Author Topic: Lekts-5 Juud biyu Evrei  (Read 21469 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Lekts-5 Juud biyu Evrei
« on: 2008.07.10 19:39 »
ИУДАИЗМ БУЮУ ЕВРЕЙЧУУД.

Дэлхийн 5000 гаруй угсаатнууд хүний эрхтэй адил бүгд л өөр өөрсдийн түүх, соёл зан заншил, соёл иргэншилтэй. Гэхдээ тэдний дундаас бусдыгаа манлайлан араасаа дагуулж дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн цөөн тооны ЭТНОС байдаг. Тэд яагаад ингэж манлайлах болсныг түүхэнд товойн гарч ирсэн удирдагчид, суут хүмүүс, Түүхэн нөхцөл байдал, цаг хугацааны аятай таатай нөхцөл, эсвэл төрөлхийн ухаан сэргэлэн гэх мэт олон байдлаар тайлбарлаж болох авч Вернадский, Гумилёв нарын зарим судлаачид “ЭТНОБИОСФЕР ОНОЛ”-оор ийм зүй тогтлыг тайлбарлах гэж оролдслн байдаг.  КОСМОСФЕР\ИОНСФЕР\-АТМОСФЕР-БИОСФЕР-ГЕОСФЕРээс гадна хүн төрөлхтөнд нөлөөлөхүйц НООСФЕР буюу ухамсарт мандал нь зарим нэг угсаатнуудыг СУПЕР ЭТНОС болгодог тухай онол юм. Энэ тухай бид дараагийн лекцэн дээр тодорхой дурьдах тул одоо зөвхөн СУПЕРЭТНОС-ын нэг болох ЕВРЕЙЧҮҮДИЙН тухай хүүрнэхсүгэй.   

Иудаизм гэдэг ганцхан шүтлэг бишрэлтэй ЕВРЕЙчууд МЭӨ 3р мянганы үед одоогийн ПАЛЕСТИНЫ\Ханаануев\ нутагт амьдарч байсан гэж судлаачид баталдаг. Еврейчууд нь Баруун СЕМИТИЙН бүлгийн нүүдэлчдийн бүлэгт багтах бөгөөд МЭӨ 13р зуунд Египетийн хаант улсын дарангуйлалаас зугатааж Палестинд иржээ. Библи судар дээр гардаг домогоор “ах дүү нар нь Египетын худалдаачинд Иаковыг худалдсан бөгөөд тэр Фароаны итгэлийг олж хүүхдүүдийн хамт амар тайван амьдардаг. Гэвч тэд Египетийн дарлал дор хэвээр байсан учир зөнч МОИСЕЙ \мушаах\ Бурханы хүслээр еврейчүүдийг чөлөөлөн Палестинд авчирч СИОН уулан дээр бурханд анхны гэрээг байгуулсан” гэж түүхийг нь эхлүүлдэг. Түүхийн судалгааны үүднээс Палестинд нутаглаж байсан Ханаанев аймгийг МЭӨ 18-р зуунд Египетийн Гиксос аймгууд эрхшээлдээ оруулсан бөгөөд үүний дараа МЭӨ13-р зуунд ВАВИЛОН улсын эрхшээлд орсон газар нутаг гэж дүгнэдэг. Палестин гэдэг нэр нь еврейн хэлний

 ПЕЛИШТИМ – ФИЛИЕТИМЛЯН гэсэн үг бөгөөд сөнөсөн хэл учраас утгыг нь сайн тайлаагүй байна. МЭӨ 11-р зуунаас тэд Саул хааны удирдлагаар ИЗРИАЛЬ-ИУДЕЙН хаант улс болж нэгдсэн. Энэ хаант улсын хамгийн хүчирхэг хаад нв Давид, Соломон хаадууд байсан тухай Библи дээр тэмдэглэгдэн үлджээ. Соломон хааны дараа буюу МЭӨ928 онд тус улс задарч Изриалийн хаант улс\928-722\, Иудейн хаант улс\928-586\ болж задран түүний дараа тус газар нутаг Ассир, Персийн хаант улсын эрхшээлд тус тус орсон. Александр хааны дараа Потолмейн, Селеквидийн хаант улсуудын харъяанд орж байсан.
МЭӨ 63 онд Ромд эзлэгдэж Ромын эзэнт улс задран унасны дараа 395 онд Византийн хаант улсын харъяанд оржээ. Энэ хугацаанд еврейчүүд овгийн хүйн зохион байгуулалттай, шүтлэг бишрэлийн хувьд биеэ даасан Эзэнт улс дахь биеэ даасан жижиг улсын шинжтэй оршин тогнож байсан. 640 онд Арабчууд хүчирхэгжиж их аян дайн хийж Палестиныг эзлэн АББАСИДЫН УЛС-ын харъяанд орлоо. Энэ үеэс Арабууд Палестинд суурьшиж Еврейчүүдийг шахах болсноор тэдний дунд шашин-улс төрийн эцэс төгсгөлгүй тэмцлийн эх үүсвэр тавигджээ. Еврейчүүд Палестинаас шахагдан Магрибын орнууд гарсан боловч мөн л ИСЛАМ шашинтнуудад шахагдсан тул Ойрхи дорнод, Европ, түүгээр дамжин Америк тив рүү олноороо цагаачилсан. Еврейчууд ийнхүү цагаачилсан нь Европын худалдаа наймаа, Соёл, Шинжлэх ухаанд идэвхитэй нөлөө үзүүлэх шалтгаан болсон. Цагаачид дундад зууны үеийн католик ИНКВИЗАТОРУУДААС зугатаж хэл соёл, шашин шүтлэгээ нуун далдлах шаардлага гарсан тул түүхийн урт удаан хугацааны дараа хэл, бичиг үсэг, соёлын хэлбэр, зан заншилаа мартаж эхэлсэн. Гэвч еврейчүүдийг ИУДАЙН шашин нь нэгдмэл байлгаж байлаа.    

Дундад зууны үеэс Еврейчүүдийн Европынхон хяхан хавчдаг байлаа. Үүнд 2 шалтгаан байсан. 1.Тэдэнд Исус Кристээс урваж тарчлаан алуулсан гэм бурууг хүлээлгэж байсан.
2. Аж үйлдвэрийн хувьсгаль, Рефермотаруудын дараагаас Еврейчүүдэд эдийн засаг, соёл, шинжлэх ухааны том том нээлтүүд эд баялаг, эрх мэдэл өгсөн. Өөрөөр хэлбэл хавчигдаж байсан Еврейчүүд Европ тивийг бараг эзэлж эхэлсэн. Үүнээс болж АНТИСЕМИТИЗМ буюу еврейчүүдийг шахах хөдөлгөөн ихсэв. Үүний нэг үр дүн нь Фашизм, Дэлхийн дайн байлаа. Дэлхийн 2-р дайнд Фашистуудын ГЕНОЦИТ бодлогын улмаас 1939-1945 онд 6сая еврей хорих лагерт үхсэн учраас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1947 оны 11 сарын 29-ны тусгай тогтоолоор Палестины 14 мян. км2 нутгийг Еврейчуудэд, 6,7 мян. км2 нутгийг Арабчуудад тус тус өгч биеэ даасан улс байгуулах зөвшөөрөл олгосон. Еврейчүүдийн дэлхийн өнцөг булан бүрээс ирэхдээ бүгд ҮНДЭСТНИЙ ХЭВ ШИНЖЭЭ бүрдүүлж чадсан байсан нь үнэхээр бахархалтай байсан. Учир нь тэдний Иудайн шашин СИОНИЗМЫН сургааль үүнд их нөлөөлсөн. Сионизм нь ХХ зууны эхээр Европ, АНУ-ын Еврейчуудын дунд дэлгэрсэн үзэл. 1897 онд Щвейцарийн Базель хотноо анх Сионистуудын Конгерессыг хуралдуулж “Бүх дэлхийн Сионистуудын байгууллага”-ыг байгуулж “бүх еврейчууд ахан дүүс, еврей хүмүүс бурхнаас заяасан соёлт хүмүүс тул түүхэн үнэн ёсоор Библийг зохионсон газар Палестинд хууль ёсны амьдрах эрхтэй хүмүүс.

 Еврейчууд бүгдээрээ СИОН уулын дэргэд уулзах өдрийг урагшлуулахтүгэй” гэж зар тараасан. 1948 оны 10 сард БН Изриаль улсыг тунхаглаж анхны Ерөнхий сайд нь Бен Гурион\1948-1953, 1955-1963\ болж үндсэн хууль, Парламент\Кнессет\-аа байгуулсан. 1948-1951 онд 1,7 сая еврей “эх нутагтаа” иржээ. Энэ их нүүдлийг АЛЛИИ гэдэг. Шинээр байгуулагдсан улс 1948-1949 онд Араб-Изриалийн дайн хийж “шашны ариун газруудаа” эзлэн авснаар Арабтай улам хүчтэй эвдрэлцэх болсон. Энэ дайн одоо хүртэл үргэлжилж байгаа бөгөөд Араб-Изриаль том дайн 6 удаа гарч, 1972 оны Мюнхений хэрэг явдал зэрэг олон улс төрийн үйл явдал гарсан байна. Дайнд амжилт гаргасан шалтгаан нь 1957 оны Эйзенхаурын доктринд нэгдсэн, АНУ,Францын ЗГ, Парламентаас хүчтэй дэмжлэгэ авдаг, далд лобби хүртэл хийдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн учир АРАБЫН болон ИСЛАМЫН ертөнц дунд ганцаараа хүчтэйгээр оршин чадаж байгаа өвөрмөц улс билээ.
Дэлхийн еврейчууд одоо 19 саяулаа. АНУ-д 5,7 сая, ОХУ-д 2,5 сая еврейчууд амьдардаг.  Изриаль улсад 5,6 сая хүн амтай. 85% нь еврей, 14,6% нь араб, үлдсэн нь армян болон бусад үндэстэн. Тэд 2 хэлээр ярьдаг:
1. ИДИШ хэл. Утга зохиолын буюу ТОРА бичигдсэн хэл. Европт очсон Еврейчууд энэ хэлээр ярилцдаг байсан бөгөөд герман аялгатай төстэй. Мөн Испанийн еврейчуудын ярьдаг ЛАДИНО гэдэг хэл байдаг. 
2. Иврит хэл. Гол эх сурвалж нь ТОРА болон ХУУЧИН ГЭРЭЭ зохиолуудаас сэргээж Польшийн эрдэмтэн Теодор Герацля энэ хэлийг ХХ зууны эхээр зохиосон байна. Одоо Изриаль улсын албан ёсны хэл бөгөөд түүн дээр тулгуурласан 22 авиа үсэг бүхий Иврит бичгийг хэрэглэдэг. 
Тэдний он тоолол нь дэлхий үүсээд 5768 он\2007\ бөгөөд 9-р сарын 5нд шинэ жил болдог.

ИУДАИЗМ: ИУДАИЗМ бол еврейчуудын шашин шүтлэг төдийгүй тэдний оюуны соёл иргэншлийн элемент юм. Тэр нь 7 үндсийг агуулдаг.
1. БУРХАНЫ ТУХАЙ СУРГААЛЬ.
2. ХУВЬ ХҮН БОЛОН НИЙГМИЙН ЁС СУРТАХУУН.
3. ЁСЛОЛ, ЗАН ЗАНШИЛ УЛАМЖЛАЛУУДЫН СИСТЕМ.
4. ХУУЛИУДЫН ЭМХЭТГЭЛ.
5. АРИУН НОМ.
6. БАЙГУУЛЛАГА БУЮУ СИНАГОГ.
7. ЕВРЕЙЧҮҮД БОЛОН ИЗРИАЛ УЛС.
1. Тэдний бурхан бол ганцхан ЯХВЕ\БОГ\ бурхан.  БОГ олон ард түмнүүдээс ганцхан Изриалийг л сонгосон. Учир тэд л өөртөө тохиолдслн гай зовлон, бэрхшээлийг даван туулж чадах учраас гэж үздэг. Изриальчууд БОГ-т хүчин зүтгээд зогсохгүй түүний хүслийг хэгэржүүлнэ. Бусад ард түмэнд үнэнийг дамжуулж эцэст нь нэг зорилготой, шинэ амьдралыг цогцлоох ёстой.
2. Изриальчууд дэлхийн түүхэнд гарч ирсэн өөрийн хувь тавилангаа хүлээн зөвшөөрсөн ганц ард түмэн учир нарийн чанд зохион байгуулагдах ёстой. Еврейчууд сонгогдсон, дараа нь самуурсан, үүнийхээ горыг амсаж мөрдөгдөж хавчигдсан, зовлон асар их амссан. Тиймээс өөрийнхөө газар нутаг дээр нэгдэх ёстой.
Яагаад ганцхан еврейчууд ийм өндөр амжилтанд хүрдэг вэ? гэвэл 2 шалтгаан байна. 1. Өвөг дээсийн ГЕНИ, тэдний үлдээсэн хүмүүжлийн үзэл суртал. 2. Маш их гай зовлон үзэж туулж өнгөрүүлсэн, эцэст нь даван туулсан тэдний түүх нь Еврейчуудийг ийм өндөрлөгт хүргэжээ.  Хүний хувь заяа, амьдрал нь ирээдүйн 3 сургааль буюу АЧ ХАРИУЛАХ, ҮХЭШГҮЙ, ВОСКРЕССИЙ буюу үхээд буцаж сэргэх \мөнхийн галаас аврагдах\3. Мөргөл бол БОГ-ХҮН хоёрын дунд гүүр нь болдог. Бид зөн билигийн тусламжтайгаар түүнийг мэдэрдэг. Мөргөл ёслолоор БОГ-ийг алдаршуулдаг.

Еврейчууд дараахь баяр ёслол тэмдэглэдэг. 1. ШАББАТ\субботу\ бүтээн бий болсон үе буюу Египетээс хүрч ирсэн үе. Энэ өдөр хүн, амьд зүйлсийн бүгдийн бий болсон үе гэж баярладаг. Синагогт хүмүүс цугларан хамтын мөргөл хийн дарс задлан баярын мөргөл гэртээ хийдэг\каддуш\.
2. Рош ха Шана буюу шинэ жил БОГ ертөнцийг бүтээсэн баяр. 9 сарын 5-нд. 
3. ИОМ-КИППУР буюу бүгдийн өршөөх өдөр. Энэ өдөр мацаг барьдаг. БОГ ертөнцөд хүрэлцэн ирж түүнд хүмүүс мөргөх өдрийг бэлэгдсэн баяр.
4. СУККОТ буюу ургацын баяр нь нийт 19 хоног үргэлжилдэг. 8 өдөр ургацаа хураасны дараа 9 дэх өдрөөс нь ТОРА-гаа уншиж баярладаг Изриальчуудын хамгийн том баяр. 
5. ПЕСАХ-Египетээс зугатаасны баяр.

4. Еврейчуудын дагаж мөрдөх хуулиудын эмхэтгэл Синагогд нь хадгалагддаг.
5. ТОРА гэдэг судар Синагог бүрт 1 хувь хадгалагддаг. Тора нь еврейчуудийн түүхийг Моисейн үхэл хүртэл бичсэн. Тора гэдэг нь эртний иврит хэлээр удирдах, сургах гэсэн үг \латин хэлээр доктрина\  ТОРА-д БОГ-ийн тухай, хүний ёс суртахууны тухай өгүүлсэн байдаг. МИЦВОТ буюу сайн зүйл хийх хүн болох ёслол зэрэг олон зүйлийн тухай байдаг. ТОРА-гаас үндэслэн Библи болон бусад эртний эх сурвалжууд бий болсон гэж дүгнэж болно. Тухайлбал “Хуучин гэрээ” ном нь Тора - эртний еврейн гарал үүсэл, үлгэр домог, шашны ёс зүйг оруулсан бол Агиограф – тэр үеийн магтаал туульс, Лүндэч – ЯХВЕ бурхан, түүнийг лүндэнг буулгахаар ирсэн 12 зөнчийн тухай байдаг. Эдгээр 3 хэсэг хэдэн зууны турш бичигдэн, уламжлагдан ирсээр МЭӨҮ зуунд бүрэн эмхэтгэгдэн гарснаар Еврейчүүд монотеист хэлбэрийн шашин шүтэх болжээ. “Хуучин гэрээ” хамгийн анхны олдвор нь Изриаль улсад байдаг Сөнөсөн тэнгис гэдэг газраас 1947 онд олдсон бөгөөд он цагийг нь судлаачид МЭ 90-100 онд холбогдон гэж дүгнээд “КУМРАНЫ БИЧИГ” гэж нэрлэжээ.
6. СИНАГОГ: Еврей үндэстний цуглардаг цорын ганц гэр бол Синагог болно. Сионизмд Синагогийг 3 үндсэн үүрэгтэй гэж үздэг. 1. Мөргөл, сүм хийдийн үүрэгтэй. Энд хүмүүс нийтээрээ хүрэлцэн ирж мөргөх нөхцлийг бүрдүүлсэн байдаг. 2. Иудаизмын сургаалийг номлодог сургуулийн үүргийг гүйцэтгэдэг. Хүүхдүүд, насанд хүрсэн цагаач, шилцин суурьшигчид ЕВРЕЙ ХҮН БОЛЖ ХҮМҮҮЖИХ сургалтын бааз болох ёстой. 3. Ард түмний гэр орон болдог. Дэлхийн хаана ч гэсэн нэг Еврей нөгөөгөө олохдоо Синагогоос л олж болно гэж дүгнэдэг. Тиймээс Синагог нь ард түмний нэгдсэн нийгэмлэг болдог бөгөөд Синагог бүрийг нэг байгууллага захирдаггүй бүгдээрээ тусдаа биеэ даасан эрх мэдэлтэй, харин Иудаизмын болон Сионизмын сургаалиараа нэгддэг.

АЛИЙ буюу шилжин нүүх хөдөлгөөн: Энэ бол Сионизмын гол үзэл суртал юм. Алийгийн түүх маш эртний үеэс эхтэй. Еврейчүүд эртний Египет, Вавилоноос зугатаан Эрец-Исраэльд хүрэлцэн ирснийг алийгийн хамгийн анхны эхлэл гэж үздэг. Үүний дараа МЭ 6 зуунд Арабуудад хөөгдөн цагаачилж эхлэхдээ ч буцаж ирнэ, Сион ууландаа очино гэдэг үзэл суртлыг баримталж байсан. Буцан ирэх болсон шалтгаан нь Сион уул, Иерусалим хотоос үүдэлтэй. Исламын шашинд Алькудас буюу Ариун хот гэж нэрлэгддэг энэ газар 4000 жилийн түүхтэй гэдэг. Энэ хотын 4000 жилийг ойг Изриаль улс 7 жилийн өмнө тэмдэглэж байсан билээ. Энэ хотын төлөө шашны тулалдаан, их дайн түүхийн бүх үеийн турш гарч одоо хүртэл бүрэн намжаагүй байна. Алийгийн хамгийн гол зорилго бол Палестинд шилжин суух явдал байлаа. Алийг үндсэн 6 үед хуваадаг: 1. 1882-1903 онд дорнод Европоос хамгийн анхны 25.000 еврейчууд Палестинд ирж суурьшсан. Тэр үед Османы Туркийн эзэнт улсын хүч суларч байсан учраас Палестинд еврейчууд шилжин суурьших боломж гарсан. Тэднийг Исламынхан маш их доромжилж, хавчин гадуурхаж байсан ч анхны суурингуудаа амжилттай байгуулж чаджээ. 2. 1904-1914 онд Орос болон Дорнод Европоос 40.000 еврейчүүд Палестины Еврейн сууринд ирсэн. Дэлхийн дайн болох дөхсөн тогтворгүй үед Еврейчүүд дайны хөл үймээнээр шалтаглан Палестинд иржээ. 3. Дэлхийн дайн дуусан Палестиныг Англи улс мандатаар захирч байх хугацаанд 1919-1923 онд голдуу залуу еврейчуудээс бүрдсэн \өөрсдийгөө пионерууд гэж нэрлэж байсан\ 35.000 еврейчүүд нүүдэллэн ирж Еврейн суурингийн хүрээг тэлсэн. 4 дэх үеийн алий нь 1924-1928 онд Польшоос 67.000 еврейчууд Палестинд шилжин ирснийг дэлхийн эдийн засгийн их хямралтай холбож тайлбарладаг. Дэлхийн 2 дайн эхлэхээс өмнө Нацизмын хавчилтаас 250.000 еврей Палестинд цагаачилж ирснийг 5 дахь үе гэж нэрлэдэг.  Дайны дараа НҮБ-ийн тогтоолоор Изриаль улсыг байгуулах болоход хамгийн том алий болж 1948-1951 онд 1,7 сая еврей “эх нутагтаа” иржээ. Алий одоо хүртэл үргэлжилсээр байгаа. Социалист систем задран унахад олон мянган еврейчууд Изриаль улсад шилжин ирсэн байдаг.
Их нүүдэл хийсэн еврейчууд нь тухайн цаг үедээ эдийн засгийн хувьд харьцангуй дорой байсан улсын еврейчүүд байсан атлаа ийм их олныг хамарсан их нүүдэл хийж байсны учир нь дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө манлайлж байсан өндөр хөгжилтэй улс орнуудын еврейчүүд тэдэнд туслалцаа үзүүлж байсанд гол учир нь байлаа. Дэлхийн өнцөг булан бүрд цагаачилж суудаг еврейчүүд интернет, холбоо харилцаагүй байсан атлаа ингэж хүчирхэг нэгдэлтэй болгож байсныг Иудаизм, сионизмтэй л холбож тайлбарламаар байгаа юм даа. ЕВРЕЙЧУУДЭЭ ГЭЖ??
« Last Edit: 2013.03.18 17:20 by serdaram »

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Израиль эмэгтэйчүүд АРМИ-д
« Reply #1 on: 2013.03.18 17:22 »
Израилийн эмэгтэйчүүд эрчүүдтэй адил армид алба хашдагийг бүгд мэдэх байх. Тэд яг л эрчүүд шиг ав­то­мат үүрэн, нуувч ухаж, мөлхдөг.
Цэрэгт явахаас татгалзаж болохгүй, буруугаар ойлгоно. Хэрэв эрүүл мэндийн байд­лаар эр хүнийг байтугай бүс­гүйг цэрэгт аваагүй бол гэр бүлийн шившиг гэж үздэг. Эрчүүд гурван жил, бүсгүйчүүд хоёр жил алба хаадаг.
Израильд цэрэг хүнийг баатар гэж тооцдог. Иймээс бүгд л армид алба хаахыг мөрөөдөн, цэрэгт татагдах өдрөө тэсэн ядан хүлээдэг аж. Израильчууд дунд сур­гуулиа төгсөөд л цэрэгт яв­даг. Дараа нь цэргийн ка­зар­мад өнгөрөөсөн он жи­лүүдээ хамгийн сайхан гэж дурсацгаадаг.
Израилийн цэргүүд ца­лин авахаас гадна эцэг эхэд нь тэтгэмж олгодог. Со­­нирхолтой нь энэ улсын бүх хотод цэргийн гуанз бий. Ангиас гадуур яваа цэр­гүүд энд үнэ төлбөргүй хоол­лодог. Цэргүүдийг өөр га­зарт хооллохыг хатуу хо­риглодог ба зоогийн газарт хоол идсэн цэрэг шууд шо­ронд суудаг. Учир нь Из­раилийн эрх баригчид цэр­гүүдийг нь хордуулахаас бол­гоомжилдог аж.
Охид бүсгүйчүүд, мөн эр­чүүд цэргийн алба хаасан л бол бүх хаалга нээлттэй. Их, дээд сургуульд элсэх, ажилд орох гээд л. Цэргийн алба хаах хугацаанд долоо хоногт нэг удаа гэртээ харьдаг.
Эмэгтэйчүүд маш хүнд ав­томатаа гараасаа ч тавьж болохгүй, жорлонд ч авч ор­дог. Алдвал шоронд сууна. Из­раилийн бүсгүйчүүд ха­луун наранд элсэн цөлд ав­то­ма­таа үүрэн гүйхдээ тэсгэл ал­дан ээж рүүгээ утастаж уйлах тохиолдол бий. Гэх­дээ хэнд ч хаяад явна гэ­сэн ойлголт байхгүй, эх оронч үзэл тэгтлээ шингэсэн байдаг.
Хамгийн сайхан нь цэр­гээс халагдсаны дараа ха­г­ас жилээс нэг жилийн хуга­цаанд Таиланд, Америкт амар­даг. Амарч ирсний да­раа хоёр жил ажиллаж, дээд сургуулийн төлбөрөө олох ёстой.
Мөн нэг жилийг дээд сур­гуулийн элсэх шалгалтад /психометр/ бэлдэж өнгө­рөө­нө. Иймээс энд голдуу 25-30 насандаа дээд сургуульд сур­даг. Тэгээд 30 наснаас хойш гэр бүл зохиож эхэлнэ. Гэхдээ орчин үед ихэнх эмэг­тэй­­чүүд хэсэг хугацаанд өөрийн эрхээр амьдрахыг хүс­дэг болсон гэнэ.
Онцлог нь Израилийн хүүхнүүд бусад орныхоос ялгаатай нь хувцасны моод энэ тэр гэж гүйдэггүй, эн­гийн, эвтэйхэн хувцасладаг. Гэхдээ хайш яйш гэж хэлж боломгүй. Өөр нэг дүрэм гэвэл өдөр хавтгай ултай гутал ботинк углаж, өндөр өсгийтийг зөвхөн үдэш өм­сөнө. Израильчуудын өөр нэг онцлог бол хувцсаа индүүднэ гэж байхгүй. Ихэнх айл индүүгүй. Угаагаад л өмсдөг.
Израиль хүүхнүүд том бөгөөд гоё хөхтэй. Учир нь охидынхоо 18 насны ойгоор силикон хөх бэлэглэдэг зан­шил Израилийн гэр бүлд тогтжээ.
eh survalj http://vip76.mn/content/7313?rfr=187 

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Lekts-5 Juud biyu Evrei
« Reply #2 on: 2013.03.18 17:27 »
Олимпийн тоглолтын үеэр аюулгүй байдлыг хангах хамгийн дээд зэргийн, боломжтой бүх л арга хэмжээг авч байх хэрэгтэй гэдгийг харуулсан аймшигт үйл явдал 1972 оны Мюнхений Олимпийн үеэр болсон билээ.
Энэ явдлаас хойш тоглолтыг зохион байгуулж байгаа улс болгон аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарах болсон юм.Палестины чөлөөлөх байгууллагатай холбоотой "Хар есдүгээр сар" нэртэй алан хядах бүлэглэлийн зэвсэглэсэн найман дайчин 1972 оны 9-р сарын 5-ны өглөөний 4 цаг 10 минутанд Мюнхений Олимпийн хотхон дахь Израйлийн тамирчдын байрлал руу дайран орж ирэв. Дайрж орж ирсэн даруйдаа хоёр  тамирчныг шууд буудан хороогоод есөн тамирчныг барьцаалав. Алан хядагчид нь 12:00 гэхэд израйлийн шоронгуудад хоригдож байгаа Палестины чөлөөлөн байгууллагын 232 гишүүн, германы хоёр алан хядагч болон Баруун Европын шоронгуудад хоригдож байгаа 16 хоригдлыг суллахыг шаардав. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд 12 цагаас хойш цаг тутам барьцааны нэг хүнийг буудан хорооно гэж сүрдүүлэв. Ийнхүү Олимпийн түүхэн дэх хамгийн цуст алан хядах ажиллагаа эхэлсэн түүхтэй.
Германы эрх баригчид нэн даруй алан хядагчидтай хэлэлцээр хийж эхлэсэн байна. Хэлэлцээр маш ярвигтай, дарамттай нөхцөл байдалд болж өнгөрсөн ч алан хядагчдын шаардлагыг биелүүлэх цагийг 18:00 болгон хойшлуулж чаджээ. Израйлийн ерөнхий сайд Голда Мейр алан хядагчдын шаардлагыг биелүүлэхээс эрс татгалсан хэдий ч Баруун Германы дотоод хэргийн сайд Ханс Дитрих Геншер түүнтэй орой болтол хэлэлцээр хийсэн байдаг. Олимпийн хотхоны мэр Вальтер Трөгер, Барууун Германы олимпийн хорооны ерөнхийлөгч Вилли Дауме, Баварын  дотоод хэргийн сайд Бруно Мерк зэрэг хүмүүс тамирчдын суллаад өөрсдийгөө оронд барьцаалахыг санал болгосон ч алан хядагдчид татгалзжээ. Ингэж байтал 18:00 болжээ.
 

Алан хядагчид цаашид тамирчдыг барьцаалсан чигтээ байранд байгаад байж яагаад ч дийлэхгүй гэдгээ ойлгосон байна. Тиймээс тэд  Каир хүртэл нисэх онгоц шаардаад барьцааны хүмүүсээр халхавч хийн нисэх буудал хүрэх автобус, нисдэг тэрэг шаарджээ. Тэдний шаардлагыг биелүүлж барьцааны тамирчдын хамт автобусанд суулган Олимпийн хотхоноос гаргаад, хоёр нисдэг тэргээр Мюнхений ойролцоо байдаг Фюрстенфельдбрук нэртэй цэргийн нисэх буудалд хүргэжээ. Тэнд Каир хүрэх Боинг-737 онгоц тэднийг хүлээж байлаа.
Баруун Германы эрх баригчид мэдээж зүгээр суухыг хүссэнгүй онгоцонд энгийн хувцас өмссөн цагдаа нарыг нууцаар оруулан орж ирсэн алан хядагчдыг бүгдийг нь устгах төлөвлөгөө зохиов. Гэвч дүүрэн шатахуунтай онгоц дэлбэрч болзошгүй байсан болохоор энэ төлөвлөгөөнөөс татгалзжээ.
 Эхний хоёр алан хядагч онгоцонд гартал нисгэгчгүй хоосон байхыг хараад шууд түгшүүр зарласан байдаг. Ингэмэгц нуугдаж байсан цагдаагийн мэргэн бууч нар гал нээжээ. Улмаар буудалцаан эхэлж цаг хагас гаруй үргэлжилсний дараа цагдаагийн мэргэн бууч нарын сум дууссанаар буудалцаан хэсэг зуур намжив.
Энэ хооронд алан хядагчид устгагдсан, барьцааны хүмүүсийг сулласан гэсэн ташаа мэдээ иржээ. Улмаар цагдаагийн нэмэлт хүч, хуягт тээвэрлэгч машин нисэх буудалд хүрэлцэн ирэв. Гэтэл энэ зуур алан хядагчдын нэг нь нэг нисдэг тэргэн дэх барьцааны хүмүүсийг бүгдийг нь буудан алж, нөгөөх нь өөр нисдэг тэрэг рүү гранатан шидэн дэлбэлэхэд нисдэг тэрэг барьцааны хүмүүсийн хамт юу ч үгүй болтлоо шатжээ.
Дахин эхэлсэн буудалцааны үеэр нэг цагдаа мэргэн бууч нарын галын шугаман дээр таарсан нэг цагдаа толгойдоо буудуулан алагдсан байна. Энэ хооронд хашлаганы ард нуугдаж байсан мэргэн бууч урдаас нь гүйж явсан алан хядагчийг буудаж алтал цагдаа нар түүн рүү гал нээн шархадуулсан байдаг. Барьцааны хүмүүсийг суллах ажиллагаа ийнхүү дуусчээ.

Баруун Германы эрх баригчид барьцааны тамирчдыг суллах ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулж чадаагүй болохоор энэ ажиллагаа анхнаасаа л бүтэлтгүйтэх нь ойлгомжтой байсан гэж мэргэжилтнүүд хожим дүгнэжээ.
 Юуны өмнө хэлэлцээр хийх, барьцааны хүмүүсийг суллах ёстой хүмүүс нь мэргэжлийн бус. Анхандаа барьцааны хүмүүсийг хотхонд байхад нь суллах санаатай байсан ч зурагтынхан хэргийн газраас нэвтрүүлэг хийж байхдаа  цагдаа нарыг хэрхэн нууцаар дөхөж яваад шууд горимоор харуулаад цагдаа нарыг чадчихсан байдаг. Алан хядагчид болж байгааг зурагтаар харчихаад  барьцааны хүмүүсийг устгана гэж заналхийлсэн, үүнийдээр алан хядагчдыг тавуул гэж тооцсон байтал наймуулан болох нь тогтоогдсон болохоор энэ төлөвлөгөө бүтэлгүйтжээ.
 Цаашлаад ажиллагаанд тусгайлан бэлтгэгдээгүй ердийн эргүүлийн цагдаа нарыг татан оролцууулсан, мэргэн бууч нарын хэсэг нь дуран авайгүй HK G3 гэдэг автомат винтовоор зэвсэглэсэн. Тухайн үеийн хуулийн дагуу Баруун Германы арми нь өөрийн нутаг дэвсгэр дээрээ үйл ажиллагаа явуулах хориотой байсан болохоор өндөр түвшинд бэлтгэгдсэн армийн мэргэн бууч нарыг ажиллагаанд татан оролцуулах боломжгүй болсон.
 Зохион байгуулалт гэхээр юм байгаагүйн улмаас өөрийн хүмүүс рүү гал нээх тохиолдол удаа дараалан гарсан гээд олон хүчин зүйлс байжээ.
 Энэ цуст алан хядах ажиллагааны улмаас барьцааны 11 тамирчин бүгд амь үрэгдэж, 5 алан хядагч алагдаж, нэг цагдаа өөрийн хүний суманд өртөн амиа алдсан байна.
 Энэхүү аймшигт  явдлын дараагаар Олимпийн тоглолт түүхэндээ анх удаа эмгэнэл илрэхийлэн нэг өдөр бүх тоглолтуудаа зогсоогоод дахин эхэлсэн байдаг.
 Баривчлагдсан гурван алан хядагчийг Израйлчууд өгөхийг шаардсан ч Баруун Герман татгалзсан хариу өгч, өөрийн улсын хуулиар шийтгэнэ гэжээ. Хожим нь солилцооны журмаар энэ гурвыг сулласан байдаг. Баруун Герман энэ явдлаас хойш алан хядагчидтай тэмцэх, барьцааны хүмүүсийг суллахаар тусгайлан бэлтгэсэн тусгай хүчинтэй болсон юм.
 
Алагдсан таван алан хядагчдын цогсыг Ливийн дарангуйлагч Муаммар Каддафийн шаардлагар түүнд өгсөн бөгөөд мань эр тэднийг лут гавьяа байгуулсан баатар мэтээр хүндэтгэлтэй оршуулж, Палестины чөлөөлөх байгууллагын тэргүүн Ясир Арафатад 5 сая долларыг өөрийн гаргаар гардуулан өгсөн хачирхалтай үзэгдэл болсон байдаг. /Ийм авир гаргаж байсан Муаммар Каддафийг ёс бусаар амиа алдахад барууны орнууд нэг их харамсаад байгаагүйд гайхах зүйлгүй.
Харин тамирчдаа алдсан Израйль зүгээр суухыг хүссэнгүй алан хядах ажиллагааг зохион байгуулсан "Хар есдүгээр сар" бүлэглэлийг гишүүд, толгойлогчдыг устгах "Тэнгэрийн хилэн" нэртэй тусгай ажиллагаа зохион байгуулж 13 алан хядагчдыг янз бүрийн аргаар хөнөөж өс авсан билээ. /Стивен Спилберг энэ тухай "Мюнхен" гэдэг кино авсан байдгийг та үзэж байсан байх/. Лондоны Олимпийн тоглолтын нээлтийн үеэр эмгэнэлтэйгээр амиа алдсан Израйлийн 11 тамирчны дурсгалыг хүнэдтгэн 1 чимээгүй зогсох саналыг Израйлчууд тавихад Олон Улсын Олимпийн Хорооны дарга Жак Роге харамсалтай нь зөвшөөрөөгүй юм.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Lekts-5 Juud biyu Evrei
« Reply #3 on: 2013.03.18 17:37 »
Израилын засгийн газрын цахим хуудас руу Палестиныг дэмжигч талынхан ойролцоогоор 44сая кибер халдлага хийсэн байна. Энэ тухай өчигдөр тус улсын сангийн сайд Юваль Стейниц мэдэгдсэн байна. “Routers” агентлагийн мэдээлж байгаагаар бол дээрх халдлагуудаас ганц нэг нь амжилттай болсон байна. Цахим хуудсанд халдах явдал Израил улсад сүүлийн үед ихээр гарах болсон бөгөөд голдуу Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдын цахим хуудсыг эвдэхээр оролддог байна. Гэхдээ эдгээр сайтуудыг яг таг эвдсэн гэдэг нь тодорхойгүй. Зарим хакерын бүлэг эвдсэн гэж мэдэгддэг ч Израилчууд эвдэж чадаагүй гэж няцаадаг. Аль нь үнэн болохыг үнэндээ хэлэх аргагүй гэж Ройтерс агентлагийн сэтгүүлч мэдээлсэн байна. Энэ удаагийн кибер довтолгоо Палестины нутгаас болон өөр бусад Ойрх Дорнодын улс орнуудаас ирснийг Израилчууд олж тогтоосон байна. Өмнө нь Израил улсын эсрэг “Anonymous” бүлгийн хакерууд “#OpIsrael” хөдөлгөөн өрнүүлж байсан удаатай. Тус бүлэг Палестинчуудын эсрэг явуулж буй Израилын бодлого нь “Зэрлэг, балмад” гэж нэрлэж байжээ. “Anonymous” бүлгийн хакерууд мөн Израилын армийн “ЦАХАЛ”, тусгай албаны “ШАБАК” болон “Моссад”-ын цахим хуудсыг эвдэж байжээ.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Lekts-5 Juud biyu Evrei
« Reply #4 on: 2013.03.18 17:43 »
1965 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Өмнөд Америкт Рига хотын геттогийн эзэн Герберт Цукурс алагдсан билээ. 1979 онд Бразил улсын нэгэн наранд шарлагын газар очиж усанд орж байсан Освенцим хорих хуарангийн ерөнхий эмч асан “Үхлийн доктор” хочтой Йозеф Менгеле маш сонин байдалд живж үхсэн аж. Түүний үхлийг зарим нэг хэвлэлүүд “Моссад” байгууллагын явуулсан ажиллагааны үр дүн гэж үзжээ. Алан хядлагаас гадна “Моссад”-ын үүрэгт ажилд өөр бусад илүү “нарийн” зорилтууд багтдаг юм.
   
Жишээ нь, Израиль улсын хэрэгжүүлж буй цөмийн хөтөлбөрийг уранаар хангах явдал. Энэ цогц арга хэмжээнүүдийг “Моссад” байгууллага олон жилийн туршид явуулсан билээ. Эхлээд тэд 1960-аад оны эхээр АНУ-ын Пенсильвани муж дахь үйлдвэрээс 50 килограмм зэвсгийн уран хулгайлжээ. Удахгүй АНУ-аас гаргасан өндөр баяжуулсан ураны хэмжээ 267 килограммд хүрсэн аж. 1960-1970 онуудын хооронд “Моссад” халхавч пүүсүүдээр дамжуулж дэлхийн олон орноос ураны 200 орчим тонн түүхий эд худалдан авчээ. Энэ ажиллагаанд АНУ, Бельги, Герман, Конго, ӨАБНУ болон Либерийн компаниуд, улс төрийн зүтгэлтнүүд оролцсон юм.
   
“Өрсөлдөгч” улс, орнуудын цөмийн хөтөлбөрийг тасалдуулах ажлыг мөн “Моссад” хийж байжээ. 1981 оны зургаадугаар сарын 7-ны өдөр Израилийн агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцнууд Иракийн цөмийн реактор руу халдсан явдал үүний зөвхөн ганц жишээ билээ. Үүний өмнөхөн 1979 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Францын нэгэн үйлдвэр дээр дэлбэрэлт болжээ. Тэр ажиллагаа Ирак руу илгээгдэхэд бэлэн болоод байсан хоёр реакторыг устгасан гэдэг. 1980 оны зун Иракийн цөмийн хөтөлбөрийн гол оролцогчдын нэг Яхья эль-Мешад Парис хотын зочид буудлын нэгэн өрөөнд нас барсан юм. Түүний үхэл гэнэтийн зүйл болсон билээ.
   
Дараа нь Ираны нэртэй цөмийн физикчид учир битүүлгээр алга болох юм уу нас барж эхэлжээ. Ираны цөмийн хөтөлбөрийн лабораториуд болон туршилтын төхөөрөмжүүд шатах юм уу дэлбэрч байлаа. Гол хөдөлгөх төхөөрөмжүүд нь ажиллагаагүй болж эхлэв. Сири улсын цөмийн хөтөлбөр болон Иран, Умард Солонгос, “Хезболла” байгууллагуудтай харилцах харилцааг Ерөнхийлөгч Асадын ойрын туслах генерал Сулейман хариуцаж байсан аж. Реактор нь устгагдсаны дараа тэрбээр цөмийн хөтөлбөрөө сэргээхэд бэлтгэж байсан юм. Энэ чухал ажлын өмнөхөн тэр амралтаа аваад Тартус хот дахь далайн эрэг дээрх байшиндаа зочдыг урьсан байна. Тэд тагтан дээр зассан ширээний ард сууцгаан найрлаж байлаа. Энэ үеэр эрэг дээр мэргэн буудагчийн буутай хоёр шумбагч гарч ирснийг тэд анзаарсангүй. Найр ид үргэлжилж байтал гэрийн эзэн гэнэт өмнөх тавган дээрээ нүүрээ наажээ. Сум түүний яг духанд туссан байна.
   
“Хамас” цэргийн байгууллагын тэргүүн Махмуд аль-Мавхух өнөөдөр үгүй болжээ. 2010 оны нэгдүгээр сард Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод түүнийг хороосон билээ. Энэ хэрэг дэндүү их шуугиан дэгдээсэн юм. “Моссад”-ын туршуулууд тус хотын хяналтын камеруудад олноороо өртсөн гэдэг. Тэр үед “Моссад” байгууллага бүтэлгүйтэв, бохир ажиллалаа гэх мэтээр хэвлэлүүд бичиж байв. Тэгвэл өөр нэг хувилбар буй. Тус байгууллагын ажилтнууд хяналтын камерууд байдаг гэдгийг мэдээгүй нь юу л бол. Израилийн нэгэн пүүс тэдгээрийг суурилуулсан гэх яриа хүртэл байдаг билээ. Камерууд бүх туршуулуудыг болон тэдний юу хийж байсныг бичиж авсан аж. Харин хэн, хэзээ Мавхухын өрөөнд явж орж даалгавар гүйцэтгэснийг бичиж аваагүй байна. Хамгийн гол зүйлийг камер бичиж аваагүй нь сонирхол татна. 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ираны өөр хоёр цөмийн физикч эрдэмтэд адил төстэй аргаар хороогджээ. Тэднийг дэлбэлсэн юм. “Санди Тайм” сонин яагаад ч юм эдгээрийг Даганы “Үдэлтийн бэлэг” хэмээсэн билээ. 2011 оны нэгдүгээр сарын 5-нд тэрбээр огцорчээ.
   
Мэдээж, үйл явдлаар баян “Моссад”-ын түүхэнд алдаа оноо байсан юм. Ийм нэг томоохон, шуугиан дэгдээсэн алдаануудын нэг нь дайны хугацааг буруу тооцсон хэрэг билээ. 1973 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Египт, Сири улсууд Голаны өндөрлөгүүд рүү давшилтаа эхлүүлжээ. Израиль улс ноцтой хохирол амссан аж. Энэ хохирлын буруутан нь “Моссад”-ын авсан худал мэдээлэл байв. Нэгэн египт хүн “Моссад”-ыг төөрөгдүүлсэн бөгөөд цэрэг, дайны ажиллагаа хэзээ эхлэхийг мэдээлээгүй байна. Цэргийн тагнуулын “Аман” байгууллага дайн удахгүй эхэлж магадгүй талаар анхааруулсан хэдий ч “Моссад” египт туршуулын мэдээлэлд тулгуурлан үүнийг үгүйсгэсэн гэдэг.
   
1973 оны долоодугаар сард “Моссад”-ын тусгай отряд Норвегийн Лиллехаммер хотод очсон аж. Тэнд Улаан ханхүү хочоороо алдаршсан “Хар есдүгээр сар” бүлэглэлийн тэргүүн Абу Хасан Саламех очсон гэх мэдээллийг Израилийн тусгай албад авчээ. Долоодугаар сарын 21-ний өдөр “Моссад”-ын ажилтнууд Улаан ханхүүг устгах ажиллагааг явуултал тэдний суманд оногдож алагдсан хүн нь Марокко улсаас гаралтай зөөгч Ахмед Бухики гэдэг хүн байсан нь тодорхой болов. Цагдаа нар “Моссад”-ын туршуулуудыг амархан илчилсэн бөгөөд зургааг нь баривчилж, янз бүрийн ял оноожээ. Байцаалтын явцад тэдний явуулсан олон ажиллагааны зах зухаас мэдэж авсан аж.
   
1973 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Израиль улсын агаарын хилийг Libyan Arab Airlines агаарын тээврийн компанийн Boeing 727 нисэх онгоц зөрчсөн билээ. Уг онгоцны нисгэгч албаар чиглэлээ өөрчилсөн бөгөөд түүний зорилго бол Димон дахь цөмийн реактор гэж Израилийн тусгай албад таамаглав. Тиймээс уг нисэх онгоцыг сөнөөжээ. Онгоцонд зорчиж явсан 100 гаруй хүн болон багийн гишүүд амь үрэгдсэн юм. Ливи улс онгоцоо Синай дээгүүр ниссэнийг удирдлагын төвийн алдаа байсан хэмээн тайлбарлажээ. Хэрэг явдлыг мөрдөн шалгасан ажлын хэсэг хил зөрчсөн шалтгааныг нисгэгчдэд тохов.
1997 оны есдүгээр сарын 25-нд Амманд “Моссад” байгууллагын хоёр туршуул Канадын иргэний бичиг баримттай явж байгаад “Хамас” бүлэглэлийн цэргийн жигүүрийн тэргүүн Халед Мешалын чихэнд фентанел гэдэг хорт бодисыг цацаж орхижээ. Гэвч тэдгээр тагнуулчид саатуулагдсан юм. Томоохон шуугиан дэгдэв. Иорданы хаан Хусейн тэдгээр туршуулуудыг дүүжилнэ гэж айлгажээ. Маргааш өдөр нь тус улсад Израилийн төлөөлөгчид газардсан бөгөөд алан хядагч эрийн хорыг тайлах эм бэлдмэл авчирсан байна. Мөн Израиль улс 1989 оноос хойш хорионд байсан “Хамас” бүлэглэлийн үндэслэгч шейх Ахмед Ясиныг шоронгоос суллажээ. Түүнтэй хамт олон арван алан хядагчдыг чөлөөлсөн аж. Ингэснээр хоёр туршуулаа чөлөөлж авсан билээ.

1998 оны хоёрдугаар сард Швейцарь улсад “Моссад” байгууллагын таван туршуулаас бүрдсэн бүлэг баривчлагдсан түүхтэй. Тэд Иран улсын дипломатын яриаг чагнаж байсан юм. Хэвлэлүүдийн мэдээлснээр бол тэд “Хезболла” байгууллагатай холбоотой ажилладаг хоёр бизнесмэнийг хороох даалгавартай байсан гэнэ. Төдөлгүй дөрвийг нь тавьж явуулжээ. Тэрхүү баривчилгаа сөрөх тагнуулын албаныхны явуулсан ажиллагаа биш байсан аж.

Зүгээр л тэндхийн нэгэн оршин суугч эмэгтэй сэжигтэй хүмүүсийг хараад цагдаа нар руу утасджээ. Үүний үр дүнд Израилийн Гадаад хэргийн яам Швейцарийн засаг захиргаанаас албан ёсоор уучлал хүссэн бөгөөд “Моссад”-ын тэргүүн Дани Ятом огцорсон билээ. 2000 оны долоодугаар сард “Моссад” байгууллагын баривчлагдсан ажилтанд Швейцарь улсын шүүх нэг жил тэнсэн харгалзах ял оноосон юм.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Lekts-5 Juud biyu Evrei
« Reply #5 on: 2013.03.18 19:21 »
1948 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын үр дүнд бий болсон еврейн улс Израиль, улс төр эдийн засгийн хувьд хөл дээрээ тогтохын хэрээр II дайны дараа хууль ёсны гэсгээлээс мултарч энд тэнд амь хоргодсон нацист дэглэмийн зүтгэлтнүүдийг олж шийтгэх асуудал израильчуудын хувьд хүчтэй тавигдах болов. Израилийн хүн амын олонх нь өөрсдөө, мөн ойр дотнын өдий төдий хүмүүс нь хядлагын золиос болсоноос гадна бөөнөөр хорих лагерь, геттод тарчилж байсан Израилийн иргэдийн тоо 200 мянгад хүрч байв. Яллах ёстой хүмүүсийн жагсаалтад тэргүүн эгнээнд бичигдсэн хүн нь Адольф Айхман гэгч байлаа. А.Айхман нь “Еврейн асуудлыг нэгмөсөн шийдвэрлэх” буюу  Европын еврейчүүдийг аймаглан устгах хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлэхэд оройлон оролцсон хүн юм. “SS”-ийн оберштурмбаннфюрер цолтой А.Айхман дайны дараа өөрийг нь хайж байсан холбоотны хүчний тусгай албадаас мөр буруулж явсаар 1950 онд Аргентин руу гарч, Рикардо Клемент гэдэг нэртэй болоод Буэнос-Айресийн нэгэн үйлдвэрт конторын ажил хийх болжээ. Хоёр жилийн дараа эхнэр гурван хүүхэд нь түүний хойноос очиж, дараа жил нь дөрөв дэхь хүүхэд нь гарсан гэдэг.
№1 яргачныг хайх ажиллагааны хүрээнд дэлхийн олон орноос янз бүрийн мэдээлэл ирж байсан боловч Аргентинд сууж асан еврей Лотар Германы мэдээ Израилийн тагнуулын албаны (Моссад) анхаарлыг илүүтэй татжээ. Л.Германы охинтой танилцсан Николас Айхман гэдэг герман залуу, эцгийгээ Гуравдугаар Рэйхийн төлөө байгуулсан гавъяаг сайрхан ярьсаныг Л.Герман сонсоод хувиараа цуглуулж байсан мэдээллүүдтэйгээ нэгтгэн боловсруулж “Моссад”-ын сонорт хүргэсэн байна. “Моссад”-ын ажилтнууд Аргентинд очиж Л.Германы зааж өгсөн хаягаар ажиглалт явуулсан боловч А.Айхманы гэр бүл хараанаас нь мултарч чадав. Гэвч нэг жилийн дараа тэдний шинээр худалдаж авсан байшинг тогтоосон бөгөөд уг байшин Вероника Фихман гэдэг нэр дээр бүртгэгдсэн нь Айхманы эхнэрийн нэрээс нэг үсгээр л зөрж байв. 1960 оны гуравдугаар сарын 21-нд тэднийд ямар нэг баяр тэмдэглэсэн тухай мэдээ Аргентин дахь туршуулуудаас ирсэнийг “Моссад” шалгаж үзээд, эхнэр нөхөр Айхманы хуримын 25 жилийн ой яг тэр өдөр тохиосныг тогтоожээ. Долоо хоногийн дараа гэрийн эзэн Рикардо Клементийг үүдэндээ зогсоо зургийг нууцаар авч боловсруулалт хийснээр, энэ хүн бол “айхтар” Адольф Айхман мөн гэж дүгнэсэн байна.
А.Айхманыг баривчилж Израильд  эсэн мэнд авчрах даалгавар авсан “Моссад” ажиллагаандаа 1959 оны сүүлээр бэлтгэж эхлээд дараа жилийнх нь дөрөвдүгээр сар гэхэд бэлэн болжээ. (Тухайн үед Аргентины эрх баригчид нутагтаа бүгсэн нацистуудад тун талтай ханддаг байсан тул, А.Айхманыг Израильд гаргаж өгөх магадлал маш бага, хамгийн магадлалтайгаар нь Германд шилжүүлж өглөө гэхэд, дайн дуусаад удсан тул германчууд түүнд тун хөнгөн ял оноож болохоор байсан) “Моссад”-ын дарга Иссер Харель ажиллагааг биечлэн удирдахаар болов. Юуны түрүүнд тусгай ажилтнууд Аргентинд өөр өөр орноос, өөр өөр цаг хугацаанд очиж төвхнөжээ. 30 хүний (тэдний 12 нь шууд баривчлах ажиллагааг гүйцэтгэх, бусад нь ханган туслах үүрэгтэй байв) тус тусдаа аяллыг сэжиггүй зохион байгуулахын тулд “хуурамч” жуулчны товчоо хүртэл байгуулсан гэдэг. Тавдугаар сард Аргентины тусгаар тогтнолын 150 жилийн ойн баяраар уг ажиллагааг явуулахаар тааруулсан бөгөөд баярт оролцох Израилийн төлөөлөгчдийг хүргээд буцах онгоцоор А.Айхманыг авчрахаар зохицуулсан байна.
Аргентинд очиж нийлсэн тусгай бүлэг дөрөвдүгээр сарын 26-нд А.Айхманд байнгын ажиглалт тавив. Буэнос-Айрест хэд хэдэн байр, машин түрээсэлж, холбооны систем бий болгосон бөгөөд нөөц хувилбарууд, бүтэлгүйтсэн тохиолдолд Аргентинаас гарч явах төлөвлөгөөг ч боловсруулсан байлаа. Төлөвлөсөн ёсоор аравдугаар сарын 11-ний оройн 20 цагт хоёр машинтай долоон хүн А.Айхманыг ажлаасаа тарахыг хүлээж гэрийнх нь гадаа байрлалаа эзлэв. Бүлгийн гишүүн Питер Малкин (Тэр үед 24 настай, хожим нь Израилийн алдартай тагнуулчдын нэг болсон) машинтай зэрэгцэж ирсэн А.Айхманы араас очиж испаниар “Уучлаарай, ноёнтоон!” гэхтэй зэрэг баруун сугаар нь гараа оруулан шилдэж унагаажээ. Улмаар машинаас яаравчлан гарч ирсэн хоёр хүнтэй хамжин А.Айхманыг машин руу чихсэн бөгөөд П.Малкины хожим дурссанаар энэ бүхэн 20 секундэд амжсан гэдэг. Машинд А.Айхманы аманд даавуу чихэж, гар хөлийг нь хүлээд толгойноос нь хөл хүртэл юмаар бүтээв. Ингээд хоёр машин хотын захад түрээсэлсэн байшин руу давхижээ.
Тэнд очоод израильчууд юуны түрүүнд баригдсан хүний биед амиа хорлож болзошгүй хор буюу зэвсэг бий эсэхийг нарийвчлан үзээд, хавтаст хэрэгт нь дурдсан содон тэмдгүүд байгаа эсэхийг шалгасан байна. Улмаар анхны мэдүүлэг авсанаар, А.Айхман мөн гэдгийг хөдөлбөргүй тогтоов. Нөгөөдөр нь тэд зорьсон хүнээ гартаа оруулсан гэдгээ Израилийн Засгийн газарт мэдэгджээ. Төлөвлөсөн ёсоор И.Харель “хөдөлгөөнт штаб” гэдгийг ажилд нь оруулав. Бүлгийн гишүүд өдөр бүр тодорхой цагт, урьдаас товлосон кафенуудад хэд хэдээрээ цуглан шуурхай зөвлөгөөн хийж байсан бөгөөд нэг газар нэг л удаа уулзаж байв. Энэ хооронд А.Айхман орноос гавлуулсан, хар нүдний шилтэй, өрөөндөө байнгын нэг харгалзагчтай ес хоножээ. Өрөөний хаалга онгорхой, үүдний өрөөнд бас нэг хүн жижүүрлэнэ. Түргэн авах тохиолдолд түүнийг өөр байранд яаралтай аваачих машин гадаа бэлэн байх бөгөөд гаднаас тусламж дуудах хонхыг А.Айхманы өрөөнд суурилуулсан байв. Хамгаалагч нарыг түүнтэй нэг ч үг сольж болохгүй гэж тушаасан байлаа. Мөн цагдаагийнхан ирсэн тохиолдолд түүнийг ямар ч үнээр хамаагүй өөр байранд аваачих, ийм бололцоо олдохгүй бол бүлгийн гишүүн Рафи Эйтан А.Айхмантай өөрийгөө холбож гавлан түлхүүрийг нь устгаад, цагдаагийнханд өөрийгөө “Моссад”-тай ямар ч холбоогүй, сайн дураараа энэ ажлыг гүйцэтгэсэн гэж итгүүлэх ёстой байв. Өнгөрсөн өдрүүдэд И.Харель А.Айхманыг хэд хэдэн удаа байцааж, үйлдсэн гэмт хэргүүдийг нь хүлээн зөвшөөрүүлэхээс гадна, Израильд яллагдахаас татгалзахгүй гэсэн гарын үсэгтэй бичиг үйлдүүлж авсан байна.
19-ний өдөр Израилийн “Эль-Аль” авиакомпанийн онгоц Буэнос-Айрест буув. Маргааш нь И.Харель штабаа онгоцны буудалд шилжүүлэн байрлуулж, хөл хөдөлгөөн ихтэй буудлын кафе дахь ширээний араас ажилтнуудаа нууцаар удирдаж байлаа. Үдийн үед А.Айхманыг хар тамхиар мансууруулж Израилийн нисгэгчийн хувцас өмсгөөд нисэх буудалд хүргэж ирэв. Улмаар хил, гаалийн албаныханд нисгэгч Рафаэль Арноны паспортыг үзүүлж онгоцонд нэвтрүүлжээ. Урд өдөр нь жинхэнэ нисгэгч Р.Арноныг автын “хуурамч” осолд оруулж эмнэлэгт хэвтүүлээд, маргааш нь гаргахдаа “... өвчтөн эмчийн хяналтан дор онгоцоор нисч болно” гэсэн бичиг авсан байв. Хилийнхэн тэднийг огт сэжиглээгүй бөгөөд А.Айхман ч эсэргүүцэх чадваргүй байжээ. Шөнө дунд болж байхад №1 яргачныг суулгасан онгоц Буэнос-Айресаас хөөрөв.
22-ны өдөр Израилийн парламентын чуулган дээр ерөнхий сайд Д.Бен-Гурион “Адольф Айхман Израильд байгаа, өнөө маргаашгүй шүүхэд шилжинэ” гэж мэдэгдэв. Хэдэн өдрийн дараа Аргентины Засгийн газар, нутгаас нь хүн хууль бусаар аваачсан хэмээн Израилийг буруутгаж “...тусгаар тогтносон улсын эрхийг бүдүүлгээр зөрчиж, дэлхий дахины энх амгалан байдалд заналхийлсэн” хэмээн НҮБ-д гомдол гаргажээ. НҮБ тусгай хуралдаан зарлаж энэ асуудлыг хэлэлцсэн бөгөөд Израилийн ерөнхий сайд хууль зөрчигдсөн явдалд албан ёсоор уучлал гуйсан боловч А.Айхманыг төрийн алба биш, “еврейн сайн дурынхан” хулгайлсан гэж “гүрийсэн” билээ. Харин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1960 оны 160 тоот тогтоолд “Израилийн Засгийн газар А.Айхманыг Аргентинаас хулгайлах төлөвлөгөөг мэдэж байсан төдийгүй, хэрэгжүүлэхийг нь зөвшөөрсөн” хэмээн тэмдэглэсэн юм.
1960 оны 12 дугаар сард Израилийн шүүх А.Айхманыг еврейчүүд, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж цаазаар авах ял оногдуулаад таван сарын дараа  гүйцэтгэсэн юм.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Lekts-5 Juud biyu Evrei
« Reply #6 on: 2013.05.10 17:55 »
“Төмөр хатагтай”, “Даашинзтай Бисмарк”, “Израилийн Засгийн газар дахь цорын ганц эр хүн” гэх зэрэг тодотголтой Голделе Мабович үнэн хэрэгтээ хайрлаж, харуусаж, инээж, уйлж, хүүхэд ач нартаа үлгэр уншиж явсан жирийн л нэг эмэгтэй... Харин түүнийг “ер бусын” болгосон зүйл нь еврей нар өөрийн улс оронтой болж чадна гэсэн цуцашгүй мөрөөдлийг биелүүлж чадсанд байгаа юм.
http://world.news.mn/content/143618.shtml

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Lekts-5 Juud biyu Evrei
« Reply #7 on: 2013.05.16 11:41 »
Манай гарагийн хамгийн баян хүмүүсийн 11 хувь нь еврейчүүд ажээ. “Forbes” сэтгүүлийн Израиль хувилбарт нийтлэгдсэн хамгийн баян еврейчүүдийн чансааг гаргагчид ийм дүгнэлтэд хүрсэн аж. Чансааг сүүлийн үед хөрөнгө нь 7 тэрбумаар нэмэгдэж, 43 тэрбумд хүрээд байгаа”Oracle” корпорацийн 68 настай тэргүүн Ларри Эллисон тэргүүлж байна. Тэрбээр “Forbes” сэтгүүлийн энэ оны чансаанд 5 дугаар байрт жагсжээ. Израилийн чансааны хоёрдугаарт 27 тэрбум долларын хөрөнгөтэй бизнесмэн бөгөөд Нью-Йорк хотын 108 дахь дарга Майкл Блумберг эзэлж байгаа нь дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 13 дугаарт орж байна. Израил “Forbes” сэтгүүлийн энэ жагсаалтад оросууд мөн л байна. Тухайлбал 59 настай, 17,6 тэрбумын хөрөнгөтэй Алишер Усманов, 48 настай, 16,5 тэрбумтай Михаил Фридман нар дэлхий нийтийн жагсаалтын 34 болон 41 дүгээр байранд жагсжээ. Израильчуудын дээрх чансааг гаргасан хүмүүсийн дүгнэснээр, манай гарагийн 1426 тэрбумтны 165 нь еврей үндэстэн юм. Тэднээс хамгийн олон буюу 105 нь АНУ-д амьдарч байгаа бол Израиль улсад 16, Орост 13, Украинд 3 нь амьдардаг. Үлдсэн нь бусад улс орны иргэд аж. Тэдний хөрөнгийн нийт хэмжээг дээрх сэтгүүл  814 тэрбум доллар гэж үнэлж байна.