ХАР ЦЭЦЭГ I ХЭСЭГ ... Бороо цутгаж байв. Зуны улирал атал цаанаа л нэг жиндүүхэн бөгөөд гудамжаар холхих хүмүүс цөм дүнсийж ууртай царайлан хаа нэг тийшээ яарна. Өнөөдөр чинь ямар гээчийн өдөр вэ? ...Хаа сайгүй замын түгжрээ, уурлаж хашхичсан жолооч нарын дуу бүр дээд цэгтээ хүрч бие бие рүүгээ чанга чанга зандарна. Зэвхий тэнгэрээс цутгах их усан дуслууд хэзээ ч дуусч дундрахгүй нь уу гэлтэй цутгасаар л. Уг нь бороо ороход хүмүүс баярладаг байтал энэ удаа шал эсрэгээрээ. Бүгд л айдас түшүүр ямар нэгэн бухимдалд автжээ. Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хажуугаар өнгөрөөд Тэнгис кино театрын хойно байрлах гэрийнхээ зүг явж байгаа Сэлэнгээгийн нүдэнд залуухан эх тав орчим насны болов уу гэмээр жаахан хүүхдээ ямар ч хайр энэрэлгүй зодож бахируулах нь өртөв. Ийм залуухан, бас давгүй царайлаг энэ туранхай бүсгүйд өрөвдөх сэтгэл гэх юм ер алга аа. Энэ хүйтэн борооноор нимгэн хувцасласан жаахан хүү ээж ээ хэмээн аврал эрэн сарвалзаж газар хэвтэх авч өнөөх бүсгүй хүүг үг дуугүй дэвслэн өшигчих нь Сэлэнгээд аргагүй аймшигтай санагдаж байлаа. Хамгийн гайхалтай нь түүний хажуугаар өнгөрөх хүмүүс “Хүүгээ зодож байгаа эх бидэнд ямар ч хамаагүй” гэж үзсэн үү эсвэл бүр анзаарсан ч үгүй юу ямартай ч огтхон ч эмзэглэсэнгүй, бүр тоож ч харсангүй. Өнөөдөр чинь энэ хүмүүс ер нь юу болчихоо вэ? Сэлэнгээ өөрийн эрхгүй амандаа ийн дуу алдаж энэ асуултанд нь хэн нэгэн хариулчих юм биш байгаа гэсэн шиг орчин тойрноо горьдлогын нүдээр харан бүлтгэнэж, алхааныхаа хурдыг улам түргэсгэлээ. Ийнхүү Сэлэнгээ цаашаа алхсаар орон сууцнуудын дунд ороод ирлээ. Тэрээр нэгэн угсармал есөн давхар байшингийн булан тойрох агшинд 26 орчим насны л болов уу гэмээн өөрийнхөө үеийн нэг бүсгүйтэй мөрөөрөө мөргөлдчихөв. Гэтэл тэр үл таних бүсгүй Сэлэнгээг амаа ч нээж амжаагүй байхад хараалын үгээр булж гарах нь тэр. “Нүд нь ширгэж сохойсон үрчгэр амьтан минь. Наад хоёр цэхрээ сайн нээгээд замаа хараач”гэж тодхон хэлээд цаашаа амандаа элдвийг бувтнан явж одлоо. Үнэндээ түүний юу гэж үргэлжлүүлэн хараахыг ч Сэлэнгээ сонсохыг хүссэнгүй. Амьдралдаа анх удаа л хүнд ингэтлээ доромжлуулсан шиг санагдаж байсан ч энэ дайралтын эсрэг өөрийгөө хамгаалсан ганц ч үг хэлсэнгүй, эргэж ч харалгүй ум хумгүй гүйчихлээ. Бороо улам хүчтэй ширүүссээр. Энэ нь хүмүүсийн уур бухимдлыг бүр ч их нэмэгдүүлж байгаа гэлтэй хаа сайгүй л хялалзаж цэхэлзсэн хүмүүс хараалын үгс шидлэн холхилдоно. Энэ хүмүүсийн дунд ядаж шүхэр барин тайван алхах хүн ч алга. Хувцас нь нэвт норж бүр тогтохын аргаргүй болсон мэт харагдах авч хөмсгөө зангидан ярвалзан алхлаад л... Тайван явах ямар ч арга алга аа. Энэ муу ео шингэсэн гэлтэй усан бороо ямар нэгэн муу зүйл зөгнөөд амьдралыг нь орвонгоор нь эргүүлж там болгон хувиргах гэж байгаа юм шиг л Сэлэнгээд санагдах нь тэр. Энэ бодолтой нь зэрэгцэн ар нуруугаар нь аалз гүйх шиг болж өөрийн эрхгүй дотор нь арзасхийв. Сэлэнгээ энэ мөчид өөрийн амьдардаг танил дотно болсон орон сууцаа харахыг тэсгэлгүй хүсэх авч гэртээ хүрэх хараахан болоогүй байлаа. Хурдхан гэртээ харьж энэ замбараагүй, зэвүүн, муу ёр зөгнөсөн орчноос ангижирч зурагтаа үзэхсэн гэдэг бодол түүнийг бүр хурдан алхахад, магадгүй бүр гүйхэд хүргэх аж. Дахин нэг байшингийн булан тойрон эргэлээ. Гэтэл Сэлэнгээгийн нүдэнд эрхгүй нэгэн зүйл өртсөн нь гартаа ганцхан ширхэг улаан сарнай атгачихсан, гүн цэнхэр өнгийн костюмтай залуу байлаа. Залуугийн царай цонхигор зэвхий бөгөөд цэнхэр костюмтай зогсох түүний гарт нь байгаа улаан сарнай нэг л зохицохгүй харагдана. Энэ үл таних залуугийн Сэлэнгээгийн нүдэнд ялгарч өртсөн хамгийн гол шалтгаан нь бүх хүмүүс уурлаж дүнсийсэн байхад ганцаархнаа инээмсэглэж байсан явдал. Гэхдээ энэ цонхигор залуугийн хүйтэн инээмсэглэл Сэлэнгээд огтхон ч сайхан сэтгэгдэл төрүүлсэнгүй. Уг нь энэ олон уурлаж бухимдсан хүмүүсийн дундаас ядаж ганц ч гэсэн инээмсэглэсэн царай олж харсандаа баярлаж байх ёстой атал тэгсэнгүй.Ердөө л сэтгэлд нь нэгэнт хуралдаад байгаа, өөрт нь үл ойлгогдох айдсыг нь харин ч бүр хөглөөд ирэх шиг. Яагаад энэ залуу инээмсэглэж байгаа хэрнээ ийм муухай таагүй сэтгэгдэл төрүүлнэ вэ? Сэлэнгээ өөрөөсөө ийн асуугаад үргэлжлүүлэн өөртэйгөө бодлоороо ярилцлаа. ... Уг нь өчигдөр, уржигдар за ер нь тэрний урдах бүх л өдрүүдэд өөрөөр хэлбэл хэвийн өдрүүдэд тайван инээмсэглэн алхаж байгаа хүмүүсийн дунд уурлаж бухимдсан хүн таагүй сэтгэгдэл, цаашлаад айдас төрүүлдэг бол энэ удаад яг эсрэгээрээ үйлчилж байгаа нь энэ үү? Уурлаж бухимдсан хүмүүсийн дунд уурласан царай гаргахгүй бол бусдыг айлгачихдаг байх нь. Энэ чинь тэгэхээр юу гэсэн үг вэ? Уурлаж бухимдсан хүмүүсийн дунд ууртай царай гаргаж, инээмсэглэсэн хүмүүсийн дунд бол инээгээд бай гэсэн үг үү. Тэгвэл ердөө л бусадтай ижилхэн биш байгаа тэр байдал л айдас төрүүлдэг байх нь. Яг л амьд хүн үхсэнээсээ айдаг шиг. Үхсэн нь амьдаасаа ялгаатай учраас амьд хүмүүс түүнээс айж, сэжиглэж, цэрвэдэг. Бүр тэгээд үхсэн нэгийгээ босоод ирэх вий гэсэн шиг авсанд хийж таглаад газар доор булж дээрээс нь цементлэдэг. Тэгвэл яг үүнтэй адилаар үхсэн нь амьдаасаа айдаг... За биш юм аа. Үхсэн хүн гэдэг бол айх, баярлах мэдрэмжээ алдсан юу ч мэдрэхгүй болсон тийм л нэг цогцос шүү дээ. Гэхдээ юмыг яаж мэдэхэв. Үхэгсдийн эсвэл цаашлаад сүнснүүдийн ертөнц гэж байдаг ч юм билүү.Тэгээд л магадгүй хэн нэгэн амьд хүн ямар нэгэн байдалаар тэр газарт нь оччих юм бол үхэгсдэд эсвэл сүнснүүдэд айдас төрүүлэх нь дамжиггүй. Сэлэнгээ ингэж бодсоноо жихүүцэж орхив. Юун ч дэмий юм боддог юм бэ дээ гэж өөртөө дуулдах төдий шивнэн алхааныхаа хурдыг жаахан сааруулав. Сэлэнгээ ингэж бодол болон алхаж байхдаа өнөөх цэцэг барьсан цэнхэр костюмтай этгээдээс нүднийхээ харцыг огтхон ч салгаж чадахгүй байсан билээ. Учир нь тэр залуу руу ойртох тусам царай нь тодрон харагдаж тэр нь эрхгүй сонирхол татахуйц байсан ажээ. Залуугийн том алаг нүдний нэг нь долир байх бөгөөд энэ нь мөлчгөр цонхигор царай, спорт маягийн тачирхан үсэнд ердөө ч зохицохгүй харагдана. Яг л хаа хамаагүй хүмүүсийн нүд, шүд, үс чих, царай төрхийг нь цуглуулаад нэг хүн болгоод эвлүүлчихсэн юм шиг. Товчхондоо бол тэр залуу яг л эвлүүлдэг тоглоом гэлтэй. Тэр тоглоомыг хэн нэгэн этгээд маш сайн эвлүүлчихсэн юм шиг.Тэр үл таних залуу Сэлэнгээ рүү л ширтэн хараад инээгээд байгаа юм шиг атлаа үнэн хэрэг дээрээ Сэлэнгээ дээр тэр залуугийн харц тогтохгүй байлаа. Магадгүй Сэлэнгээгийн биед байгаа тэр нь өөрт нь харагдахгүй байгаа тийм зүйлийг энэ цэнхэр костюмтай залуу олж харчихаад инээгээд байх шиг. Сэлэнгээгийн алхаа бүр удааширч зүрхнийх нь цохилт мэдэгдэхүйцээр түргэсээд иржээ. Энэ залуу руу ингээд л дөхөөд байх нь зөв үү буруу юу эсвэл бүр тойроод гүйчих үү. Ядаж байхад энэ залуу яг гэр хүрэх замд нь тааралддаг хүүхдийн тоглоомын талбайн сандал дээр суучихсан инээж байгааг ч хэлэх үү. Бас тэр гартаа барьсан ганц ширхэг нүцгэн сарнай нь энэ эцэс төгсгөлгүй цутгах бороонд цохигдож шалчийсан шинж ердөө ч алга. Ер нь л энэ залуугийн бүх эд эс нь нэг л ойлгомжгүй, ганцхан үгээр хэлбэл нэг л авцалдахгүй байв. Сэлэнгээ гайхаж эргэлзсэн бас айсан бодолдоо автан аажмаар алхсаар нэг л мэдэх нь ээ өнөөх залуу руу нэлээн дөхөөд иржээ. Гэтэл өнөөх цэнхэр костюмтэй долир залуу сууж байсан сандлаасаа өндийн инээмсэглэсээр Сэлэнгээ рүү ойртов. Ингэнэ гэж санаагүй Сэлэнгээ давхийн цочсоноо айдастайгаа тэмцэж хэвийн байдлаа хадгалахыг хичээж эхэллээ. “Орчин тойронд нь уур уцаартай л болохоос биш өч төчнөөн хүмүүс явж байхад энэ долир залуу яав л гэж” хэмээн өөртөө хэлж тайвширахыг хичээнэ. Гэхдээ энэ залуугийн нэг л юм аргагүй эгдүүцэм зэвүүн санагдаад байгаа нь цонхигор нүүрэндээ тодруулаад байгаа хүйтэн инээмсэглэл нь байлаа. Инээмсэглэл ч гэж дээ. Инээмсэглэл гэдэг бол хүмүүст хөгжилтэй, аз жаргалтай байгааг илэрхийлдэг илэрхийлэл болохоос биш айдас төрүүлдэг мушийлт биш шүү дээ. Гэхдээ бас энэ залууг зүгээр л нэг мушийсан гэж хэлэхэд бас болохгүй. Ядаж байхад энэ орчин тойрон тэр аяараа гунигт автах мэт дүнсийн сааралтаж муу ёр зөгнөсөн гэлтэй зуны хүйтэн бороо эцэс төгсгөлгүй цутган гудамжинд явах хүмүүс ууртай ярвагар царайгаар нүүрээ чимэглэсэн байгаа нь Сэлэнгээгийн сэтгэлийг хямраах хангалттай шалтаг болж байлаа. Инээмсэглэсэн долир залуу Сэлэнгээгийн өмнө тулж ирээд өнөөх гартаа барьж байсан улаан сарнайгаа түүнд барив. Гайхшруулж бас жихүүцүүлмээр энэ үйлдэл нэг л муу ёр зөгнөх шиг л Сэлэнгээд санагдана. Сэлэнгээ цэцгийг авахыг тэгтлээ их яарсангүй. Харин өнөөг хэр нь инээсээр байгаа цэнхэр костюмтай долир залуу руу асуусан харцаар ширтэв.Бороо улам хүчтэй асгарсаар. Залуу юу ч хэлсэнгүй зүгээр л цэцгээ түүн рүү сарвайсаар зогсоно. Сэлэнгээ ямар нэг зүйл асуух гэснээ больж энэ залуугаас хурдхан салж гэртээ харихын түүс болжээ. Тэгээд шууд л цэцгийг аваад гүйж одлоо. Эргэж ч харсангүй, хурдхан гэртээ ороод энэ толгой өвтгөсөн дүнсгэр орчноос салахсан гэхээс байж ядна. Сэлэнгээгийн санаанаас саяын залуу гарсангүй.Ялангуяа тэр долир нүд, хүйтэн инээмсэглэл. Бас тэр өмсчихсөн гүн цэнхэр өнгийн костюмийг нь өөр хэн ч хэзээ нэгэн цагт өмсөж байсан нь Сэлэнгээгийн санаанд буухгүй байв.Ингэж бодмогцоо Сэлэнгээгийн царай гэнэт барайгаад зогтусах нь тэр ээ. Тийм ээ, тэр залуугийн өмссөн тэр гүн цэнхэр өнгийн костюм нь огтхон ч нороогүй байсан. Үүнийг нь тухайн үедээ ажиглаж байсан ч яагаад гайхаагүй өнгөрчихсөн юм бол оо? Сэлэнгээ өөрийн эрхгүй эргэн харлаа. Өнөөх цэнхэр костюмтай залуу аль хэдийн алга болжээ. Түрүүхэн тоглоомын талбай дээр сууж байсан ямар ч ул мөр алга. Харин тэр долир нүдтэй залуугийн үнэхээр байсан гэдгийн баталгаа болсон улаан сарнай Сэлэнгээгийн гарт үлдэж хоцорчээ. Хавь ойрд холхиж байгаа хүмүүсээс цэнхэр костюмтай долир нүдтэй залууг хаашаа явсныг асуух гэсэн боловч яахаас ч буцахгүй шинжтэй ууртай хүмүүс рүү харж чадсангүй орц руугаа орлоо. ... Орц хав харанхуй байлаа. Уг нь дандаа л гэрэлтэй байдаг энэ орцны бүх гэрэл нь яагаад ингээд унтарчихсан байдаг билээ. Цахилгааны ямар нэгэн саатал гарсан эсвэл нэг сайн эр орцны жижүүрийн азгүй байх чөлөөнөөр сэм орж ирээд бүгдийг нь дэлсэж орхио юу. Хэн мэдлээ, ямартай ч орц ямар ч гэрэлгүй харанхуй байлаа. Сэлэнгээгийн орц руу орох агшинд сүүмэлзэж байсан оройны нар ямар нэгэн чөтгөрөөс айгаа юу гэлтэй хэзээ ч мандаж байгаагүй юм шиг жаргачихаж. Нар ийм хурдан бас огцом жаргаж, уулын цаагуур далд орчихож байсныг Сэлэнгээ ердөө ч санахгүй байв. Тэрээр энэ харанхуй орцонд гар утасныхаа гэрлийн тусламжтйагаар шатанд бүдэрчихгүйхэн шиг болгоомжтой өгсөж явлаа. Одоо дахиад хоёрхон давхар өгсчихвөл тэрээр гэрийнхээ хаалганы өмнө тулж ирэх байв. Түүний гэр нь таван давхарт байдаг бөгөөд ямартай ч эхний гурван давхрыг давчихжээ. Гэртээ орох хүртэлх энэ хоёр давхар шатанд Сэлэнгээг юу ч хүлээж байж мэдэх юм шиг түүнд санагдана. Гар утасных нь гэрэл ойр ойрхон унтарч орц тэр аяараа харанхуй болоход Сэлэнгээгийн хамаг биеэр нь хүйтэн цус гүйх шиг болж түргэхэн шиг утасныхаа аль нэг товчлуурыг даран дахин гэрэл асаана. Утасныхаа гэрлийг шат өөд тусган аажимхан нэг хоёр гишгэн дээш өгсөж байснаа санамсаргүй өмнөх замаа харахад дөрвөн давхарт нэг этгээд харанхуй булан руу нүүрээрээ шигдэн зогсож байх нь тэр. Сэлэнгээ золтой л хашхирчихаагүй ч айсандаа хамаг бие нь тогонд цохиулж байгаа юм шиг татвасхийснээ хойшоо хэдэн алхам ухарчээ. Энэ үед гар утасных нь гэрэл ахин унтрав. Сэлэнгээгийн нүүрээр хүйтэн хөлс дааварлан шатаар үргэлжлүүлэн дээш өгсөх нь зөв үү гэсэн бодол толгойд нь урган гарч ирлээ. Саяын нүдэнд өртдөг хэн эсвэл юу байсан бэ? Сэлэнгээ өөрөөсөө ийн асуугаад утасныхаа гэрлийг дахин асаааж харлаа. Харин одоо бол түрүүний буланд шигдэн хойшоо харан зогсож байсан өндөр биетэй хүн алга болжээ. Магадгүй өөр нэг булан руу шилжиж зогсоод өөрийг нь алахаар тож байгаа ч юм билүү гэж бодсоноо утасныхаа гэрлийг тусган дөрвөн давхрын бүх булан тохойг нүдээрээ нэгжин харлаа. Нүдэнд нь юу ч өртсөнгүй. Сэлэнгээгийн дотор жаахан ч гэсэн уужрах шиг болж дээд давхар луу гүйчихэв. Уг нь одоо ганцхан давхар үлдсэн юм чинь юухан байх вэ. Замд юу ч тааралдсан бай нүдээ аниад л гүйчихье гэж шийджээ. Чулуун шатан дээр товор товор хийлгэн гишгэлсээр дээшээ өгсөх Сэлэнгээгийн хөл доор гэнэт ямар нэгэн “өөр” зүйл гишгигдэх нь мэдрэгдлээ. Тэгмэгц шууд л Сэлэнгээгийн толгойд “Энэ чинь юу вэ, хүн байсан уу?”гэсэн бодол төрж хамаг цус нь толгой руу нь юүлэгдэх шиг болов. Сэлэнгээ эргэж ч харсангүй гүйсээр гэрийнхээ үүдэн дээр иржээ. Гэр оронгүй гудамжны хүн унтаж байсан юм болов уу. Тэгвэл ядаж дээрээс нь хүн гишгээд гарахад дуугармаар юм. Тэгэхдээ бүр өсгийтэй гутлаар шүү. Эсвэл бүр үхсэн хүн байв уу? Хэн мэдлээ. Ямартай ч хэн ч юу ч байлаа гэсэн тийм ч таатай биү учраас хурдхан шиг гэртээ орох минь гэсэн бодол нь Сэлэнгээг хаалгаа ухаан жолоогүй балбахад хүргэжээ. Нэлээд хэдэн удаа хүчтэй цохисон боловч хэн ч хаалга тайлж өгсөнгүй. Чимээ аниргүй, нам жим байдал энэ харанхуй орцонд ноёрхож байгаа нь Сэлэнгээг бүр тэсэхийн аргагүй айдаст автуулж байлаа. Тэрээр гэнэт нэг зүйлийг олж мэдмэгцээ огло үсрэн хаалганаас холдов. “Чөтгөр авмар. Би орцоо андуурчээ” хэмээн Сэлэнгээ өөртөө хэлээд яахаа мэдэхгүй бүр хөшиж орхилоо. Одоо яах билээ. Саяын ирсэн замаараа буцаад буух хэрэг үү, хэдий бууж болох хэдий ч саяхан хөл доор нь гишгэгдсэн хүн эсвэл өөр ямар нэгэн амьтан яах бол гэхээс хамаг бие нь салганан чичирхийллээ. Одоо яана аа.Сэлэнгээгийн нүднээс нулимс асгаран хацарт нь халуун зам татуулан урсаж байгааг тэрээр өөрөө мэдэрсэнгүй. Зөвхөн одоо яаж эндээс гарах вэ гэсэн бодол хамаг оюун ухаан, бие сэтгэлийг нь эзэмдэж түүнийг нь дагаад бүх цусаар нь айдас тархжээ. Түрүүний гадаа тааралдсан цэнхэр костюмтай этгээдийн бэлэглэсэн ганц ширхэг сарнай өнөөг хүртэл түүний гарт байсаар байгааг энэхэн хугацаан Сэлэнгээ түр мартагнаад байлаа. Сэлэнгээ яахаа мэдэхгүй айж эргэцүүлэн зогссоор. Аз таарч хэн нэгэн айлын хаалга нээгдэж доош хүн буувал хамт гарчихъя гэж бодоод харанхуй орцны хананд нуруугаараа наалдан хэн нэгнийг хаалгаа тайлан гарахыг хүлээв.Гэсэн ч арваад минут өнгөрсөн хэдий ч хэн ч хаалга тайлсангүй, бүр ямар ч чимээ гарсангүй. Сэлэнгээ яах ч аргагүй доошоо буулаа. Өнөөх ойртож ирээд утасныхаа гэрлийг тусган хартал нүдэнд нь юм өртсөнгүй. Тэгмэгц нь сэлэнгээ доогоо яаран гүйлээ. Энэ үед харанхуй орцонд түүний гүйх хөлийн чимээнээс өөр ямар ч зүйл сонсогдсонгүй. Ядаж байхад гадаа ч гэсэн машины явах, сигналдах, өөр ямар нэгэн юмны чимээ гарахгүй байгаа нь ганцаараа үлдээ юу гэлтэй бороо цутган асгарах чимээнээс өөр юу ч түүний чихэнд сонсогдсонгүй. Сэлэнгээ арайхийж сая нэг юм орцноос гарч чадлаа. Гадаа харуй бүрий байдал ноёрхож байх бөгөөд түрүүний дотор жихүүцүүлэм хүйтэн бороо зогсох янзгүй цутгасаар л. Хүмүүсийн хөл хөдөлдгөөн бүр татарчээ. Борооноос айсан уу, эсвэл бүгдээрээ аль нэг тийшээ алга болчихоо юу ямартай ч Сэлэнгээгийн нүдэнд юу ч өртсөнгүй. Цахилгаан тасарсан бололтой. Учир нь тэр хавийн орон сууцнуудын цонхноос асаалттай байгаа нэг ч гэрэл харагдсангүй. Сэлэнгээ орц руугаа гүйж орлоо. Өөрийн нь бас л гэрэлгүй харанхуй байгаа ч тэрээр энэ удаад торсонгүй. Зүрх нь хурдан хурдан цохилж бүх эд эсээр нь айдсын мэдрэмж тархаж байсан ч асар их зориг тэвчээр гарган зогсолгүй бас эргэж харалгүй гүйсээр гэрийнхээ хаалганы өмнө тулж ирлээ