[i:f396205e38]Шинэ зуун гарснаар нийт дэлхий амар тайван байдлыг үзсэнгүй. Жил болгон хаа нэгэн газар зэвсэгт мөргөлдөөн, алан хядлага, дайн гарч, ямар нэгэн төрлийн хямрал хомсдол өлсгөлөн болж, шинэ төрлийн өвчин тархаж байна. Байгаль дэлхий хүний үзүүлж буй ачаалал, хор хөнөөлийг даахаа больж байн байн анхааруулга, сануулга өгөх боллоо. Бид аливаа тооны өсөлт чанарт шилждэг хэмээн ярьдаг. Хэрэв чанарын өөрчлөлт болбол юу болох вэ. Энэ нь монголчуудын өмнө ямар асуудал тавих вэ. Хямралын үеийг бид хэрхэн давах ёстой вэ. Эдгээр асуудлыг бид бага анхаарч, зөвхөн өөр хоорондоо тэмцэлдэн, өндөр хоног өнгөрөөж бодлогогүй амьдарч байгаа юм биш биз! Энэ асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулахын тулд энэхүү өгүүллийг бичив. Энд ямар нэг сүржигнэл, хий хоосон төсөөлөл байхгүй бөгөөд дэлхийн том хэвлэлүүд дээр нэртэй судлаач шинжээчдийн тасралтгүй бичиж буй материалуудыг нэгтгэн тоймлосон болно. [/i:f396205e38][b:f396205e38]1. Дэлхийн улстөр, геополитикийн хямрал[/b:f396205e38]Өнөөдөр дэлхийн улстөр судлаачид, эрдэмтэд, судалгааны төвүүдийн хамгийн их ярьж бичиж байгаа сэдэв нь дэлхийд Америк, Европын ноёрхлын үе дуусаж, Хятад, Энэтхэг, Орос улсын үе эхэлж байна гэсэн дүгнэлт гарч байна. Дэлхийн банкны судалгаагаар ойрын 10 жилд Хятад, Энэтхэгийн эдийн засаг гурав дахин өснө. 2020-иод оны эцэст Хятадын эдийн засаг АНУ-ыг гүйцэж түрүүлнэ. Газрын тос олборлогч орнуудын эдийн засаг маш хүчирхэг болно. Энэ хэрээр дэлхийн геополитикт хүчний дахин хуваарилалт явагдана гэж үзэж байна. "Түүхийн буцан ирэлт ба мөрөөдлийн төгсгөл" (The Return of History and the End of Dreams) номын зохиогч Роберт Коган дэлхийн ардчилсан улсууд болон автократ дэглэмтэй улсуудын хооронд мөргөлдөөн болох бодит аюул байгааг анхааруулжээ. Өнөөдөр эдийн засаг нь сэргэж байгаа Хятад, Орос, Венесуел, Персийн булангийн орнууд, хуучин ЗХУ-ын Ази дахь бүгд найрамдах улсууд бүгд авторитари дэглэмтэй бөгөөд улстөрийн авторитаризмыг эдийн засгийн либералчлалтай, үндэсний үзлийг бизнесийн эрх чөлөөтэй хосолдог учраас амь бөхтэй удаан орших болно. Тэдгээр орнууд олон улсын либерал дэг журмыг үл тоомсорлон өөрсөдтэйгээ ижил төстэй автократ түншүүдтэйгээ хамтран холбоо байгуулж өөрсдийн бие даасан байдалд халдсан бүхэнтэй эрс тэмцэх болно гэж Р.Коган бичжээ. Иймээс АНУ, Европ тэргүүтэй ардчилсан орнууд нэгдэж "Ардчиллын Лиг" байгуулах нь тулгамдсан асуудал гэж санал болгосон бөгөөд үүнийг АНУ-ын хоёр намынхан бүгд дэмжиж байна. Үүний зэрэгцээ цаг үеийн тулгамдсан асуудлууд: Ирак, Афганистаны дайн, Иран, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, Израиль-Палестиний ужгирсан дайн, Африкийн улс, аймаг хоорондын мөргөлдөөн, "Аль-Кайда" бүлэглэлийн алан хядлага зэрэг хурц асуудлууд намдах биш улам ширүүсэх төлөвтэй байна. Дэлхийн дулааралтай тэмцэх Киотогийн протоколыг хэрэгжүүлэх, Дэлхийн худалдааны байгууллагын худалдаа, тарифын хэлэлцээрүүд, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээ хэлэлцээрүүдийг шинэчлэх цаг тулж ирээд байна. Олон улсын байгууллагуудын нэр хүнд унаж, татваргүй цалин, өндөр төсөв, тусгай хангамжтай, ямар ч улсад тайлан тавьдаггүй, аудит хийлгэдэггүй хүмүүс бүх дэлхийгээр хөлхөлдөн бодит зүйл хийхгүй зөвхөн хар амиа борлуулж байна гэсэн шүүмжлэл их гарах боллоо. НҮБ-ийг эрс шинэчлэх, эс чадвал түүнийг "Ардчиллын Лиг"-ээр солих санал АНУ-д улам газар авч байна. НАТО-г татан буулгаж зөвхөн Европын улсууд оролцсон цэргийн байгууллага байгуулах нь зүйтэй гэсэн санал их яригдаж байна. "The Los-Angeles times" сонинд "НАТО одоо хамтын батлан хамгаалах байгууллага гэхээсээ улстөрийн клубтэй илүү төстэй болсон. Энэ эвсэл дайнд бэлтгэхээсээ илүү олон улсын хурал, зөвлөлгөөнийг чадварлаг зохион байгуулах боллоо" гэж шүүмжилжээ. Дэлхийн банкийг ч гэсэн "зөвхөн ядуу буурай орнуудыг өртүүлэхээс өөр зүйл хийдэггүй" гэж бичицгээж байна. Үүнээс харахад дэлхийд хүчний шинэ харьцаа тогтож олон улсын байгууллагуудын тогтолцоо эрс шинэчлэлд өртөх нь зайлшгүй байна. [b:f396205e38]2. Эдийн засгийн хямрал[/b:f396205e38]Олон улсын валютын сан (ОУВС) дэлхийн эдийн засгийн 2008 оны төлөвийг тодорхойлсон "World Economic Outlook" илтгэлдээ 2008 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.7 хувь байна гэж тооцжээ. Энэ нь 2007 оны өсөлтийн хурдцаас 1.25 хувиар бага байна. ОУВС 2009 онд ч байдал сайжрахгүй гэж үзэж байна. Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засгийн өсөлт гурван хувьд хүрэхгүй болж рецесст орох магадлал 25 хувьтай байна. Америкийн эдийн засаг их хүнд байна. ОУВС-ын тооцоолсноор АНУ-ын эдийн засаг рецесст орж эдийн засгийн өсөлт нь 2007 онд 2.2 хувь байсан бол энэ онд 0.5 хувь, 2009 онд 0.6 хувь болно. Европын эдийн засгийн өсөлт энэ онд 1.4 хувь болно. 2007 онд өсөлт нь 2.6 хувь байжээ. Харин 2009 онд өсөлт нь 1.2 хувь болох төлөвтэй. Эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа гол зүйл нь хөрөнгийн биржүүдийн хямрал юм. Эдгээр хүндрэлийн эхийг АНУ-д анх хоёр жилийн өмнөөс өрнөсөн ипотекийн зах зээлийн хямрал тавьсан. Ипотекийн зээл авагчид нь ямар ч хамаагүй зориулалтаар материал бүрдүүлж байсан бөгөөд авах өндөр ашгаа бодсон санхүү, банкны байгууллагууд түүнийг нягтлах, эрсдэлээ тооцох талыг муу анхаарч байжээ. АНУ-д одоо энэ асуудлаар холбооны мөрдөх товчоо 440 гаруй банк санхүүгийн ажилтнуудыг баривчлан эрүү үүсгэн шалгаж байна. Дэлхийн санхүүгийн хямралаас үүдэн энэ онд дэлхийн худалдааны өсөлт буурч 4.8 хувь болно гэж Дэлхийн худалдааны байгууллага мэдэгдлээ. Уг өсөлт 2006 онд -8.8 хувь, өнгөрсөн онд -5.5 хувь байсан юм. Зээлийн хямралтай зэрэгцэн газрын тос болон бусад нөөцийн үнэ огцом өссөн нь энэ хямрал нь богино хугацааны рецесс биш, 1970-80-аад оны үед дэлхийд болсон "стагфляци" буюу өндөр инфляци, эдийн засгийн стагнацийн (зогсонги байдлын) хослол дахин давтагдах аюулыг бий болгож байна. Стагфляци нь зээлийн хямралтай харьцуулшгүй их хохирлыг дагуулах бөгөөд хөгжиж буй орнуудын Засгийн газруудыг иргэдээ түүхий эд, түлш, хүнсний үнийн өсөлтөөс хамгаалах зорилгоор дэлхийн зах зээлээс хиймлээр тусгаарлаж, үнийг хянах, тогтоох, худалдаагаа хязгаарлах, валютын нөөцөө янз бүрийн зорилгод ашиглах зэрэг арга хэмжээ авах зам руу түлхдэг. Энэ нь дэлхийд сүүлийн 20 жилийн туршид тасралтгүй өсөлт авчирч Хятад, Энэтхэг, Бразилийн олон тэрбум хүнийг өлсгөлөн, ядуурлаас аварсан даяаршлын үйл явцыг зогсоож, буцах магадлалыг бий болгоно. [b:f396205e38]3. Түлш эрчим хүчний хямрал[/b:f396205e38]Энэ хавар Америк шинэ үед орлоо. Нэг галлон бензиний үнэ дөрвөн доллар болонгуут шатахууныг хамаагүй хэрэглэдэг америкчуудын сэтгэлгээ, дадал түргэн өөрчлөгдөж эхлэв. Тэд машин барихаа цөөлж, нийтийн тээврээр зорчих нь ихэсч, бензин их иддэг машин худалдан авахаа больж байна. АНУ өнөөдөр дэлхийн хүн амын гурван хувийг эзэлдэг ч дэлхийн нефтийн хэрэглээний 25 хувь буюу 21 сая баррелийг өдөрт хэрэглэдэг. 2030 онд нефтийн өдрийн хэрэглээ 27 сая баррельд хүрнэ. Өнөөдөр АНУ-ын мянган хүнд 480 машин ногдож байхад Хятадад 10 машин ногддог. 2015 он гэхэд Хятад дэлхийн автомашины хамгийн том хэрэглэгч болно. Барууны хэрэглээний загвар даяаршиж байгаа нь асуудлыг их хүндрүүлж байна. Хэрэв хятадууд болон энэтхэгүүд америк, европчуудтай адилхан хооллож, машин унаж эхэлбэл өнөөдрийн түлш, хүнсний хямрал улам даамжирна. 1999 онд нэг баррель нь 10 доллар байсан нефтийн үнэ 2007 онд 95 баррель болоход дэлхий нэг их цочирдоогүй бөгөөд олон хүн Хятад, Энэтхэгийн хэрэглээ өссөнтэй холбон үзэж байсан. Харин одоо нэг баррель нь 146 доллар болж байна. Цэрэг дайны мөргөлдөөн, хөрөнгө оруулалтын бууралт, дэд бүтцийн хомсдол, орд газруудын нөөцийн багасалт нь байдлыг улам муутгана. Ойрын 6-24 сарын дотор нефтийн үнэ 200 долларт хүрнэ гэж "Goldman Sachs" анхааруулж байна. Үнийн ийм өсөлт нь бензинийг үнэтэй болгож, хэмнэлттэй зарцуулан, дэлхийн дулааралтай тэмцэх цаг болсныг хэлж байна. Тэнгэрт хадсан нефтийн үнэ иргэдийг ядууруулж, эдийн засгийн өсөлтийг зогсоон, инфляцийг хөөрөгдөнө. Энэ өсөлт нь сүүлийн жилүүдэд санхүүгийн тогтвортой бодлого явуулж, хямд бараа, бүтээгдэхүүн экспортлон дэлхийн хэмжээнд инфляцийг хазаарлахад гол үүрэг гүйцэтгэж байсан Хятад, Энэтхэгийн эдийн засагт хүнд дарамт учруулна. Одоо тэд харин "инфляцийг экспортлогч" болж хувирах аюултай. Үүнээс гадна баялгийн дахин хуваарилалт хүчтэй явагдана. Сүүлийн жилүүдэд нефтийн олон триллион доллар өвөртөлсөн Иран, Венесуэл, Орос зэрэг авторитари дэглэмүүдийн байр суурь бэхжинэ. Нефть 200 доллар хүрэхэд зөвхөн Персийн булангийн зургаан орны нефтийн нөөцийн үнэлгээ 95 триллион долларт хүрэх бөгөөд энэ нь дэлхийн фондын биржүүдийн бүх капиталаас хоёр дахин их болно гэж "Morgan Stanley" компанийн захирал Стивен Жен бичиж байна. Үүний дүнд нефть олборлогч орнууд фондын биржүүдийг хяналтандаа авч, дэлхийд болж буй цэрэг дайны мөргөлдөөнд оролцох нь улам ихэснэ. Орос гэхэд л 32.7 тэрбум долларын эхний хөрөнгө бүхий үндэсний аж байдлын санг байгуулан гадаадад байршуулахаар идэвхтэй хөөцөлдөж байна. Нефтийн үнийн өсөлт бүх салбарын хөгжилд сөргөөр нөлөөлнө. Нисэх компаниуд рейсээ цөөлж, үнээ нэмнэ. Автомашин үйлдвэрлэлд ч бүтцийн өөрчлөлт гарна. "Morgan Stanley"-ийн судалгаагаар ирэх жилүүдэд инфляци АНУ-д таван хувь, Европт гурван хувь байж, харин Азид хоёр оронтой тоонд хүрнэ. АНУ Иракт халдана, 2007 он гэхэд долларын ханш навс унана гэсэн таамгаараа олон хүний итгэл хүлээсэн Оросын иргэн А.П.Баршов "КП" сонинд өгсөн ярилцлагадаа 2022 он гэхэд одоо мэдэгдсэн газрын тосны нөөц ашиглагдаж дуусна гэж байна. Тэрбээр энэ үеийн дэлхийн байдлыг тун баргар дүрсэлжээ. Нефтийн хомсдолоос болж хөдөө аж ахуйн бүтээмж 17 дахин буурна. Мах, буудай, хүнсний нөөц энэ хэмжээгээр алга болно. Том суурин газруудад өлсгөлөн нүүрлэнэ. Тариачид зөвхөн өөрсдийгөө л хангаж чадна. Далайн нөөцийг ашиглахын төлөө дэлхийн III дайн эхэлнэ. Газрын тосны шаар ашигладаг хар замууд алга болж, дэлхий хүйтрэн, хүмүүс том хотуудаас дайжин гол ус бараадна, олон оронд хүнсний төлөө иргэний дайн болно гэх зэргээр таамагласан байна. [b:f396205e38]4. Хүнсний хямрал[/b:f396205e38]Манай дэлхийд учирч байсан хамгийн аюултай мөргөлдөөнүүд нь дандаа шашин, үзэл суртлаас болдог байсан. Гэхдээ хэрэв хүнс хүрэлцэхээ байвал хүний толгойд юу эс орох вэ. Дэлхийн банкны тооцоолсноор, дэлхийд хүнсний барааны үнэ сүүлийн гурван жилд 83 хувиар өссөн байна. Гайти, Египет, Этиопт хүнснээс болж үймээн, эсэргүүцэл гарч эхэллээ. Пакистан, Тайландад тариалангийн талбай, хүнсний агуулахуудыг армийн хүчээр хамгаалж байна. Олон орнууд хүнсний барааны экспортоо зогсоолоо. Дэлхийн банкны ерөнхийлөгч Роберт Зелликийн хэлснээр "талхны бослого" гарч магадгүй орны тоо 37-д хүрчээ. Хойд Солонгос, Африкийн зарим орон, Афганистанд өлсгөлөн нүүрлээд байна. Энэ хямралын гол шалтгаан нь нэгд Австралид гурван жил дараалан болсон ган, хоёрт газрын тосны үнийн өсөлт, гуравт Хятад, Энэтхэг зэрэг эдийн засаг нь сайжирсан орнуудын хүн амын хүнсний хэрэглээ эрс өссөн явдал юм. Эдгээр орнуудад хүн ам нь уламжлалт будаа, буудайныхаа зэрэгцээ малын махыг их хэмжээгээр хэрэглэдэг болжээ. Өнгөрсөн жил дэлхийн буудайн ургац 2.1 тэрбум тонн болж өмнөх оноос 5.0 хувиар буурлаа. Үүнээс зөвхөн 1.01 тэрбум тонн буудай хүнсэнд ашиглагдана. Энэ жил 100 сая тонн буудайг биотүлшийн үйлдвэрлэлд ашиглана. 700 сая тонныг мал тэжээхэд зарцуулна. Нэг килограмм үхрийн мах үйлдвэрлэхэд найман кг буудай, нэг кг тахианы мах үйлдвэрлэхэд хоёр кг буудай зарцуулж байна. 2050 он гэхэд дэлхийн хүн ам есөн тэрбум болно. Үүний зэргцээ мал аж ахуйн фермүүд дэлхийн дулаарлын гол шалтгаан болсон агаарын бохирдлын 18 хувийг үйлдвэрлэж байна. Хүнсний асуудал хүндэрч байгаа нь дэлхийн хүн амын өсөлттэй шууд холбоотой гэж тайлбарлах хүн өнөөдөр цөөнгүй байна. Энэ талаар "Guardan" сонинд гарсан зарим нэг сонирхолтой тоо баримт, тодруулгыг хүргэж байна. НҮБ-ын тооцоогоор дэлхийн хүн ам одоогийнхоос 50 хувиар өсөөд цаашдаа өсөлтгүй болно. Өөрөөр хэлбэл, дэлхийн цаг уурын өөрчлөлтийг зогсоох, хүн амыг нь тэжээх, байгалийн нөөцийн ашиглалтыг зохицуулах асуудлууд 1.5 дахин хүндэрнэ гэсэн үг. Хүн амын энэ өсөлтийг дэлхийн эдийн засгийн өсөлттэй холбож үзье. Олон эдийн засагчдын тооцоогоор хэдий хэлбэлзэлтэй ч гэсэн дэлхийн эдийн засаг ХХI зуун, жилд дунджаар гурван хувиар өснө. Энэ өсөлт нь нийт дэлхийн ДНБ 23 жил тутам хоёр дахин өснө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2100 он гэхэд дэлхийн нөөцийн нийт хэрэглээ 1600 хувиар өснө. "Хэрэв АНУ-ын нэг иргэний нөөцийн хэрэглээг Бангладешийн нэг иргэнтэй харьцуулбал 16 дахин их байна" гэсэн судалгааг НҮБ-ээс гаргажээ. АНУ-д хамгийн ядуу хүмүүстээ хүнсний карт олгодог бөгөөд энэ нь тэр хүний ядуу гэдгийг тодорхойлох албан баримт болдог. АНУ-ын конгрессын төсвийн хорооны тооцоолсноор ирэх төсвийн жилд нийтдээ 28 сая америк хүн хүнсний гол үндсэн бүтээгдэхүүнээ улсын хүнсний картаар авах юм байна. Энэ нь хүн амд хүнсний дэмжлэг үзүүлж байх тухай 1960 онд баталсан хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшх хамгийн их тоо болж байна. 2007 онд 26.5 сая хүн энэ картаар үйлчлүүлж байжээ. Эхэн үедээ цаасан хэлбэрээр олгодог байсан хүнсний купон (тасалбар)-ыг саяхан хуванцар картаар сольсон. АНУ-ын хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр, дөрвөн хүнтэй гэр бүлийг хүнсээр хангах зардал сүүлийн 12 сард зургаан хувиар өсчээ. [b:f396205e38]5. Байгаль орчин, усны хямрал[/b:f396205e38]Дэлхийн хүн амын тоо болон хэрэглээний өсөлт үйлдвэржилт түүнээс үүдэлтэй дэлхий нийтийн дулаарлын "ачаар" байгаль орчин хуурайшин ядуурч, ундны ус, ашигт малтмалын нөөц багассаар байна. Экологийн сүйрлүүд газар авч, цөлжилт эрчимтэй явагдаж байна. Дэлхийд түүхий эд, эрчим хүчний эх үүсвэрийн хэрэгцээ харин бүр өссөөр байна. Янз бүрийн улсууд энэ асуудлаа нэг л замаар буюу "Үлдсэнийг нь хяналтандаа авах" зарчмаар шийдвэрлэхийг оролдож байна. Орос, Канад хоёр Арктикийн мөсөн хучлагыг булаалцаж байхад Норвеги, Дани, АНУ тэднээс хоцрохгүйг хичээж байна. Их Британи Өмнөд туйлыг өөрийн хяналтандаа авах гэж зүтгэж байна. Дулааралтын нөлөөгөөр эх дэлхий маань танигдахгүй болтлоо өөрчлөгдөж байна. Зүүн Өмнөд Азийн цунами, Катрина хар салхи Европын үер, Австралийн ган, Сычуаны болон Хонсюгийн газар хөдлөлт гээд тоочиход барагдахгүй. Дэлхий дээр байгалийн сүйрэл 30 жилийн өмнөхтэй харьцуулбал дөрөв дахин илүү ойрхон давтамжтай болж байна. Тэдгээрээс учрах эдийн засгийн хохирол долоо дахин өссөн гэж НҮБ-ын эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн департаментын захирал Роб Бос мэдэгдэж байна. Сүүлийн 30 жилд долоон мянга орчим байгалийн гамшиг тохиолдсон ба түүний хөлд хамгийн багаар бодоход 2.5 сая хүн амь үрэгджээ. Эдгээр гамшиг нь хоёр триллион долларын хохирол учруулжээ. Бос цааш нь хэлэхдээ "Байгалийн гамшгийн хохирол улам их болж, ганц нэг орнууд олон улсын хамтын нийгэмлэгийн зохицуулалт, тусламжгүйгээр давж гарахад хэцүү болж байгаа учир 4-5 тэрбум долларын төсөв бүхий сан байгуулахыг санал болгож байна" гэжээ. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, тэр тусмаа далайн түвшингийн өсөлтөөс хамаарч дэлхийн хүн амын цэвэр усны хангамж улам бүр муудсаар байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2005-2015 оныг "Амьдралын ус"-ны олон улсын 10 жил болгон зарласан. НҮБ-ын гишүүн улсууд ус бол тогтвортой хөгжил хангаж ядуурал, өлсгөлөнг халах тэмцлийн гол хөдөлгөгч хүчин мөн гэж онцлон тэмдэглэсэн. НҮБ-ын шинжээчдийн дүгнэлтээр дэлхийн зургаан хүн тутмын нэг нь ундны усаар, гурван хүн тутмын нэг нь ахуйн хэрэглээний усаар гачигдаж байна. Найман секунд тутамд нэг хүүхэд устай холбогдсон өвчнөөр нас барж, 2.4 тэрбум хүн эрүүл ахуйн зохих нөхцөлд амьдарч чадахгүй байна. Энэ бүхэн гол гурван шалтгаантай. -Хүн амын өсөлт. Жил бүр дэлхийн хүн ам 85 саяар нэмэгдэхийн хажуугаар нэг хүнд ногдох усны хэрэглээ өсч байна. Хөгжилтэй орнуудад энэ хэрэглээ 20 жилд хоёр дахин өсч байгаа. -Хүрээлэн байгаа орчны ялангуяа, ундарга усны бохирдол. Өнөө үеийнхэн дэлхийн ундны цэвэр усны хэрэглээ түүний бүх нөөцөөс давж гарахыг үзэх болно. -Дэлхийн нийтийн дулаарал. Дэлхийн нийт цэвэр усны 70 хувийг бүрдүүлдэг мөнх цас, мөсөн уулсыг хайлуулж байна. Аляскийн мөсөн уулсын хайлалт сүүлийн 5-7 жилд хоёр дахин эрчимтэй болжээ. Альпийн нуурууны мөсөн гадаргууны 20 хувь сүүлийн 20 жилд алга болсон. Эквадор, Перу, Болив болон дэлхийн хүн амын гуравны нэг нь оршин суудаг Гималайн орчмын орнуудын нөхцөл байдал мөн ийм байна. Арктикийн мөс эрчимтэй хайлж далайн түвшинг дээшлүүлэх аюул улам бүр нэмэгдсээр байна. Зарим эрдэмтдийн тооцоолсноор 2030 он гэхэд Америкийн хойд хэсэг дэх мөс хайлж дуусах бөгөөд энэ зууны эцэст Берлин, Парис, Лондон, Петербург, Нью-Йорк зэрэг олон хот усан дор орох юм байна. Английн "Обсервер" сонинд хэвлэгдсэн Пентагоны шинжээчдийн нууц итгэлд цаг уурын өөрчлөлт, дулаарал нь асар их үер, цэргийн мөргөлдөөн, хүмүүнлэгийн сүйрэл авчирч магадгүй. Эрчим хүч, хүнс, ундны усны хомсдол улс хоорондын том дайны шалтаг болж болохыг тэд дурджээ. Иймээс дэлхий дээр ирээдүйд биднийг юу хүлээж байгааг хэн ч мэдэхгүй. [b:f396205e38]Дүгнэлт[/b:f396205e38]Дэлхий нийтийг хамарсан эдгээр хямралууд Монголыг тойрохгүй нь ойлгомжтой. Харин ч зарим талаар бүр илүү хүнд тусах байж магадгүй. Тийм учраас бид нүдээ аньж хүлээн суух биш хямралын учир шалтгаан үр дагаврыг судалж аль болох бага хохиролтой давах арга замыг олж төрийн бодлого болгох ажилд цаг алдалгүй орох хэрэгтэй. Судлаачдын тооцоогоор энэ хямралт байдал ойрын 15-20 жил үргэлжилж хүн төрөлхтнийг зовооно. Чухам энэ үеийг давах "хямралын үеийн төрийн бодлого, менежмент"-ийг бид нэн тэргүүнд боловсруулан гаргах шаардлагатай. Өнгөрсөн жил УИХ-аас батлан гаргасан Монгол Улсын хөгжлийн цогц бодлогоо үүнтэй уялдуулан өөрчлөх хэрэгтэй байна. Сайн сайхныг мөрөөдсөн, хүмүүсийг тайвшруулж хоосон амалсан "үлгэр" биш бодит байдлыг тооцсон эрүүл прагматик бодлого үгүйлэгдэж байна. Сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгөөр тооцсон намын менежмент улс орныг мухардмал байдалд оруулахаас өөр зүйл авчрахгүй байх. Иймд ойрын 15-20 жилийн хөгжлийн бодлогоо эргэн харах, нэмж боловсруулах ажлаа шаардлагатай байгууллага, мэргэжилтнүүдийг татан оролцуулах замаар төрийн түвшинд зохион байгуулж эхэлье. Ард түмнээ өндөр үнэтэй бензинд дасгаж, үйлдвэрлэлдээ байгаль орчинд ээлтэй, ус эрчим хүч бага хэрэглэдэг технологи нэвтрүүлэх хүнд бөгөөд амаргүй зорилт бидний өмнө зогсож байна. Эдийн засгийн ухааны доктор Ё.Гэрэлчулуун