(“Цэцэлсэн шастир”) Өөр өөр овогт багтаж байсан “урт дурын хүмүүс” нь өөрийн язгууртнуудын овгийнхоо тогоонд чанагдан, хувиа борлуулж довоо шарлуулж байдаг бэртэгчин ёсыг эвдэхийг зорьж, өвөр хоорондоо нэгдээд урьдын байдлаа хэвээр хадгалах гэсэн тэднийг нуга дарж ,түмэн олноо соронзон гүр мэт өөртөө татаж нэгтгэснээрээ мөхөж эхэлж байсан Монголыг аварснаар барахгүй дэлхийн талыг эзлэхийн эхийг тавьжээ. “Урт дурын хүмүүс” буюу оргилуун хүмүүсийг Гумилев “хүчил төрөгч” гэж нэрлэсэн нь тийм учиртай.
Монголчууд харгис хэрцгийдээ буюу бусад ард түмнийг боолчлох гэсэндээ дэлхийн талыг эзэлсэн үү? Гумилев “үгүй” гэж нуталжээ. Дайсан өөрөөс нь аль болох хол байх ёстой гэж монголчууд үзэж байлаа. Иймээс дайсныг хилээсээ аль болох холдуулах ёстой. Монголчууд өөрийн ясны дайсан мэргэдийг хөөсөөр Алтай давуултал Иргиз нутагт мэргэдийг зочин мэт тосч авсан половчууд монголчуудыг тосон байлдаад дийлдэхдээ өөрийн холбоотон Оросруу ухарч, Орос Половчуудыг өмөөрсөн юм. Гэвч “Монголчууд Оросуудыг хөндсөнгүй, тэдэнтэй зууралдахыг хүссэнгүй” (“Хар домог”). Зүрчид хятад хоёр монголчуудын цусан өшөөт дайсан. XI, XII зуунд зүрчид монголын зоригт удирдагчдыг хятадад аваачин гадсанд шорлож, араатнаар бариулж залуусыг нь хятадын боолын зах дээр худалдаж, эмс охидыг нь язгууртны шивэгчин татвар эм болгож байсан болохоор Чингис Зүрчид, Хятад хоёртой байлдаж, тэднийг аюулгүй болгох нь зүйн хэрэг байсан. Иймээс Чингисийн аян дайн бол Монголоо, монголчуудаа аврах ариун дайн байжээ. Цөөн монгол өөрөөсөө хавьгүй хүчтэй, хавьгүй олон дайсныг ялан дийлээд байсны учрыг ааг хүч оргилох үйл явцаар Гумилев чингэж тайлсан билээ. Дараа нь чухамхүү жижиг хаадын өвөр хоорондын олон жилийн дайн тулаан тэдний бие биеэ хөнөөж дайсагнаснаас оргиллын туйлыг үзэж болно. Эдний хядалдаан баахан намжсаны дараа Монголд соёлын сэргэн мандлын үе эхэлж өдгөө дэлхийг шагшуулж байгаа Занабазарын бүтээл гарч “Ганжуур”, “Данжуур” гэсэн их хөлгөн судрыг монгол хэлээрээ орчуулж монгол бичгээрээ барлан хэвлэж байсан нь ч Гумилевын онолыг батлаж байна.
Угсаатан бүрэлдэх хэвийн явцыг өөр овгийн түрэмгийлэл тасалчихгүй бол угсаатан оргиллын түлхэцээс аваад бүрэн мөхтлөө 1500 орчим жил насладаг гэж Гумилев тооцоолоод (“Урусээс Орос хүртэл”) “Өдгөө Монгол угсаатан “алтан намар”-ынхаа тогтонги шатанд, хүннү нарыг дайрсан шиг гаднын гай тотгор дайрч л монголын хөгжлийг тасалдуулахгүй бол соёл иргэншил нь барагцаагаар 300-400 жил цэцэглэн хөгжихөөр байна” (“Евроазийн түүхээс”) гэсэн юм. Гумилев ёрлолоо гэж дургүйцэх нь бий. “Угсаатан үүсч, мөхөх зүй тогтлыг юу ч өөрчилж чадахгүй” (“Түүхэн үе дэх угсаатны газар зүй”) гэхэд нээрээ сэтгэлээр унамаар ч “угсаатан алга боловч хүмүүс үхдэггүй шинэ угсаатны бүрэлдэхүүнд ордог. Бидний дотор скиф, хүннү, шумерийн үр сад явж л байгаа хоёр мянган жилийн тэртээ гэхэд англи, дани байхгүй болох боловч огт танигдашгүй болтлоо өөрчлөгдсөн тэдний үр сад нь байж байх болно” гэснийг уншихад жамтай юм жамаараа болохоос яах вэ гэсэн сэтгэл өөрийн эрхгүй төрнө. (“Евроазийн түүхээс”).
Бидний хойч үе гэж бий билээ. Тэд маань угсаатныхаа насыг гүйцэд л наслах ёстой. Гумилев бичихдээ хар салхи тавих, газар хөдлөх, уулын нураг буух зэрэг залж жолоодох аргагүй олон үзэгдэл бий. Эдгээрийн гамшигаас бүрэн урьдчилан сэрэмжилж болохгүй хамгаалж болдог. Ийм учраас цаг уур судлал, газар хөдлөхийг судлах ухаан, геологи, ус судлал гэж байдаг билээ. Угсаатны судлал эдгээр ухаантай л адил юм. Энэ ухаан угсаатны хөгжих зүй тогтлыг өөрчилж чадахгүй ч юу үйлдэж байгаагаа мэдэхгүй хүмүүсийг сэрэмжлүүлж чадна” (“Түүхэн үе дэх угсаатны газар зүй ”) Учир иймийн тул үр сад маань наслах 300-400 жилдээ “эрчим хүчийн хуулиар нэг эрчим хүчнээс нөгөө эрчим хүчиндээ шилжихдээ” буюу шинэ угсаатан үүсгэхдээ монгол нэрээ хадгалан цааш хөгжихөд нь өнөө үеийнхний хариуцлага даан ч их гэдгийг бодоосой.
“Аль ч угсаатанд өвгө, чингэхдээ хэд хэдэн өвгө байдаг” (“Урусээс Орос хүртэл”). “Монголчуудын өвөг нь хүннү, сармат, сяньби” (“Хар домог”). XX зууны сүүлч үеийн монголчууд ямар тэнэг байсан юм бэ, наснаасаа урьтаад амиа хорлочихсон юм билээ гэх юм уу гадаадын мангасын аманд толгойгоо өөрснөө шургуулчихсан байх юм гэж хойч үеийн шинэ угсаатандаа үгүй ядахад хэлүүлэхгүй байхсан даа.
Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд шоронгоос суллагдсаныхаа дараа ч Гумилев оргилолын онол, Чингист өгсөн үнэлгээгээрээ зөвлөлтийн түүх судлалын загварт баригдсан сэтгэлгээг зад татсанаараа коммунистуудын хар дансанд “хадаастай” байсан юм. “Угсаатны үүсэл, Дэлхийн шим мандал”, “Байгаагүй орны эрэлд” хоёр ном нь сэдвийн шинэ өгүүлэмжийн зоригоороо коммунист хэвээр сэтгэдэг их үндэсний дээрэнгүй үзэлтнүүдийг цочоосноор барахгүй уур унтууг нь хөдөлгөж хилэн хорслыг нь бадраасан билээ. Гумилев газар зүйн ухаанаар хоёрдох докторынхоо зэргийг гялалзтал хамгаалахад эрдмийн зэрэг цол олгох комиссын нэг хүнд сурталтан “Та түүхч юм уу, газар зүйч юм уу?” гэсэн хөгийн асуулт тавиад хоёрдох докторынх нь зэргийг олгосонгүй. “Угсаатны үүсэл, Дэлхийн шим мандал” гэдэг “насны ном” нь нууцхан хэвлэгдээд бүх холбоотын шинжлэх ухаан, мэдээллийн хүрээлэнд хав дарагдсан ч тэндээс үе үехэн ганц нэгээр алдагдаж үнэ нь хар зах дээр хадахад Гумилев их бахархдаг байсан гэдэг. Гумилев “Владимирская” метроны ойролцоо нийтийн байрны умгархан өрөөнд сууж байжээ. Их эрдэмтэн нэгэн ярилцлагадаа “академич Ринчен Ленинградад намайг гэнэт эргэж ирснийг санахад дандаа сайхан байдаг. Түүний дорнын тансаг хувцас, цог заль төгс царай, намба төгөлдөр алхааг үзэхдээ манай байшингийнхан цөмөөрөө гайхан бахдаж, энэ гайхамшигтай хүнийг харах гэж цонх хаалгаараа шагайж байлаа. Б.Ринченг явсны сүүлээр тэр ч байтугай байрыг минь” сайжруулж өгье гэснийг би хэлэх ёстой. Монголын эрдэмтэн миний ажил амьдралд ингэж л ач тус өгсөн дөө” гэж бахархан дурссан нь бий. Чухамхүү байрыг нь сайжруулах амандаа оросууд хүрсэн юм билээ. Чингэхдээ Ринчен докторын тэгэж очсон нь Чингисийг магтсан гэж Зөвлөлтдөө муучлуулж, тэр ч байтугай Монголд сайн хэлэгдэхгүй байсан түүний дүрэлзсэн сэтгэлийн нь бөхшгүй галд нэмсэн шар тос болжээ гэж түүний өгүүлснээс өлгөн хэлж болох мэт.
Тухайлбаас Москвагийн улсын хүчирхэг болоход монголчууд л тусалсныг өгүүлсэн “Байгаагүй орны эрэлд” номоо 1970 гаргаснаас нь хойш түүний бүтээлийг арван таван жил хэвлэсэнгүй. Гагцхүү 80 хэдэн оны дундаас л эрдэмтнийг ад шоо үзэхээ больсон. Гэхдээ Гумилев амьдралынхаа сүүлчийн жил л академич болсон, чингэхдээ Оросын шинжлэх ухааны академийн биш, байгалийн ухааны академийн академич болсон билээ. ОШУА-д шинэ хүмүүс орсон боловч бас л атгаг үзэлдээ автаад түүнийг үнэлж чадаагүй.
Оросын их эрдэмтний гайхамшигт нээлтээ хийж, сонирхолтой бүтээлээ туурвиж байсан нөхцөл ийм бөлгөө. Гэвч ямар ч хатан зоригтныг нугалж чадах харанхуй тамд ч, хавчлага хяхлагын дунд ч Гумилев монголчуудыг хамгийн харгис хэрцгий, догшин түрэмгий гэж харуулдаг түүхийн хэвшмэл ойлголтыг анх удаагаа орь ганцаар сөхөн эсэргүүцсэнээрээ зөвлөлтийн үндэсний дээрэнгүй үзэлтнүүдийг өөдөөсөө босгосон боловч Монголыг үзэх үзлээ шинжлэх ухааны үндэстэйгээр нотлон баталж, монголын ард түмний өмнө гандан бууршгүй гавьяа байгуулсан юм. Чингис хааныг зэрлэг бүдүүлэг дээрэмч нүүдэлчдийн толгойлогч, улс түмнийг хөнөөн устгасан харгис догшин байлдан дагуулагч гэж харийнхан байдгаараа батлан монголчуудыг доромжилж, монголчууд нь тэдний ам даган донгодоод өөрсдийгөө доромжилж байсан тэр үед Гумилев монголчуудын хувьд “Их өвгийнхөө онгодыг хүндэтгэнэ гэдэг алтан нарыг харж задгай галын илчийг мэдэрч, цэцэгсийн анхилуун үнэрийг үнэрлэж байхтай л агаар нэгэн” гэж бидэнд сануулж байсаан. Орос хүн Монгол улсыг тэгтлээ сонирхож, олон зуун жил орос европынхонд нүд үзүүрлэгдсэн Чингисийн тухай шинжлэх ухааны үнэнийг олох гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг яагаад чин барив аа? Өөрөө энэ асуултад “Би бол эрдэмтэн хүн!” гэж омог бардам хариулсан. Үүнээс өөр бас нэг учир байжээ гэж молхи би мунхагладаг.
Аав Гумилев нь:
Оросын сурвалжит тайж
Гумилев хэмээх овогтон
Орох буцах хорвоогийн мандсан жаргасан наран
Ээтэн гутлын хоншоороор дэлхийн бөмбөрцгийг өшигчин
Ээрэм талын хүлгээр эцсийн далайг зорьсон
Миний өвөг дээдэс хөх монголын нүүдэлчин
Мэлмий алдрах говийн цалин цагаан туургатан
гэж шүлэглэжээ. Ээж Анна Ахматова нь: “Эмээ ээж Анна Егоровна Мутавалаг маань дурсаж намайг Анна гэж нэрлэсэн юм. Эмэг ээжийн маань ээж бол Чингисийн алтан ургийн хүн, татарын ханы охин Ахматова байсан юм. Миний өвгө Хан Ахматыг шөнө сацарт нь оросын хөлсний алуурчин алсан. Карамзины өгүүлснээр үүгээр Орост монголын дарлал төгсгөл болсон гэдэг. Энэ өдрийг их баярт үйл явдлын дурсгал гэж үздэг юм билээ” гэж дурсчээ. Хүү Гумилев “… Бидний сэтгэлийн мухарт өнгөрсөн үеэс заавал нэг юм хадгалагдаж үлдсэн байдаг юм” гэжээ. Чингэхлээр “сэтгэлийн мухарт” нь үлдсэн юм буюу цохилох зүрх, лугших судсаар нь булигласан монгол цус түүнийг XIII зууны үеийн монголчуудын тухай үнэнийг өгүүлэх зүгт өөрийн эрхгүй хөтөлсөн биз ээ. Чингэхдээ Гумилев жинхэнэ эрдэмтэн хүн байсан учраас Чингисийг өмөөрөхийн тулд л өмөөрсөнгүй, чухамхүү гурвын гурван ухааны солбицлоос олсон шинжлэх ухааны онолын үндсэн дээр Монголын түүхэн ёстой үнэнийг нотолсон юм. Чингэж их эрдэмтэн Лев Николаевич Гумилев (манай эрдэмтэн Ринченд захидал бичихдээ Лев гэдэг овгоо монголчилж Арслан гэдэг байсан) монгол угсаатан, ер дэлхийн нийт угсаатны хөгжих цагийн жамыг тодруулаад өөрөө цагийг эзлэн хальсан билээ. Өөрөө оргилуун хүний хувьд Гумилев “Бүхнийг сүйтгэдэг цагийн цаглашгүйг ялах хоёрхон юм буй. Нэг нь үхэхээс үл аюух алтан амь буюу” гэж хэлснээрээ л амьдарч, тэнгэр болохоосоо сарын өмнө “зайлуул, бусад хүмүүс өрөөлийн заавраар л бичиж байсан, би бол сэтгэлийнхээ дуудлагаар л бичиж ирсэн, тэгэхлээр би хамгийн азтай хүн” гэж эрдмийн сайн нөхөртөө бардамхан хэлсэнчилэн оргилсон хүслээ юунаас ч шантралгүй гүйцэлдүүлснийг үнэнхүү амьдын жаргалыг эдлэж дээ гэснээр цагийн жамыг тодруулагч цаглашгүй номч Гумилевын тухай товчхон илтгэлээ төгсгөе өө.
Анхааран чагнасанд гялайлаа.
Жич: Аким авхайн Туульс хайлдаг Уулс ном худалдаанд гарсан байгаа. Уул нээрээ ярьдаг юм уу гэж хүүхдүүд их хөөрхөн асуух юм билээ. Нээрээ л уулс бүрэн түүхийг хураан аав шиг ээж шиг зуун зуунд дүнхийж байдаг даа.