МинийКлубын самбар

Ойн цоорхой => Лекц => : serdaram 2013.08.29 14:51

: Зүүнгар улс
: serdaram 2013.08.29 14:51
Түүхийн хуудсыг эргүүлэн харахад элэг эмтэрмээр олон гунигт үйл явдал монголчуудад тохиосон байдаг. Тэдгээрийн хамгийн эмгэнэлтэй нь Зүүнгар улсын мөхөл юм. Манжууд энэ улсыг эзлэхдээ эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгшидгүй толгой дараалан хядсан байдаг. Энэхүү гашуун түүхийн талаар түүхч, доктор, дэд профессор На.Сүхбаатар бидэнд өгүүлнэ.

-  Зүүнгар улс хэр удаан оршин тогтносон юм бэ?

- Зүүнгар улсын хүчирхэгжилтийн талаар өмнө нь ярьсан. Дахин давтан хэлэхэд дэлхийн түүхийн голлох бүтээлүүдэд монгол овогтны Хүннү, Их Монгол, Зүүнгар гэсэн гурван улсыг тэмдэглэсэн  байдаг.  Зүүнгар  улс  байгуулагдсанаасаа хойш үндсэндээ 80-аад жил оршин тоггносон. Дөрвөн Ойрадын сүүлчийн чуулган буюу Цоросоор толгойлуулсан 1636 оноос тооцвол 120 жил юм уу даа.  1676-1755 онд хүртэл оршин тогтносон Зүүнгар улс бол биеэ даасан улс байлаа. Энэ үед, энэ цагт Халх монгол Манжийн эрхшээлд орсон үе. Халхууд Манжид эзлэгдсэнээс хойш 70 жил оршин тогтносон Зүүнгар улсад зургаан хаан эрх барьжээ. Зүүнгарыг үндэслэгч нь Галданбошгот хаан. Галдан хааны ахынх нь хүү Сэнгэ хун тайжийн хүү Цэвээнравдан 1697-1727 онд, Цэвээнравдангийн хүү Галданцэрэн 1727-1745, Галданцэрэнгийн дунд хүү Цэвээндоржнамжил 1745-1749, ахмад хүү Лхамдаржаа 1749-1752, Галдан хааны дүү Бүм ноёны үр ач Даваач нар энэ улсыг захирч байв. Даваач хааны үед Зүүнгар Манжид эзлэгджээ.

-Гэхдээ өмнө нь Манжийн олон дайралтыг удаа дараа маш амжилттай хамгаалж байсан гэдэг биз дээ?

-Зүүнгар улс тухайн үедээ Хятад-Дундад Азийг холбосон Торгоны замыг хянаж, эзэгнэж байв. Тэнгэр уулын өмнөх Уйгарын хотуудыг бүгдийг нь эршээлдээ оруулж захирч байсан. Түүний цаадах Узбек, Тажикийн хотуудаас татаас авч, Киргиз, Хасагийг нөлөөндөө байлгаж байсан. Өөрсдөө тариалан эрхэлж, үйлдвэрлэл явуулж тэр хэмжээгээрээ Зүүнгар улс эдийн засаг болон бусад зүйлээрээ хүчирхэг болсон байлаа. 1717-1733 он хүртэл Манж, Зүүнгар хоёр байлдсан. Энэ тулаанд хоёр улс хоёулаа туйлдсан байдаг. Ойрадууд эх нутгаа хамгаалж буй болохоор баатарлаг, бүх ард олны сэтгэл нэгэн зүгт. Манжууд Зүүнгарыг дайлж эрхшээх гэж олон удаа цэрэг татаад, сүүлдээ цэрэг дайныхаа зардлыг дийлэхээ больж, ард олноосоо нэмэлт татвар авчээ. Үүнээс үүдэн хятадад бослого хөдөлгөөн гарч маш хүнд байдалд орсон. Эцэст нь 1739 онд Зүүнгар, Манж улс найрамдлын гэрээ хийж, хилээ Алтайн нуруугаар тогтоосон. Хятад, монгол, солонгосыг залгисан хүчирхэг Манжтай өрсөлдсөн том улс байжээ гэж бид Зүүнгар ойрадуудыг төсөөлж ойлгож болно.

XIII зуунд Их Монгол улсын үед Ази дахиныг ямар сайхан амгалан байсныг жишээлж хэлдэг үг байдаг л даа. Илжгэнд алт ачсан өнчин хүү Багдадаас Хархорин хүртэл айх аюулгүй илжгээ хөтлөөд ирж байв гэж. Тийм амгалан, эмх цэгтэй байсан. Зүүнгар улсын үед яг л тийм байжээ. Худалдаа харилцаа нээлттэй, айх аюулгүй, элдэв дарамтгүй.

- Ер нь тийм хүчирхэг том байсан улс бидний үе хүртэл оршин тогтносоор ирэх боломж байсан болов уу?

-Зүүнгар улс оршин тогтносоор бидний үед ирэх боломж байсан. Даанч дайсан их байжээ. Нэгдүгээр дайсан бол Манж. Тэд бүх Монголыг эзлэхийг хүсч байсан. Бас торгоны замыг эзэгнэх, баруун тийш өргөжих, өр доорх дайсан болох монголчуудын тусгаар тогтнолын сүүлчийн голомтыг алга хийх хүсэлтэй. Дараах нь Орос. Оросууд зүүн тийшээ өргөжих гэхээр Зүүнгар гол саад нь болж байв. Орос, Манжийн хооронд хэд хэдэн хэлэлцээр болсон байдаг. Нууц хэлэлцээр байсныг ч үгүйсгэхгүй. Яагаад гэхээр Зүүнгар улс Манжид эзлэгдэхэд Орос ган хийх дуу гаргаагүй. Хараад л сууж байсан. Эндээс хардлага үүсч байна. Юу хэлж байна гэхээр тэд газар нутгийг нь хувааж авахаар тохирсон байхыг үгүйсгэхгүй. Тийм баримт ч бий.

Зүүнгарын хамгийн сүүлчийн хүчирхэг хаан бол Галданцэрэн. Гайхамшигтай дотоод бодлоготой. Гадааддаа нэг чиглэлийн бодлого барьж байв. Тэр нь тусгаар байдал, ах дүү монголчууд болох халх, дээд монголыг манжаас салгах. Аж ахуй, соёл, эдийн засгийг хөгжүүлэх тал дээр гайхалтай олон зүйл хийсэн байдаг.

Галданцэрэн хааны амьдралын төгсгөл эмгэнэлтэй. 1745 оны үед Ойрад даяар халдварт цэцэг өвчин тархсан. Олон хүний амь насыг авч одсон энэ өвчинд хаан өөрөө бас өртсөн байдаг. Дараа нь дунд хүү нь хаан ширээнд сууж, ахмад хүү Лхамдаржаа нь дөрвөн жилийн дараа хаан ширээг булааж авсан.

-Дүүгээсээ юу?

-Дүүгээсээ. Эх өөртэй дүү. Ер нь 1745-1755 оны хооронд Зүүнгар улсад дотоодын үймээн самуун их гарсан. Энэ бол аль ч улсад байдаг асуудал. Яагаад гэхээр Зүүнгарын хаант улс гадаад дайсан олон байсантай холбоотой дотоод бодлого нь уялдсан байсан. Орос, ойрадын хилийн дагуу Даваач тэргүүтэй том ноёд, Хасаг ойрадын хил дээр Амарсанаа тэргүүтнийг суулгасан. Цэрэг хүчийг нь нэмж, хангамж өгч тэнд суулгаснаар хилийн хамгаалалтын системийг сайжруулж байна. Яг энэ мэтчилэн хэд хэдэн том ноёдод эрх мэдэл өгсөн. Эрх мэдэл хүмүүст төвлөрөөд ирэх тэр цагт хаанд захирагдахгүй гэсэн хүсэл сонирхол нийгэмд бий болсон. Тэгээд л би чадна гэсэн үзлээр хаан ширээний төлөөх тэмцэлд босдог.

 -Хаан ширээний тэмцэлд оролцогсод хэн бэ?

-Зүүнгарын төрийг ганхуулсан, хүчгүйдүүлсэн тэр үйл явдлыг ярьвал урт яриа болно. Товч хэлбэл үүнтэй холбоотой хэдэн хүн бий. Нэгд, Даваач хаан орно. Их Цэрэндондов гэдэг алдартай жанжны ач нь. Төвдийг эзлэхдээ өмнө нь хэн ч давж байгаагүй Гималайн өндөр уулсыг араас нь давж дайрсан жанжин бол Цэрэндондов. Түүний нөлөөнд хүчирхэгжсэн хүн нь Даваач. Хоёрт, Нэмэхжаргал гэж ноён байна. Энэ бол 1732 онд Халхыг Манжаас салгахын төлөө дайн хийхэд цэрэг ахалж явсан, Хотон, Хурган нуурын дайнд Манжийн 20000 цэрэг хиар цохиж явсан бага Цэрэндондов гэдэг бас нэгэн алдарт жанжны ач нь. Гуравт нь Амарсанаа гэдэг Хойд аймгийн анги захирч байсан ноён. Энэ бол Галданцэрэн хааны зээ хүү. Ийм ноёд хаан ширээний төлөө тэмцсэн. Улс даяар гарсан халдварт өвчин, дотоодын тэмцэл, Манж, Орос, Хасаг зэрэг орнуудаас явуулсан хатгах, үймүүлэх, салгах бодлогын дүнд 1755 онд Зүүнгар улс Манжид эзлэгдэхэд хүрсэн. Манжийн туйлын хүсэл нь Зүүнгарыг эзэлж авах явдал байсан. Манж 100 жил Ойрадыг эзлэх бодлого явуулав. Тэр үед Зүүнгарын дотоодын үймээн самуунаас болоод зарим овог аймаг Халх руу орох, Халимаг руу нүүх мэтээр үймээн самуун байсан. Энэ бүгдийг Манжууд овжин ашиглаж Зүүнгарт цэрэг оруулсан. 1755 онд нийт 50 мянган цэргийг гурван замаар оруулсан байдаг. Яг баримтаар үзвэл 36 мянган цэрэг оржээ. Манж, хятад ногоон тугийн цэргээс гадна өвөрлөгч, халх цэргийг оруулсан. Манжууд Ойрадыг эзэлж аваад халхтай адил дөрвөн аймаг болгон, чуулган байгуулж, хан тавьсан. Тэгээд Долнуурт Ар, Өвөр, Баруун монголчуудыг эзэлж авсаны том баярыг намар нь хийхээр бэлдэж байлаа. Зарим цэргээ татсан. Яг энэ үед ойрадууд бослого гаргаж эхэлсэн.

-Энэ үеэр халхад ч бас Манжийг эсэргүүцсэн бослого гарч эхэлсэн биз дээ?

-Тийм ээ. 1755-1758 оны бослогыг бид ганцхан Ойрадын бослого гэж ярьж тайлбарлаж болохгүй. Манжийг эсэргүүцсэн нийт монголчуудын бослого юм. Дотроо хоёр хэсэгтэй. Нэг нь Ойрадад, нөгөө нь Халхад өрнөсөн. Халхын бослогыг Чингүнжав толгойлж, Ойрадыг Амарсанаа удирдаж байсан. Энэ нь Манжийн хүчийг ганхуулсан бослого. Энэ бослого гарсан тулдаа Монголын ард түмэнд Манжаас хэзээ нэгэн цагт тусгаарлаж болох юм шүү гэсэн үндэсний үзэл санааг үеийн үед суулгаж өгсөн. Бослогыг манжууд хуваан таслаж дарсан. Угтаа бол Өвөр Монголд ч ийм бослого гарах байж. Даанч урвагчдын мэдээллээр толгойлсон ноёдыг устгасан байдаг.

-Халх, Ойрадын босогчдыг бүгдийг нь дарж устгасан. Гэхдээ Ойрадууд бүр ард түмнээрээ хохирсон, хядуулсан гашуун түүхтэй…

-Ойрадын бослого бол гашуун, харамсалтай үр дагавартай. Үр дүн, хор уршиг нь айхтар юм аа. Эхэндээ Ойрадын босогчид Манжийн 36 мянган цэргийг бут цохисон. Манж цэргүүдийн дийлэнх нь халх, Өвөрмонголоос татагдсан монгол цэргүүд байсан гэдэг. Бялтат буу, үхэр буутай нь голдуу манж ногоон тугийн цэргүүд. Анхлан оруулсан цэргүүд алагдаж хиарсан тул дахин яаралтай цэрэг татаж хоёр дахь удаагаа оруулсан. Бас л 3 замаар. Үүнийг Амарсанаа, Чагдарманж, Ням, Занагарав, Дондогманжаар тэргүүлсэн ойрадын бүх ард түмэн дахин бут цохисон. Гурав дахь удаагаа манжууд дахин дайрсан нь үнэхээр аюултай байсан. Тэдний даалгавар нь Зүүнгарын ард түмнийг хядах зорилготой байв. Тэд 1758 он хүртэл Ойрадын нутагт алан хядах ажиллагаа явуулсан. Академич Ч.Далай гуайн гаргасан тоо байна. Зүүнгарын ард түмэн Манжид эзлэгдэх цагтаа 600 мянга байжээ. Энэ бол цэвэр монголчууд. Энэ бол тэр үеийн нүүдэлчдийн хувьд их том тоо шүү дээ. Үүнээс ердөө 120 мянган хүн үлдсэн байна гэжээ.

-Дийлэнхийг нь хядсан гэж үү?

-Тийм ээ. 480 мянган хүн алагдсан байна, олзлогдож монгол биш газар нутагт цөлөгдсөн байна. Энэ бол аймаар тоо. Тодорхой баримт бий. Манжийн цэргийн дарга нар эзэн хаандаа мэдээлж  байсан мэдээллүүд байна л даа. Тэд уултай газрыг гар гараасаа барьж байгаад самнасан байна. Жанжнуудын айлтгалд “500 махчинг алав, 1000-ыг барьж сөнөөв, 2000 хулгайг хийсгэв” гэх мэтээр бичсэн байдаг. Болоо ч үгүй хүнийг алав гэхгүй “махчин, босуул, хулгай, дээрэмчнийг алав” гэсэн байна. Манжууд ойрадуудыг яснаасаа үзэн ядаж байв. Эхэндээ дандаа эр хүнийг нь алах бодлого барьж байв. Гэтэл ойрад эмэгтэйчүүд бүгд ханцуйдаа хутга бариад боссон. Тиймээс бослого дарах үйл явцад эр, эм, хүүхэд гэж ялгалгүй алах болжээ. Хүйс тэмтрэх гэдэг үг Зүүнгарын бослогыг дарах үед монгол хэлэнд орж ирсэн болов уу гэж би боддог юм. Эр, эм гэхгүй алж хядна гэсэн үг. Нүүдэлчдийн дунд ямар ч үед эмэгтэй хүнийг алахгүй хууль байдаг. Ер нь монгол эмэгтэй шиг эрх чөлөөтэй бүсгүйчүуд бага байсан байх. Таван хүү төрүүлэхээр дархан цол өгч овог дотроо үг хэлэх, санаа бодлоо илэрхийлэх эрх өгч байгаа зэрэг. Ойрадын нэг аман цааз надад байна л даа. Түүнд “эмэгтэй хүний үсэнд гар хүрэхийг хориглосон” байдаг. Эмэгтэй хүн гэрийн зүүн хатавчинд хоргодсон байхад гар хүрч болдоггүй. Мэс хүргэж болохгүй гэсэн байдаг. Тэнд нуугдаж байгаа хүнийг дайсан ирсэн ч алж болохгүй, олзол гэх зэрэг. Гэтэл манжууд бүгдийг нь хүйс тэмтэрсэн. Нилээд хэсгийг нь олзолсон. 480 мянга дотор олзлогдсон хүмүүс ч их байгаа. Олзны хүмүүсийг Хятадын өмнөд рүү буюу муу амьсгалтай муж руу цөлсөн. Уурхайд ажиллуулсан. Ингээд Зүүнгар үндсэндээ эзгүйрсэн. 1765 онд буюу 10 жилийн дараа Зүүнгарын нутагт харуулын асуудлаар очсон манж түшмэл “20 хоног явахад нэг ч хүн таараагүй” гэж тэмдэглэсэн бий. Хүн ардыг хоосортол хяджээ. Энэ алан хядлага л Монголчуудын хүн амыг цөөрүүлсэн.

-Яагаад манжууд Зүүнгарыг хорсож хядаж алсан юм бол…

-Энэ хядлагад манжууд монголыг монголоор нь цохиулсан. Зүүнгарын их уул хадтай газар манж, хятад цэрэг явна гэж байхгүй. Монгол, Өвөрмонголоос их цэрэгтатсан. Бүгд цалинтай, алсан хүнийх нь тоогоор мөнгөөр шагнадаг байсан болохоор тэгж хүйс тэмтэрсэн. Энэ хядлагаас болж ойрадын махас, шарас зэрэг том том овог алга болсон. 480 мянган хүн алагдаж, олзлогдож, зугатаж, салхинд хийсэх мэт алга болсон. Энэ бол Монголын түүхийн хамгийн эмгэнэлтэй үйл явдал.

-Үлдсэн 120 мянган ойрад хаачсан бэ?

-Энэ бол уул хаданд гарагчид, бас бөөнөөрөө олзлогдсон хүмүүс. Тэдний нэг хэсэг нь Монголын ойрадууд. Эд бол хатуу зовлон эдэлсэн ард түмэн.

-Эднийг яаж амьд үлдээсэн юм бол…

-Олон талтай. Хууран мэхэлж өөртөө татаж чадсан. Бас гарах гарцгүй болгож хурааж дагуулсан. Манжид бууж өгсөн хүмүүс нэг хэсэг нь байгаа. Уул хаданд дүрвэж гараад буцаж ирсэн хүмүүс ч бий. Бууж өгсөн хүмүүсийг Хятадын нутагт ч тарааж суулгасан.

 -Харамсмаар юм аа. Гэхдээ хойч үе нь өмнөх түүхээ мэдэж байж сургамж авах ёстой гэдэг үүднээс үүнийг хүмүүс сайн мэдэж байх ёстой байх?

-Бид түүхийн эмгэнэлт хэсгээс сургамж авах ёстой. Баруун монголд Амарсанаа, халхад Чингүнжавын тухай домог их бий.

Энэ бүхэн Манжаас тусгаарлах үзэл санааны амин гол сүнс нь болж байжээ. 2003 онд Улиастай хот байгуулагдсаны 270 жилийн ойг их сүртэй тэмдэглэж, Ерөнхийлөгч хүртэл очиж байсан. Би үүнд их харамссан. Улиастай хотыг яах гэж байгуулсан юм бэ гэвэл Ойрад болон Халхын ард түмнийг дарангуйлах цэргийн бааз байгуулах гэж. Эхлээд Ховдод цэргийн бааз байгуулсан чинь ойрадууд орж ирээд цохисон болохоор нутгийн гүнд байгуулъя гээд Цагаансүүл буюу Улиастайг сонгожээ. Үүний 270 жилийг ойг тэмдэглэх ямар шаардлагатай юм бэ! Тэндээс бэхлэлтээс гарсан цэргүүд халхын Чингүнжав, ойрадын Амарсанаагийн бослогыг бут цохисон шүү дээ. Ховд хотыг үлдэж хоцорсон дөрвөд, торгууд, баяд, захчин тэргүүтэй ойрадуудыг дарангуйлах цэргийн хот болгож 1762 онд байгуулсан. Тэмдэглэх ой, тэмдэглэхгүй ой гэж бас байна. Манай зарим түүхчид ойрадын түүхийг тэднийг дарангуйлж байсан Манжийн эх сурвалжаас авч бичдэг. Тэр сурвалжид “Ойрадууд хоорондоо дайтаад байхаар нь Манжийн их цэрэг очиж төвшитгэсэн” гэсэн байдаг. Тэгж алж хядаж, юу ч үгүй болгож төвшитгэдэг юм уу. Үүнийг ойрадын өөрийнх нь түүхийн эх сурвалж буюу худам, тод бичгийн сурвалжаас үзэх хэрэгтэй. Бид түүхийг олон талаас нь олон баримт сэлтээс үндэслэж, болгоомжтой бичих ёстой юм.

Ярилцсан Д.ОЮУНТУЯА

 “Өдрийн сонин” №111 (3188) 2009.05.08
- See more at: http://www.uvsnutag.mn/index.php?view=content&type=content&id=979#sthash.oU7J0bTk.WcDSGVyk.dpuf
: Re: Зүүнгар улс
: hw12d072 2013.12.03 02:05
дотроо хагаралдана гэж аймшигтай зүйл байх юм даа
: Re: Зүүнгар улс
: serdaram 2014.11.04 19:07
Ойрад судлаач, түүхийн ухааны доктор На. Сүхбаатартай ярилцлаа.

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны кино англи  бичгэн орчуулгатайгаар “Өргөө” кинотеатрт гарч байгаа юм байна. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” кино идэр есийн хүйтэн ид тачигнаж байсан өвлийн дунд сард хүмүүст эх түүхээ эргэн санасан халуун сэтгэлийг нээж, тэр өдрүүдийн дуулиан урин цаг хэдийнээ ч тасраагүй байна. Продюссер, зохиолч Б.Шүүдэрцэцэг “...Зохиолчийн хувьд оюун санаандаа төсөөлөн, цаасан дээр буулгасан Тэнгэрлиг Ану хатан, сүр хүчит Галданбошгот хаан, он цагийн тоосонд алсарсан түүхэн баатрууд, эгэл жирийн хүмүүсийн дүр, алс тэртээх 17-р зууны амьдрал, Ойрад монголчуудын түүхийг дэлгэцэнд амилуулан кино бүтээсэндээ төсөөлшгүй их баяртай байна” гэж хэлж байсан нь саяхан мэт санагдавч энэ кино дэлгэцнээ гараад зургаан сар болжээ. Энэ хугацаанд Монголынхоо кино урлагийн томоохон шагнал болон Олон улсын хэмжээний кино фестивалуудад амжилттай оролцоод ирсэн. Жил зургаан сар хөлс хүчээ шингээсэн киноны бүх уран бүтээлчдийн Монголын кино урлагт томоохон хувь нэмэр оруулсан талаар мэргэжлийн хүмүүс өөр өөрийнхөөрөө дүгнэсэн. Энэ удаад түүхч, доктор На.Сүхбаатартай хийсэн ярилцлагыг та бүхэндээ толилуулья.


Та Ойрадын түүхийг судалдаг эрдэмтний хувьд Галданбошгот хааны тухай юу өгүүлэх вэ?                                       

Галдан бошгот хааны тухай товчхон хэлэхэд ганцхан Монголын түүхнээ гэлтгүй Хятад болон Дундад Азийн түүхэнд түүний нэр тодоор үлдсэн. Энэ нь Галдан хааны явуулж байсан бодлого, үйл ажиллагаа, түүний цар хүрээтэй холбоотой юм. Галдан бошгот хаан уг нь Дөрвөн ойрадын чуулганы зүүнгарын тэргүүн байсан. Тэр цагт Ойрадын чуулган дотроо зүүн, баруун гарт хуваагдаж хоёр гараас ээлжлэн удирддаг байсан юм. 1671 онд Зүүн гарын тэргүүнээр ах Сэнгийг залгамжилсан бөгөөд таван жилийн дараа 1676 онд Баруун гар болох Хошууд, Хойд аймагтай зөрчилдөж, Зүүн гар болох Цорос, Дөрвөд нь тэднийг бут цохиж хаант улс байгуулсан. Зүүн гар тэргүүлсэн учраас Зүүнгарын хаант улс гэж түүхэнд нэрлэгдсэн нь ийм учиртай юм. Нэгтгээд хэлбэл Галдан Ойрадын чуулганыг тухайн үеийн нийгмийн шаардлага хангахгүй байна гэж үзээд улсаа нэгдсэн нэг удирдлагатай хаант улс болгосон юм. 

             Галдан хааны гавьяа, зүтгэлийн талаар түүхнээ хэрхэн бичигдсэн байдгийн бол?

Галдан хаан 1676-1697 он хүртэлх улс төрийн идэвхтэй бодлого явуулснаас хамгийн чухал нь Зүүнгар улсыг байгуулсан, тухайн үед хэрэгжиж байсан “Монгол-Ойрадын их цааз”-д хоёр удаа нэмэлт хийж, 1676 оноос дотооддоо нэгдсэн улсын засаглал явуулсан. Чуулган буюу том, бага тайж нарт захирагдсан хүч тарамдуу улсыг засаг захиргааны шинэ зохион байгуулалтад оруулж чадсан нь анхаарал татдаг. Тайж нарын мэдлийн “анги”, хааны мэдлийн “отог”, сүм хийдийн мэдлийн “жас” гэсэн 31 анги, 12 отог, 9 жас зохион байгуулжээ. Их торгоны замыг хяналтдаа оруулах гэж, суурьшмал соёл, эдийн засгийн үр ашгийг хүртэх гэж Тэнгэр уулын өмнөд талын Уйгарчуудыг эрхшээлдээ оруулсан. Дараа нь баруун тийшээ аюулгүй байдлаа хангах, худалдааны замыг аюулгүй байлгах үүднээс Бухар, Самарканд хүртэл давшиж, Узбек, Тажик, Хасаг, Хиргис зэргийг эрхшээл, нөлөөндөө оруулж чадсан юм.

1681 онд Төвдийн Далай ламаас “Бошгот” цол олгосон бол цаашдаа Манжийн Энх-Амгалан “хаан” хэмээн захидалдаа дурдаж хүлээн зөвшөөрсөн. Оростой маш олон удаа элч солилцож өргөн хүрээнд санал солилцож, тохиролцсон зүйлс олон байдаг. Ийнхүү бүс нутагтаа бодлого тодорхойлдог Зүүнгар улсыг хөл дээр нь босгосон юм. Галдан бошгот гэж хэлэхээр заавал дурдах ёстой нэг асуудал бол Халх-Ойрадын харилцаа юм. Халх-Ойрадын харилцаан дээр хамгийн гол нь 1686 оны Хүрэн бэлчирын чуулган 1640 оны Монгол-Ойрадын их цаазын хэрэгжилтийг зогсоосон явдал гэж ихэнх судлаачид үзэж байна. Халх болон ойрадын нийгмийн харилцаа, дотоод үйл явдал, хоёр этгээдийн харилцааг зохицуулж ирсэн хууль цаазыг хэрэгжилт алга болж, нөгөө хамтын хүчээр гадаад дотоод бүх асуудлаа шийдэж байна гэсэн заалтууд үгүйсгэгдсэн нь хожмын үйл явдлуудын үр хөврөл нь болсон мэт санагддаг. Халхын зүүн гар Түшээт хан, баруун гар Засагт хан хоёрын тэмцэлд Ойрадууд татагдан орсон. Халхын Засагт хан, Зүүнгар улстай олон талаар хэлхээ холбоотой, холбоотнууд байв. Халхын дотоод хямрал хурцдаж, цаашлаад Түшээт хан, Галдан бошгот хоёрын зөрчил болж 1687 онд Түшээт хан Зүүнгар улсад цөмрөн орсон юм. Эрчис мөрөн хүртэл довтолсон Чахундоржийн араар нь Галдан Алтайг даван Халхад довтолсон. 1688 онд нилээдгүй байлдаан болсноос хамгийн том нь Олгой нуурын тулалдаан. Энэ тулалдаанд Халхууд ялагдснаар элс говийг давж Өвөрмонголын нутагт орсон нь Манжид дагаж орох нэг нөхцөл болсон.

Галдангийн Манжтай тулалдсан байлдаануудын тухай ...

1688 оноос хойш Галдан бошготын цэрэг дайны үйл ажиллагаа Манжтай шууд нүүр тулсан байна. Тухайн үеийн Манж Чин гүрнийг бид сайн төсөөлж ойлгох хэрэгтэй. Манжууд Хятад, Өвөрмонголыг эзэлсэн, бас бага дагавар улсуудыг мөн адил эзэлсэн, тухайн үеийн том гүрэн байсан. Нэг ч ялагдаж үзээгүй, идэр, эзэрхэг гүрэнтэй Галданбошгот  нүүр тулж байгаа юм. 1690 онд хоёр удаагийн тулаан болсон байдаг. Нэг нь Улаху голын тулалдаан. Одоогийн Өвөр монголын Үзэмчний нутагт байдаг газар. Улаху голын тулалдаанд Ойрадууд гайхамшигтай ялалтыг байгуулсан. Манжууд улс байгуулсан 50, 60 жилийн түүхэндээ ялагдал үзээгүй байсан юм. Энэ ялалтаас урам зориг авсан Галдан бошгот Манжтай эн зэрэгцэж чадна гэсэн бодолтой болсон уу, 1690 оны намар Бээжингээс 300 км зайтай Улаан будан хэмээх газар Манжтай дахин тулалдсан юм. Тухайн үеийн европын сонинд мэдээ сэлт нь гарч, Манж гүрнийг түгшүүр, бас баяр хөөрт автуулсан том тулалдаан. Энэ дайнд манжууд ялалт байгуулан, Галдан бошгот ухарч нутагтаа ирсэн түүхтэй.

1696 оны дайнд Манжууд сайн бэлдсэн гэж ном зохиолд бичсэн байдаг юм билээ?

Тийм тийм. 1690 оноос хойш бүтэн зургаан жил Манжууд Галданг дарахын тулд цэргүүдээ хуяг дээлтэй, хос морьтой болгож, шилдэг шалгарсан цэргүүдийг сургуулилж бэлтгэсэн гэдэг. Энх-Амгалан хаан цэргээ 200 мянган цэрэг хэмээн алдаршуулан зарлаж өөрийн биеэр цэргээ удирдаж гурван замаар довтолгооноо эхлүүлжээ. Бодит байдал дээр 100 мянган цэрэгтэй байсан гэж зарим судлаач үздэг. Харин Галдан бол Хэрлэнгийн Баян-Улаанд өвөлжиж, гурван замын довтолгоог тухайн үеийн монгол цэргийн тактикаар зам болгоны цэргийг нь цохих байдлаар байлдая гэсэн зорилго өвөрлөөд хамгийн эхлээд баруун замынх нь цэрэг буюу Онгийн гол өгсөж давшсан цэрэгтэй тулалдахаар бэлдсэн. Гэтэл манжууд бас өөрийн тактиктай байж төв замын цэрэг буюу Энх-Амгалан хааны өөрөө удирдаж ирсэн, одоогийн Сүхбаатар аймгийн Онгон сумын нутгаар орж ирсэн төв замын болон баруун замын цэргүүдтэй нэгдэн байлдаан эхэлсэн гэдэг.

Цаг хугацаа, газар нутгийг түүхэнд яв цав бичсэн байдаг уу?

1696 оны 5-р сарын 13-нд дайн эхэлсэн гэж академич Ч.Далай үзсэн бий. Галданбошгот   Ойрадын цэргийг тоог өсгөж арван түм буюу 100 мянга гэж алдаршуулж байсан. Галдангийн мэдэлд найдвартай гурван түмэн цэрэг байсан байна. 100 мянга болон  30 мянган цэргийн  хооронд эхэлсэн энэ дайны тухай Манжийн хааны ордны өдөр тутмын тэмдэглэл, “Энх-Амгалан хааны биеэр дайлж түвшитгэн тогтоосон бодлогын бичиг” зэрэгт он сар өдөртэй, тодорхой бичсэн бий. Үхэр бууны шуурган гал, хүчний давуу байдал, сайн бэлтгэсэн цэрэг эрс, цэрэг бүрийг буугаар зэвсэглэж, хуягласан байдал зэрэг нь гарцаагүй ялалтыг манжуудад олгосон. Манжууд бүсэлж чадсан, бас Галдангийн цэргийн ар талыг дайрч устгасан нь асар их хохирол болсон гэдэг. Ийм хүнд нөхцөлд Ойрадын цэргүүд ялагдсан ч зарим нь баруун тийшээ зугтаж чадсан.

Галданбошгот хааны хатан Анугийн тухай түүхэн сурвалжид тодорхой дурдсан байдаг уу?

Ану хатныг хоёр янзаар бичдэг. Хошуудын тэргүүн байсан Очирт цэцэн хааны охин, эсвэл Очирт цэцэн хааны хүү Галдамбаа баатарын охин гэж үздэг. Галдамбаа баатар 30-аад насандаа нас барсан учир үр хүүхэд нь эцэг Очирт цэцэн хаан дээр үлдэж өсөж том болсон ч байж магадгүй юм. Юу боловч Очирт цэцэний охин, эсвэл ач охин. Ану хатны уг гарал нь Хошууд. Хошууд аймаг бол Дөрвөн Ойрадын дөрвөн том аймгийн нэг. Хошуудын ноёд бол Хавт Хасарын угсааныхан. 1430-аад онд Хавт Хасарын угсааны Арагтөмөр, Өрөгтөмөр гэж ах дүү хоёр муудалцаад дүү Өрөгтөмөр нь Ойрадын Тогоон тайшийг түшиж Тогоон тайш өөрийн албатуудаасаа нэмж өгөөд Хошууд аймаг байгуулсан. Очирт тайж Хасарын угсааны хүн, тиймээс Ану хатан бол боржигон овогтон болно. Ану Галданбошгот хааны хатан байсан. Ану нь гурван хүүхэдтэй байсан гэж түүхэн сурвалжид тодорхой дурьдсан байдаг. Хоёр охин, нэг хүүтэй.  Галдан хаанд Анугаас гадна өөр хатад байсныг түүхчид мэднэ дээ. Гэхдээ гол буюу их хатан байв.

1691 онд Раднаабадрагийн зохиосон “Равжамба Зая бандидын намтар Сарны гэрэл хэмээх оршвой” гэсэн алдартай бүтээл бий. Ойрадын 90 жилийн түүхийг бичсэн ном. Энэ номонд 204 газар усны нэр, 240 хүний нэр гардаг. Энэ сурвалжид Ану хатны тухай 2 үйл явдал дээр таван удаа нэр дурдагддаг. “Богд Чингисийн уг, Дөрвөн ойрадын уг, Хошуудын угийн түүх бичиг” гэсэн сурвалж дотор Ануг Галданбошгот хатан хийж авав гэж бүр тодорхой бичсэн байна. Бээжингийн төвийн 1-р архиваас эрхлэн гаргасан “Манжийн дотоод бичгийн яамны бичгүүд” гэсэн 22 боть сурвалжид Цэвээнравданийг хөөж байгаад буцаж яваа Ану хатны тухай мэдээ нэртэй, устайгаа бий. Энэ бүхнээс харахад Ану гэдэг нэрээрээ түүхнээ үлдсэн хүн. Эрдэмтэн Б.Ренчин гуай эрэл хайгуул, судалгааныхаа үр дүнд Ану хатны тухай зохиол бичсэн. Ану хатан Галдан хааныхаа нөөц цэрэг эрсийг удирдан байлдааныг ажиглаж хэрэгцээт газар нь цэрэг илгээж байжээ. Галдангийн цэрэг бүслэлтэд орж, бүслэлт хоёр талаас хавчин, их бууны галд шахаж оруулж байсан тэр мөчид Анугийн удирдсан цэрэг бүслэлтийг сэтлээд манжийн довтолгооныг барьж тогтоож, их цэргийг бүслэлтээс гаргаж чадсан байдаг. Тэрхүү ширүүн тулалдааны явцад Ану хатан алагджээ. Түүхчид, уран зохиолчид янз бүрээр Ану хатныг дүрсэлсэн ч ерөнхий дүрслэл нь нэг байдаг юм. Эх оронч сайхан эмэгтэй, эр нөхрөө аврахын тулд амь биеэ золиослосон эмэгтэй, хүний сайн хань-ухаант хатан, сайхан ээж гээд гол зүйлүүд нь бүгд адилхан .

Ану хатантай холбоотой ямар домгууд байдаг вэ?

Ану хатны шарилын тухай домог, түүнийг тээж үлдсэн хүмүүсийн тухай домог гээд олон аман түүх үлдсэн. Галдангийн харьяатууд Архангай аймгийн Хотонт уулыг Ану хатныг оршуулсан тул Хатант гэж нэрлэж байгаад сүүлд хувирсан гэж домоглодог. Мөн Өгөөмөрт Ану хатны булшийг сахигчдын тухай домог яриа бас бий. Ану хатантай холбоотой домог яриа, аман түүх олоон. Жишээ нь, надад тэмдэглэгдсэн нэг домог байна. Ану хатныг яаж хөнөөсөн вэ? гэхээр Ану хатан алтан бүстэй байсан. Тэр нь нарны гэрэлд гялалзан харагдаж байжээ. Манжууд бүх мэргэн цэцэн харваачаа толгойлон байлдаж байгаа, гавшгай шаламгай алтан бүстэй баатар руу харваад байгаарай гэж хэлсэн гэдэг. Үүнээс үүдэн “Хатан бүс”-ний нэг домог яригддаг.  Ер нь түүхийн туршийн олон үйл явдал, баатар эрс, ухаант хатад, ер бусын олон хүмүүсээс шалгаран аман түүхнээ нэр ус, алдар цол, үзүүлсэн үйлдэлтэйгээ үлдэнэ гэдэг нь гайхалтай явдал шүү. Ану хатны ард түмэн, эр нөхөр, хань ижил, үр хойчисынхоо төлөө гэсэн чин үнэн сэтгэлийг бахдахаас гадна түүний улс төрийн үйл явдалд хэрхэн оролцов гэдгийг харахад эр нөхрийнхөө удам угсаа, нэр төрийн төлөө тэмцэж, цорос удам угсааны дэг ёсыг 1-рт тавьж ирсэн нь анхаарал татдаг юмаа. Ану хатныг тухайн үеийн ард олон, одоо ч гэсэн бүгдээрээр бахархан бахдаж байдаг. Өнөөдөр Ану гэдэг нэртэй хэдэн мянган эмэгтэй бий. Зарим уран бүтээлчид ч гэсэн Ану гэсэн нэрийг өөртөө өгдөг болжээ. Хэдэн зууны туршид ард түмний зүрх сэтгэлд үлдсэний нэг илрэл юм даа.

“Ану хатан” киноны түүхэн үйл явдлын талаар та түүхч хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

“Ану хатан” кино бол эмэгтэй зохиолч, найруулагч эмэгтэй хүний тухай зохиол бичиж түүнийгээ амилуулж, ард түмний гар дээр тавьсан сайхан бүтээл. Энэ кинонд тарж бутарсан монголчуудыг арга мэхээр, нэг нэгээр залгиж байсан идэрхэг хүчтэй Манж Чин гүрнийг монгол баатрууд яаж эсэргүүцэн тэмцэж байгаа, монгол хүний бахдам эр зориг, хатуужил тэмцэл, эрх чөлөөт амьдралыг туйлын ихээр хүсэн тэмцэгчдийг харуулсан. Энд хоёр нүүдэлчин ард түмний хоорондын байлдааныг харуулсангүй. Эрх чөлөөтэй  тусгаар байдлыг төлөө тэмцэгчдийн эсрэг бүх цэргээ хуягласан, өртөө тутамд хятад худалдаачны тусламжтайгаар хүнс, тэжээл, морь унааны нөөц байгуулсан, бэлтгэгдсэн армитай ан мана үзэлцсэн үйл явцыг дүрсэлсэн төгсгөл бүхий түүхэн кино юм. Галдан хааны хэлсэн “Сэтгэлдээ багтааж чадваас их багын ялгаа нь үгүй”, “Миний нутгийн газраас бурхан гуйсан ч бүү өг” гэдэг үгийг утга санааг тусгасан сайхан кино. Монголчуудын дайн байлдааны урлагийн түүхийг урлаг, утга зохиолд баяжуулсан, монголын язгуур өв соёл, эх оронч үзэл санаа тэр бүгдийг харуулсан гайхалтай бүтээл болсон.   

Үзэгчид “Ану хатан” кинонд Халхын тухай өгүүлэх ёстой гэж шүүмжлэх нь бий. Таны хувьд ?

Энэ кино бол Галдан хааны тухай кино биш, Ану хатны тухай кино. Киноны өрнөл тэгж тайлагдаж байна. Амиа зольж тэмцсэн Ану хатны өсөхөөс, идэр нас, үхэх хүртэлх цаг хугацааг харуулж, түүний дотор эмэгтэй хүн эр нөхөртөө үнэнч байхаас гадна ялангуяа хатан хүн өөрийн, хувийн бодол санаагаа төрийн төлөө, эр нөхрийнхөө төлөө золиосолж чаддаг тухай өгүүлж байна. Харин Галдан хааны тухай кино байсан бол гарцаагүй 1686 оны Хүрэн бэлчирийн чуулганыг өгүүлэх байсан. Халхын баруун, зүүн гарын зөрчлийг тэр чуулганаар хэрхэн шийдвэрлэсэн, Манжийн элч нар шийдвэрлэх биш харин галд тос нэмсэн тухай, Галдангийн элч бөгөөд төрсөн дүү Доржжавын үхэл гэх мэтчилэн өгүүлэх зүйл олон байсан байх. Гэвч энэ кино төрийн хатан боловч түмэн зовлонг биедээ үүрсэн монгол эмэгтэйн тухай өгүүлж байгаа учир тэр бүгд орох албагүй. Би энэ киног яаж хийх бол гэж бодож байлаа. Гол шугмаа их зөв босгосон гэж хэлмээр байна. Ану хатны бага насны амьдралаар эхэлж байна. Ер нь улс төрийн асуудал эмэгтэй хүнээс хамааралгүй. Хүссэн хүсээгүй байхад л өрнөнө. Тийм учраас үүн дээр тийм юм хийгээгүй байна гэх олон тайлбар илүүц юмаа. Харин киног үзсэн хүмүүс Халхын тухай өгүүлсэнгүй гэж шүүмж хэлэхгүй байх гэж бодож байна. Шүүмж хэлж байгаа хүмүүс бол кино үзээгүй, сургаар нь яригч хүмүүс. Хэрвээ киног үзэх юм бол зохиолч гол шугамаа яаж гаргасан вэ? гэдгийг мэдэх болно.

Түүхэнд үлдсэн Ойрадын хатдын тухайд ...

Түүхэнд ойрад хатдуудын тухай өгүүлсэн зүйл их бий. Уламбаяр гэж хатан бий. Хойдын Сайнбилэг ноёны гэргий. Галданцэрэн хааны охин. Ойрадын төрийг нэг хэсэг хамаарч байсан. Дүү нар нь бага настай учир төр хамаарч байсан гэж түүхэнд гардаг. Оросын архивын баримт бичигт ойрад хатдын тухай мэдээ зөндөө. 1620-иод онд Оросын элч нар Ойрадын чуулган чуулж буй цагаар ирэхэд чуулганыг нэг хатан удирдаж байсан гэдэг. 17-18-р зууны үеийн ойрад хатдын тухай орос, төвд, манж сурвалжид тодорхой бичээд байгаа нь сонирхолтой. Яагаад ойрад хатад түүхнээ нэртэй устайгаа, хийсэн үйлстэйгээ үлдээд байнаа?. Ойрадын ард түмний шинэ айл өрх бий болгох, өмч хөрөнгө тасалж өгөхөд одоо хүртэл үйлчлээд байгаа нэг ёс бий. Шинэ айл өрхөд өмч өгөхдөө бэрдээ өгдөг. Хүүдээ ёс болгоно. Хурим найрын дараа охин өөрийн төрхөмдөө очиход бас охиндоо өгдөг. Хүргэндээ өгөхгүй, ёс болгоно. Ингэхээр эмэгтэй хүний эдийн засгийн эрх мэдэл гэрийн дотор хүчтэй болдог байна. Ойрадууд хасаг, орос, хиргис, манж нартай газар нутгийн төлөө хичнээн жил байлдав? Энэ үед эрчүүд бол морин дэл дээр л байжээ. Харин эмэгтэйчүүдийн эрх мэдэл өмч хөрөнгө, эдийн засгаа дагаад гэр бүл дотор маш их хүчтэй. Түүнийгээ дагаад эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь өндөр байв. Одоо хүртэл ойрадуудын дунд олон хөвгүүн төрүүлсэн бэрийн эрх мэдлийг өндөрт өргөх, эцгээс соёрхсон эхнэрийг хүндлэх, охидыг гэрт нь сайтар боловсруулан сургах явдлууд зан заншил болтлоо хэлбэржин тогтсон байдаг. Түмэдийн Алтан хааны Юнгэн хатан гэж яруу найрагч хатан байсан. Мөн Өндөр гэгээн Занабазарын ээж Ханджамц хатан гэж байв. Түүний гурван хүү Өндөр гэгээн Занабазар, Түшээт хан Чахундорж, Дэ тайж гурвын ээждээ босгосон суварга өнөө хүртэл Эрдэнэзуугийн зуун найман суваргын гадна талд нь ганцаараа торойсоор байна. Ойрадын Хошууд аймгийн Хан ноён Хонгорын хатан Агаа хатан гэж алдартай хатан байжээ. Тэрээр Хан ноён Хонгорыг нас барсаны дараа ойрадын чуулганыг удирдаж өнчин хоцорсон таван хөвгүүн Байвгасбаатар, Гүүш хаан, Хөндлөн увш нарын таван хөвгүүдээ алдартай хүмүүс болгожээ. Эрдэнэбаатар хунтайжийн хатан, Галданбошготын ээж Юм ага, Байвгасбаатарын хатан Гүнж хатан, Очирт цэцэн хааны хатан  Пунцаг-Оролмаа, Доржравдан гээд нэг бүрчлэн тоочвол бие даасан түүх намтартай хүн олон. Сэнгэ хунтайжийн хатан Цэвээнбүрхэд гээд номонд дуртай, ном хэвлэх ажлыг дэмждэг хатан байсан гээд яриад байвал олон бий. Бид Ойрадын арван хоёр хатны хөргийг бүтээе гээд хатдыг нэр жагсаахад гавъяа зүтгэлтэй хатад хорь гаруй болчихоод, шилж оруулахад хэцүү байна.

Их сонин сайхан түүх бидэнд ярьж өгсөн таньд баярлалаа.
: Re: Зүүнгар улс
: moogii 2015.04.30 23:56
Баярлалаа. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин мэт гэдэг.