МинийКлубын самбар
Ойн цоорхой => SS-218-ынхан => : peacesteady 2008.06.04 20:52
-
Бид хаашаа явж байна вэ?Энэ асуултанд хариулахын өмнө “Бид” гэсэн агуулганд хэнийг хамруулж буйгаа тайлбарлая. Хэрвээ “бид” гэдгийг зөвхөн “би”-ээр төсөөлвөл хувь хүн өөрийнхөө ирэдүйн талаар бичих байх. Хүний ирээдүй гэдэг тухайн хүний өмнөө тавьсан зорилго, зорилтууд, түүндээ хүрэх арга зам нь байх учиртай. Харин “бид” гэдгийг арай өргөн хүрээгээр авч үзвэл, жишээ нь Монгол улсаа тэр чигээр нь багтаавал энэ асуултанд яаж хариулах вэ? Монгол улсын маань өмнөө тавьсан зорилго, зорилт, хэтийн төлөв, түүндээ хүрэх арга зм нь юу байх вэ? Хүн өөрийнхөө ирээдүйн талаар төсөөлж, түүнийгээ илэрхийлэхэд ядах юмгүй. Харин бүхэл бүтэн улс орны хувь заяаг, ирээдүйд хэрхэхийг хэлэх амаргүй нь мэдээж. Гэсэн хэдий ч Монгол улсын иргэн, монголын ирээдүйг хамтран бичилцэх залуу хүнийхээ хувьд бидний ирээдүйн талаарх төсөөллөө хуваалцья.Юуны өмнө дээр дурдсан асуултанд хариулахаас урьтаж 2 асуултанд хариулт өгөх нь зүйтэй болов уу. Эхний асуулт. “Бид” хаанаас ирсэн бэ? Монгол нутагт тэртээ 800 мянган жилийн өмнө хүмүүс нутаглаж байснаас эхлээд одоогоос 2300 орчим жилийн өмнө байсан анхны төрт улс болон, 8 зууны тэртээх “Их монгол” улс гээд буурал түүхийн шаргал хуудсуудыг сөхөхөд бид хаанаас ирсэнээ мэдэж болно. Бид ч түүхээрээ бахархдаг. Хоёрдугаар асуулт. “Бид” одоо хаана байна вэ? Эдүгээ монголчууд бид 2.6 саяулаа, 1.5 кмкв газар нутаг дээр амьдарч байна. Дэлхийн 2-р дайны дараа Орос “ах” нарын тусламжтай социализмын замаар явж байсан оронд 1990-ээд онд Ардчилсан хувьсгал ялаад 17 жилийг нэгэнт үджээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас, зах зээлийн эдийн засагт шилжин, хүн бүр сонгох, сонгогдох, шашин шүтэх, эс шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг иргэний нийгмийн эрхээр хангагдсан эрх чөлөөт , тусгаар тогтносон оронд амьдрах болсон. Хэдийгээр ардчилал бидэнд эрх чөлөө авчирсан гэх боловч, “Өмчгүй хүн бол хүн биш, Өмчгүй ард түмэн бол тэр дундаа ердийн эрүүл нийгэм биш”. Өмчтэй хүн эрх чөлөөний сайхныг мэдэрдэг. Өмчгүй хүнд эрх чөлөө огт үгүйлэгддэггүй , хий дэмий хоосон уриа лоозон лугаа адил сонсогддог. Үүгээрээ би чухам юуг хэлэх гээд байна вэ? гэхээр , өнөөдөр монголын нийгэмд ядуурал, ажилгүйдэл, архидалт, авилгал, хээл хахууль, хүнд суртал улам бүр газар авсаар л. Өнөөгийн улам бүр даяаршиж буй дэлхийн хөгжлөөс хойно хоцорсоор л. Ингээд бодохоор бидний хаахна байгаа нь ойлгогдож байгаа болов уу. Тэгвэл хаашаа явж, юунд хүрэх гэж байгаагаа төсөөлөх гээд оролдоод үзье. Дэлхийн ирээдүйн талаар төсөөлөн бичсэн нэгэн номны хэсэг надад маш их таалагдсан юм. Тэнд өгүүлснээр хэрвээ дэлхий улам бүр даяаршаад нэг хот болчихсон байна гэвэл ямаршуухан байх тухай төсөөлөхдөө: “Баруун европ бол маш сайн зохион байгуулалттай орон сууцны хороолол бөгөөд энд хэсэг хөгшчүүд Туркуудээр асруулсан шигээ жаргаж суудаг. Харин Америк бол металл илрүүлэгч бүхий төмөр хаалгатай хороолол, хэдий тийм ч хашааны цоорхой нүхээр орж ирсэн Мексик болон бусад орны цоглог цагаачдын ажлын үрээр энэ чанга хориотой хороолол идэвхтэй сайн ажиллаж байдаг. Латин Америк бол энэ хотын зугаа цэнгээн , клубууд цугласан хороолол бөгөөд орой болгон 10 цагаас ажил нь эхэлж, унтахаараа дараа өдрийнх нь үд дунд хүртэл амардаг. Амьдрахад хамгийн тохиромжтой бөгөөд , арилжаа наймааны хэрүүл зарга гэж энд байдаггүй. Араб гудамж бол нэлээд харанхуй Дубай, Йордан, Бахрейн, Катар, Мороккогийн бяцхан эргээс бусад газарт гадаад хүн зугаалж зүрхэлдэггүй. Араб хороололд шинээр худалдааны газар нээгдлээ гэвэл тэр нь шатахуун түгээх газар л байдаг. Харин Ази бол тэс ондоо зураглал , шинэ цэцэглэж буй аварга зах зээл, жижиг жижиг олон дэлгүүрүүд. Тэд нийтээрээ ажиллаж нэг ажиллаад эхэлбэл унтана гэж үгүй, идэвхи зүтгэлээрээ хувь тавилангаа өөрчлөхийг үнэнхүү эрмэлздэг. Африкийн гудамжны хувьд бол үнэн эмгэнэлтэй , бүх дэлгүүр нь хаагдчихсан, хүн амын наслалт буурсаар л, шинээр байгуулагддаг цорын ганц газар нь Амбулатори, үзлэгийн өрөө л байх болно” гэж төсөөлжээ. Дээрх жишээнүүдээс санаа аван Ази гэгдэх хорооллын төвд орших Монгол гудамж ямар байхыг төсөөлье. Хэрвээ Улаанбаатар хотын маань агаарын бохирдол одоо байгаа шигээ гамшгын төвшинд хэвээрээ , дээр нь алт олборлох нэрээр химийн хорт бодисонд хордсон Хонгор мэт газруудын тоо нэмэгдсэн байвал энэ гудамжны эхэнд “ Хүн амьдрахад аюултай бохирдсон бүс” гэсэн утгатай хаяг зүүчихсэн байж магадгүй л юм. Ингээд төсөөлөхөөр Монголын маань ирээдүй туйлын харанхуй мэт санагдана. Гэхдээ “Эзэн хичээвэл , Заяа хичээдэг”-ийн үлгэрээр та бид ирээдүйгээ гэгээлгээр төсөөлөн, түүндээ хүрэх чин сэтгэлээр урагш алхвал , бидэнд чадахгүй зүйл , давахгүй бэрхшээл байхгүй гэдэгт би итгэдэг. Өчигдрийг мартан, маргаашийг төлөвлөж, өнөөдрөөр амьдарцгаая!