Багшаа 5 дахад танд эссегээ хэвлэж өгөх гээд чадаагүй юм. Тэгээд одоо ч баларч дээ гэж байтал дээр нэг оюутан эссегээ оруулчихсан байгааг үзээд барьцахаар шийдлээ. хэ хэ. Ямар ч байсан уншаад үзээрэй багшаа. Хувь хүний үзэл бодлын минь нээж үзүүлээгүй хэсэг ч байгаа юм шүү. Миний нэр Х. Батзул код та мэднэ :wink: Миний тэмүүлэл ба Трэвийн усан оргилуур Мөнхийн хот гэгдэх Ромын, Трэвийн гудамж дах гайхамшигт усан оргилуурын өмнө зогсох хэний ч болов сэтгэл тэрхүү оргилон урсах амьдралын эх булаг мэт усан лугаа ундран догдлохгүй байх нь үгүй бизээ. Түүнийг ширтэн зогсох миний сэтгэхүй ямар нэгэн далдын зөн мэдрэмжид эзэмдүүлж, бүхий л бодол санаа минь үгээр хэлж боломгүй тэр урлагийн бүтээлийн сүрт илэрхийлэл, уран дүрслэлийнх нь нууцсын гүнд нэвтрэхийг эрэлхийлнэ. Харах бүрт л гайхал төрүүлэх тэр нүсэр байгууллын өмнө би хүчин мөхөсдөх мэт балмагдан гайхаш барж, багагүй хугацааг чимээгүй нөгцөөн, ганцаар зогслоо. Яагаад ч юм сэтгэлд нэг л дотно. Хэзээ нэгэн цагт энэ зүйлийг харж эсвэл зүүдэлж байсан ч юм шиг. Үгүй юм аа гэхэд түүн лугаа үгүүлэлтэй шилүг дуулал, хөгжим найрууллыг сонсон шимтэж байсан мэт... (Бодол1)- Амьдралын мөн чанар, утга учир юу юм бэ? ... Хэн ч, хэзээ ч хариултыг нь мэдэж байгаагүй энэ асуултын түлхүүрийг эрэх аянд миний сэтгэлийн дуудлага хэдийн хөлгийн жолоо залан их далайн чанад руу хөдөлсөн байлаа. Далайн шуурга, догшин салхи, их хур, элдэв бэрхшээл ер няцаж шантрах зүйлс аль тохиолдохыг тэр гэхэв. Гэвч би далбаагаа огт буулгаагүй. Там хоосорч бүх чөтгөрүүд орчлон дээр цуглачихсан мэт (Шекспир) санагдах үе байх авч ертөнцийн төрмөл гоо сайхан байгаль эх, навч цэцэгс, жигүүртэн шувууд, цэлийх тэнгэр, цээлших тал намайг уужрууулдаг юм. Ухамсраа уландаа гишгэсэн хүн араатнуудыг би үзэн ядаж, үгүйсгэн харааж аль муугаар адлах авч яг л над шиг уйлж, баярлаж, зовохыг нь үзэхээр зуурдын хорвоог үүрдийн болтол амьдармаар санагддаг. Бид ямар азтай бас ямар азгүй хүмүүс юм бэ гэж ямар сайндаа л дуу алдах. Хайрламаар авч, даанч халгамаар хүний орчлон... (Бодол2) Би дуу дуулах дуртай, зүгээр л өөрөө өөртөө аялдаг гэхүү дээ. Дуу намайг тайтгаруулж ээжтэйгээ хамт байсан хамгийн жаргалтай мөчүүдийг надад бэлэглэж, дуу намайг ухааруулж хайртайгаа учирсан нандин дурсамжийг сэргээж, дуу намайг хүмүүнжүүлж хөрстийг туулах хүч хайрладаг. Даанч би инженер мэргэжилтэй юм даа. Үүндээ бас заримдаа сэтгэл гонсойх нь бий. Бараг зургаан жилийг инженерийн сургуульд техникийн сэтгэлгээтэй нөхдүүдтэй хамт өнгөрүүллээ. Над шиг хэт уран сэтгэмжээ хөгжүүлэх сонирхолтой хүнд энэ бол галзуугийн эмнэлэгт байхаас өөрцгүй юм. Гэхдээ л хувь тавилангаар эсвэл магадгүй би өөрийн (мэдэлгүй) дураар энэ сургуульд сурахчаа аяддаг. Энэ байдал маань удаан хугацааны олон удаагийн эргэцүүлэлтийн дүнд эх орны төлөөх, цаашлаад хүн төрөлхтөний төлөөх ариун үйл болон төрөл арилжсан юм. (Бодол3) Яагаад бид зовох ёстой гэж, яагаад бид хар алт, халтар цаасны төлөө биесээ хядах ёстой гэж, яагаад бид дэлхий гэдэг диваажинг амьдын бүтэн жаргалгүй там болгох ёстой гэж. Үнэндээ бидний хэнд ч буруу байдаггүй, бид зүгээр л <хязгаарлагдмал баялгаар хязгааргүй хэрэгцээг хангах> гэдэг эдийн засагчдын тэнэг онолын эмгэнэлт бодит биелэл болсоор өдийг хүрлээ. Гагц тэд ч биш ерөөсөө цөм бид бүгдийн хувиа хичээх үзлээр бүтээгдсэн явцуу сонирхлын үр нөлөө. Болдогсон бол <мөнхийн хөдөлгүүр> гээчийг нь бүтээгээд энэ орчлонг үүрдийн гэгээгээр нь гийгүүлэхсэн гэх бүтэшгүй санаа намайг техникийн шинжлэх ухаантай нөхөрлүүлдэг. Сайндаа ч биш л дээ юу ч устгахгүй, юуг ч алдахгүй хөл хөсөр, амар жимэр амьдрахсан гэх жирийн хүний мөрөөддөг л энгийн хүслийн улмаас тийм илбийн мэт нэг хөдөлгүүрийн төлөө би одоо хичээн сурах болсон... (Бодол4)... Трэвийн усан оргилуурын их шуугиан мөнхийн хотын нам гүмийг эвдэн түүнийг харахаар ирсэн хүн бүрт аз жаргалын үүдийг нээж өгөх мэт амьдралын мөнхийн урсгалаасаа харамгүй түгээнэ. Энэ урсгал сэтгэлээс сэтгэл рүү урсана. Энэ урсгал хүн бүхний амар амгалан, энх саруул амьдрахсан гэх хүслээс цацран ургамал, амьтан (ус, агаар, гал, огторгуй, газар), хөрс шороо гээд амьд, амьтай зүйл бүхэнд хүртэн тархаж ертөнц зүй тогтлын амин холбоо болон урсана. Би сая л энэ оргилуур надад яагаад тийм сайхан, тийм дотно санагдсаныг ойлголоо. Энэ бол миний хайж байсан зүйл, мөн миний үүрд тэмүүлэх, ямагт эрхэмлэх <амьдрал болоод сэтгэлийн мөн чанар>, ариун утга учир болох хүн хүнээ хайрлах, эх байгалиа хайрлах дундаршгүй, ширгэшгүй итгэл, хайр юм.