэж байхад нь хүндлэлгүй зодно гэж дайрсан байгаам. Учир юу хэмээвээс "Манай ээж та нар зугаалгыг зохион байгуулж 1 үхрийн мах 3 хонины мах бэлдсэн" гэж ээжийгээ өрөвдөж дүү нартаа уураа гаргасан гэнэ. Ийм их хоол "идсэн" залуус бас яаж зүгээр байхав. Манай сургууль ялангуяа УУИС оюутнуудынхаа хүмүүжил, төлөвшил дээр онцгой анхаарч ажиллана уу. Ямар ч сургуулийн оюутнууд сайн залуучууд тэдэнтэй эв нэгдэлтэйгаар хамтран ажиллаж болохыг “Миний Клуб”-ын туршлага харуулж байна.
Бидний ажил хоолны хэрүүлээс сайханг зүйл байлаа. Жилдээ 5-8хан см ургадаг Нарс модны зарим нь бүр надаас өндөр болсныг харахад үнэхээр сайханг байлаа. Энэ жил тариалах талбай “Ээж мод”-ноос нааш 5 км-т Тужийн нарсны баруун хойд залгаа газар. Түймрийн дараа цэвэрлэгээ хийгээд мод тарихаас наана нь 15 см орчим өнгөн хөрсийг нь хуулж цэвэр хар шороо гаргаад түүн дээрээ 2 настай Нарс модыг 1м-ийн зайтайгаар зээтүүгээр үндэсний хэмжээгээр нь гүн суулгана. 2 настай суулгац гэдэг нь 10 см хүрэхтэй үгүйтэй маш жижигхэн нарсыг хэлнэ. Энэ суулгац жилдээ ердөө 5 см ургаж, 1 мм бүдүүрнэ.
Залуучууд маань сайн ажиллаж 15.000 нарс тариалаад ирлээ. Энэ талбайг ШУТИС, СУИС, ХУИС-ийн нэрэмжит ойн зурвас болгоно гэж Нутгийн удирдлагууд хэлсэн. Биднийг Ням гаригийн орой 4 цагт ажлаа дуусгаад УБ-руу хөдлөхөд Тэнгэр бүрхэж бороо орох гэж байлаа. Энэ бороо Сэлэнгэд жинхэнэ шар тос болж байгаа байх. Сургуулийн удирдлага хамт явсан оюутнуудыг тус бүрд нь урамшуулал өгөхөөс гадна, болчимгүй оюутнуудаас болж өөрөөсөө төлсөн мөнгийг маань буцаан олгож өгнө үү.
Тайлан гаргасан: НТС-ийн багш Д. Сэрдарам