Ирэх лхагва гарагт буюу 4-р сарын 14-ний өдөр “Эко парад” болно. БОАЖЯ, “Экологийн элч” клуб, Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс санаачлан зохион байгуулах энэ ажилд МУИС-ийн Экологийн боловсролын төв, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн агаарын чанарын алба хамтран оролцох юм байна.
Ойн тухай хуулийн 28.1 дэх зүйл заалтыг сурталчлах нь энэ парадын үндсэн зорилго юм. Энэ зүйлд “Аймаг, нийслэлийн Засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, 16 насанд хүрсэн иргэн бүр 1, аж ахуйн нэгж, байгууллага 5-аас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана” гэж заасан байдаг.
Баяр ёслолын байдалтай “Эко парад”-ын үеэр ногоон туузтай экологийн элч нар хүн нэг бүр мод тарьж, байгаль эхдээ буян үйлдэхийг, ногоон нийслэлийн төлөө нэгдэхийг танд уриалах аж.
Өдрийн 14.00 цагаас Сүхбаатарын талбайгаас хөдөлж, Эрх чөлөөний талбай хүртэл алхахдаа “Ногоон нийслэлийн төлөө нэгдэцгээе” илгээмжтэй 1000 ширхэг бөмбөлөг агаарт хөөргөж, Ойн тухай хуулийг сурталчилсан гарын авлага түгээх юм байна.
Эрх чөлөөний талбайд 14-ний 15.00 цагаас Эко наадам эхэлнэ. Түмэн эх чуулга, Улсын драмын эрдмийн теартын уран бүтээлчдийн тоглолт эндэхийн задгай талбайд тоглохоос гадна байгаль хамгаалах үйлсэд манлайлагчдад “Экологийн элч” өргөмжлөл гардуулах ёслол болох аж.
Эрх чөлөөний талбайд энэ үеэр модны тарьц, цэцгийн суулгац, үрийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, иргэдэд нэг дороос цогц мэдээлэл-үйлчилгээг хүргэх юм байна.
Энд хэдүүлээ оролцох уу?