МинийКлубын самбар
Ойн цоорхой => HR management => : serdaram 2015.03.05 20:01
-
March 3, 2015 at 2:56pm
Киргизийн хамгийн моодны үг “гадаадын хөрөнгө оруулалт” – “иностранная инвестиция” юм шиг байна. Хэдэн өдөр энэ улсын хэвлэлийг ухав. Чухам гадаадын хөрөнгө оруулалтгүй энэ улс хэзээ ч хөгжихгүй гэж мөн их бичжээ.
Центерра гоулд энэ улсыг сайн бужигнуулжээ. Өнөөдөр Киргиз Улс 235 тонн алтаа Центерра Гоулдад тавиад туучихсан, нэмээд 500 тонн алтаа өгөх замаа засчихсан, эцэст нь 3,4 тэр бум долларын өрөнд орчихсон, төдөлгүй Таджикистан шиг газраа баялагтайгаа зарахад тулжээ.
Энэ луйврын гэрээг цуцлах даалгаврыг Жогорку Кенеш (Киргизийн парламент) нь ЗГ-таа 5 удаа өгөөд нэмэр алга. Сөрөг хүчин “Ата Мекен» фракцийн гишүүн Текебаевын мэдэгдсэнээр Центерра гоулд энэ улсад олон Жогорку Кенеш, олон ЗГ-ыг огцруулсан ба ямар ч Төр засаг гарсан Центерра Гоулд компаний ээлжит хүүхэлдэй гэнэ. Хэвлэл мэдээллийг худалдаад авчихсан, гадаадын хөрөнгө оруулалт ба алт олборлолтыг байнга магтуулж, харин эсэргүүцсэн гишүүдийг ард түмний дайсан мэтээр харагдуулдаг ажлыг зохиодог гэнэ. Тэрээр одоо “Кумтор” ордын гэрээг хүчингүй болгох хуулийн төсөл дээр ажиллаж байна. 4 сард ЗГ-аа бас л огцруулах гэнэ.
Киргиз нэг ийм ардчилсан улс ба улс төр, нийгмийн тогтолцоо Монголоос ялгаагүй ч де-факто Ерөнхийлөгчийн засаглалтай. Чонын амнаас гарч барын аманд орсон 2 удаа цуст тулаан, Төрийн эргэлт алтнаас болжээ. Акаевын дарангуйлал нь Бакиевын дарангуйллаар солигдсон бол одоо Атамбаяв гэгч залгав. Ардчилал эцсийн эцэст дарангуйлагчаа төрүүлдэг гэж энэ. Баян ядуугийн харьцаа улам холдож, улсын өмчийн 80 хувийг хувьчилсан аж. Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа гэж сурталчлах Киргизийн нэг хүнд ноогдох ДНБ нь ядуу Монголынхоос 5 дахин бага явна. Дэлхийд алтаараа 3-т ордог Кумторын орд Киргизийн ДНБ-ний 7,7 хувийг бүрдүүлж явна.
Кумтор нь Иссык Куль нуурнаас 60 км, Хятадын хилээс мөн 60 км зайнд оршдог. Кумторын алтны нөөцийг зөвлөлтүүд 850 тонн орчим гэжээ. Википедид 700 тонн гэнэ. 1993 онд Камеко-Центерра Гоулд хамтран ашиглах гэрээ байгуулахдаа ашиглалтын зардлыг 176 сая доллараар өсгөн байгуулж, нөөцийг 850 тонн биш 139 тонн байна гээд 1993 оноос 2002 он хүртэл роялти болон бусад татвараас чөлөөлүүлж ухжээ. 1998 онд эхний нэг сая унци алт олборлож, 2002 онд алт олборлолт 100 тонн гарч одов.
Уг нь 1992 оны анхны гэрээгээр Киргиз улс Кумтор ордынхоо 70 хувийг, Канадын тал 30 хувь эзэмшинэ гэж мундаг тохиролцсон боловч 2003, 2004 оны алт хөтөлбөрийн бүтцийн өөрчлөлтийн гэрээ (реструктуризация), “Центерра гоулд” компани байгуулах, мөн Монголын Бороо ба Гацууртын орд орооцолдсон сэжигтэй наймаа солилцооны эцэст одоо тус ордыг Центерра гоулд эзэмшээд байна. “Кыргизалтын” одоо 2011 оноос хойш хувьцааны 32,75 хувийг эзэмшиж байгаа гэнэ. Монголын Ноён уулын Гацууртын орд хэдийнээ борлогджээ. 2004 онд Киргиз Улсын хяналтгүй Камекогийн саналаар Бороо Гацууртын ордын активыг 58,9 сая доллараар хэт өндөр үнэлж авсан тухай алдагдлын шалтгааныг тоочсон нь 2013 оны тайланд байна.
Гайтай гэрээг 2003 онд үзэглэсэн Байгаль орчны сайд асан Акматалиев ба Сангийн сайд асан Абилдаев нар гэмт хэрэгт татагдсан боловч үйлдсэнээс хойш 10 жилийн хугацаа өнгөрсөн гэснээр хариуцлагаас мултрав. Ямар ч хулгай хийж эх орноо хохироогоод 10 жил өнгөрвөл цайрна гэж энэ. Тус гэрээгээр “Кыргизалтын”-ы эзэмшлийн 66,67 хувь 33 болж буурсан бөгөөд улсын эрх ашгийг хамгаалах нээлттэй хувьцаат компани нь Канадад үйлчилдэг субьект болсон. Улмаар Центерра гоулд нь 2006 онд нэмж 95 сая, 2010 онд 196,7 сая, 2012 онд 370 сая долларын хөрөнгө оруулалтыг алт олборлолтыг хөгжүүлэхэд нэмж оруулсан гэжээ. Ашиг ихсэх тусам хөрөнгө оруулалтын зардлыг өсгөдөг жамтай. 2000 гаруй киргизүүд туслах ажилчин болсон гэнэ. Одоо алт олборлолтын зөвшөөрлөлийг 2026 он хүтэл сунгаж, Кумтор орчинд хайгуул хийх, дахин 200 тонн алт олборлох лицензийг ч Центерра Гоулдэд олгожээ. Зөвлөлтүүдийн тодорхойлсон 850 тонн алт урсаж гарах нь тодорхой болов. Хайран баялаг, хайран ард түмэн.
1993 оноос хойш үргэлжилсэн энэ маргааныг Текебаев шийдэх хоёр санал дэвшүүлжээ. Нэгд “Кумтор”-ыг национализаци хийх, хоёрт Канадын хөрөнгө оруулагч нартай дахин хэзээ ч маргахгүй удирдлага дор нь орох буюу тусгаар тогтнолоо алдах юм гэнэ. Центерра Гоулд Киргизийн ЗГ-ыг худалдан авч, элэг барьсаар тоохоо байсан гэнэ. Төстэй мэдэгдлийг “Бүгд найрамдах улс” фракцийн гишүүн Сабиров хийжээ. Тэрээр хэрэв Кумторын эзэмшлийн хувийг 67 харьцах 33 болгож чадахгүй бол национализаци хийх нь зөв гэжээ.
Гэхмэтчилэн олон мэдээлэл байна. Нэлээдийг бичих гэснээ дургүй хүрэв. Хамгийн сайн хулгай бол ил хулгай гэдэг шиг энэ бүх мэдээ Киргизын ЗГ-ын мэдээлэл дээр байгааг сонирхсон нь дэлгэрүүлж болно. Киргизүүд хүнд амьдралдаа түүртээд энэ бүгдийг олж хардаггүй юм байлгүй.
“Гадаадын хөрөнгө оруулалт”, “Уул уурхай” хоёргүй бол улс оронд ямар ч хөгжил ирэхгүй гэдэг бүх нийтийн тархи угаалтыг Киргиз Улс даяар сайн хийжээ. Ёстой нэг далаар нь тавьж авдрыг нь самарч алтыг нь луйвардан сороод, хэдхэн олигарх төрүүлж мөргөлдүүлж, ард иргэдийг бужигнуулж байдаг компани бол Канадын “Центерра гоулд” юм байна. Байгал орчин, дэлхийд хосгүй Иссык Куль нууранд учруулах хор хөнөөлийг ярихыг больё, урт эмгэнэлт түүх.
Гэхдээ энэ компанид нэг гайхалтай тал байна. Тэр нь бүхнийг хуулийн дагуу хийдэг буюу буурай орны хуулийн “лобби”, улс төрчдийг шахаанд оруулан удирдах, худалдан авах тал дээр супер туршлагатай бүтээлч ажилладаг юм байна.
Киргизийн эмгэнэл буюу Кумторын луйврын эх үндэс 1992 оны Камеко корпорацитай байгуулсан Киргизийн ЗГ-ын анхны гэрээнд байдаг ба олон улсын гэрээний заалттай зөрчилдөөгүй үед л Киргиз Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө гэж суулгаж өгсөнд байдаг гэж үзжээ.
Монголд гадаадын хөрөнгө оруулагч дотоодын худалдагдсан эрх мэдэлтнүүдийн зүтгэлээр Газрын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төсөлд 2.3. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж дээрхи хуулийн луйвартай утга адил өөрчлөлтийг оруулж мөн 6.1.6. ашигт малтмал, газрын тос, байгалийн хий ашиглах газар гэж тусгай шинэ газрын сангийн ангилал үүсгэж Монголын газар шороо баялгийг дураараа самрахаар бэлдэж байгаа билээ.
Үнэндээ Гацууртын ордыг ашиглаад хэчнээн ч ашигтай байсан ялгаагүй, дор нь булш бунхан байхгүй байсан ч хамаагүй "Ноён" уулын орчмыг хатуу хамгаалалтанд авч дархалж цаазлахыг бид хүсч байна.
Ноён уулыг Центерра гоулдад самруулахыг дэмжигч бол их мөнгө, том бизнесийн золиосны хүн байж болох юм, харин Монголын төлөө цохилох зүрхтэй хүн хэзээ ч биш юм.