Author Topic: Чингис хааны ургийн бичгийн үнэн түүх  (Read 12688 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ

Нэгэн ням гаригын үд дунд “Интер ном” номын дэлгүүрт орлоо. Олон сайхан ном үзэн нүд хужирлан сэтгэл баясган явтал дэлгүүрийн хананд Богд эзний минь ургийн бичиг өлгөөтэй байна. Ганцхан энэ л бичгийг олж үзэхсэн гэж би удаан хугацаанд хүсэж явсан бөгөөд удаан хугацааны хүсэл мөрөөдөл минь ингэж нэг биелэх учиртай байж. Тэгээд л тийшээ ухасхийлээ. Хүний бодол гэдэг юутай түргэн. Чингис хааныхаа ургийн бичиг рүү ухасхийсэн миний толгойд энэ хэдхэн алхамын дотор “за худалдаж авах” юм шүү гэсэн бодол харван орж ирхэд нэг л мэдхэд би өөрийн эрхгүй энгэрийн халаасанд байгаа виза картаа тэмтэрч амжисан байлаа. Их хаан Чингисийн ургийн бичгийг ингэтлээ хүсэн мөрөөдөж эрэлхийлэн явсаны учир нь ердөө л эцсийн үнэний эрэлд хатаж байсан хэрэг.
Гэвч ургийн бичгийн өмнө очоод миний сэргэсэн сэтгэл минь салхинд цохиулсан лааны галын дөл мэт унтарч билээ. Цагтаа даян дэлхийн эзэн сууж байсан энэ агуу хүний ургийн бичгийн өмнө очоод улам их сэргэх ёстой байсан сэтгэл яагаад ийнхүү унтрав. Уншигч авхай та гайхаж байгаа байх. Унтрахаас өөр ямар ч аргагүй тийм л ургийн бичиг байсан юм. Яагаад гэвэл уг ургийн бичиг буруу бичигдсэн ургийн бичиг байв.
Энд бичигдсэнээр бол энэхүү ургийн бичигт байгаа их хаан Чингисийн угсаа гэгдээд байгаа нийт 36 их хааны ердөө гурав хуваасны нэг нь л Чингис хааны шууд угсааны хүмүүс бусад нь түүний угсааных биш ажээ. Жинхэнэ холион бантан. Энэ холион бантан хэмээгдсэн байж боломгүй алдаатай бичигдсэн түүх олон жилийн өмнөөс бүхий л мэдээллийн хэрэгслээр цацагдсан бөгөөд энэ олон жилийн хугацаанд үүнийг хэн ч засалгүй явсаар өнөөдөрийн өдөрт ирсэн байна. Энэхүү холион бантанг би олон жилийн өмнөөс олж харж мэддэг байсан боловч үүнийг хэн нэгэн мэддэг л байж таарна.
Эсвэл их хааны ургийн бичиг л эцсийн үнэнийг үнэнээр нь хадгалж байгаа хэмээн бат итгэж өдий хүртэл их хааныхаа ургийн бичигийг эрэлхийлэн явсан минь энэ билээ. Ургийн бичигийн өмнө очоод урам хугарсан би хаширсангүй хамгийн сүүлд хэвлэгдээд байгаа Их хаадын түүх гэдэг номыг шүүрэн авч гүйлгэн хархад энэ мэт адилхан утга агуулагтай өмнөх бүх номуудын нэгэн адилаар өнөөх алдаа чинь цагаан дээр хараар даанч дэндүү тодхон дурайтлаа бичигдсэн байлаа.
Яагаад энэ вэ. Бид ингэж хүн төрлөхтний түүхийн өмнө өөрсдийнхөө халтар нүүрийг таглаж байдаг цорын ганц их хааныхаа үр үндэсийг ийнхүү алдаатайгаар бичиж тэмдэглэсээр явцгааж байж болно гэжүү. Яасан ч болохгүй. Гадаадын түүхчид чухамхүү бидний энэ өөрсдөө алдсан алдаатай алхам дээр л дөрөөлөн та бидний их түүхийг өөртөө ашигтайгаар гуйваалцгааж байгаа билээ. Түүх алдаагүй тэгээд чин үнэн байх ёстой юм. Дөнгөж саяхан би хэлсэн билээ. Түүх алдаагүй чин үнэн байх ёстой гэж. Чухам бид эх түүхээ ийм байлгаж чадаваас та бидний түүхийг хэн ч өөрчилж чадахгүй. Өчүүхэн жижиг алдаа нь дээр л харийнхан дөрөөлөн бидний түүхийг өөрт ашигтайгаар гуйвуулна. Тэгсээр ч ирсэн.
Нэгэн жишээ хэлэе. Бид Бөртө Чоно, Хоо Марал хэмээх хоёр түүхэн хүнийг бодит хүмүүс биш юм шиг үлгэр домгийн баатарууд хэмээн сэтгэснээс, ийм ойлголтыг харийнханд өгснөөр бидний түүхийг өнөөгийн олон үндэстэн булаацалдан Бөртө чоно бол миний ч чиний ч өвөг дээдэс учир нь бид чоноос гаралтай үүсэлтэй хэмээн амаа цууртал уухайлцгааж байна. Угтаа энэ байдал биднээс өөрсөдөөс минь л болж байгаа юм. Нууц товчоогоороо бид хүүхэлдэйн кино хийгээд түүн дээрээ Чоно Буга хоёр зурчихаад тэдгээр адгууснууд нь далай тэнгис гаталж ирээд Хэнтийн нуруунд суурьшиж байгаа мэтээр үр хүүдүүддээ танилцуулаад байхаар яруу алдарт эх түүхэнд маань зай завсар гарч түүн дээр харийхан дөрөөлж ийнхүү эх түүхийг минь холион бантан болгохоос ч өөр яах билээ. Бөртө чоно бол Монгол нутагт Түрэг угсаатны ноёрхол унамагц Эргүнэ мөрнөөс улсаа дагуулан өвөг дээдэсийнхээ төрлөх нутаг Хан хэнтийн нуруунд нүүж ирсэн монголчуудын тэргүүн Хан цолтой хүн бөгөөд Хоо Марал бол түүний хатан юм. “Хэрвээ Бөртө чоно Арслан гэдэг нэртэй хүн байсан бол бид Арслан зурах байжээ”. Тэд ийм л түүхэн бодит хүмүүс болохоос адгуус амьтад биш билээ тэд. Ингэж л бид өөрсдөө эх түүхэндээ бусдыг дөрөөлөх гишгүүр гарган өгч байдаг байна.
Ямарч байсан энэ холион бантанг сийрүүлэн засая гэсэн зоримог сайхан бодол энэхэн хоромд толгойд төрхөд миний хугарсан урам дахин сэргэж Интер номын дэлгүүрээс толгой өргөн харц дээгүүр алхалсаар гарсан юм. Тэгээд гэртээ ирж нетэд удтал суун их хааны ураг угсааг эрэлхийлэн хайсан боловч энэхүү холион бантанг хэнч засаагүй яг л хэвээрээ байсаар байгаа ажээ. Тэр ч бүү хэл улам ихээр баяжигдан тоо нь толгой нь нэн ихээр олширсон байгаа нь гүүгл дээрхи хайлт болгонд гарч ирж байгаагаараа тодхон мэдэгдэх авай. Ерөөсөө нэг сайтаас нөгөө сайт нь тэр чигээр нь хуулчихаж. Эх түүхээ засаж Их хааныхаа ургийн бичигийг залруулсу.

-   Монгол улсын 16 дахь их хаан бол Адай хаан болой. Адай хаан нь 1400 оны цагаан луу жил дор төрж 1426 онд хаан ор суув. Хаан 38 насалжээ. Тэрээр Хархурцаг хэмээгчийн хүү юм.
Өнөөх алдаа маань яг эндээс л эхэлж байгаа юм. Цааш нь

-   Тайсуун хаан. Түүнийг Тогтохбух ч гэж нэрлэдэг. 1422 оны барс жил дор төрж 1452 оны бичин жил таалал төгсчээ. 1939 оны шарагчин хонин жил хаан ор суусан. Хаан 30 насалжээ. Тэрээ Адай хааны их үү юм.

Өнөөх алдаа маань яг эндээс эхлэн дээр миний хэлсэн “холион бантан” болон хувирна. Тиймээс би эдгээрийг тод хараар бичисний учир энэ билээ.
Энэ Адай хааны эцэг гэддээд байгаа Хархурцаг хэмээгч хэн бэ. Энэ хүний эрэлд хамтдаа мордоцгооё. Уншигч авхай минь та надаас асуугаад байгаарай. Би танд хариулаад байв. Таныг асуухаас өмнө нэгэн зүйлийг тодосгон хэлхэд Монголын түүхэнд Хархурцаг нэртэй хоёр хүн гардаг бөгөөд тэдгээрийн нэг нь Адай хаанаас өмнө төрж, нөгөө нь хойно төрсөн байна. Тиймээс та Адай хаанаас өмнө төрсөн Хархурцагын талаар асууна гэдгийгээ сайтар ухаарна шүү. За одоо асуултаа эхэл дээ.

-   За тэгэе. Адай хааны эцэг гэгдээд байгаа энэ Хархурцаг гэгч хэн бэ?

-   Энэ Хархурцаг гэгч хүн бол. Энхзоригт хааны удаах хүү юм. Түүний төрсөн ах нь Элбэг нигүүлсэгч хаан юм.

-   Элбэг нигүүлсэгч хааны дүү юм бол жинхэнэ алтан урагийн хүн байна шүү дээ.

-   Тиймээ жинхэнэ алтан ургийн хүн.

-   Тэгээд яагаад энэ хүний хүү Адай хаанаас эхлээд алтан ургийн бичиг алдаатай болсон гэж та үзэж байгаа билээ.

-   Хэргийн учир Адай хаан бол энэ Хархурцагийн хүү биш байдагт л оршиж байгаа юм.

-   Үгүй ерөө. Адай хаан тэгээд алтан ургийн хүн биш хэрэг үү.

-   Тиймээ биш. Тэр ямарч байсан хаан суух бүрэн эрх бүхий хүн биш байсан юм.

-   Сонирхолтой л хэрэг байна. Үүнийгээ та тайлбарлан баталж чадахуу

-   Миний туйлын хүсэл тэр билээ уншигч авхай минь.

-   Би сонсож байна.

-   Адай хаан нь Чингис хааны шууд угсааны хүн биш юм. Алтан урагтай нэгэн ишнээс ургасан салбар угсааны хүн. Өөрөөр хэлбэл Чингис хааны дүү Хавт Хасарын угсаа юм. Хавт Хасарын хоёрдох хүү Есүнгэ мэргэн бол түүний дээд өвөг нь.

-   Тэгээд яагаад энэ хүн Монгол улсын их хаанаар тодорч хаан сууринд 13 жил суусан байдаг билээ.

-   Одоохон тайлбарлая. 1393 – 1400 оны хооронд Монгол улсын хаан байсан Элбэг нигүүлсэгч хаан нь өөрийн дүү Хархурцагийн хатан Өлзийт гуа гэдэг үзэсгэлэн төгөлдөр бүсгүйд шунан тачаадан дурласан байна. Тэр энэ санаагаа хэрэгжүүлэх гэж өөрийн дүү Хархурцагийг хилсээр устгажээ. Хэдий тэгэвч Өлзийтгуа хатан Элбэг хаанд очоогүй бөгөөд өөрийн эр нөхрийг үгүй хийхэд Элбэг хаанд тусалсан хэмээн Элбэг хааны шадар сайд Хуухай Таюу хэмээгчийг арга ухаан гарган байж Элбэг хаанаар хороолгоод өөрөө баруун монголын тэргүүн Үгч ашихагийн гэрт очиж түүний нөмөр нөөлөгт багтсан юм. Ийм явахдаа Өлзийтгуа хэвлийдээ нэгэн хүүхэд тээж явсан бөгөөд тэр хүүхдийн эцэг нь түүний эр нөхөр Элбэг хааны төрсөн дүү Хархурцаг мөнөөсөө мөн байв. Өлзийтгуа баруун монголын тэргүүн Үгч ашихийн гэрт очоод удалгүй амаржиж хүү төрүүлсэн бөгөөд тэрхүү хүүг нь Үгч ашиха ноён Ажай хэмээн нэрийдэж хаан угсааг нь хүндэтгэн тайж цол олгоод өөрийнхөө ордонд эхийн нь хамт байлган тэднийг асарч байв. Яг л эндээс их хаадын амьдралд хормойн бузар орж баруун зүүн монголчуудын хямрал дээд цэгтээ хүрсэн байна. Энэхүү тэмцэл нь олон жилийн өмнөөс эхтэй бөгөөд эхлэл нь Их Юань гүрний мөхлөөс үүсэлтэй юм. Хятадын босогчдод дийлдсэн монголчууд эх нутагтаа сууж байсан монголчуудын тэмцэл дээр энэхүү хормойн бузар нэмэгдэж тэдний хямралын галыг дээд цэгт нь хиртэл асаасаан гэсэн үг.
Элбэг хааны дараагаар түүний удамын Гүнтөмөр, Өлзийтөмөр, Дэлбэг гээд хаан сууцгаасан боловч бүгд цаг бусаар энэхүү тэмцэлийн галд хорлогдон үрэгдсэн байна. Ингээд хаан ор суух алтан ургийн хүн үгүй болмогц баруун монголын тэргүүн Үгч ашихаа монгол улсын хаанд сууринд сууж таван жил болсон түүхтэй. Үгч ашиха хааны ордонд өссөн өнөөх алтан ургийн хүү Ажай тайш энэ үед эрийн цээнд хүрч эхнэр авч үр хүүхэдтэй болоод нээх их удалгүй хар залуугаараа өөд болсон бөгөөд тэрээр өөд болохдоо энэ хорвоо дээр гурван нуган үрээ орхиж амжээ. Эдгээр гурван хүү нь эцгээсээ даанч балчирхан амьтад хоцорсон байна. Ийн байж байтал өнөөх ихэс ноёдын тэмцэл улам улмаар өссөөр Үгч Ашихаа хаан мөн л хорлогдож хаан суурин эзгүйрхэд улсын шадар сайд байсан Асуд аймгийн захирагч Арагтай тайж гэдэг хүн Хорчин аймгийн тэргүүн Хавт Хасарын угсааны ноён Адай хэмээгчийг хаан сууринд суухад хамгийн их зохилтой хүн хэмээн дэмжисээр байгаад 1426 онд хаан сууринд суулгаж дөнгөсөн бөгөөд энэ хүн бол та бидний яриад байгаа өнөөх Адай хаан мөнөөсөө мөн юм.

-   Сонирхолтой хэрэг байна. Цааш нь яриач.

-   Дээр нэгэн цагт Өлзийтгуа хатны арганд орж Хуухай таюуг хилсээр хөнөөснөө ухаарсан Элбэг хаан гэмээ цагаатган түүний хүү Бат чинсан уул хэмээгчийг баруун монголын ханаар тохоон томилжсон байж. Энэ Батуулаа чинсанг Адай хаан хороож түүний хүү Тогоон хэмээгчийг эхийн хамт боолчилж хонь малаа маллуулаж байжээ. Тогоон нь өсөж томроод өвөг дээдэсийн нутаг баруун монголд зугатан очоод удалгүй эцгийгээ залгамжлан баруун монголын тэргүүн нь болж өөрийн эцгийг хороосон Адай хааны эсрэг цэрэглэн мордож түүнийг хороосон түүхтэй. Ингээд дахин хаан суурин эзгүйрч хаан суудалын төлөө ихэс ноёд үхэлдэн тэмцсэн байна. Хэдий хоорондоо тэмцэвч ихэс ноёд нэгэн санал дээр тохиролцож чадсан нь дахин алтан ургийн биш хүнээр хаан ширээг залгамжлуулахгүй гэдэг санал юм. Ингээд баруун монголын тэргүүн Тогоон тайж нь алтан ургийн нэгэн хүүг олсон нь өнөөх Хархурцагийн цорын ганц хөвгүүн болох Ажай тайжийн гурван хөвгүүний ахмад нь болох Тайсун буюу Тогтохбух байлаа. Ингэж л 20 гаранхан жилийн дотор алтан ургийн хэд хэдэн хааны болон алтан ургийн биш Үгч ашиха, Адай нарын хоёр ч хааны нийтдээ 5 хааны алтан амийг авч одсон хаан суудалд дахин Чингис хааны шууд угсааны хүн болох Тогтохбух суусан түүхтэй бөгөөд энэ хаан болон монголын сүүлчийн их хаан Лигдэн хутагт хаан хүртлэх бүх хаадууд нь энэ Хархурцагийн ганц хүү болох Ажай тайжийн үр сад билээ.

-   Тэгэхээр Ажай тайж маань өөрөө хаан болоогүй боловч түүний удам тэр чигээрээ хаан суудалыг эзэгнэж байсан юмаа даа.

-   Тиймээ. Үүгээрээ тэр Чингис хааны отгон хүү Тулуйтай дэндүү адилхан. Тулуй өөрөө хаан ор суугаагүй боловч бүхийл хүүхдүүд нь хаан ор суусан азтай эцэг.

-   Тулуй нь бүх хүүд нар хаан суусан байх нь Ажай тайжтай яагаад адилхан гэж

-   Яагаад гэвэл Ажай тайжийн гурван хүү нь бүгд их хаан сууринд суусан юм.

-   Үгүй ерөө та нэрлээч.

-   Монголын түүхэнд хаан сууринд суусан ах дүү гурван хаан болох Тогтохбух хаан, Агваржин жонон хаан, Мандуул хаан нар нь энэ Ажай тайжийн нартад үлдээсэн гурван хүү нь билээ.

-   Гайхамшигтай. Тулуй нь түүх түүний удамын Ажай тайж дээр давтагдсан байна. Түүхийн энэ агуу гайхамшигийг бид өөрсөдөө буруулан их хааныхаа урагийн бичигийг буруу бичиж түүхийг гуйвуулагчидад сайхан өгөөш хаяж өгсөн байна.

-   Яг тийм. Наана хэлхэд энэ сайхан түүхэн хүний цаана хэлхэд их хаан Чингисийнхээ удам угсааг бид буруу бичиж Монгол улсын хаан ширээнд суусан Хасарын удамын Адай хааныг түүний удамын болгож эх түүхээ байж боломгүйгээр алдаатай бичиж байгаа нь хэлэх муу олдохгүй, жиших муу хэрэг байхгүй тийм ноцтой хэрэг юм. Чухам би үүнийг засаж залруулах гэж уншигч авхай таньтай ярилцсан минь энэ билээ.

Энэ бол үнэн түүх юм. Адай хаан бол Хархурцаг хэмээгчийн хүү, Тайсун хаан нь Адай хааны ууган хүү гэдэг нь огт худлаа түүх юм. Хэрвээ тийм бол Тайсун хаанаас авхуулаад Лигдэн хутагт хаан хүртлэх их хаадууд бүгдээрээ Чингисийн угсаа биш Хавт Хасарын угсаа болох аюултай. Өнөөгийн байдлаар бид тийм болгочихоод байна. Бид эх түүхээ үнэн зөв бичиж хойч үедээ үлдээж байх ёстой юм. Бидний түүх яаж ч оролдоод гуйвашгүй ган төмөр шиг бөх бат байх ёстой юм. Хэрвээ энэ түүхэнд байгаа энэхүү алдааг харийнхан тодруулбал түүхийг гуйвуулагчид олоод харчихвал юу болох вэ. Их монгол улсын их хаадын сүүлийн 20 иод хаан нь их хаан Чингисийн шууд угсааны хүмүүс биш байсан гээд дэлхийгээр нэг цацна. Тэр цагт бид тухайлбал Батмөнх даян хаан, Лигдэн хаан гээд түүхэнд нэн ихээр дурьдагддаг хаадыгаа Чингисийн шууд угсааны хүмүүс байсан гэж яаж батлах билээ. Түүхийг гуйвуулагчид та бидний өөдөөс та бидний өөрсөдийнхөө гараар бичсэн алдаатай түүхийг л үзүүлнэ. Тэгэхээр бид хэлэх үг олдохгүй яалт ч байхгүй түүх гуйвуулагчидад дийлдэх болно. Иймээс энэхүү алдаатай мэдээлийг цацаад байгаа хүмүүс нэн яаралтай алдаагаа засан залруулж эх түүхээ үнэн зөв бичнэ гэдэгт би туйлын ихээр итгэж байна. Цаг оройтоогүй байна.
Ингээд өндөрлөе. Үнэтэй цагаа үрэн байж энд саатай морилж надтай сэтгэлээсээ ярилцаж надад гүн туслалцаа үзүүлсэн уншигч авхай танд хязгааргүй их баярлалаа. Түр баяртай миний гүнээ хүндэтгэж явдаг уншигч авхай минь.
Адилбишийн Одмандах http://biznetwork.mn/topic/show/33260 

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Монголын их хаан өөрийн биеэр Ойрадын ноёдын дотроос сонгон тохоосон тайш Ойрадыг үе улиран захирдаг байсан бөгөөд Ойрадын тайш нь дотроо зүүн, баруун гарын тус тус чинсан хэмээх туслагчтай байжээ. 1438 онд Ойрадын Тогоон тайш зүүн Монголыг дагуулан авч, Монголын нэгдмэл байдлыг буй болгожээ. Дараа нь түүний хүү Эсэн тайш уул үйл хэргийг үргэлжлүүлсэн юм. Энэ үеийг манай түүхийн тулгар бичигт «дөчин, дөрвөн хоёрын төр эвлэв" хэмээн тэмдэглэсэн байдаг.

Энэ үед ард түмнээ гэх, Алтан ургийн үрсийг хамгаалах эх оронч сэтгэлээр үр хүүхдээ хүмүүжүүлсэн, шулуун шударга, сэцэн мэргэн оюун ухаанаараа ялгаран түүхийн хуудаснаа баларшгүй нэрийг үлдээж, хүн зоны сэтгэл зүрхэнд өнө үүрд хадгалагдан үлдсэн Монгол эхчүүдийн нэг нь Хиад аймгийн Боржигон овогт Самар гүнж юм. Түүний эцэг Элбэг нигүүлсэгч /1399-1402/ хааны суурийг залгамжилсан хойно Өлзийт гоо бэйжийн  эрхэнд орж Ойрадын ноён Хуухай даюуг хилсээр хороосондоо ихэд гэмшин түүний хүү Батулааг  дуудан «.. би эцгийг чинь хилсээр хороов. Одоо чамайг чинсан болгоё. Чи Ойрадын эзэн Үгч хашхагийн хамт «Дөрвөн Ойрадыг мэдтүгэй» хэмээн зарлиг болгон өөрийн эш хатнаас төрсөн Самар нэрт гүнжээ хатан болгон өгчээ.

     Гэвч Батула чинсан эцгийг нь хилсээр хороосон Элбэг нигүүлсэнгч хаанд өс санан, эцгийнхээ өшөөг Элбэг хаанаас авахаар далдуур бэлтгэж эхлэсэн юм. Ингээд Батула чинсан, Үгч хашха нар хамтран 1401 онд зүүн Монголыг довтлон Элбэг хааныг хороон эхнэр хүү, албат ардыг нь булаан авсан юм. Ойрадын захирагч Үгч хашха Өлзийт гоог хатнаа болгон аваад нэн удалгүй насан өөд болоход, Самар гүнж Элбэг хааны хатан Өлзийт гоо, хүү Ажай тайж, Аругтай нарт:

«Эзэн хан нь үхэв

Эртний дөрвөн Ойрад

Эх сүүлээ алдав.

Энэ үед хэрэв

Эртхэн дайлаар ирвэл

Эзэнгүй олон Ойрадыг

Эрхбиш дийлж чадна»

гээд  төрхөмдөө буцаар буцаахаар зэхэж байтал , хүү Богаму нь сонсоод:

«Учирсан газар муу боловч өөрийн гэр болно

Уг төрхөм сайн боловч хүний газар болно.

Ижий та тэгж хэлбэл

Эцэг тэнгэр үл таалах буй за»

хэмээсэнд  Самар тайху үүнийг эс сонсон тэднийг зүүн Монголд нь буцаажээ.

  Энэ тухай Өлзийт гоо хатнаас Адай хаан сонсоод ихэд баярлан 1410 онд Аругтайг тайш өргөмжлөн өөрийн биеэр арван түмэн шилдэг цэрэг авч дөрвөн Ойрадыг дайлав. Хоёр этгээдийн цэрэг Зэлмэн ханы дэргэдэх Бор нохойн зоо нэрт газар золгон байлдаад Адай хаан ихэд дийлж,  Батула чинсанг хороон хүү Богамуг олзлон авчирсан байна.

  Ажай тайж «Самар гүнж бидэнд тустай явдал хийснийг бодон хөвүүнийг нь тавьж явуулбал зохино» гэсэнд Аругтай тайш үл зөвшөөрөн: «Араатны зулзагыг тэжээж үл болно. Атаатны үрийг үл өрөвдөж болно...» хэмээгээд: «Эрт өдөр чиний эцэг Батула чинсан намай араг дор хөмрөн «Аругтай» хэмээн доромжлон байсан, эргэх нар ээлжлэн эдүгээ өдөр би эцгийн өшөөг хөвүүнээс нь авах цаг болов...» гээд хүү Богамыг тогоон дор хөмөрч «тогоон»  ( энэ нь хожмын Ойрадын Тогоон тайш аж) хэмээн нэрлэн боол болгон зарцлах болов.

Түүний хойно Тогооны эх Самар гүнж Адай хаанд биеэр золгон: «... Амийг минь аварч хатан болгов чи, хөвгүүнийг минь юунд зарцлав чи, эх хөвгүүн бид хоёуланг алж хая, үгүй бол насны дураар амьдруулах буюу...» гэсэнд хаан зөвшөөрч, Тогоон хүүг эхийн хамт хоёр түшмэлээр харгалзуулан Ойрадад хүргүүлсэн түүхтэй.

Тэр үед Ойрадын ноёдын чуулган чуулж байсан тул Тогооноос «... Монголын хаан, тайш, эгэл даяар улсын зан ааль ямар вэ?» гэсэнд Тогоон.....«Зүүн монголын Аругтай тайш өтөлж, аливаа үйлс нь ус мэт санагднам. Саадаг нь хувилавч, санаа нь эс хувилж, төр мэдэх сайдаа гадна суулгаж, зэвийн морийг гэрт унанам, хүүхэн хүнээр төр явуулмуй, үрээ морийг зэвлэнэм, Босуул хүнээр төр мэдүүлж, Борви хөхүүрт сархад хийнэм, Буургүй тэмээ, бухгүй үхэр, азаргагүй адуу мэт байна....»  гэсэнд Самар гүнж сандарч: «..Энэ өчүүхэн хүн биеийг нь зовоосныг өш бодон Монгол-Ойрадыг дайтуулах, доройтуулахыг хичээж байна, үүний үгийг бүү сонс...» хэмээн эв нэгдлийг эрхэмлэх санаагаа хичээнгүйлэн хэлсэн ч түүний үгийг үл сонсон, Ойрадын ноёд дөрвөн түмэн цэрэг дайчлан Зүүн Монголд довтлон хямрал тэмцэл дахин дэгдэв..... Тогоон нас барсны дараа түүний хүү Эсэн тайш Дөрвөн Ойрадыг аван, Чингисийн угсааны Тайсун хаан/1439-1452 нд/, түүний дүү Агваржин жонон зэрэг Монгол ноёдыг хороон их хааны ор суужээ.

   Эсэн тайш ийнхүү бүх Монголын хаан болохдоо өөрийгөө их Юан улсын тэнгэрлэг хаан гэж өргөмжилжээ. Тэр үед Монгол улсын хил нь зүүн зүгт Солонгос, баруун зүгт Дундад Ази, умар зүг Сибирь, өмнө зүг Мин улсын хил хүртэлх газрыг хамарч байх болсон ажээ.

    Ийнхүү Самар тайху нь Монголын нэгдлийн нэгэн үеийг буй болгосон Тогоон тайшийг төрүүлэн өсгөсөн ачлалт эх юм. Ач хүү Эсэн нь эцгийн үйл хэргийг үргэлжлүүлсэн боловч 455 онд ноёд язгууртны бүлэглэлийн хуйвалдаанд амь эрсэдсэний дараа Монголын улс төрийн тархай бутархай байдал дахин хүчтэй илрэх болсон. Агваржин жононгийн хүү Харагцугийн гэргий Цэцэг нэрт хатан /Эсэн тайшийн охин/ 7 сартай жирэмсэн Ойрадад ирж нэгэн хүү төрүүлсэнийг Боржигоны үр хэмээн дээдлэн Самар тайху /эмгэн болсон/ өөрийн ордондоо тэвэрч авчиран «Баянмөнх» нэр хайрлан Солонгудын Харагчингаар асруулан тэжээлгэж, Ойрадын Өгэдэй баатрыг «Чингисийн алтан ургийн хойч үеийг аварсан хүн тэр ч байтугай, үеийн үедээ Монголчуудад дархан өргөмжлөгдөх болно» гэж ятгасаар Баянмөнхийг Зүүн Монгол дэх төрөл садны дэргэд нь хүргүүлжээ.

Ийнхүү ХY-ХҮI зууны алдарт хаан Батмөнх даяны эцэг Баянмөнхийг төдийгүй Монголын алтан ургийн угсааг аварсан Самар гүнж Монголын түүхэнд алдар цуугаа мандуулсан гавъяатан болон алдаршсан билээ.

Offline Byambatsogt

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
http://biznetwork.mn/topic/show/33260 
багшаа энэ Сате дээр чин
Чингис биш Чингэс гэцэн бна лэ үзээрэй