МинийКлубын самбар
Ойн цоорхой => SS-218-ынхан => : serdaram 2008.06.11 00:46
-
Шенгений орнууд, Шенгений виз гэдэг үг бидний чихэнд хэдийнэ хоногшжээ. Энэ хоршоо үгийг сонссон хэн бүхэнд хил гаалийн нэгдсэн системтэй, Европын хэд хэдэн улсын тухай ойлголт төрдөг.
Шенген нь угтаа Люксембургийн нутагт орших Schengen хэмээх жижигхэн тосгоны нэр аж. Люксембургийн вант улсын зүүн өмнөд хэсгийн гэгээн Маркийн уулыг эмжин урсах Мозель голын хөндийд байрладаг эл тосгоныхон Герман, Францтай хил залган амьдардаг аж. 400 гаруй хүнтэй тосгоны оршин суугчид дарс эсгэж олсон мөнгөөр амьжиргаагаа голлон залгуулдаг байна. Түүхийн хуудсыг сөхөн үзвэл хүрэл зэвсгийн үеэс энд хүмүүс суурьшиж байсан агаад тосгоны нэр нь МЭ 877 оны тэртээх бичиг дурсгалын өвд тэмдэглэгдэн үлджээ.
1909 онд Мозель гол дээгүүр гүүр тавьснаар дундад зууны үеэс Шенгений оршин суугчдыг нааш цааш зөөж ирсэн гатлага онгоцны үйлчилгээг халсан аж. Харамсалтай нь дэлхийн II дайны эхэн үед уг гүүрийг устгаж орхисон бөгөөд хожим нь 1959, 2003 онд шинэ гүүрийг ашиглалтад оруулжээ. Дээр өгүүлсэнчлэн Шенген гэдэг нэрийн дор нэгдсэн хил хязгаартай, чөлөөтэй зорчиж болох орон зайг үүсгэсэн хэсэг улсын тухай ойлголт төрөх нь элбэг. Тосгонд ирсэн хүн юуны түрүүнд XVIII зууны үеийн Шенгений шилтгээн болох Кохагийн байшинг үзэхээс гадна дээрх хэлэлцээрийг байгуулсан Шенгений талбай, тэнд босгосон дурсгалын хөшөөтэй танилцах боломжтой. Энд сүндэрлэх гурван багана нь Шенген гэдэг үгийн эхний үсгийг илэрхийлдэг аж.
ШЕНГЕНИЙ ХЭЛЭЛЦЭЭР “Хил залгаа орших Европын холбооны орнуудын хоорондох гааль, паспортын хяналтыг цуцлах тухай” хэлэлцээрийг анх 1985 оны зургадугаар сарын 14-нд Бельги, Нидерланд, Люксембург, Франц, Герман, Португал, Испани зэрэг долоон улс байгуулжээ. Гэхдээ уг баримт бичиг бараг 10 жилийн дараа буюу 1995 оны гуравдугаар сарын 26-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд уг хэлэлцээрт найман орон шинээр нэгдсэн бөгөөд Европын холбооны бусад гишүүн ойрын хугацаанд элсэхээр төлөвлөөд буй аж.Европын холбооны гишүүн Ирланд, Их Британи Шенгений оронд харьяалагддаггүй бол, тус холбооны гишүүн бус Норвег, Исланд улс дээрх хэлэлцээрт нэгджээ. Хэдийгээр хэлэлцээрт оролцоогүй ч Ирланд, Их Британи нь Шенгений мэдээллийн системийг /SIS/ ашиглах эрхтэй юм. Энэхүү мэдээллийн систем нь хэлэлцээрт нэгдсэн 15 орны Засгийн газар хоорондын нэгдсэн сүлжээ юм. Албан бус мэдээгээр, аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх мэдээллийн санд Шенгений орнуудаар зорчих, түр болон удаан хугацаагаар оршин суух хүмүүсийн овог нэр, гадаад төрх, төрсөн он болон газар, яс үндэс зэргээс гадна, хулгайлагдсан бичиг баримт, автомашин, галт зэвсгийн талаарх 15 сая бичлэг хадгалагдаж буй аж.Дашрамд дурдахад өнгөрөгч мягмар гаригт Европын холбооны гишүүн 27 орны Хууль зүй, Гадаад хэргийн сайд нар Люксембургт хуралдаж, Европт хүрэлцэн ирэгсдийн аюулгүй байдалд тавих хяналтыг чангатгахаар тохиролцож, 70 сая хүний мэдээллийг багтаасан Визийн мэдээллийн нэгдсэн систем /Vis/ байгуулахаар боллоо.
ШЕНГЕНИЙ ВИЗ ГЭЖ ЮУ ВЭ? Энэ нь дээрх хэлэлцээрт нэгдсэн орнуудын аль нэгнээс олгосон виз юм. Эдгээр улсын аль нэгэнд нь олгосон виз бусад оронд хүчин төгөлдөр үйлчилнэ. Шенгений визийн нэлээд хэдэн төрөл байдгаас хамгийн их хэрэглэгддэг нь богино хугацааны, жуулчлалын болон ажил хэргийн буюу бизнес виз юм. Хэрэв та Шенгений визийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http: //w.w.w.shengen.ru/ сайтыг сонирхоорой
Шенгений хэлэлцээрийн гишүүн орнууд:1.Австри 2.Бельги 3.Дани 4.Финланд 5.Франц 6.Герман 7.Исланд 8.Итали 9.Грек 10.Люксембург 11.Нидерланд12.Норвег13.Португал14.Испани15.Швед
1.Кипр 2.Чех 3.Эстони 4.Унгар 5.Латви 6.Литви7.Мальт8.Польш9.Словак10.Словен
-
Швейцарийн Холбооны Улс Шенгений гэрээнд нэгдэн орохыг энэ оны 11 дүгээр сарын 27-нд Европын Холбооны Зөвлөлөөс соёрхон баталснаар энэхүү гэрээ Швейцарийн хувьд 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Бээжин дэх Швейцарийн Холбооны Улсын Элчин сайдын яам 12 дугаар сарын 15-наас 3 хүртэл сарын Шенген виз олгож эхлэх тухай хэвлэлийн мэдээ гаргалаа. Швейцарь Шенгений гэрээнд нэгдсэн орсноор энэ сарын 15-ний өдрөөс эхлэн тус улсын Элчин сайдын яамны олгосон визээр Шенгений орнуудад зорчих, мөн хүчин төгөлдөр Шенгений визтэй гадаадын иргэд Швейцарь зорчих нөхцөл бүрдэж байна. Швейцарь, Европын Холбооны хооронд 2002 онд дурдсан асуудлаар яриа хэлэлцээг эхэлж, 2004 онд байгуулсан гэрээ ийнхүү 2008 онд хүчин төгөлдөр болж байна.
-
Европын Нэгдэл (EН) бол одоогоор Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Урьд нь байсан Европын Нүүрс Гангийн Нийгэмлэг, болон Европын Эдийн Засгийн Нийгэмлэгийг 1958 онд нийлүүлж, 6 улсын гишүүнчлэлтэйгээр Европын Нийгэмлэгийг байгуулагджээ. Эхний хэдэн жилүүдээс гишүүд шинээр элссээр бүх талын үйл ажиллагаа нь өргөжсөөр 1993 оны Маастрихтын хэлэлцээрээр Европын Нэгдэл (ЕН) хэмээх одоогийн нэрээ авчээ.
ЕН нь дэлхийн бусад бүс нутгийн байгууллагуудаас илүүтэйгээр эдийн засаг, улс төрийн хувьд чамбай нягтарсан, гишүүн орнуудын засаглалыг давхар чиглүүлэгч нэгэн махбод нь болсон, адармаатай өргөн хүрээт, нарийвчилсан тогтолцоо болсон. Дотроо Европын Хороо, Европын Нэгдлийн Зөвлөл, Европын Зөвлөл, Европын Нэгдлийн Шүүх, Европын Төв Банк зэрэг тусгай үүрэгтэй 7 байгууллагыг багтаадаг. ЕН-ийн иргэдээс 5 жил тутамд Европын Парламент сонгогддог.
ЕН-д дэлхийн нийт хүн амын 7.3% болох 500 сая хүн амьдарч, дэлхийн нийт ХАЧ-аарх ДНБ-ийн 20% нь бүтээгддэг юм. Хуульчлан гишүүн орнууд даяар нэгдсэн зах зээл бий болгож байгаа. 1999 онд нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог 15 гишүүн улсдаа нэвтрүүлжээ. Гишүүн орнуудаа төлөөлөхүйц эрхтэй тул НҮБ, ДХБ, Их 8, Их 20-ийн уулзалт, хэлэлцээрт байнга оролцдог.
Далбаа нь цэнхэр дэвсгэр дээр дугарагласан 12 алтан шар одноос бүрдэнэ. Энэ нь үндсэн 12 холбоотныг илэрхийлнэ. Энэ тугийг 1980 оноос хойш хэрэглэх болжээ.
-
Европын холбооны түүх 1951 оноос эхэлсэн гэж хэлж болно. 1951 онд Европын 6 орон /Бельги, Итали, Люксембург, Нидерланд, Франц, баруун Герман/ нэгдэж “Европын ган, нүүрсний нэгдэл” байгуулжээ.
Уг нэгдэлд орсон орнууд ган, нүүрсний худалдаанд ямар нэг хориг хязгаар тогтоохгүй байх зөвшилцөлд хүрсэн байлаа. 1957 оны 3 сарын 25-нд Ром хотод Европын эдийн засгийн нийгэмлэг байгуулах гэрээг Европын орнууд үзэглэжээ. 1967 онд Европын ган, нүүрсний нэгдэл, Европын эдийн засгийн нийгэмлэг, Европын атомын эрчим хүчний холбоо нэгдэж Европын холбоо байгуулжээ. 1985 оны 6 сарын 14 өдөр Шенгений гэрээ байгуулагдсан байна. Энэ гэрээний дагуу Европын холбоонд нэгдсэн орнуудын иргэд харилцан чөлөөтэй зорчих, бараа худалдааны эргэлтэд гаалийн хориг саад учруулахгүй байхыг тусгажээ. Ингэхдээ Европын холбоонд нэгдээгүй орнуудтай харилцахдаа хил дээр хяналт шалгалтыг чангатгасан байна. Энэ гэрээ 1995 оны 3 сарын 26-нд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм.
1992 оны 2 сарын 7-нд Нидерландын Маастрихт хотод Европын холбооны тухай шинэ гэрээ байгуулагдсан бөгөөд европын орнуудын мөнгө, санхүү, улс төрийн системийг зохицуулах талаар тусгагджээ. Энэ гэрээ 1993 оны 11 сарын 1-ээс хүчин төгөлдөр үйляилж эхэлсэн байна. Европын орнуудын эдийн засгийн интеграцийг түргэтгэх үүднээс Европын холбооны орнууд ЕВРО хэмээх мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулах болжээ. Европын Холбооны нутаг дэвсгэрт Евро бэлэн бус санхүүгийн гүйлгээнд 1999 оны 1 сарын 1-ээс хэрэглэгдэж эхэлсэн бол 2002 оны 1 сарын 1-ээс еврог бэлнээр гүйлгээнд хэрэглэх болжээ. Европын холбоо нь хил гаалийн асуудал, зах зээл, хөдөө аж ахуй, загас агнууртай холбоотой асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэр гаргах болсон юм. Одоогийн байдлаар Европын холбоонд тус тивийн 27 орон нэгджээ.
Европын холбооны гишүүн орнууд: Герман, Франц, Итали, Бельги, Нидерланд, Люксембург, Их Британи, Дани, Ирланд, Грек, Испани, Португали, Австри, Финлянд, Швед, Унгар, Кипр, Латви, Литва, Мальта, Польш, Словак, Словени Чех, Эстони. 2007 оны 1 сарын 1-ээс Европын холбоонд Болгар, Румын улс нэгдсэн байна.
Европын холбооны салбар байгуулага:
Европын холбооны улстөрийн байгуулага нь Европын Зөвлөл. Европын Зөвлөл нь гишүүн орнуудын төрийн тэргүйүн нарын дээд хэмжээний уулзалт. Гишүүн орнууд хагас жилийн хугацаатайгаар Европын Холбоог тэргүүлдэг бөгөөд энэ хугацаанд тэргүүлэгч орны ерөнхийлөгч, эсхүл ерөнхий сайд нь Европын Зөвлөлийн хурлыг даргалдаг. Европын Холбооны гүйцэтгэх эрх мэдлийг Европын Комисс хэрэгжүүлдэг. Европын Комиссийн бүрэлдэнхүүнд гишүүн улс бүрээс нэг төлөөлөгч ажилладаг. Уг комисс Европын Холбооны өдөр тутмын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. вропын Комиссийн гишүүн бүр өөр өөрийн хариуцсан чиглэлээр ажил хариуцаж явуулдаг. Европын Холбооны хууль тогтоох байгуулага нь Европарламент бөгөөд 786 гишүүнтэй. Европарламентын гишүүн нь 5 жилийн бүрэн эрхийн хугацаатай. Парламентын гишүүд улс төрийн чиг баримжаагаараа нэгдэж болно. Шүүх засаглалыг хэрэгжүүлдэг байгуулага нь Европын шүүх. Европын шүүхэд гишүүн орон бүрээс нэг шүүгч ажилладаг. Бас 9 ерөнхий өмгөөлөгчтэй. Европын шүүх нь гишүүн орнуудын хоорондын, европын холбооны гишүүн орон ба бусад улс, олон улсын байгуулагтай холбоотой маргааныг шийдвэрлэдэг. Түнчлэн Европын Холбооны бүрэлдэхүүнд Европын Нэгдсэн Төв Банк, Европын Хөрөнгө Оруулалтын банк, Евродын тооцооны төв, Европын Хөгжлийн сан, Эдийн засаг, нийгмийн хороо, Бүс нутгийн хороо зэрэг байгуулага орлог байна.