МинийКлубын самбар
Ойн цоорхой => Нээлттэй булан => : serdaram 2008.12.01 18:35
-
Улаанбаатарын бүх телевизийн сувгаар орон нутгийн сонгуульд идэвхитэй оролцохыг уриалсан сурталчилгаа үргэлжилсээр. Сонгуулийн хуулийн ядмагхан агуулгатай заалт, түүний "орчуулга", бас бус удирдлага менежментийн толгой эргэм гажиг тогтолцооноос болж улс орон даяар энэ "сонгo"+" уйл" гээчид ямар ч их шаардлагагүй цаг, хөрөнгө, энерги, нерв барав даа. Сонгууль тойрсон асуудал, нэр дэвшигчдийн оройгүй их амлалт, телевизийн сурталчилгаанд ямар ч эрүүл ухаантай хүний тархи самуурч, мансуурч унамаар. Энх тайвны гүүрийн ойролцоох том самбар дээр Хан-уул дүүрэгт нэр дэвшсэн хэсэг нөхөд "өрх бүрт 30 сая төгрөг өгнө" гэсэн үгсийг их л бахархангуй аястай томоор бичээд, өөрсдийнхөө инээд алдсан том зургуудыг хамт өлгөсөн харагдсан. Эсрэг тал нь одоо бас хэдийг амласан юм бол доо? Ямар ч баян төсөвтэй дүүрэг вэ, тийм ээ? Дээр нь 1.5 саяыг ард түмэн мартаж амжаагүй байхад шүү. Тийм ээ, биднийг доромжилж ханахгүй байгаа нь гайхамшигтай. Хэд хоногийн өмнө гэрийн хаягаар ирсэн Нийслэлийн сонгуулийн хорооны ажилтан ээжид минь сонгуулийн үнэмлэх гардуулахдаа хамт амьдардаг миний сонгуулийн үнэмлэхийг авчирч өгөхөө "мартжээ". Миний хүүгийн сонгуулийн үнэмлэхийг авчирч өгөөрэй хэмээн учирлан сануулсан ээжид минь "санаа зовох зүйлгүй" гэж хэлээд л тэмдэглэл хийж аваад явсан байна. Тэр хүн хэзээ ч эргэж холбогдоогүй бөгөөд бид ч "энэ олон хүнд гэрийн хаягаар нь үнэмлэх тараах гэж хэрэндээ их зүдэрч байгаа байх даа" гээд онцын юм бодсонгүй. Ингээд өнөөдөр буюу сонгуулийн өдөр иргэнийхээ эрхийг эдэлж, үүргээ биелүүлэхээр өөрийн сурч байсан 83-р дунд сургуулийн "Урлагийн заал" руу явж очлоо. Яагаад ч юм бага байхад энэ заал маш том санагддаг байж билээ. Гэтэл нэр маань сонгогчдын нэрсийн жагсаалтад байтугай оршин суугчдын жагсаалтанд ч алга байна. Уг нь иргэний үнэмлэх дээр тавигдсан нэр, оршин суугаа хаяг гэх мэт нь тэдний бүртгэлтэй таарах аваас газар дээрээ сонгогчийн үнэмлэхээ аваад сонгууль өгөх бүрэн боломжтой гэсэн тайлбарыг дарга нар хийж байхыг олон удаа хэвлэл мэдээллээр сонссон билээ. Одоогоос яг нэг жилийн өмнө оршин суудаг хороо хориндоо албан ёсоор дахин бүртгүүлж, овгоо сонгож, нэлээдгүй чирэгдэл болж олон цагаар дугаарлаж зогссоны эцэст Монгол улсын ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХҮЙ-тэй болсон санагдана. "Нөхөр ... нь СХД-ийн 17-р хороо, ... байр ....тоотод амьдардаг нь үнэн болно" гэсэн oршин суугчийн тодорхойлолтыг саяхан нэг нотариатын бичиг бүрдүүлэхдээ төвөггүй авч болж байсан юмсан. Хамгийн сонирхолтой нь миний бие одоогоос сар гаруйн өмнө орон нутгийн сонгуулийн үнэмлэхийг гэрийнхээ хаягаар хүлээн авч яг л энэ 83-р сургуулийн Урлагийн зааланд амьдралдаа анх удаа сонгууль өгч үзсэн билээ. Гэтэл ирц бүрдээгүй гээд сар гаран хугацаанд хаа сайгүй хэрүүл болж болж дахин сонгууль явуулахдаа иргэн миний нэр хаягийг хааш нь хийчихдэг байна аа. "Би саяхан сонгууль өгөхөд зүгээр л байсан юмсан?" хэмээн асуухад "Танай хорооноос явуулсан бүртгэлийг л дагнасан" хэмээн нэг залуу учирлангуй аястай тайлбар хэлэв.Сүүлийн хэдэн жил Цахим Өртөө холбоо гадаадад суугаа Монголчуудын сонгуульд оролцох эрхийн асуудлыг дэвшүүлж 2005 онд батлагдсан "Сонгуулийн тухай хууль"-д "Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална" гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж чадсан ч "хууль зүйн орчин бүрдээгүй байна" гэсэн СЕХ-ны ажлын хэсгийн 2 хоногт хийж болох дүгнэлт 2 жилийн дараа 2008 оны сонгуулийн өмнө гарч, улмаар Сонгуулийн хуулийн уг заалт хүчингүй болоход хүрсэн нь саяхан. Нийт сонгогчдын 15-20% ийг, түүнээс дутуугүй их ДНБ-ийг бүрдүүлэгч, "ходоодоороо бус оюунаараа" сонголт хийх бололцоотой энэ бүлэг хүмүүсийн үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийн асуудал зарим намуудын мөрийн хөтөлбөрт туссан хэдий ч сонгох эрх нь хэзээ хэрэгжих нь тодорхойгүй хэвээр байна. Яагаад ч юм арван найм хүрээд арваад жил болж байгаа ч энэ хугацаанд харь оронд сургууль ном хөөж явахдаа дээрхи монголчуудтай адил сонгох эрхээ эдлэх завшаан дутсан надад анх удаа сонгууль өгөх боломж олдсон нь сарын өмнө боловч сонгуулийн ирц бүрдээгүй тул жинхэнэ утгаар сонгох эрхээ эдлэхээр ирсэн нь энэ байв. "Таны нэр сонгогчдын нэрс дунд олдсонгүй" гэдэг үгийг сонсоод үг дуугүйхэн дунд сургуулийнхаа Урлагийн заалнаас гарч явах мөчид яагаад ч юм цээжинд минь удаан нуугдсан хөнгөн гуниг дахин төрөхийг мэдэрсэн билээ. Яг л миний багын найз нэг удаа "Чи солгой хоолойтой тул хооронд зогсох ёсгүй" гэж хэлүүлсэнтэй адил... Цахим өртөө холбооны УЗ-ын гишүүн, дугаар хорооны иргэн Д.Сайнбаяр