-Танхимаас 2008 оныг Компанийн нийгмийн хариуцлагыг дэмжих жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд ямар бодит ажил хийснийг сонирхох байна?
-2007 онд Танхимын дэргэд Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөлийн үйл ажиллагааны гол чиглэл нь Танхимын гишүүн байгууллагууд болон нийт бизнес эрхлэгчдэд Компаний нийгмийн хариуцлага /КНХ/ гэж юу болохыг сурталчлан таниулах, хамтран ажиллах зорилготой.Энэ жил КНХ-ын талаарх компаниудын ойлголт хэр байгаа, энэ чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж буй талаар тандалт хийх зорилгоор КНХ- ын тайланг авсан юм. Нийт 50 гаруй компаниас тайлан ирсэн бөгөөд энэ нь Монголд анхны КНХ-ын тайлан гаргасан ажил болсон гэж үзэж байна. КНХ хэрэгждэггүй бусад улс орнуудтай харьцуулах юм бол энэ нь нэлээн сайн үзүүлэлт. Саяхан болсон НҮБ-ын их хуралд манай төлөөгчид оролцоод КНХ-ын асуудал дээр гайгүй үнэлгээ авсан. КНХ-ыг сайн хэрэгжүүлсэн, идэвхтэй оролцсон манай компаниудыг НҮБ-ын вэб сайтад мэдээллээ тавих бодит урамшуулалыг олголоо.Ажиглаад байхад зарим компаниуд КНХ гэдгийг ажилчдынхаа нийгмийн хамгааллын чиглэлээр хийсэн цалин хөлс, урамшуулалыг нэмсэн, спортын үйл ажиллагааг ивээн тэтгэсэн зэрэг ажлуудыг хийх гэсэн явцуу хүрээнд ойлгоод байх шиг. Гэтэл угтаа тухайн компанийн хөгжлийн загвар нь нийгмийнхээ нэг хэсэг, эд эс нь гэдгийг ухаарсан, аль ч компанид ашиг нэмэгдүүлэх гэсэн өөрийн зорилт байдгийн хажуугаар байгаль орчин, нийгмийн тулгамдсан асуудлуудад анхаарлаа тавьж, санаачлагатай ажиллаж чадах юм бол ашиг орлого нь нэмэгдэж байдаг гэсэн философи. КНХ-ын Азийн зөвлөлд багтдаг орнуудтай харьцуулах юм бол Монгол Улсад энэ ажлын эхлэл гайгүй сайн тавигдсан. Гэвч зарим нэгэн дутагдалтай зүйл ажиглагддаг. Бүтэн жилийн турш компаниудын дунд ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дунд энэ чиглэлээр тодорхой үр дүнтэй ажил зохиож чадсангүй. Тухайлбал, КНХ-ын Зөвлөлийн үзэсгэлэнг Мишээл Экспод хийсэн нь халтуурдсан ажил болсон. Тийм учраас өнөөдөр энэ зөвлөлийг хариуцсан нарийн бичгийн дарга муу гэсэн ажлын үнэлгээ аваад явж байна. КНХ-ын Зөвлөлийн даргыг энэ чиглэлээр Монголдоо санаачлагатай ажилладаг газар буюу Хас банкыг сонгож тус банкны ерөнхий захирал М.Болдыг тавьсан.
2008 онд КНХ-ын чиглэлээр хийгдсэн ажлуудыг дүгнэхэд түгээх тал дээр сул ажилласан нь ажиглагдсан. Хэдхэн компанийн дунд л эргэлдсэн үйл ажиллагаа явуулжээ. Тодорхой үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн том компаниудын үйл ажиллагааг сурталчлахад олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй хамтраад олон янзын шинэ арга хэлбэрээр, тухайн компаниудыг тодорхой нэг нийгмийн үйл ажиллагаанд дайчлан оролцуулах, урамшуулах зэрэг ажлууд дээр дутагдалтай ажилласан. Бид үүнд дүгнэлт хийж, ирэх жил тодорхой арга хэмжээ авах болно.
-Орон нутгийн салбар Танхимууд энэ онд хэр ажилласан бэ?
-Шулуухан хэлэхэд муу ажилласан. Мэдээж хэрэг бидний зүгээс дэмжлэг урамшуулал дутсан тал бий. Удирдлагын зүгээс, тэднийг хариуцсан хэлтсийн зүгээс ч гэсэн хамтран ажиллах, уялдаа байхгүй, сул үлбэгэр байдалтайгаар буюу цаасаар харьцдаг, тайлан нэхдэг. Өөрөөр хэлбэл, амьд бодит харьцаагүй болсон тал ч ажиглагдсан. Тухайн орон нутгийн танхимын дарга нар яагаад сайн ажиллаж чадахгүй байгаа, хөдөөгийн бизнесийнхэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулж чадаж байна уу гэсэн асуултад тухайн үед нь шуурхай онош тавиад, тодорхой арга хэмжээ авах асуудлыг төв Танхимаас гаргаж байх ёстой байлаа.
Нөгөө талаас орон нутгийн Танхим төлөвшин тогтох үйл явцад хувь хүний хүчин зүйл нэн чухал юм. Өөрөөр хэлбэл, танхимын дарга болон гүйцэтгэх захирал нь хэн байгаа болон бизнес эрхлэгчдийнхээ дунд хэр нэр хүндтэй, түүнийгээ хэрхэн ашиглаж чадаж байгаа, Үндэсний Танхимтайгаа хэр идэвхтэй холбоотой ажиллаж байгаагаас нөлөөлж байдаг. Хэдийгээр Танхимын зүгээс төрөл бүрийн сургалт, семинар зохиох, үйл ажиллагаанд нь бодит дэмжлэг үзүүлсээр байгаа хэдий ч бүхэлд нь аваад үзэхэд салбар танхимуудын үйл ажиллагааг муу гэж дүгнэж байна.Орон нутагт Германы төслөөр олон жижиг төслүүдийг амжилттай хэрэгжүүллээ. Энэ төслүүд амжилттай хэрэгжсэн нь тухайн орон нутгийн танхимуудын үйл ажиллагааных нь сайных биш. Төсөлд хамрагдсан жижиг, дунд бизнес эрхлэгчдийн идэвхтэй үйл ажиллагаанаас хамаарч амжилттай хэрэгжиж байна гэсэн үг. Түүнээс гадна салбар танхимуудын дунд бодлогын өмгөөлөлийн чиглэлээр буюу тухайн орон нутгийнхаа бизнес эрхлэгчдийн нийтлэг санал хүсэлтийг сайн судлаад, засаг захиргаандаа асуудлыг зөв, хүчтэй тавих гэсэн бодлогын чанартай үйл ажиллагааг сул явуулж байгаа нийтлэг дутагдал мөн ажиглагдаж байна. Эдгээр асуудлыг 2009 онд арилгах хэрэгтэй. Ирэх онд олон салбар танхимын үйл ажиллагаанд өөрчлөлт хийнэ.
Эцсийн дүнд Танхим бизнес эрхлэгчдээр өөрийгөө хүрээлүүлсэн, энэ юм хийдэг байгууллага шүү гэж хэлүүлдэг, мэдрүүлдэг байгууллага байх ёстой. Хүн хичнээн сайн ажилладаг толгойтой байгаад хөл муутай бол хийж бүтээх ажлын үр дүн муу л байдагтай адил төв Танхим сайн ажиллаа ч орон нутгийн салбар Танхимын үйл ажиллагаа муу байвал ажил хэзээ ч жигд эрчтэй урагшилж чадахгүй. Тийм ч учраас 2009 онд салбар танхимуудын үйл ажиллагаанд эрчимтэй өөрчлөлт хийнэ, мөн төв танхимаас хариуцан ажиллаж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх арга хэмжээг авч ажиллана.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бизнес эрхлэгчдийн дэвшүүлсэн саналуудын 70 гаруй хувь нь тусгагдсан гэсэн. Харин зарим нь үүнийг бизнесийнхний амыг дагуулсан аргацаах гэсэн үг биш биз гэсэн хардлага явж байна. Та энэ талаар юу хэлэх байна?
-Шинэ засгийн газар өмнөх засгийн газруудаасаа онцгойдоо биш. Угаасаа Монгол Улсад урьд өмнө явуулж байсан засаглалуудын туршлага юуг өгүүлж байна гэхээр эцсийн дүндээ хүмүүсийн эрэлт хүсэлтийг хэр зэрэг судалсан, тэдэнд зориулсан үйлчилгээг өөрсдөөр нь хийлгүүлэх буюу хамтарч ажиллавал илүү үр дүнтэй сайн засаглал болох юм байна гэдгийг баталсан л байхгүй юу.Бизнесийн орчин хүнд суртал их байх тусмаа хээл хахуул газар авдаг. Ингэснээрээ орчин нь бохирдож, эдийн засгийнхаа өсөлтийг зөвхөн гадаад хүчин зүйлд найдаж, үүнийгээ бурхны хишиг хэмээн боддог. Гэтэл асар их ажлын байр бий болгосон, улсын төсөвт их татвар өгдөггүй хэдий ч олон ажилчид ажиллуулж үр дүнд хүрсэн, олонх хүмүүсийн санал бодол, ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан эдийн засгийн таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх тал дээр урь урьдын засгийн газар дутуу ажилласан байна гэдгийг ойлгосон, ухаарсан байдал энэ засгийн газарт ажиглагдаж байна. Тийм учраас тэр 70 гаруй хувь гээд байгаа саналыг бид гаргасан юм. Өөрөөр хэлбэл, Танхимаас сонгуулиас өмнө хоёр намтай байгуулсан санамж бичиг болон бизнес эрхлэгчдийн өгсөн саналуудыг засгийн газрын мөрийн хөтөлбөртэй нэг бүрчлэн тулгаад шууд болон шууд бус утгаар тусгагдаж уу гээд үзэхэд ерөнхийдөө 70 гаруй хувь нь орчихсон байгаа. Засгийн газар мөрийн хөтөлбөрөө УИХ-д танилцуулахдаа энэ удаагийн мөрийн хөтөлбөрт бизнес эрхлэгчдийн нэгдсэн санал тэр дундаа Танхимын саналыг нэгтгэн тусгалаа гэсэн өгүүлбэрийг зориуд тусгайлан оруулсан байсан.
Үүнээс харах юм бол энэ засгийн газрыг дэвшилттэй шинэ санаа, бодлогоор ажлаа эхэлж байна гэж дүгнэж болно. Гэхдээ хэрэгжүүлэх арга нь ямар технологи, ямар хэлбэрээр явагдах гэдэг нь чухал. Зүгээр нэг хэдэн яамдууддаа тараагаад, тэд нар нь өөрсдийнхөө төлөвлөгөөг гаргаад биднээс нэг санал авсан болоод явах юм уу эсвэл бодитой ажлын хэсэг байгуулаад тодорхой асуудлаар хамтарч, харилцан зөвшилцөх байдлаар шийдвэрээ гаргадаг, эцсийн үр дүнгийнх нь төлөө хамтран хариуцлага хүлээдэг механизмаар ажиллах уу гэдэг асуудал дээр анхаарах л хэрэгтэй.
-Засгийн газраас 2009 оныг Үйлдвэржилтийг дэмжих жил болгон зарлалаа. Таны хувьд Засгийн газар чухам юу хийгээсэй гэж бодож байна?
-Танхим маш их дэмжиж байгаа. Яагаад гэвэл бидний хүсэн хүлээж байсан сэдэв. Хувийн хэвшлийн түншлэлийн механизмыг өрнүүлнэ, хөгжүүлнэ гэж Ерөнхий сайд, Шадар сайд ярьж байгаа тохиолдолд яг одоо л бидний саналыг авах хэрэгтэй. Гэтэл харамсалтай нь Үйлдвэржилтийг дэмжих жилийн төлөвлөгөөг нь харахад хувийн хэвшлийнхний салбараас тусгасан зүйл байхгүй байна лээ.Хэрвээ ам ажил хоёр ингэж зөрөөд байх юм бол нөгөө яриад байгаа түншлэл маань хөгжихгүй гэсэн шүүмжлэлийг саяхан болсон Үйлдвэржилтийн чуулга уулзалтан дээр нэлээдгүй хүмүүс бухимдуу ярьж байсан.Засгийн газар, хувийн хэвшлийн түншлэлийг хангана гэчихээд, засаглалын технологи буюу ажлын арга барил нь хуучнаараа байх юм бол энэ асуудал цаашдаа үр дүнтэй ажил болж чадахгүй. Танхим Засгийн газрыг хүлээгээд суухгүй тодорхой асуудал дэвшүүлж санаачлагатай ажиллана.
-Сүүлийн үед Засгийн газрын 100 хоног сэдвийн дор хувийн хэвшлийнхний дунд нэлээдгүй уулзалт, чуулган зохион байгуулагдаж байна. Эдгээр арга хэмжээний үеэр Засгийн газарт тендер, төсөл сонгон шалгаруулалт, зөвшөөрөл зэрэг төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудад өгөх нь зүйтэй гэсэн санал давамгайлж байсан. Харин Та энэ талаар ямар бодолтой байна?
-Даахгүй нохой булуу хураана гэдгийн адилаар төр хийх ёсгүй зүйлээ, эсвэл өөрийнхөө явцуу сонирхлоор дэндүү их ажлыг өөртөө хураадаг. Төрийн оролцоо хэт ихэдсэнээс болж хүнд суртал, хээл хахуул газар авч, хувийн хэвшлийнхний тогтвортой үйл ажиллагаанд саад болдог.Бид засгийн газар бүрэлдсэний дараахан төрийн ямар ямар чиг үүргийг төрийн бус байгууллагуудад шилжүүлж болох санал явуулсан. Үүний үр дүнд БОЯ, ХХААХҮЯ зэрэг яамдууд 10 гаруй байгууллага, мэргэжлийн холбоодуудтай гэрээ байгуулаад эхэллээ. Энэ нь хэдийгээр жижигхэн ч гэсэн үр дүн.Тендер гэсэн нэрийн дор маш олон булхайтай үйлдэл явагддаг. Тиймээс хөндлөнгийн хараат бус байгууллага тодорхой хэмжээгээр тендерт хэрхэн хяналт тавих тухай хууль эрх зүйн актанд суулгаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол жишээлбэл, Танхим сайн дураараа энэ асуудлыг аваад хийнэ гэдэг худлаа.
Тендерийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийн тоо, хамрах хүрээг багасгах чиглэлээр 2009 онд нэлээд ажил санаачлах хэрэгтэй байна. Ирэх онд Засгийн газарт Танхимаас санаачлан Бизнес эрхлэлтийн индекс буюу бизнес эрхлэлтийн ерөнхий орчингоороо Монгол Улс Азидаа эхний аравт орох ёстой гэсэн том боловч бүрэн биелэх боломжтой асуудлыг дэвшүүлсэн. Үүнийг Ерөнхий сайд ч дэмжсэн. Хамтын ажиллагааны хүрээнд хамгийн түрүүнд хийж цэгцлэх асуудлуудын нэг бол тендерийн асуудал байгаа.
-Эдийн засагч хүнээс нэг асуулт асууя. Өнөөгийн манай эдийн засаг ямар түвшинд байна? Инфляцийн хэт өсөлт нь юунаас шалтгаалж байна вэ?
-Инфляци аядуу буюу мөлхөө түвшинд байх ёстой. Тоогоор илэрхийлэх юм бол нэг оронтой тоо буюу 6-8 хувьтай байж болно. Гэтэл нөгөө инфляци ядуу түвшин буюу доод түвшингээсээ даваад бүр хоёр оронтой тоонд хүртлээ өсчихөөр энэ нь эдийн засагт маш хортой нөлөө үзүүлээд эхлэнэ.Эрэлт, нийлүүлэлт, мөнгө болон мөнгөний бус гэсэн инфляцид нөлөөлөх олон хүчин зүйлс байдаг. Инфляци өсч байгаа тохиолдолд Монголбанкнаас мөнгөний нийлүүлэлтэнд тодорхой хэмжээний хязгаарлалт хийж болно. Гэхдээ одоо Монгол банкны удирдлагуудын тайлбарлаж байгаа шиг тухайн үед бид мөнгөний нийлүүлэлтийг багасгаагүй бол одоо хямрал яриад сууж байх байсан юм гэсэн үг нь шал худлаа. Тухайн үед инфляци бараг талхны үйлдвэрүүдийн үнийг хянаад эхлэх тэр үед бид талхны үнийг хянахын оронд Засгийн газрынхаа зардлыг хяна, бизнесийн идэвхжилийг нэмэгдүүлэх тал дээр анхаараачээ гэсэн өөрсдийн зөвлөмжийг хүргүүлж байлаа. Арилжааны банкуудын эрүүл мэнд тэр үед гайгүй байсан.
Харин Төв банкны эдийн засаг дахь валютын нөөцийг удирдах, бизнесийн бодит секторын идэвхжилийг хангах зэрэг үйл ажиллагаануудыг хамгийн идэвхгүй явуулсан. Монголбанк УИХ-аас инфляцийг тодорхой түвшинд барих ёстой гэсэн үүрэг авчихсан тэр үед инфляци нь өөрөө аядуу түвшинд байсан. Гэнэт нөгөө дэлхийн эдийн засгийн хямрал үүсээд, инфляци нэмэгдэх үед мөнгөний нийлүүлэлтийг багасгаж инфляцийн түвшинг барина гэсэн энгийн сурах бичгийн хүрээнд сэтгээд түүнийхээ дагуу арга хэмжээ авсан. Энэ нь эдийн засгийн бодит секторуудын цусыг боосон үйл ажиллагаа болсон.Нөгөөтэйгүүр банкуудыг удирддаг зохистой харьцаа нь зөвхөн банкууддаа хандсан болохоос биш тэр банкуудын харилцагч нарын "эрүүл мэндэд" хандаагүй, амьдралд ойрхон биш, валютын нөөцийг тэр болгон удирдаж чадаагүй. Ялангуяа улсын үйлдвэрүүдийн валютын нөөцийг удирдаж чадсангүй.
Валютын зохицуулалтын тухай хууль нь ч иймэрхүү байдлыг өөгшүүлсэн хууль байдаг. Амьдрал мэддэг хэсэг эрхэм гишүүд инфляцийг барихын тулд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг ухаараад 2009 оны Монгол банкны мөнгөний бодлогод эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх гэсэн зөв томъёололыг хэдийгээр оройтсон боловч оруулж өгсөн. Үүнтэй холбогдуулаад Засгийн газраас аймаг болгонд 1 миллиард төгрөг хувиарлаж байна. Энэ нь тийм ч хангалттай биш. Үйлдвэржилтийг хөгжүүлэх, дэмжихэд асар их санхүүжилт шаардлагатай. Хамгийн гол нь бизнесийг хаан боогдуулсан актуудыг багасгах, эрх зүйн орчныг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй.