Миний санаа бодлын нэгээхэн хэсэгЮуны өмнө би энэ эссэгээ ямар учир юунд зориулан бичсэнээс үл хамааран, ганцхан Бямбасүрэн гэдэг хүний Вант улсын үзэл бодлоос урган гарсан эссэ гэдэг талаас хандан бусадтай хуваалцах үүднээс эссэний буланд тавих болсноо хэлмээр байна. Манай улс ерөнхийлөгчөө сонгохоор зэхээд одоо ч бараг нохойн дуу ойртоно гэдэг шиг удаж төдөлгүй бид нар төрийн тэргүүнээ сонгох нь. Монгол улсын ерөнхийлөгч үндсэн хуульд зааснаар зэвсэгт хүчний ерөнхий командлагч, хууль санаачлах, гадаад харилцаанд улсаа бүрэн төлөөлөн улсынхаа өмнөөс гэрээ байгуулах, хууль санаачлах, шүүгчийг томилох, улсын цол, шагнал олгох, уучлал өршөөл үзүүлэх гэх зэрэг миний мэдэх эрх үүрэгтэй.Улс төрийн шинжлэх ухаанд сонгууль гэдэг нь санал хураалт явуулах зарчмаар улс төрийн сонголт хийх явдал юм аа гэж тодорхойлогдсон байна. Толгой дээрээ гаргаж өөрийгөө болон улс эх орноо удирдуулах гэж байгаа хүнээ сонгох сонгууль нь хамгаас чухал. Сонгууль гэдэг бол асар их үнэ цэнээр олдсон шагнал. Харин бид бүгд тэр шагналын эзэд. Ингээд бодохоор ардчилсан нийгэмд төрсөн бид азтай нь азтай. Тийм учраас азтайдаа бид баярлан сонгууль өгөх нь ойлгомжтой боллоо харин хэнийг бид сонгох бол? Тэгвэл ерөнхийлөгчийн сонгуульд манай улсын 2 голлох нам болох МАХН, АН хоёроос нэрээ дэвшүүлээд байгаа. Хоёулаа л нам намдаа тэргүүний сайн хүмүүс нь. Манай улсад тэр хоёрыг гаднаас нь хараад царай албан тушаалыг нь мэддэггүй таньдаггүй гадарладаггүй хүн байхгүй байх. Харин дотор нь яг хэн байгааг эсвэл тэдний ард ямар хүмүүс нуугдаад хүлээж байгааг мэдэхгүй. Мэдье ч мэдэх ямар ч аргагүй. Эсвэл мэдээд ч хэрэггүй байх л даа. Хүний ой ухаан хэлд орохоос тогтоогддогтой адил миний улс төрийн үйл явцыг хардаг ажигладаг бага ч болов ойлгодог болсноос хойш ердөө 4 жил гаруй л өнгөрчээ. Хүүхэд анх ямар айлд төрснөөсөө хамаарч гэр бүлийн хүмүүжил хийгээд тухайн хүүхдийн зан араншин, төлөвшилт эхэлдэг. Тэгвэл үүнтэй адилтган би өөрийн орны өнөөгийн улс төр гэдэг айлын хүүхэд болоод төрчихсөн гэж хийсвэрлэн төсөөлбөл би улс төр гэдэг гэр бүлээсээ худлаа ярих, хүнийг хуурах, авилгал авч өгөхийг өдөр тутмынхаа хэрэглээгээ болгон шийдвэр бүрийг өөртөө тааламжтайгаар гаргахын төлөө юуг л бол юуг л хийдэг, өөрөөсөө бусад хэнийг ч боддоггүй (эх орон, өөрөөсөө хойших ирээдүйг), хууль сахидаггүй, магадгүй хулгайч луйварчин гэмт хэрэгтэн, эсвэл өөрийн хүссэн зүйлд хүрэхэд саад болсон хэнийг ч өршөөлгүй замаасаа холдуулдаг харгис хэрцгий, шударга ёсыг уландаа гишгэсэн нэгэн болж төлөвших байсан болов уу... Азаар би улс төр гэдэг айлд биш жирийн энгийн айлд төрсөн. Энэ бүгдийг минь уншаад юу мэддэгтэй ингэж бичиж байгаа юм гэж унтууцаж болох л юм. Гэхдээ цорын ганц үнэн бол дээд албан тушаалтнуудын үнэн худал нь мэдэгдэхгүй бодит ч юм шиг үгүй ч юм шиг байдлууд миний сэтгэхүйд ингэж л буусан байгаа юм. Дотроо ийм зүйлийг бодож явдаг Монгол Улсын иргэн “би” тэгвэл ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгч хэнийг дэмжих бол? Бас над шиг бодолтой хүмүүс хэрвээ олон байдаг бол хэн энэ удаагийн сонгуульд ялах бол?Хоёр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, тэдний сонгогчидтой уулзаж ярьж буй ярилцлагуудыг бид орой бүр мэдээллийн хэрэгслээрээ хүлээн авсаар байгаа. Орой бүр тус тусын сайхан амлалт, мөрийн хөтөлбөр мөн араас нь нэг нэгнийгээ муучилсан хар “PR” гээд учрыг нь олоход ч бэрх байдалд оруулах шиг. Энэ бүгдэд нийгмийн сэтгэл зүй хэрхэн хандаж буйг хэлэхэд хэцүү. Гэхдээ хоёр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрүүдээс авахуулаад уулзах чигээ хандуулж буй нийгмийн бүлэг нийтийг ажиглахад цөм дунд бүлгийн гэгдэх оюутнууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, алслагдсан сум дүүргийн иргэд гэх мэт байгаа нь цаанаа учиртай байх. Тэгээд бодохоор хоёр нэр дэвшигчийн хоёулангийнх нь гаргасан мөрийн хөтөлбөрүүд нь хүртэл тэр хүмүүсийн сэтгэл зүй, ухамсарт нь тааруулчихсан мэт... Тэгэхээр энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр нийгмийн ухамсар хэр байгаагаа давхар тогтоолгож болох ч юм шиг.