[b:81c8b8e9af]Блогжиж буй Япон [/b:81c8b8e9af]"Мэдээлэл холбооны цагаан бичигт"(1) дурдсанаар Японд 2005/03 байдлаар 8.6 сая блог нээгдээд байгаа аж. Энэ тоо яг энэ мөчид 10 сая давсан байгаа нь эргэлзээгүй. Текноратигийн судалгаагаар дэлхий дээр өнөөдөр 55 сая блог байгаа бөгөөд сүүлийн үед шинээр мэндэлж буй блог бүрийн 32% нь япон блог болох нь тодорхой болжээ. Япон блогжилтоороо дэлхийд топ раннер болов. Блог олширно гэдэг бол тухайн хэл дээрх мэдээллийн сан төдий чинээ зузаарахын нэр. Өнөөдөр япончууд хүзүү хөшингүүт нэт дээр хайлт хийж байна, эксэл ашиглах заавар хайхад л өч төчнөөнөөр гараад ирнэ. Чухам мэдээллийн гээд байгаа энэ эринд хэн юугаараа баян байх вэ? Компьютерээр үү? Гар утас хэрэглэдэг тоогоор уу? Үгүй. Хариулт ойлгомжтой байхаа? Япон блог загас мэт үржихэд миний бодлоор 2 шалтгаан байна. Нэгдүгээрт, бродбанд дэд бүтцийн хөгжил. Америк, Англиас ойролцоогоор 50 дахин хурдан бөгөөд 50 дахин хямд холболтын дэд бүтэц Японд бүрджээ. Америкт очсон япончууд бродбанд орчинг нь голдог. Ундны ус, газ, цахилгаан, хурдны зам гэх мэт аль ч дэд бүтцээрээ Япон барууныхнаас илүү үнэтэй байсан бол 21-р зууны амин чухал инфра болсон интернэт холболтоор илт хямд, илэрхий давуу болжээ. Энэ тухай би дээхэн Маргаашийг өнгийж харахуй-даа бичсэн байгаа. Японы Тоёота машин америкийн Форд, Жи-Эмээс 50 дахин хурдан, 50 дахин хямд байсан бол юу болох вэ? Аливаа солилцоо, процесс 50 дахин хурдан байвал тэр орны хөгжлийг хэн гүйцэх вэ? Бродбанд инфра гэдэг хурдны зам шиг нүдэнд харагдаад байхгүй ч түүний үр дүн санаанд багтамгүй. Хоёрдахь шалтгаан нь, япончуудын яс чанарт байдаг тэмдэглэл хөтлөх зуршил юм. Шиба Рёотароогийн зэрэг түүхэн роман уншиж байхад түүхийн тухайн нэг үйл явдлыг харсан, тэнд байсан хүмүүсийн 3-4ийн зэрэг өдрийн тэмдэглэл үлдсэн байх нь олон байдаг. Японы түүхчид бол азтай хүмүүс. Нэг аялалын замд хоноглосон Youth Hostel-доо ажиглаж билээ. Тэнд буусан европ залуучууд хостелийн жижиг бааранд ууж, ярьж байсан бол япон залуучууд хажуугийнх нь тасалгаанд чимээгүйхэн өдрийн тэмдэглэл бичицгээж байж билээ. Бүр хэн нэгнээс тушаал авсан юм шиг. Монголд аялалаар явж байгаа япончуудыг хараарай, яаж ч ядарсан гэсэн орой нь тэмдэглэл хөтлөх цаг гаргаад байдаг улс. Тэд бас зураг авах дуртай. Бидний нэг хяламхийгээд л өнгөрөх мод навчны дор очоод хэдэн цагаар онилоод зогсоцгооно. Ер нь улирч буй өдөр бүрийг, агшин болгоныг бичиг үсэг, зураг сэлтэд үлдээх сонирхолтой улс шиг байгаа юм. Ингэхэд сэтгүүлзүй буюу journalism гэдэг үгийн үндэст "jour" буюу "өдөр" гэсэн утга агуулагдсан байдаг. Тэгвэл өдрийн тэмдэглэл маягаар хөнгөн бичээд явдаг блог нь шинэ үеийн журнализм болж тодорч байгаад гайхах зүйл үгүй. Энгийн хүмүүс репорт хүргэгчид, түүнд анализ хийгчид, тоймлогчид болж байгаа нь яах аргагүй медиагийн дараагийн үе ирсний шинж тэмдэг. Хэдхэн сонин телевиз, сэтгүүлч, хөтлөгчид мэдээллийг бүрэн атгадаг, нийгмийн сэтгэхүйг жолооддог, жирийн нэг хүний үг ертөнцийн чихэнд хүрэх хүртэл асар хол, бартаа дамжлага ихтэй байсан тэр цаг үе өнгөрч байна. Үнэхээр чанартай мэдээлэл бол хормын зуурт дэлхий дахинд хүрэх боломжтой болно. Үүний нэг том жишээ бол [b:81c8b8e9af]"Иргэн бүр сурвалжлагч" гэдгийг уриагаа болгосон Өү Май Ньюс юм. Энэ тухай өнгөрсөн 7 сард Солонгосын Oh My News дээрээ бичиж байсан билээ.[/b:81c8b8e9af] Түүний туршлагаар бий болсон Японы Өү Май Ньюст анх үүсгэн байгуулагдах үе буюу энэ оны 8 сарын сүүлээр 1150 иргэн сурвалжлагч бүртгүүлсэн бол, ганцхан сарын дараа буюу 9 сарын сүүлээр гэхэд 2045 болж өсчээ(2). Энэ тоог 3 жилд 40000-д хүргэх зорилготой байгаа аж.